Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 1305

 

 

 

 

 

           

2018 оны 04 сарын 16 өдөр

 Дугаар 101/ШШ2018/01305

Улаанбаатар хот

 

            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

             Нэхэмжлэгч: ............................... тоотод оршин суух, Б.Дгийн /РД: ............./ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ........................ тоот, “Г” ХХК-д /РД: ................./ холбогдох

......... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах, илүү тооцон авсан талбайн төлбөр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй торгууль, засвар хийсэн зардал, нийт 22.833.515 төгрөг гаргуулах тухай Б.Дгийн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г” ХХК-ийн 48.954.213 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж дахь 32 дугаар байрны 30 тоот байрыг суллахыг Б.Дд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр, М.Энхжаргал,

Хариуцагч “Г” ХХК-ийн захирал Ж.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д миний бие 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Г” ХХК-тай байр худалдан авах зорилгоор орон сууц захиалгын 32/30 тоот гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрнаас 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 287 ам доллар, бүгд 22.987 ам доллараар худалдаж авахаар тохирсон.

Би гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8.670 ам доллар, 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7.420 ам доллар, нийт 16.090 ам доллар төлсөн.

Уг байрыг улсын комисс хүлээн аваагүйгээс өнөөг хүртэл хэний эзэмшилд байгаа эсэх нь тодорхойгүй, байрны өмчлөх эрхийн гэрчилгээ албан ёсоор гараагүй ба “Г” ХХК нь бидний хооронд байгуулсан 32/30 тоот гэрээний 2.10-д заасан үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүйгээс намайг олон жил хохироож байна. Тус байрны оршин суугчид “байрыг хувийн өмчлөлд шилжүүлэх шаардлага, хүсэлт”-ийг компанийн захирал Ж.Мт тавихад хүлээж авдаггүй, энэ талаар ярилцан, санал солилцох гэхээр оршин суугчдыг дарамтлан хэл амаар доромжлох, хүч хэрэглэн зодох, ална гэж айлган сүрдүүлэх зэргээр зохисгүй зан гаргасаар олон жил болж байна.

Орон сууц захиалгын гэрээний 2-т “Ашиглалтанд орох хугацааг 2005 оны 6 дугаар сарын 15” гэж заасан заалт одоог хүртэл хэрэгжээгүй, ашиглалтанд өгөөгүй.

            Барилгыг 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтанд оруулахаар гэрээндээ тусгасан ч одоог хүртэл улсын комисс хүлээж аваагүй тул эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй.

Бидний хооронд байгуулсан гэрээний 7.2-т зааснаар хугацаандаа ашиглалтанд өгөөгүй бол компани хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.05 хувиар торгууль тооцож захиалагчид төлөх ёстой гэсэн заалт хэрэгжээгүй.

Энэ заалтаар тооцсон торгууль 8.045 ам доллар буюу 19.753.935 төгрөг болж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа алданги гээд буруу бичсэн байна лээ.

Би 80 м.кв байрны үнэ 16.090 ам доллар төлсөн. Би өөрөө хэмжиж үзсэн ба бодит байдал дээр 76.3 м.кв талбайтай байна. Компани надаас илүү авсан 3.7. м.кв талбайн үнэ 770 ам доллар буюу 1.860.680 төгрөг болж байна.

           Гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй, тухайлбал цонх, хаалга чанаргүй, зай завсар ихтэй, дээвэр, тааз туурганаас дулаан маш их алддаг, радиатор нь хуучин учир ус их алдаж, бөглөөтэй, халдаггүйгээс цонх, хаалгаар дулаан их алддагаас хүн амьдрах боломжгүй байсан учир би амьжиргааны хэвийн нөхцлөө хангахын тулд их  хэмжээний засвар хийсэн. Засварын зардал нийт 1.218.900 төгрөг болсон.

 Миний бие байрны үнийг төлсөн, маргаан бүхий байранд 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөг хүртэл 12 жил амьдарч байх тул Б.Д намайгннннннннтоот, 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үүнийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү.

 “Г” ХХК-иас гэрээний 7.2-т зааснаар 19.753.935 төгрөг, илүү төлсөн талбайн үнэ 1.860.680 төгрөг, засварын үнэ 1.218.900 төгрөг, нийт 22.863.535 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Г” ХХК-ийн захирал Ж.М шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани ххххххххххххххххххххх байрууд хамаардаг бөгөөд 32 дугаар байрыг 2005 онд ашиглалтанд оруулж захиалагчдад түлхүүрийг нь хүлээлгэн өгсөн.

Хотхоныг барьж дуусгаад байруудаа улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байсан хэдий ч тус компанийн захирал Ж.М миний бие эрүүгийн хэрэгт холбогдон 2006 оны 4 дүгээр сард урьдчилан хоригдож 2007 онд 10 жилийн хорих ял шийтгүүлснээр дээрхи хотхоныг улсын комисст хүлээлгэн өгөх ажил эзэнгүйдсэнээс гадна тухайн барилгуудын зураг, бичиг баримтууд нотлох баримтын хүрээнд цагдаад хураагдан улмаар үрэгдэн алга болсон.

Үлдсэн ажилтнууд маань улсын комисст өгөхийн тулд барилгуудын зураг, бичиг баримтыг шинээр бүрдүүлэх, дутуу байсан зам талбай, тохижилтын ажлыг дуусгах ажилд зохих санхүүжилт хийх шаардлага тулгарч захиалагчдад хандсан боловч тэд үүссэн нөхцөл байдлыг далимдуулан үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийж сунжруулснаар уг ажил зогссон байдаг.

2015 оны 4 дүгээр сард Ж.М миний бие суллагдангуут захиалагчдын өмчлөх эрхийг баталгаажуулах ажлыг гардан хөөцөлдөж эхэлсэн ба мөнөөх л зам талбай, тохижилтыг гүйцээх, зураг, бичиг баримтыг бүрдүүлэх, барилгын дүгнэлт гаргуулах ажлыг хийж эхэлсэн.

Ихээхэн төлбөрийн үлдэгдэлтэй захиалагчид орон сууцаа голдуу оюутнуудад түрээслээд алга болсон учир гамгүйгээр 12 жил ашиглагдсан барилгыг засварлан шинэчилж байж улсын комисс ажиллуулах шаардлагууд бий болж эдгээрийг гүйцэлдүүлэхийн тулд мэдээж багагүй хэмжээний хөрөнгө зардал хэрэгтэй болсон ба мөн л захиалагчдаар үлдэгдэл төлбөрийг нь төлүүлэх, барилгын засвар шинэчлэлийн зардлыг нь өөрсдөөр нь гаргуулахаас өөрөөр санхүүжилт босгох боломж манай компанид байгаагүй.

Захиалгын үлдэгдэл төлбөр, гэрээ, бичиг баримтын зөрчлүүдээ арилгах, засварын зардлаа хуримтлуулах хүсэлт, мэдэгдэл, шаардлагыг захиалагчдад бүтэн 2 жил хагасын хугацаанд амаар болон бичгээр удаа дараа мэдэгдэн, мэдэгдэл хүргүүлэн, хурал хийх, биечлэн уулзалдах зэргээр ихээхэн идэвхи гаргасны үр дүнд ихэнхи захиалагчид үлдэгдэл төлбөрөө төлөн дээрээс нь компани өөрөөсөө зардал гарган засвар шинэчлэлийн бусад ажлуудыг гүйцэтгүүлж гэрээ, төлбөрийн зөрчилгүй захиалагчдынхаа өмчлөх эрхийг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нь саадгүй олгож байна.

Нэхэмжлэгч Б.Д нь тус байрны 30 тоотыг захиалсан гэх бөгөөд дээрхи үүргүүдийг биелүүлэхээс анхнаасаа санаатайгаар зайлсхийж эхнэр, дүү нарын хамт 2015 онд тус компанийн захирал Ж.М намайг дээрэмчин, луйварчин, гэх мэтээр доромжлон улмаар барьж авч зодож байсан.

Түүнчлэн өмгөөлөгч Ж.Батбаяр, М.Энхжаргал нарыг хөлслөн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт үндэслэлгүй тоот төлөвлүүлэн өгөх зэргээр бусад захиалагчдад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх ажлыг гацааж байна.

Б.Дтэй хийсэн гэрээний үүргээ компани хугацаанд нь биелүүлж түлхүүрийг хүлээлгэн өгснөөс хойш тэрээр өөрөө уг байраа өнөөг хүртэл эзэмшин ашиглаж байгаагаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ дурьдсан байх учир бид түүнд ямар нэгэн алданги болон бусад төлбөр тооцоо хийх үндэслэл байхгүй.

Харин Б.Д нь үлдэгдэл төлбөрөө төлөхөөс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул бид гэрээгээ цуцалж сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч “Г” ХХК-ийн захирал Ж.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нэхэмжлэгч Б.Дгийн ......... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах, нийт 22.833.515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Тус компанийн барьсан барилгын чанар байдалд мэргэжлийн хяналтын улсын байцаагч, хөндлөнгийн шинжилгээний байгууллагуудын хийсэн дүгнэлтүүдийг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн барилгад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн байх тул барилгын чанарын маргаан байхгүй, засварын хөлс төлөх боломжгүй.

Түүнчлэн Б.Дтэй гэрээ байгуулсан 2005 онд орон сууцны хэмжээг барилгын тэнхлэгээр тогтоодог жишиг үйлчилж байсны дагуу талбайн хэмжээг барилгын тэнхлэгээр тооцон гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2009 оноос эхлэн орон сууцны хэмжээг барилгын дотор ханаар тогтоох стандарт Монгол Улсад мөрдөгдөж эхэлсэн учраас компани талбайн зөрүү тооцон буцаан олголт хийхгүй. Тэгээд ч дээрхи гомдлуудыг гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байна.

            Бидний байгуулсан гэрээний 2.10-т “Ашиглалтанд оруулах хугацаа 2005 оны 6 дугаар сарын 15” гэж заасан байх ба Б.Д нэхэмжлэлдээ “Миний бие байранд 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл амьдарч байх тул” гэж дурьдан хүлээн зөвшөөрснөөр компани байрыг хугацаанд нь Б.Дгийн ашиглалтанд хүлээлгэн өгсөн нь мөн байр өнөөг хүртэл хугацаанд хэний эзэмшилд байгаа нь тодорхой байна.

            Гэрээний 7.2 дахь заалтаар “Заасан хугацаанд байрыг хүлээлгэн өгөөгүй нөхцөлд гүйцэтгэгч тал торгууль хүлээхээр” зохицуулсан байхад үүргээ 1 өдрийн зөрүүгүй биелүүлсэн компани торгууль хүлээх боломжгүй.

            Түүнчлэн гэрээний 6.3-т заасан “Үлдэгдэл 30 хувийг байрандаа орсноос хойш 1 жилийн хугацаанд хүүгүй төлнө” гэсэн үүргээ Б.Д өөрөө өнөөг хэр нь биелүүлээгүй байгаагаа “орон сууцыг 22.987 ам доллараар худалдан авсан, байрны төлбөрт 16.090 ам долларыг төлсөн” гэж нэхэмжлэлдээ дурьдан хүлээн зөвшөөрсөн байх тул гэрээний 7.3-т “Урт хугацааны зээлд хамрагдсан захиалагч нарт ямар нэгэн алданги төлөхгүй” гэж зааснаар компани ямар нэгэн алдангийг Б.Дд төлөхгүй.

            Гэрээний 6.3-т “Зээлийн үлдэгдэлтэй нөхцөлд байрны өмчлөгч нь компани байх бөгөөд” гэж заасны дагуу өнөөдөр байр компанийн өмч хэвээр байгаа. Мөн заалтаар “гэрээний хугацаандаа захиалагч зээлээ барагдуулсан нөхцөлд уг байрыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж зохицуулсан учир зээлээ барагдуулаагүй захиалагчийн хувьд байрыг өмчлөлдөө шилжүүлэн авах боломжгүй бөгөөд гэрээний үүргийн дарааллаар захиалагч эхлээд зээлээ төлж үүргээ биелүүлснийхээ дараа улсын комисс, өмчлөл, өмчлөх эрхийн гэрчилгээний талаар гомдол гаргах боломжтой болно.

            Харин ч зээлээ төлөх хугацаа нь дууссан 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн гэрээний 6.4 дэхь заалтын дагуу хоног тутамд 0.05 хувийн алданги тооцон төлөх үүрэг Б.Дд нэмэгдсэн хэдий ч компани түүнд боломж олгон зөвхөн үндсэн төлбөрөө хийгээд өмчлөх эрхээ баталгаажуулахыг удаа дараа санал болгосон боловч эс тоон элдэв аргаар зайлсхийсээр зээл төлөх үүрэг нь нэгэнт дуусгавар болоод 11 жил, 10 сар, 5 хоног өнгөрсөн ба байрыг эзэмшин ашиглаж хөрөнгийн байдлыг дордуулсаар, хөрөнгө элэгдсээр байсан тул тус компани түүнтэй байгуулсан гэрээнээсээ татгалзаж байгаагаа удаа дараа Б.Дд мэдэгдэж байсан.

            Байрыг өмчлөлд шилжүүлэх шаардлага тавихад компанийн захирал Ж.М огт хүлээн авдаггүй байсан гэж нэхэмжлэлдээ дурьдсан нь огт үндэслэлгүй. Төлбөрөө 100 хувь төлсөн худалдан авагчид компаниас өгсөн батламжийн дагуу байраа бусдад түрээслүүлэх, худалдах зэргээр захиран зарцуулж байсан.

            Байрны төлбөрийн үлдэгдэлтэй захиалагчид төлбөрөө бүрэн төлж байраа өмчлөх, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхийн оронд компанийн удирдлага, ажилтнуудыг доромжлох, эд хөрөнгө эвдэх зэргээр зүй бус аашилж хаа хамаагүй байгууллагуудад үндэслэлгүй өргөдөл гарган цаг хожин өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах үйл ажиллагаанд элдэв саад тотгор учруулан бусад захиалагчдын болон компанийн эрх ашгийг хохироосоор байгааг дурьдах нь зүйтэй.

            Тус байранд 13 жил шахам эзэн суун зээлийн төлбөрөө төлөөгүй хирнээ ихэд хохирсон хэмээн манайхаас мөнгө авах, байрыг өмчлөхөөр санаархан нэхэмжлэл гаргасан үйлдэл нь дэндүү увайгүй байх тул компани гэрээнээс татгалзсан шийдвэрээ хэвээр үлдээж, шинэ орон сууцаа түүнд олон жил эзэмшүүлэн ашиглуулсан хохирлоо тооцон авна.

            Хэрвээ манай компани 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаа 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөг хүртэл нийт 12 жил, 9 сар, 5 хоног бусдад эзэмшүүлэн түрээслүүлсэн бол 87.525.000 төгрөгийн ашиг олох байсан.

Уг олох байсан ашгаас Б.Дгийн манайд төлсөн 16.090 ам долларыг Монгол банкны 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ханшаар 1 ам долларыг 2397.19 төгрөгөөр тооцон нийт 38.570.787 төгрөгийг суутган Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д заасны дагуу Б.Д үлдээж, үлдэх 48.954.213 төгрөгийг хохиролд тооцон сөрөг нэхэмжлэл гаргасан.

Иймд Б.Дгээс 48.954.213 төгрөгийг гаргуулан, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж дахь 32 дугаар байрны 30 тоот байрыг суллахыг Б.Дд даалгаж өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгч Б.Д сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д миний бие 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Г” ХХК-тай орон сууцны захиалгын 32/30 тоот гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрнаас 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 287 ам доллараар тооцож, бүгд 22.987 ам доллараар худалдаж авахаар тохирсон ба 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8.670 ам доллар, 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7.420 ам доллар, нийт 16.090 ам доллар төлсөн.

            2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байрандаа орсон ба би уг байрандаа 2015 оны 7 дугаар сар наадам хүртэл амьдарсан ба одоо ахын маань хүүхэд түр амьдарч байгаа.

Тус компани гэрээнд зааснаас дутуу хэмжээтэй байр хүлээлгэн өгснөөс гадна чанарын шаардлага хангахгүй байрыг өөрийн хөрөнгөөр засварлан хохирсон. Байрыг өнөөг хүртэл улсын комисс хүлээн аваагүй гэх зэргээр миний хувьд маш их хохирсон тул хариуцагч “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан ......... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах, илүү тооцон авсан талбайн үнэ, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй торгууль, засвар хийсэн зардал, нийт 22.833.515 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч “Г” ХХК нь 48.954.213 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Доржийн гудамж дахь 32 дугаар байрны 30 тоот байрыг суллахыг Б.Дд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

/2005-2007 онд байрны 1 сарын түрээсийн төлбөр 450.000 төгрөг, нийт 13.725.000 төгрөг,

2008-2010 онд байрны 1 сарын түрээсийн төлбөр 500.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг,

2011-2014 онд байрны 1 сарын түрээсийн төлбөр 600.000 төгрөг, нийт 28.800.000 төгрөг,

2015 онд байрны 1 сарын түрээсийн төлбөр 550.000 төгрөг, жилд 6.600.000 төгрөг,

2016 онд байрны 1 сарын түрээсийн төлбөр 500.000 төгрөг, жилд 6.000.000 төгрөг,

2017-2018 онд байрны 1 сарын түрээсийн төлбөр 600.000 төгрөг, нийт 14.400.000 төгрөг,

Түрээсээс олох байсан ашиг 87.525.000 төгрөг-19.090 ам доллар*2397,19 төгрөг буюу 38.570.787 төгрөг=48.954.213 төгрөг/  

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “Г” ХХК-тай 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалгын 32/30 тоот гэрээг байгуулсан байх ба  уг гэрээгээр хариуцагч буюу гүйцэтгэгч “Г” ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд баригдсан байрны 4 дүгээр давхрын /мансардтай/ 3 өрөө бүхий 80 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч буюу Б.Дд 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх, Б.Д 1 м.кв талбайн үнэд 287 ам доллар, нийт 22.987 ам доллар төлөх үүргийг тус тус  хүлээсэн нь зохигчдын тайлбар болон талуудын хооронд байгуулсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.

            /ХХ-ийн 8-9, 201-205 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний агуулгаас үзэхэд зохигчид худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

 

            Уг гэрээний 6 дугаар зүйлд энэхүү орон сууцны төлбөрийг 3 үе шаттай /40 хувь, 30 хувь, 30 хувь/ төлнө. Нийт үнийн дүнгийн 40 хувийг урьдчилгаа болгон төлснөөр энэхүү гэрээг байгуулах эрхтэй.

-Барилгын ажлын явцад буюу 2005 оны 6 дугаар сарын 15-ны дотор 30 хувийг төлнө.

-Үлдэгдэл 30 хувийг байрандаа орсноос хойш 1 жилийн хугацаанд хүүгүй төлнө гэж тус тус заасан ба нэхэмжлэгч буюу захиалагч Б.Д 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8.670 ам доллар, гэрээ байгуулсан өдөр 7.420 ам доллар тус тус төлсөн байх ба талууд энэ талаар маргаагүй болно.

/ХХ-ийн 8-9 дүгээр тал,

 

Талуудын хооронд байгуулсан орон сууцны захиалгын гэрээний 2 дугаар зүйлд “барьж эхлэх хугацаа 2004 оны 7 дугаар сарын 1, ашиглалтанд орох хугацаа 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр” гэж заасан ба нэхэмжлэгч Б.Д  2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр орон сууцныхаа түлхүүрийг гардан авч 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс амьдарч үүнээс хойш орон сууцыг өөрийн эзэмшил ашиглалтанд байлган ашиглалтын зардлуудыг төлж байжээ.

/ХХ-ийн 206-210 дугаар тал/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан ба нэхэмжлэгч Б.Д дээрхи гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байсан нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1261 тоот хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр, нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжууд, шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдлоо.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй ба хариуцагч энэ талаар маргаан үүсгээгүйг дурьдлаа.

/ХХ-ийн 13-15, 26-28, 80, 129 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 2-т “Заасан хугацаанд байрыг хүлээлгэн өгөөгүй нөхцөлд гүйцэтгэгч тал хоног тутам захиалагчийн хийсэн урьдчилгаа төлбөрийн 0.05 хувийн торгууль хүлээнэ” гэж заасан ба нэхэмжлэгч нь байрыг одоог хүртэл ашиглалтанд өгөөгүй, улсын комисс хүлээн аваагүй тул 8.045 ам доллар буюу 19.753.935 төгрөг нэхэмжилсэн ба тэрээр алданги гэж нэхэмжилсэн боловч ажиллагааны явцад үүнийгээ торгууль хэмээн тайлбарлажээ. /8.045 ам доллар*2.455,43=19.753.935 төгрөг/

Нэхэмжлэгч Б.Д нь орон сууц захиалгын гэрээ байгуулсан өдөр 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр түлхүүрээ хүлээн авч 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш орон сууцыг эзэмшиж ашиглаж байх тул хариуцагч “Г” ХХК-ийг байрыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй.

Иймд 8.045 ам доллар буюу 19.753.935 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас гаргуулах үндэслэлгүй.

 

Гэрээний 5 дугаар зүйлд “нийт талбай 80 м.кв” гэж байх ба Б.Д өөрийн худалдан авсан байрыг 76.3 м.кв байгаа тул илүү авсан 3.7 м.кв талбайн үнэд 770 ам доллар буюу 1.860.680 төгрөгийг нэхэмжилсэн ба уг орон сууц гэрээгээр тогтоосон хэмжээнээс дутуу болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна талуудын байгуулсан гэрээнд орон сууцны талбайн хэмжээг тодорхой тусгасан байхад нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээж авахаас өмнө эсхүл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдол байгааг мэдэх боломжтой атал орон сууцыг хүлээн авсан нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Б.Д орон сууцны засварын зардалд 1.218.900 төгрөг зарцуулсан гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.

2009 оны 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд барилгын материал авсан гэх боловч энэ бараа худалдан авсан зарлагын баримт биш байгааг дурьдлаа.

/ХХ-ийн 20-21 дүгээр тал/

           

 Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний аль нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсгийг хэвээр үлдээж,үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.

  Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх ёстой бөгөөд хариуцагч “Г” ХХК-ийн захирал нь 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01/13 тоот тушаалаар Б.Дтэй байгуулсан гэрээгээ цуцалсан гэх боловч үүнийгээ нэхэмжлэгч талд мэдэгдээгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Д 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр орон сууцныхаа түлхүүрийг хүлээн авч 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс амьдарч өнөөг хүртэл хугацаанд орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаж байгаа, төлбөрийн дийлэнхи хэсгийг буюу 70 хувийг төлсөн тул гэрээнээс татгалзаж болохгүй  үндэслэл бий болсон гэж үзэхээр байна.

ХХ-ийн 62, 86-87, 168 дугаар тал/

 

Иймд хариуцагч “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Б.Д нь 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 6.896 ам долларыг гэрээ байгуулсан үеийн ханшаар төлнө гэж тайлбарласан ба гадаад валютын үүргийг монгол төгрөгөөр гүйцэтгэх бол үүрэг гүйцэтгэх үеийн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцох ба тухайн үеийн гэдэг нь нэхэмжлэл гаргах үеийг ойлгоно.

Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийг  хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргасан үеийн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 2.397,19 төгрөгөөр тооцох үндэслэлтэй.

/ХХ-ийн 89 дүгээр тал/

 

2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргийн дарааллаар нэхэмжлэгч Б.Дгээс 6.896 ам доллар*2.397,19 төгрөг=16.531.022 төгрөг гаргуулан хариуцагч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэгч Б.Дг ......... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож,

нэхэмжлэгч Б.Дгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч “Г” ХХК-д даалган,  

нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний 7.2-т зааснаар 19.753.935 төгрөг, илүү төлсөн талбайн үнэ 1.860.680 төгрөг, засварын үнэ 1.218.900 төгрөг, нийт 22.863.535 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч “Г” ХХК-ийн гэрээнээс татгалзсанаас үүссэн хохирол 48.954.213 төгрөг гаргуулах, орон сууцыг суллуулахыг нэхэмжлэгч Б.Дд даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Б.Д нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 16.531.022 төгрөгийг төлснөөр түүний орон сууцаа өмчлөх эрх үүсч хариуцагч “Г” ХХК-д Б.Дгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой үүрэг үүснэ.

 

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” ХХК-ийн захиалгаар баригдсан орон сууцны 32 дугаар байрыг улсын комиссын байнгын ашиглалтанд хүлээж аваагүй бөгөөд уг орон сууцны зарим өрх өөрийн эзэмшиж буй сууцыг Барилгын тухай хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаар мэргэжлийн хяналтын байгууллагаар 2015 оны 6 сард, хөндлөнгийн шинжилгээний “Реоконстракшн” ХХК-иар 2017 оны 10 сард тус тус дүгнэлт гаргуулсан болохыг дурьдлаа.

/ХХ-ийн 58-59, 90, 166-205 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.Дгийн ирүүлсэн түүний эзэмшиж буй байрны 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх гэх гэрэл зураг маргаан бүхий байрных мөн эсэх, хэдий хугацаанд авсан нь тодорхой бус тул, хариуцагчийн ирүүлсэн нэхэмжлэгчтэй 2015 онд байрнаас үүдэн маргасан гэх бичлэгийг хуульд заасан арга хэрэгслээр олж авч бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрэл зураг болон бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3-т баримтлан нэхэмжлэгч Б.Дгээс 6.896 ам доллар буюу 16.531.022 төгрөг гаргуулан хариуцагч “Г” ХХК-д олгож,

нэхэмжлэгч Б.Дг ......... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Б.Дгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч “Г” ХХК-д даалгаж,

нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагаас 22.863.535 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч “Г” ХХК-ийн 48.954.213 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж дахь 32 дугаар байрны 30 тоот байрыг суллахыг Б.Дд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712.388 төгрөгийг болон “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 836.300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас 440.164 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.САРАНГҮН