Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2416

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байр, 95 тоот хаягт байрлах 103,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр  сарын 25-ны өдөр  хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02891 дугаартай шийдвэрээр Төмөрболд овогтой Раас 140 111 120 төгрөг гаргуулж, “Бизнес-Инвест Девелопмент” ББСБ-д олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Т.Р миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр 95 тоот хаягт байрлах 103.6 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч Төмөрболд овогтой Рийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Пүрэврагчаа овогтой Занабазар оролцож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн саналыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч Д.Долгорлхамын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу “Итгэлт Эстимэйт” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Т.Рийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр 95 тоот хаягт байрлах 103.6 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн 290 502 000 төгрөгөөр үнэлгээ тогтоосонтой төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр танилцаж, төлбөр төлөгчид мэдэгдсэн болно. Уг орон сууцыг 2011 онд худалдан авахдаа 1м.кв-ыг 3 200 000 төгрөгөөр тооцож, 331 520 000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд үүнээс хойш орон сууцны зах зээлийн үнэ 30-40 хувиар өссөн, уг орон сууцанд 50 000 000 орчим төгрөгийн нэмэлт засвар хийсэн зэргийг тооцож үзвэл 480 000 000 орчим төгрөгийн үнэлгээтэй байхаар байна. Дээрх үнэлгээнээс харахад 290 502 000 төгрөгийн 70 хувь буюу 203 351 400 төгрөгөөр анхны, 50 хувь буюу 145 251 000 төгрөгөөр 2 дах албадан дуудлага худалдаанд тус тус оруулахаар харагдаж байгаа нь гэрээний үүргийн буюу төлбөрийн дүн болох 140 111 120 төгрөгтэй бараг тэнцэж байна. Эдгээрээс дүгнэхэд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хэт доогуур үнэлэн үнэгүйдүүлсэн, төлбөр авагчид зөрүү төлбөргүйгээр шилжүүлэх хэмжээнд хүрэхээр байгаад гомдолтой байгаа тул Т.Р миний өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Рийн өмчлөлийн орон сууцыг ББСБ-ын барьцаанд тавьж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа юм. Гэтэл орон сууцны үнэлгээг “Итгэлт эстимэйт” ХХК-иар 290 502 000 төгрөгөөр үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Учир нь уг орон сууцыг анх 331 523 000 төгрөгөөр худалдан авсан, үүнээс хойш байрны үнэ 30-40 хувь өссөн байхад худалдан авсан үнээс доогуур үнэлсэн байдаг. Мөн байранд нэмэлт завсар хийсэн бөгөөд уг засварыг 50 000 000 төгрөгөөр хийсэн гэдэг. Тиймээс 480 000 000 төгрөгөөр үнэлэгдэх байхад 290 502 000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэл гаргасан тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Цогжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Рийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02891 дүгээр шийдвэрээр Т.Раас 140 957 525 төгрөг гаргуулж, “Бизнес Инвест Девелопмент” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Т.Рт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэл өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Рийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө 6а байрны 95 тоот 3 өрөө орон сууцыг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 140/10 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 140/11 дүгээртэй эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад дээрх эд хөрөнгүүдийг шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан тул хөндлөнгийн шинжээч томилон “Итгэлт эстимейт” ХХК-иар үнэлүүлэхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө 6а байрны 95 тоот 103,62 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 290 502 000 төгрөгөөр үнэлэгдснийг итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазарт 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорлхам шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид шүүхийн шийдвэрийн дагуу хуульд зааснаар ажиллагаа явуулж байгаа. Төлбөр төлөх талаар Т.Рт удаа дараа мэдэгдсэн боловч мөнгөө төлөөгүй, бид төлбөрөө төлөх юм бол барьцааны зүйлийг заавал худалдан борлуулахгүй. Гэтэл өөрөө удаа дараа мэдэгдэж, хаягаар нь мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй учир барьцааны зүйлийг худалдан борлуулахад хүрсэн. Энэ талаар мэдэгдэж, барьцааны зүйлийн үнийн санал авахаар хандсан боловч ямар нэгэн санал өгөөгүй, 480 000 000 төгрөг болно гэж ч хэлээгүй. Тиймээс бид төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хүсэлтийг гаргалзан хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр 290 502 000 төгрөг гэж гарсан. Энэ үнэлгээг хуульд зааснаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч Т.Р нь өөрөө уг орон сууцны үнийн талаар санал ирүүлээгүй тул бид хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Р нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байр, 95 тоот хаягт байрлах 103,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үнэлгээ хийхдээ орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, худалдан авсан үнэ болон нэмэлт засвар хийсэн үнэлгээг тооцоход 480 000 000 орчим төгрөгийн үнэлгээтэй байхад 290 502 000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй, төлбөр авагчид зөрүү төлбөргүйгээр шилжүүлж, төлбөр төлөгчийн эрх ашгийг хохироох хэмжээнд хүрээд байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, орон сууцны үнэлгээний талаар санал асуусан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

   

 “Бизнес-Инвест девелопмент” ББСБ-ийн нэхэмжлэлтэй Т.Рт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 171 096 600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №102/ШШ2016/02891 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т.Раас 140 111 120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 985 480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.Рийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байр, 95 тоот хаягт байршилтай 103.62 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №1189 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №102/ШШ2016/02891 дүгээр шийдвэрийн удиртгал хэсэг, тогтоох хэсгийн 1,3 дах заалтын “Бизнес-Инвест девелопмент” ББСБ гэснийг “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК гэж, 3 дах заалтын 1 1013 433 гэснийг 1 013 433 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №001/ХТ2016/01154 дүгээр тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1189 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хэргийн 18-25-р хуудас/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №183/ШЗ2016/01610 дугаар “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай” захирамж, 140 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснээр 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17290039 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 17, 26-27-р хуудас/

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан гэдэгтэй маргаагүй болно.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Т.Раас 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд орон сууцыг үнэлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг, төлбөр авагч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдөр шинжээч томилж үнэлгээг яаралтай тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар “Итгэлт эстимейт” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан талуудын хүсэлт, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор тус тус тогтоогдож байна. /хэргийн 46-47, 48-49-р хуудас/

Хэрэгт авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний №142/08 тоот тайланд “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байр, 95 тоот 103,62 м.кв талбайтай, 3 өрөө, Ү-2206034440 тоотод бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 290 502 000 төгрөг” гэж үнэлжээ. /хэргийн 50-55-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж саналт хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж зааснаар “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайланг хариуцагч нь нэхэмжлэгчид 2017 оны 9 дүгээр сарын 13-ны танилцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хэргийн 56-р хуудас/

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж зааснаар  орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, худалдан авсан үнэ болон нэмэлт засвар хийсэн үнэлгээг тооцоход 480 000 000 орчим төгрөгийн үнэлгээтэй байхад 290 502 000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, уг үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргажээ.

Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа нотлосон баримтыг ирүүлээгүй, уг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байр, 95 тоот 103,62 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц нь зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон уг орон сууцанд 50 000 000 орчим төгрөгийн засвар хийсэн, 2011 онд орон сууцыг 1м.кв-ыг 3 200 000 төгрөгөөр буюу нийт 331 520 000 төгрөгөөр худалдаж авсан, 480 000 000 орчим төгрөгийн үнэлгээтэй болно гэдгийг баримтаар нотлоогүй тул шүүх орон сууцны үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

 Иймд нэхэмжлэгч Т.Рийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байр, 95 тоот хаягт байрлах 103,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохооор шийдвэрлэв.

 

Тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн №183/ШЗ2017/11455 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Т.Рийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байр, 95 тоот хаягт байрлах 103,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн №183/ШЗ2017/11455 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХУЛАН