Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01782

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01782

 

 

 

 

Б.Даваацэрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01305 дугаар шийдвэртэй, Б.Даваацэрэнгийн нэхэмжлэлтэй Глоб констракшн ХХК-д холбогдох,

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, СЭН 32 дугаар байр, 30 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах, илүү тооцон авсан талбайн төлбөр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй торгууль, засвар хийсэн зардал, нийт 22 833 515 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

48 954 213 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж дахь 32 дугаар байрны 30 тоот байр суллахыг Б.Даваацэрэнд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Даваацэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр, М.Энхжаргал, хариуцагч Ж.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Даваацэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Глоб констракшн ХХК-тай байр худалдан авах зорилгоор орон сууц захиалгын 32/30 тоот гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрнаас 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 287 ам доллар, бүгд 22 987 ам доллараар худалдаж авахаар тохирсон. Гэрээний хавсралтад заасан графикийн дагуу 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8670 ам доллар, 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7420 ам доллар, нийт 16 090 ам доллар төлсөн.

Уг байрыг улсын комисс хүлээн аваагүйгээс өнөөг хүртэл хэний эзэмшилд байгаа эсэх нь тодорхойгүй, байрны өмчлөх эрхийн гэрчилгээ албан ёсоор гараагүй ба Глоб констракшн ХХК нь бидний хооронд байгуулсан 32/30 тоот гэрээний 2.10-д заасан үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүйгээс олон жил хохироож байна. Тус байрны оршин суугчид байрыг хувийн өмчлөлд шилжүүлэх шаардлага, хүсэлтийг компанийн захирал Ж.Мэндбаярт тавихад хүлээж авдаггүй, энэ талаар ярилцан, санал солилцох гэхээр оршин суугчдыг дарамтлан хэл амаар доромжлох, хүч хэрэглэн зодох, ална гэж айлган сүрдүүлэх зэргээр зохисгүй зан гаргасаар олон жил болж байна. Орон сууц захиалгын гэрээний 2-т Ашиглалтад орох хугацааг 2005 оны 6 дугаар сарын 15 гэж заасан заалт одоог хүртэл хэрэгжээгүй, ашиглалтад өгөөгүй, улсын комисс хүлээж аваагүй тул эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй. Гэрээний 7.2-т зааснаар хугацаандаа ашиглалтад өгөөгүй бол компани хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.05 хувиар торгууль тооцож захиалагчид төлөх ёстой гэсэн заалт хэрэгжээгүй. Энэ заалтаар тооцсон торгууль 8.045 ам доллар буюу 19.753.935 төгрөг болж байна. 80 м.кв байрны үнэ 16 090 ам доллар төлсөн бөгөөд тухайн байрны талбайг хэмжиж үзэхэд 76.3 м.кв талбайтай байсан ба компани илүү авсан 3.7 м.кв талбайн үнэ 770 ам доллар буюу 1 860 680 төгрөг болно.

Гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй, тухайлбал цонх, хаалга чанаргүй, зай завсар ихтэй, дээвэр, тааз туурганаас дулаан маш их алддаг, радиатор нь хуучин учир ус их алдаж, бөглөөтэй, халдаггүйгээс цонх, хаалгаар дулаан их алддагаас хүн амьдрах боломжгүй байсан учир би амьжиргааны хэвийн нөхцөлөө хангахын тулд их хэмжээний засвар хийсэн ба нийт зардал 1 218 900 төгрөг болсон. Байрны үнийг төлсөн, маргаан бүхий байранд 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөг хүртэл 12 жил амьдарч байх тул Б.Даваацэрэн намайг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, СЭН 32 дугаар байр, 30 тоот, 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж, Глоб констракшн ХХК-аас гэрээний 7.2-т зааснаар 19 753 935 төгрөг, илүү төлсөн талбайн үнэ 1 860 680 төгрөг, засварын үнэ 1 218 900 төгрөг, нийт 22 863 535 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Мэндбаяр шүүхэд гаргасан хариу тайлбараа: Глоб констракшн ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж дахь СЭН хотхоныг барьж дуусгаад байруудаа улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байсан хэдий ч тус компанийн захирал Ж.Мэндбаяр миний бие эрүүгийн хэрэгт холбогдон 2007 онд 10 жилийн хорих ял шийтгүүлснээр дээрх хотхоныг улсын комисст хүлээлгэн өгөх ажил эзгүйдэж, барилгуудын зураг, бичиг баримтууд нотлох баримтын хүрээнд цагдаад хураагдан улмаар үрэгдэн алга болсон. Тус компанийн ажилтнууд улсын комисст өгөхийн тулд барилгуудын зураг, бичиг баримтыг шинээр бүрдүүлэх, дутуу байсан зам талбай, тохижилтын ажлыг дуусгах ажилд зохих санхүүжилт хийх шаардлага тулгарч захиалагчдад хандсан боловч тэд үүссэн нөхцөл байдлыг далимдуулан үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийж сунжруулснаар уг ажил зогссон. Би 2015 оны 4 дүгээр сард суллагдан захиалагчдын өмчлөх эрхийг баталгаажуулах ажлыг гардан хөөцөлдөж эхэлсэн ба мөнөөх л зам талбай, тохижилтыг гүйцээх, зураг, бичиг баримтыг бүрдүүлэх, барилгын дүгнэлт гаргуулах ажлыг хийж эхэлсэн. Ихээхэн төлбөрийн үлдэгдэлтэй захиалагчид орон сууцаа голдуу оюутнуудад түрээслээд алга болсон учир гамгүйгээр 12 жил ашиглагдсан барилгыг засварлан шинэчилж байж улсын комисс ажиллуулах шаардлагууд бий болж захиалагчдаар үлдэгдэл төлбөрийг нь төлүүлэх, барилгын засвар шинэчлэлийн зардлыг нь өөрсдөөр нь гаргуулахаас өөрөөр санхүүжилт босгох боломж манай компанид байгаагүй.

Захиалгын үлдэгдэл төлбөр, гэрээ, бичиг баримтын зөрчлүүдээ арилгах, засварын зардлаа хуримтлуулах хүсэлт, мэдэгдэл, шаардлагыг захиалагчдад бүтэн 2 жил хагасын хугацаанд амаар болон бичгээр удаа дараа мэдэгдэн, мэдэгдэл хүргүүлэн, хурал хийх, биечлэн уулзалдах зэргээр ихээхэн идэвх гаргасны үр дүнд ихэнх захиалагчид үлдэгдэл төлбөрөө төлөн дээрээс нь компани өөрөөсөө зардал гарган засвар шинэчлэлийн бусад ажлуудыг гүйцэтгүүлж гэрээ, төлбөрийн зөрчилгүй захиалагчдынхаа өмчлөх эрхийг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нь саадгүй олгож байна.

Нэхэмжлэгч Б.Даваацэрэн нь тус байрны 30 тоотыг захиалсан гэх бөгөөд дээрх үүргүүдийг биелүүлэхээс анхнаасаа санаатайгаар зайлсхийлсэн. Б.Даваацэрэнтэй хийсэн гэрээний үүргээ компани хугацаанд нь биелүүлж түлхүүрийг хүлээлгэн өгснөөс хойш тэрээр өөрөө уг байраа өнөөг хүртэл эзэмшин ашиглаж байгаагаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ дурдсан байх учир түүнд ямар нэгэн алданги болон бусад төлбөр тооцоо хийх үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Мэндбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, СЭН 32 дугаар байрны барилгын чанар байдалд мэргэжлийн хяналтын улсын байцаагч, хөндлөнгийн шинжилгээний байгууллагуудын хийсэн дүгнэлтүүдийг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн барилгад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн байх тул барилгын чанарын маргаан байхгүй, засварын хөлс төлөх боломжгүй. Түүнчлэн Б.Даваацэрэнтэй гэрээ байгуулсан 2005 онд орон сууцны хэмжээг барилгын тэнхлэгээр тогтоодог жишиг үйлчилж байсны дагуу талбайн хэмжээг барилгын тэнхлэгээр тооцон гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2009 оноос эхлэн орон сууцны хэмжээг барилгын дотор ханаар тогтоох стандарт Монгол Улсад мөрдөгдөж эхэлсэн учраас компани талбайн зөрүү тооцон буцаан олголт хийхгүй. Тэгээд ч дээрх гомдлуудыг гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байна.

Гэрээний 2.10-т ашиглалтад оруулах хугацаа 2005 оны 6 дугаар сарын 15 гэж заасан байх ба Б.Даваацэрэн нэхэмжлэлдээ ... байранд 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл амьдарч байх тул гэж дурдан хүлээн зөвшөөрснөөр компани байрыг хугацаанд нь Б.Даваацэрэнгийн ашиглалтад хүлээлгэн өгсөн нь мөн байр өнөөг хүртэл хугацаанд хэний эзэмшилд байгаа нь тодорхой байна.

Тухайн гэрээний 6.3-т зээлийн үлдэгдэлтэй нөхцөлд байрны өмчлөгч нь компани байх бөгөөд гэж заасны дагуу өнөөдөр байр компанийн өмч хэвээр байгаа. Мөн заалтаар гэрээний хугацаандаа захиалагч зээлээ барагдуулсан нөхцөлд уг байрыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зохицуулсан учир зээлээ барагдуулаагүй захиалагчийн хувьд байрыг өмчлөлдөө шилжүүлэн авах боломжгүй бөгөөд гэрээний үүргийн дарааллаар захиалагч эхлээд зээлээ төлж үүргээ биелүүлснийхээ дараа улсын комисс, өмчлөл, өмчлөх эрхийн гэрчилгээний талаар гомдол гаргах боломжтой.

Зээл төлөх хугацаа нь дууссан 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн гэрээний 6.4 дэх заалтын дагуу хоног тутамд 0.05 хувийн алданги тооцон төлөх үүрэг Б.Даваацэрэнд нэмэгдсэн хэдий ч компани түүнд боломж олгон зөвхөн үндсэн төлбөрөө хийгээд өмчлөх эрхээ баталгаажуулахыг удаа дараа санал болгосон боловч эс тоон элдэв аргаар зайлсхийсээр зээл төлөх үүрэг нь нэгэнт дуусгавар болоод 11 жил, 10 сар, 5 хоног өнгөрсөн ба байрыг эзэмшин ашиглаж хөрөнгийн байдлыг дордуулсаар, хөрөнгө элэгдсээр байсан тул тус компани түүнтэй байгуулсан гэрээнээсээ татгалзаж байгаагаа удаа дараа Б.Даваацэрэнд мэдэгдэж байсан. Тус байранд амьдарч, зээлийн төлбөрөө төлөөгүй атлаа хохирсон хэмээн мөнгө авах, байрыг өмчлөхөөр нэхэмжлэл гаргасан үйлдэл нь дэндүү увайгүй байх тул компани гэрээнээс татгалзсан шийдвэрээ хэвээр үлдээж, шинэ орон сууцаа түүнд олон жил эзэмшүүлэн ашиглуулсан хохирлоо тооцон авна. Хэрэв манай компани 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаа 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөг хүртэл нийт 12 жил, 9 сар, 5 хоног бусдад эзэмшүүлэн түрээслүүлсэн бол 87 525 000 төгрөгийн ашиг олох байсан. Уг олох байсан ашгаас Б.Даваацэрэнгийн төлсөн 16 090 ам долларыг Монгол банкны 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ханшаар 1 ам долларыг 2397.19 төгрөгөөр тооцон нийт 38 570 787 төгрөгийг суутган Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Даваацэрэн үлдээж, үлдэх 48 954 213 төгрөгийг хохиролд тооцож Б.Даваацэрэнгээс 48 954 213 төгрөгийг гаргуулан, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж дахь 32 дугаар байрны 30 тоот байрыг суллахыг Б.Даваацэрэнд даалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Даваацэрэнгээс 6 896 ам доллар буюу 16 531 022 төгрөг гаргуулан хариуцагч Глоб констракшн ХХК-д олгож, нэхэмжлэгч Б.Даваацэрэнг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, СЭН 32 дугаар байр, 30 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Б.Даваацэрэнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч Глоб констракшн ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Б.Даваацэрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас 22 863 535 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч Глоб констракшн ХХК-ийн 48 954 213 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж дахь 32 дугаар байрны 30 тоот байрыг суллахыг Б.Даваацэрэнд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Даваацэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712 388 төгрөгийг болон Глоб констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 836 300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Глоб констракшн ХХК-аас 440 164 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Даваацэрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Даваацэрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим заалтыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дараах шийдвэрийн заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...Б.Даваацэрэн гэрээгээр төлөх үлдэгдэл төлбөр 6 896 ам долларыг дүгнэхдээ гадаад валютын үүргийг Монгол төгрөгөөр гүйцэтгэх бол үүрэг гүйцэтгэх үеийн буюу Монгол банкнаас зарласан ханшаар тооцох ба тухайн үеийн гэдэг нь нэхэмжлэл гаргах үеийг ойлгоно. Мөн Орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргийг хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргасан үеийн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш буюу 2397.19 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна. 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 6.896 ам долларыг гэрээ байгуулсан үеийн ханшаар төлнө гэдгээ шүүхийн шатанд илэрхийлсэн. 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Глоб констракшн ХХК-тай байр худалдан авах зорилгоор орон сууц захиалгын 32/30 тоот гэрээг байгуулснаар гэрээний талуудад эрх, үүрэг үүссэн.

Өөрөөр хэлбэл, Глоб констракшн ХХК гэрээнд зааснаар 2004 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байрыг барьж 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээнд заасан нөхцөл батлагдсан зураг төслийн дагуу байрыг хүлээлгэж өгөх үүрэгтэй. Б.Даваацэрэн нь гэрээний 6-д заасан графикийн дагуу орон сууцны төлбөрийг 3 үе шаттайгаар хэсэгчилж төлөхөөр тохиролцсон бөгөөд одоогийн байдлаар төлбөрийн 70 хувь буюу 16 090 ам долларыг төлсөн байна. Иймд гэрээ байгуулагдсан 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн талуудад эрх, үүрэг үүссэн байх тул тухайн үеийн Монгол банкны зарласан албан ёсны ханшаар үлдэгдэл төлбөрийг үнэлэх нь хуульд нийцнэ. Иргэний хуулийн 218-р зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу бидний хооронд байгуулсан гэрээний заалтаас харахад 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа 70 хувийн төлбөр төлөх үүрэг үүсч, 1 жилийн дараа үлдэгдэл 30 хувийн төлбөр төлөх үүрэг үүссэн нь тодорхой байхад шүүх хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь: хэсэгт"Нэхэмжлэгч Даваацэрэн нь орон сууц захиалгын гэрээ байгуулсан өдөр 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр түлхүүрээ хүлээн авч, 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш орон сууцыг эзэмшиж ашиглаж байх тул хариуцагч Глоб констракшн ХХК-ийг байрыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй. Иймд 8045 ам доллар буюу 19 753 935 төгрөгийг хариуцагч "Глоб Констракшн" ХХК-аас гаргуулах үндэслэлгүй гэж алдаатай дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 7-р зүйлийн 2-т Заасан хугацаанд 5айрыг хүлээлгэн өгөөгүй нөхцөлд гүйцэтгэгч тал хоног тутам захиалагчийн хийсэн урьдчилгаа төлбөрийн 0.05 хувиар торгууль хүлээнэ гэж заасан. Гэтэл хариуцагч нь заасан хугацаанд байрыг хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс байрны ордер одоо хүртэл гараагүй, уг байрыг улсын комисс одоог хүртэл хүлээн аваагүй. Хэрэв хариуцагч нь тухайн үед байрны гэрчилгээг гаргаж өгсөн бол би үлдэгдэл 30 хувийн төлбөрийг тэр даруй төлж, олон жил эд материал болон сэтгэл санааны их хохирол амсахгүй байх байсан. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч миний тооцсон гэрээний торгууль болох 8045 ам доллар буюу 19 753 935 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж хэт 1 талыг барьж шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж хэргийг үнэн зөв магадлан, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Мэндбаяр давж заалдах гомдолдоо: Манай компани Баянзүрх дүүргийн 4-р хорооны 32-р байрыг барьж, 30 тоот орон сууцыг хариуцагч Б.Даваацэрэнтэй байгуулсан гэрээнд заасан хугацаанд нь хүлээлгэн өгсөн. Б.Даваацэрэн нь хугацаандаа байрандаа орж 13 жил ашиглан эзэмшиж байна. Энэ хугацаанд тэрээр үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсан тул гэрээнээс татгалзсан талаар түүнд мэдэгдсэн. Гэрээнээс татгалзсан учраас байраа суллуулж авах, мөн хариуцагчид орон сууцаа олон жил ашиглуулсны хохирол гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх 2 талыг эвлэрэх боломжийг асуухад хариуцагчийн зүгээс эвлэрэх боломжгүй манайх заавал торгууль авна, дээрээс нь байраа авна гэж эвлэрлийг зөвшөөрөөгүй. Гэтэл шүүх үлдсэн мөнгийг Б.Даваацэрэнгээс гаргуулан манайд төлүүлж, түүнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоон Б.Даваацэрэнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг манайд даалгасан шийдвэр гаргаж, талуудын хэн хэн нь хүсээгүй Б.Даваацэрэнгээр төлөх ёстой үндсэн төлбөрийг нь төлүүлэх байдлаар байр өмчлөх тухай нэхэмжлэлийг нь хангаж талуудын нэхэмжлэлээс өөр шийдвэр гаргаж шийдвэрлэсэн.

Талуудын хооронд хийсэн гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж төлбөрийн 70 хувийг төлсөн, байрандаа олон жил амьдарсан, компани нь гэрээнээс татгалзсан, гэрээ цуцалсан талаар мэдэгдээгүй гэх үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан байна. Гэтэл хариуцагч нь орон сууцыг олон жил эзэмшиж, амьдарсан нь түүнд өмчлөх эрхийг олгох үндэслэл биш, уг гэрээ нь худалдах худалдан авах гэрээ биш төлбөрийн нэг хэсгийг зээлээр төлөх хугацаа, хүүг маш тодорхой заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ учраас худалдах худалдан авах гэрээнд холбогдох ихэнх хэсгийг төлсөн бол гэрээнээс татгалзахгүй гэсэн хуулийн зохицуулалт энэхүү гэрээнд хамаарахгүй.

Анхан шатны шүүхийн үндэслэл болгон дурдсан Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээ цуцлах, түүнийгээ хэн нэгэнд мэдэгдэх тухай зохицуулалт байхгүй ба гэрээнээс татгалзах тухай зохицуулалт тусгасан байдаг. Гэтэл шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан заалтыг гуйвуулан уг заалтын дагуу гэрээ цуцалснаа мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь буру. Гэрээ цуцалсан талаар заавал мэдэгдэх албагүй учир мэдэгдээгүй. Харин мөнгөө төлөхгүй бол манайх гэрээнээсээ татгалзах тухайгаа 2015 оны 5 дугаар сард хариуцагчид мэдэгдэж хугацаа өгсөн.Тухайн уулзалт болсонтой хариуцагч маргаагүй.

Гэрээнээс татгалзаж байгаа талаар 2017 оны 9 дүгээр сараас эхлэн түүний утсаар болон тухайн байранд оршин суугаа дүү нарт нь удаа дараа амаар мэдэгдэж 2017 оны 12 дугаар сард бичгээр 1 удаа мэдэгдэл өгсөн. Улмаар 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гэрээг цуцалсан тушаалыг Улсын Бүртгэлийн байгууллагад хүргүүлэхдээ энэ талаар тухайн байранд оршин суудаг түүний дүүд нь мэдэгдэхэд элдэв муухайгаар авирлаж байсан талаар нотлох баримтыг аудио болон видео бичлэгээр өгсөн ба шүүх үзлэг хийсэн. Хариуцагчын зүгээс манайхыг гэрээнээс татгалзсанаа мэдэгдээгүй гэж маргаагүй байхад шүүгч манайхыг гэрээнээс татгалзсанаа мэдэгдээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Талуудын хооронд хийсэн гэрээ нь хугацаа, хүү тохирсон зээлээр худалдах худалдан авах гэрээ учраас хариуцагч хэдэн хувь төлснөөс үл хамааран хариуцагч мөнгөө төлөөгүй л бол манайх гэрээнээс татгалзах, хохирол шаардах эрхтэй.

Хариуцагч орон сууцанд хэдэн жил амьдарсан, ямар хугацаагаар эзэмшсэн нь түүнд тухайн орон сууцыг өмчлөх эрхийг олгох үндэслэл болохгүй. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ хийсэн, хариуцагч ихэнх хувийг төлсөн, орон сууцанд он удаан жил амьдарсан, гэрээнээс татгалзах, гэрээ цуцлахаа мэдэгдээгүй зэргийг үндэслэн манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож талуудын нэхэмжлэлээс өөр шийдвэр гаргасан нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг маргааны үйл баримттай харьцуулан үнэлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Даваацэрэн нь хариуцагч Глоб констракшн ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, СЭН 32 дугаар байр, 30 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгуулах, илүү тооцон авсан талбайн төлбөр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй торгууль, засвар хийсэн зардал, нийт 22 833 515 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 48 954 213 төгрөг гаргуулах, орон сууцыг Б.Даваацэрэнгийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Б.Даваацэрэн нь 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Глоб констракшн ХХК-тай орон сууц захиалгын 32/30 тоот гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрнаас 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 287 ам доллараар тооцож нийт 22 987 ам доллараар худалдаж авахаар харилцан тохиролцож төлбөрийн 70 хувь буюу нийт 16 090 ам долларыг төлсөн, орон сууцыг 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эзэмшиж байгаа үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна./1хх-ийн 8-9 дүгээр тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь зөв болжээ. Гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй бөгөөд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж маргах боловч гэрээний үнэд хүүгийн талаар тохиролцоогүй, төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар тохирсон тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах авах гэрээ байгуулагдсан гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

Анхан шатны шүүх зохигчдын нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд тодорхойлоогүй шаардлага буюу орон сууцны үлдэгдэл үнэ 16 531 022 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг зөрчжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээнд заасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж тодорхойлсон. Гэрээний 6.4-т Зээлийн үлдэгдэлтэй нөхцөлд байрны өмчлөгч нь компани байх бөгөөд энэ хугацаанд уг байрыг барьцаалан банкнаас зээл авч дараагийн барилгын ажлаа санхүүжүүлэх эрхтэй..., Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. гэжээ. Нэхэмжлэгч нь гэрээний үнийг бүрэн төлөөгүй, үлдэгдэл 30 хувь төлөх үүрэгтэй байгаа, төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд түүнийг өмчлөгч гэж дүгнэхгүй тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч алданги, торгууль гэх үндэслэлээр мөнгөн хөрөнгө шаардах эрхгүй болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.10-т Ашиглалтад орох хугацаа 2005 оны 6-р сарын 15, 7.2-т Заасан хугацаанд байрыг хүлээлгэн өгөөгүй нөхцөлд гүйцэтгэгч тал хоног тутам захиалагчийн хийсэн урьдчилгаа төлбөрийн 0.05 хувиар торгууль хүлээнэ гэжээ. Гэрээний 2.10, 7.2-т заасан тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсгийг баримтлан үгийн шууд утгаар тайлбарлана. Хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан дээрх хугацаанд буюу нэхэмжлэгчид 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч мөн өдрөөс одоог хүртэл орон сууцыг эзэмшин ашиглаж байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байх тул хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлсэн. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн торгууль 19 753 935 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзнэ.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Монгол Улсын бүртгэлийн байгууллага, түүний орон нутаг дахь салбар, нэгж, ажилтан хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэнэ гэж зохицуулсан. Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийг бүртгэх үүрэг бүхий этгээд нь хариуцагч компани биш улсын бүртгэлийн байгууллага байхад уг үүргийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Тухайн тохиолдолд хариуцагч улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөх үүрэгтэй байж болох юм. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасантай нийцсэн.

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Сөрөг нэхэмжлэлийн агуулга нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж буй тал нь нөгөө талдаа үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөх урьдчилсан нөхцөл хангагдаагүй, хариуцагч энэ журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Глоб констракшн ХХК нь үнийг төлөх нэмэлт хугацааг тогтоож өгөх ёстой бөгөөд үүргийн гүйцэтгэлийн нэмэлт хугацааг тогтоосон баримт хэрэгт байхгүй байна. Хариуцагч хуульд заасан энэхүү журмыг хэрэгжүүлээгүй учраас гэрээнээс татгалзаж, учирсан хохирлыг шаардах эрхгүй. Хариуцагчийн гомдлыг хүлээн авч, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, хариуцагчийн хүлээлгэн өгсөн орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж байгаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн эзэмшлийн орон сууцыг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргах эрхгүй гэж дүгнэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01305 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, СЭН 32 дугаар байр, 30 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах, илүү тооцон авсан талбайн төлбөр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй торгууль, засвар хийсэн зардал, нийт 22 833 515 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь, 48 954 213 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж дахь 32 дугаар байрны 30 тоот байр суллахыг Б.Даваацэрэнд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 842 885 төгрөгийг, нэхэмжлэгчийн 512 874 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ