Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00052

 

С.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/01151 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1781 дүгээр магадлалтай,

С.Т-гийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газарт холбогдох,

ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Т-, нарийн бичгийн дарга Г.Сувд-эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч С.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/167 тоот тушаалаар Төв аймгийн Татварын хэлтсийн Дэлгэрхаан сумыг хариуцсан татвар хураагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд түүний зан байдалтай холбоотой гомдол гаргасантай холбогдуулан сахилгын шийтгэл хүлээлгэсэн. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Татварын хэлтэстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход нь Б/79 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээ 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулахдаа давхар үр дүнгийн гэрээ байгуулж, сүүлийн хоёр жил үйл ажиллагааны буюу ажлын төлөвлөгөө батлуулж, уг төлөвлөгөө болон үр дүнгийн гэрээгээ жилийн эцэст дүгнэж, цаашид гэрээний хугацааг сунгадаг байсан. Гэтэл 2017 оны гэрээний биелэлтийг дүгнэхгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөнд гомдолтой. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Татварын ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын харьяа Төв аймгийн татварын хэлтсийн дарга Д.Батсайхан нь тус аймгийн Дэлгэрхаан сумын татвар хураагч С.Т-тэй 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч  хөдөлмөрийн гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан ба Төв аймгийн Татварын хэлтсийн дарга мөн гарын үсэг зурж баталгаажуулсан. С.Т-гийн үйл ажиллагаа, зан харилцаатай холбоотой олон асуудал яригдсан ба Төв аймгийн Татварын хэлтсээс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/65 тоот албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт С.Т-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй гэдгийг мэдэгдсэн. Ажил олгогчийн зүгээс судалж үзээд,  С.Т-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажил албан тушаалаас нь чөлөөлсөн Б/79 тоот тушаал гарсан. Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагаас хэн нэгэн этгээдийн эрх ашгийг хөндөж байгаа тохиолдолд заавал урьдчилан танилцуулж санал авсан байна гэж заасан. Үүний дагуу Төв аймгийн Татварын хэлтсээс хөдөлмөрийн гэрээг сунгахгүй талаар түүнд нэг сарын өмнө мэдэгдсэн. Гэтэл энэ хугацаанд сумын даргаас Татварын ерөнхий газарт хоёр удаа С.Т-тэй хамтарч ажиллах боломжгүй, ёс зүйгүй, иргэдийг гудамжинд явж байхад нь татвараа төл гэж дарамталдаг. Ажлын бус цагаар айлын цонх хаалгыг тогшиж татвараа нэхдэг гэх мэтчилэн иргэдийн гомдол саналыг ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/01151 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Татварын ерөнхий газарт холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч С.Т-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1781 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/01151 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмэлэгч С.Т- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.30-ний өдрийн №01151 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.06-ны өдрийн №1781 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

С.Т- нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлчлүүлэгч нартай зан, харилцааны асуудлаас болж маргаан үүсгэсэн хэмээн ажил олгогч нь урьд сахилгын шийтгэл ногдуулсантай нэхэмжлэгч маргаж, шүүхээр уг асуудлыг шийдэж байх үед нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байдаг. Учир нь нэхэмжлэгч жил бүр ажил олгогчтой үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөө баталдаг байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед дээрх гэрээ, төлөвлөгөөг дүгнэн хөдөлмөрийн гэрээг сунгах, эсэх асуудлыг шийдвэрлэдэг байсан байна. Энэ тухай байгууллагын дотоод дүрэмд тодорхой заасан байдаг. Гэтэл 2018.02.23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үед 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөг урьдын адил дүгнээгүй тул яг ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг сунгахаас татгалзсан нь ойлгомжгүй байна. Ажил олгогчийн дээрх үйлдлийг нэхэмжлэгч С.Т- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 7.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, санаатайгаар ажиллах эрхийг нь зөрчсөн үйлдэл хэмээн ойлгож байгаа юм. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх гол нөхцөл болсон үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөг дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй байж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээв.  

Нэхэмжлэгч С.Т-гийн “...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Татварын Ерөнхий газар эс зөвшөөрөхдөө “...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон” гэж маргажээ. 

Татварын Ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 15-ний өдрийн Б/167 дугаар тушаалаар С.Т-г Төв аймгийн Татварын хэлтэст Дэлгэрхаан сум хариуцсан татвар хураагчаар түр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба ажил олгогч 2018 оны 2 дугаар сарын 23-ний өдөр Б/79 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. дах заалтыг үндэслэл болгожээ /хэргийн  13-14, 33, 89, 98-100  дугаар тал/.

Хуулийн дээрх зохицуулалтаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно.

Татварын Ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-т “татварын улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилийн туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа татварын ажилтанг хураагч гэнэ” гэснийг үндэслэн ажил олгогч  нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-г зөрчөөгүй байна.  

С.Т- албан үүргээ биелүүлэхдээ татвар төлөгчийг хэл амаар доромжилсон, үл хүндэтгэсэн, зохисгүй харьцах зэргээр зөрчил гаргасанд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, эдгээр үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 2 дугаар сарын 23-ний өдөр дууссан, хариуцагч уг хугацааг цаашид сунгах боломжгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусгасан ба хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй  гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/01151 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1781 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.         

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ