Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01781

 

 

 

 

 

 

 

С.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/01151 дүгээр шийдвэртэй, С.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Түмэн-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Намуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: С.Түмэн-Өлзий нь Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/167 тоот тушаалаар Төв аймгийн Татварын хэлтсийн Дэлгэрхаан сумыг хариуцсан татвар хураагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд түүний зан байдалтай холбоотой гомдол гаргасантай холбогдуулан сахилгын шийтгэл хүлээлгэсэн. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Татварын хэлтэстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход нь Б/79 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээ 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулахдаа давхар үр дүнгийн гэрээ байгуулж, сүүлийн хоёр жил үйл ажиллагааны буюу ажлын төлөвлөгөө батлуулж, уг төлөвлөгөө болон үр дүнгийн гэрээгээ жилийн эцэст дүгнэж, цаашид гэрээний хугацааг сунгадаг байсан. Гэтэл 2017 оны гэрээний биелэлтийг дүгнэхгүйгээр, түүнтэй зөвлөлдөхгүйгээр, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд С.Түмэн-Өлзий нь ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж ажилд эгүүлэн томилохыг даалгах, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан тайлбараа: Татварын ерөнхий газрын харьяа Төв аймгийн татварын хэлтсийн дарга Д.Батсайхан нь тус аймгийн Дэлгэрхаан сумын татвар хураагч С.Түмэн-Өлзийтэй 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1 болон бусад холбогдох хууль тогтоомжид үндэслэн харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан ба Төв аймгийн Татварын хэлтсийн дарга мөн гарын үсэг зурж баталгаажуулсан. С.Түмэн-Өлзийгийн үйл ажиллагаа, зан харилцаатай холбоотой олон асуудал яригдсан ба Төв аймгийн Татварын хэлтсээс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/65 тоот албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт С.Түмэн-Өлзийтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй гэдгийг мэдэгдсэн байдаг. Ажил олгогчийн зүгээс судалж үзээд С.Түмэн-Өлзийтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажил албан тушаалаас нь чөлөөлсөн Б/79 тоот тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж заасны дагуу С.Түмэн-Өлзийтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөн. Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагаас хэн нэгэн этгээдийн эрх ашгийг хөндөж байгаа тохиолдолд заавал урьдчилан танилцуулж санал авсан байна гэж заасан байдаг. Үүний дагуу Төв аймгийн Татварын хэлтсээс хөдөлмөрийн гэрээг сунгахгүй талаар түүнд нэг сарын өмнө мэдэгдсэн. Төв аймгийн Татварын хэлтсийн дарга, Дэлгэрхаан сумын Засаг дарга, хураагч С.Түмэн-Өлзий нарын хооронд хөдөлмөрийн гэрээнд тус сумын засаг даргатай хамтарч ажиллахаар гэрээнд сумын засаг дарга гарын үсэг зурсан. Гэтэл энэ хугацаанд сумын даргаас Татварын ерөнхий газарт хоёр удаа С.Түмэн-Өлзийтэй хамтарч ажиллах боломжгүй, ёс зүйгүй, иргэдийг гудамжинд явж байхад нь татвараа төл гэж дарамталдаг. Ажлын бус цагаар айлын цонх хаалгыг тогшиж татвараа нэхдэг, гэх мэтчилэн иргэдийн гомдол саналыг ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Татварын ерөнхий газарт холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч С.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч С.Түмэн-Өлзий нь Татварын Ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б\167 тоот тушаал, Төв аймгийн Татварын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн Б\06 тоот тушаалаар Төв аймгийн татварын хэлтсийн Дэлгэрхаан сумыг хариуцсан татвар хураагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд ажлаа чин сэтгэлээсээ хийж, жил бүр ажил олгогчтой байгуулдаг үр дүнгийн гэрээ, ажлын төлөвлөгөөний дагуу ажил үүргээ хангалттай биелүүлж ажиллаж байсан боловч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б\79 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. С.Түмэн-Өлзий нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлчлүүлэгч нартай зан, харилцааны асуудлаас болж маргаан үүсгэсэн хэмээн ажил олгогч нь урьд сахилгын шийтгэл ногдуулсантай нэхэмжлэгч маргаж, шүүхээр уг асуудлыг шийдэж байх үед нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Үүнд нь нэхэмжлэгч гомдолтой байгаа бөгөөд өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргасных нь төлөө залхаан цээрлүүлж байгаа явдал хэмээн үзэж байна. Учир нь нэхэмжлэгч жил бүр ажил олгогчтой үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөө баталдаг байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дyycax үед дээрх гэрээ, төлөвлөгөөг дүгнэн хөдөлмөрийн гэрээг сунгах, эсэх асуудлыг шийдвэрлэдэг байсан. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн эрээ дуусгавар болох үед 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөг урьдын адил дүгнээгүй байдаг. Иймд яг ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг сунгахаас татгалзсан нь ойлгомжгүй байна.

Ажил олгогчийн дээрх үйлдлийг нэхэмжлэгч С.Түмэн-Өлзий нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж, ажиллах эрхийг нь санаатайгаар зөрчсөн үйлдэл хэмээн ойлгож байна. Мөн нэхэмжлэгч нь байнгын ажлын байранд ажиллаж байсан бөгөөд жил бүрийн үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөг дүгнэх ёстой гэсэн ажил олгогчийн шаардлагаар байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Гэтэл ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх гол нөхцөл болсон үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөг дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй байж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.Түмэн-Өлзий нь хариуцагч Татварын ерөнхий газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

С.Түмэн-Өлзий нь Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/167 тоот тушаалаар Төв аймгийн Татварын хэлтэст Дэлгэрхаан сум хариуцсан татвар хураагчаар түр томилогдон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх Татварын ерөнхий газрын даргын Б/167 тоот С.Түмэн-Өлзийг албан тушаалд томилох тухай тушаал, зохигчдын тайлбарыг үндэслэн зөв тогтоосон байна. /хх-ийн 33, 39 дүгээр тал/

Нэхэмжлэгч С.Түмэн-Өлзийг ажлаас чөлөөлсөн Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/79 тоот тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.6.4, 271.6.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан заалтыг үндэслэж хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 89, 117 дугаар тал/

Ажил олгогч С.Түмэн-Өлзийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасан хуулийн зохицуулалттай нийцсэн байна.

Зохигчид Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан үндэслэлээ Татварын Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт Татварын улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилийн туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа татварын ажилтанг хураагч гэнэ гэж заасан үндэслэл журмын дагуу хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, харин тодорхой үндэслэл, шаардлагаар талууд тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах боломжтой учир талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар харилцан тохиролцсон гэж үзнэ.

Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг зөвшөөрөхгүй гэх гомдлыг нэхэмжлэгч өмнө нь гаргаж байгаагүй байна.

Хариуцагч Татварын ерөнхий газар нэхэмжлэгч С.Түмэн-Өлзийтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссантай холбогдуулан тушаал шийдвэрийг гаргаж, ажилтныг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцжээ.

Ажилтан сахилгын зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг хянан хэлэлцэж байх явцад тушаал гаргах ёсгүй байсан гэсэн үндэслэлээр маргадаг бөгөөд тухайн сахилгын шийтгэл нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болохгүй. Ийм учраас хөдөлмөрийн гэрээний хугацаатай хамааралгүй юм.

Нэхэмжлэгч С.Түмэн-Өлзийгийн ажилтанг ялгаварлан гадуурхсан гэх тайлбар, гомдол нь хэргийн баримтаар нотлогдооүй учраас тухайн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/01151 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмэлэгч С.Түмэн-Өлзий давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ