Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00503

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00503

 

 

Т.Рэнцэнмядагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 183/ШШ2017/02416 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т.Рэнцэнмядагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Долгорсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Рэнцэнмядаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 102/ШШ2016/02891 дугаар шийдвэрээр Т.Рэнцэнмядагаас 140 111 120 төгрөг гаргуулж, Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр 95 тоот хаягт байрлах 103.6 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн саналыг үндэслэн Итгэлт-Эстимэйт ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Т.Рэнцэнмядагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр 95 тоот хаягт байрлах 103.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн 290 502 000 төгрөгөөр үнэлгээ тогтоосонтой төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр танилцаж, төлбөр төлөгчид мэдэгдсэн болно. Уг орон сууцыг 2011 онд худалдан авахдаа 1м.кв-ыг 3 200 000 төгрөгөөр тооцож, 331 520 000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд үүнээс хойш орон сууцны зах зээлийн үнэ 30-40 хувиар өссөн, уг орон сууцанд 50 000 000 орчим төгрөгийн нэмэлт засвар хийсэн зэргийг тооцож үзвэл 480 000 000 орчим төгрөгийн үнэлгээтэй байхаар байна. Дээрх үнэлгээнээс харахад 290 502 000 төгрөгийн 70 хувь буюу 203 351 400 төгрөгөөр анхны, 50 хувь буюу 145 251 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд тус тус оруулахаар харагдаж байгаа нь гэрээний үүргийн буюу төлбөрийн дүн болох 140 111 120 төгрөгтэй бараг тэнцэж байна. Эдгээрээс дүгнэхэд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хэт доогуур үнэлэн үнэгүйдүүлсэн, төлбөр авагчид зөрүү төлбөргүйгээр шилжүүлэх хэмжээнд хүрэхээр байгаад гомдолтой байгаа тул Т.Рэнцэнмядагийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Цогжаргал шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 102/ШШ2016/02891 дүгээр шийдвэрээр Т.Рэнцэнмядагаас 140 957 525 төгрөг гаргуулж, Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Т.Рэнцэнмядагт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэл өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Рэнцэнмядагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө 6а байрны 95 тоот 3 өрөө орон сууцыг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 140/10 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 140/11 дүгээртэй эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад дээрх эд хөрөнгүүдийг шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан тул хөндлөнгийн шинжээч томилон Итгэлт эстимейт ХХК-иар үнэлүүлэхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө 6а байрны 95 тоотод байрлах 103,62 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 290 502 000 төгрөгөөр үнэлэгдснийг итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазарт 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Т.Рэнцэнмядагийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байр, 95 тоот хаягт байрлах 103,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн саналыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч Д.Долгорлхамын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу "Итгэлт-Эстимэйт" ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Т.Рэнцэнмядагын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байрны 95 тоот хаягт байрлах 103,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн 290 502 000 төгрөгөөр үнэлгээ тогтоосонтой төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Занабазар би 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр танилцаж, төлбөр төлөгчид мэдэгдсэн болно. Уг орон сууцыг 2011 онд худалдан авахдаа 1 м.кв-ыг нь 3 200 000 төгрөгөөр тооцож, 331 520 000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд үүнээс хойш орон сууцны зах зээлийн үнэ хувиар өссөн, уг орон сууцанд 50 000 000 орчим төгрөгийн нэмэлт засвар хийсэн зэргийг тооцож үзвэл 480 000 000 орчим төгрөгийн үнэлгээтэй байхаар байгаа тухай нэхэмжлэлд дурдсан. Мөн Т.Рэнцэнмядагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байрны 95 тоот хаягт байрлах 103,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Энхтайвны гүүрний зүүн урд, наадам центрийн хойно байрлах цогцолборт байрладаг бөгөөд хотын бүсчлэлийн хувьд АА зэрэглэлд хамаарагдах маш өндөр үнэ цэнэ бүхий хөрөнгө юм. Мөн шинжээчийн тогтоосон үнэлгээ 1 м.кв нь 2 804 000 төгрөг болж байгаа бөгөөд одоо зах зээл дээр уг цогцолборт байрлах орон сууцнууд нь 1 м.кв нь 3 000 000 орчим төгрөг, түүнээс ч илүү үнэлэгдэн зарагдаж байгаа. Тиймээс шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 290 502 000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 183/ШШ2017/02416 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт ирүүлээгүй, 480 000 000 орчим төгрөгийн үнэлгээтэй гэдгийг баримтаар нотлоогүй тул шүүх орон сууцны үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй гэсэн нь шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлах, шаарлагатай бол нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах зэрэг холбогдох заалтуудыг хэрэгжүүлж болох байсан боловч тэгээгүй байна. Мөн "Итгэлт Эстимэйт" ХХК-ийн шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, 290 502 000 төгрөгийн үнэлгээтэй гэдгийг хэрхэн тогтоосон, түүнийгээ нотлох баримтыг шүүх хуралдаанд ирүүлээгүй байхад уг үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэт нэг талыг барьж ижил нөхцөл байдалд нэг талд шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчим алдагдсан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн байх тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 183/ШШ2017/02416 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т.Рэнцэнмядаг нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлж, миний өмчийг үнэгүйдүүлсэн, орон сууцны зах зээлийн үнэ 30-40 хувиар өссөн, уг байранд 50 000 000 төгрөгийн засвар хийсэн зэргийг харгалзахгүйгээр дүгнэлт гаргасан гэж тайлбарласан байна.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 102/ШШ2016/02891 дугаар шийдвэрээр Т.Рэнцэнмядагаас 140 111 120 төгрөг гаргуулж Бизнес-Инвест девелопмент ХХК-д  олгож шийдвэрлэсэн ба  уг  шийдвэрийн дагуу 2016  оны 7 дугаар сарын 25-ны өдөр  140 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үүсгэн,  үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Т.Рэнцэнмядагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стапион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6А байрны 95 тоотод байрлах 103,62 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 140/10 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 140/11 дугаар тогтоолоор хураан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 17-27, 38, 43 тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдааны санал болгох үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авч, тэдгээр нь хоорондоо тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу шинжээч томилдог байна.

 

Төлбөр авагч Бизнес-Инвест девелопмент ХХК болон төлбөр төлөгч Т.Рэнцэнмядаг нар нь барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стапион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6А байрны 95 тоотод байрлах 103,62 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргажээ. /хх-ийн 46-47 тал/

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь барьцааны хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Итгэлт-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь уг эд хөрөнгийн үнэлгээгзах зээлийн өртгөөр 290 502 000 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэсэн заалттай нийцсэн байна. /хх-ийн 49-55 тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацаанд гомдлоо гаргасан байх боловч уг үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 183/ШШ2017/02416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Рэнцэнмядагийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО