Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01406

 

Н.Отгончимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00895 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Отгончимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Отгончимэг нь Төрийн банкинд 2014 оны 01 сарын 27-ны өдрөөс 2016 оны 11 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд сургалт хариуцсан мэргэжилтэн, хүний нөөцийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, энэ хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Харин сүүлийн 8 улирлын турш ажлын гүйцэтгэлээ 95 хувиар үнэлүүлж, үндсэн цалингийн 15-40 хувиар шагнуулж байсан. Төрийн банкны гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан орон тоог цөөрүүлж, зардал бууруулахын тулд ажилтнуудаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авсан. Шалгалт авах тухай Н.Отгончимэгт урьдчилан мэдэгдээгүй, шалгалт хамрах хүрээ, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэлийг хангуулах нөхцөл боломжоор хангаагүй. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын зорилго нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох байтал хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй байсан. Тийм учраас энэхүү шалгалтыг Төрийн банкны Захиргаа удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтний мэдлэг, ур чадварын түвшинг тогтоосон шалгалт гэж үзэхгүй байна. Шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисст удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Шалгалтын үнэлгээ болон комиссын дүгнэлтийг танилцуулаагүй атлаа 2016 оны 11 сарын 21-ний өдөр Н.Отгончимэгийн ажлыг хүлээн авсан. Н.Отгончимэгийг ажлаас халсан, чөлөөлсөн тухай ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүйгээр ажлыг хүлээн авсан ба үүнээс хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй.

Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 1.2-д зааснаар түвшин тогтоох ажиллагаа нь харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээнээс бүрдэхээр зохицуулжээ. Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.3.1-д Комисс нь ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар харьяалах газар, хэлтсийн захирлаар ажилтан тус бүрийн үнэлгээг гаргуулан авна гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг ноцтой зөрчсөн байна.

Улсын дээд шүүхийн тайлбарт энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласан. Нэхэмжлэгч Н.Отгончимэг ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг хүний нөөцийн хэлтсийн захирал Л.Болормаа, хүний нөөцийн газрын захирал Ц.Нацагдолгор нар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам батлагдахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үнэлсэн байна.

Н.Отгончимэгийн ажлын байрны тодорхойлолтод ажилтанд тавигдах мэргэжил, туршлагын 4, ур чадварын 6, нийт 10 төрлийн шаардлага тавигдсан байх ба харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудсаар өгсөн үнэлгээ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах 10 төрлийн шаардлагад огт хамааралгүй байна. Үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг хариуцагч нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй учраас Л.Болормаа, Ц.Нацагдолгор нарын өгсөн үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс зөвхөн сорилгын шалгалт авч, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт шалгалт аваагүй. Зөвхөн сорилгын шалгалтын дүнг үндэслэн мэргэжил, ур чадварын үнэлгээ өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар сорилго нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Н.Отгончимэгээс авсан 30 асуулт бүхий сорилгоос зөвхөн 2, 5, 6, 8, 10, 12, 13 дугаар асуултууд нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан, бусад нь огт хамааралгүй байсан байна.

Н.Отгончимэгийн оролцоо чанарын үнэлгээг Төрийн банкны гүйцэтгэх захирлын тушаалын хавсралтаар батлагдсан комиссын бүрэлдэхүүнд ороогүй этгээд өгсөн байна. Ярилцлагын үнэлгээний хуудсанд үнэлгээ өгсөн этгээд тодорхойгүй, үнэлгээ өгсөн он, сар, өдөр тавиагүй, асуусан асуулт нь ойлгомжгүй, асуултанд ажилтан яаж хариулсан тухай тайлбар хэсэгт огт тэмдэглэгээ хийгдээгүй байх тул Н.Отгончимэг 5 асуулт авсан 10,2 оноо, 5 асуулт асууж 9 оноо авсан гэх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шалгалтын комиссын дүгнэлтэд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг ямар, ямар нотлох баримтанд тулгуурлан ямар аргаар яаж тогтоосон, яагаад ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзсэн тухай огт дурдаагүй, энэ тухай ямар нэгэн үг, үсэг ороогүй учраас албан ёсны дүгнэлт, шийдвэр гэж үзэхгүй байна. Шалгалтын комиссын дүгнэлтэд комиссын дарга болон комиссын нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурсан нь Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 2.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Иймд Н.Отгончимэгийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Төрийн банк ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банк ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар Төрийн банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулахаар тушаал шийдвэрлэж, банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн, хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг тус тус баталсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь түвшин тогтоох ажиллагаа явуулах хугацаа, холбогдох мэдээлэл болон журмыг нийт ажиллагаанд хамрагдах ажилтнуудад урьдчилан хүргүүлж, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг зохион байгуулж ажилласан.

Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын дагуу ажилтнуудын мэргэжил ур чадварыг харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг ур чадвар /сорилго даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ, оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 шалгуурын нийлбэр дүнгээр үнэлгээг гаргахаар заасан. Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гэдэг нь тухайн ажилтны харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг авах ба уг үнэлгээнд ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвхи санаачлага, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, зохион байгуулах тусгай чадвар, дүн шинжилгээ хийх тусгай чадвар зэргийг 1-5 онооны байдлаар дүгнэж нийт 30 хувь, Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ын үнэлгээ гэдэгт шалгалтын комисс нь мэдлэг, ур чадварыг хөндлөнгийн шинжээчдийн бэлтгэсэн сорилын болон үзүүлэх сургууль, даалгаврын гүйцэтгэл шалгах болон ажлын байран дээрх үзлэг хийх байдлаар тухайн ажилтны мэргэжлийн онцлог, ажлын байрны онцлогийг тусгасан байдлаар үнэлж нийт 30 хувь, оролцоо, чанарын үнэлгээ нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, банкны зорилго, зорилт зэрэг хүрээг багтаасан ярилцлага, даалгавар, агуулга бүхий ярилцлага хийх, энэ нь 40 хувь хүртэлх оноогоор үнэлэгдэхээр тус тус зохицуулагдсан.

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэрээр комиссын хуралдааны дэг, ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журмыг баталсан. Мөн комиссын 2016 оны 11 сарын 05-ны өдрийн хуралдаанаар ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээний тов болон тухайн арга хэмжээнд ажилтны мэдвэл зохих зүйл, хүрээ нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамрагдахыг зааж, харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг хийх хүснэгтийн маягт, заавар, аргачлалыг баталж, ажилтнуудад мэдээлж ажилласан. Комиссын шийдвэрийн дагуу Н.Отгончимэг харьяалах газрын захирлын үнэлгээ 2016 оны 11 сарын 05-07-ны өдөр хийгдэж комисст хүргүүлсэн байна.

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Төрийн банкны Гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийг баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалтад Н.Отгончимэг багтсан. Дээрх арга хэмжээнд хамрагдах ажилтнуудад энэ тухай урьдчилан мэдэгдэж харьяалах газар хэлтсийн захирлаар дамжуулан гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэхэмжлэгч Н.Отгончимэгт мөн энэ байдлаар мэдэгдэж гарын үсэг зурсан байна. Мөн мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээ нь урьдчилан гаргаж мэдэгдсэн товын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүний нөөцийн газрын захиргаа хүний нөөцийн хэлтсийн ажилтнууд хамрагдсан. Н.Отгончимэгийн ажлын байрны тодорхойлолтод үйл ажиллагаанд мөрдөж ажиллах эрх зүйн актуудыг тодорхой заасан бөгөөд банкинд мөрдөгдөж буй хууль тогтоомж, холбогдох журам зааврын хүрээнд ажилтан мэдвэл зохих энгийн асуултуудаар сорилгын даалгавар боловсруулагдсан байдаг. Мөн түвшин тогтоох ажиллагааны гол зорилго нь дан ганц мэдлэгийн үзүүлэлтээр сорилго авч дүгнэх бус тухайн ажилтныг олон талаас нь бодитойгоор дүгнэх үүднээс 3 үе шаттайгаар зохион байгуулсан.

Нэхэмжлэгч Н.Отгончимэг нь харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ 18.33, мэдлэг ур чадвар сорилго 14.00, Оролцоо, чанарын үнэлгээ 9.6 нийт 41.93 хувиар шалгагдаж Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3.4.2-т зааснаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар шийдвэр, 1001100004 дугаар дүгнэлт гарч, Удирдлагын хороо, Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцэгдэж 74/01, 74/02 тоот шийдвэрүүд гарсан. Дээрх шийдвэрүүд, дүгнэлтийг үндэслэн тус банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1752 дугаар тушаал гарч Н.Отгончимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Н.Отгончимэг өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тухай комисст хандан өргөдөл гаргасны дагуу комисс хүлээн авч, журмын дагуу үнэлгээ хийгдсэн эсэхийг шалган 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 13 дугаартай хариу мэдэгдэх албан бичгийг өгсөн. Н.Отгончимэгт 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгон 1 сарын дараа ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдэж, банкны үйл ажиллагааны онцлог, аюулгүй байдлыг хангах бодитой хэрэгцээ шаардлагын улмаас ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр хүлээлцсэн. Ажил хүлээлцэх актад Н.Отгончимэг гарын үсэг зурж, ажлаа хүлээлцсэн байдаг. Гэсэн ч цагийн бүртгэл хийхгүйгээр тушаал гарах хүртэл хугацаанд ажилтанд урьд авч байсан цалин хөлсийг олгосон. Өөрөөр хэлбэл ажил үүрэг гүйцэтгүүлээгүй боловч түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү гэжээ.

 

Шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай Төрийн банк ХХК-д холбогдуулж гаргасан Н.Отгончимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т "ажилтан мэргэжил ур, чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур, чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно" гэж тайлбарласан. Н.Отгончимэг нь мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтаар 41.93 хувийн үнэлгээ авсан тул Төрийн банкны ажилтны мэргэжил ур, чадварын түвшин тогтоох комиссын 1001100004 дугаартай дүгнэлт гарч Н.Отгончимэгийг мэргэжил ур, чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж дүгнэсэн. ...Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1-р хавсралтаар батлагдсан Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журмын 1.2-д зааснаар түвшин тогтоох ажиллагаа нь харьяалах газар хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м/-ын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээнээс бүрдэхээр зохицуулсан байдаг.

Харьяалах газар хэлтсийн захирлын үнэлгээний тухайд: Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3.3.1-д заасны дагуу ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар дүгнэлтийг харьяалах газар, хэлтсийн захирлаар гаргуулж авах ёстой ба үнэлгээгээр ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хангаж байна уу, үгүй юу гэдгийг тогтоож энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтныг ажлаас халахад баримтлах гол шалгуур үзүүлэлт байх ёстой. Гэтэл үүнийг бодитой тогтоож чадаагүй хүний нөөцийн газрын захирал Ц.Нацагдолгор, хэлтсийн захирал Л.Болормаа гэх хүмүүсийн үнэлгээний хуудас нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгөгдсөн үнэлгээ байдаг ба журам батлагдахаас 2 хоногийн өмнө өгөгдсөн үнэлгээ байдаг. Гэтэл журам нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2 тоот шийдвэр гарч газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудасны загвар батлагдсан байдаг. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "Ажилтныг харьяалах газар, хэлтсийн даргын үнэлгээ ...батлагдсан загвар дээр хийгдсэн ба загвар дээрх 2016.11.01 гэснийг засварлалгүй гаргаснаас үнэлгээ 2016.11.03-ны өдөр батлагдсан журмын өмнө хийгдсэн мэт харагдаж байна гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжтой, нөгөө талаар энэ нь ажилтны урьдын ажил байдлыг үнэлж буй тул нэхэмжлэгчийн энэ талаарх үндэслэл ач холбогдолтой үндэслэл биш байна гэж дүгнэсэн нь зөвхөн хариуцагч талын тайлбарыг үндэслэж, тайлбар үнэн зөв эсэхийг тогтоогоогүй хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Мөн Ц.Нацагдолгор, Л.Болормаа нарын өгсөн үнэлгээний хуудсан дээр хавсралтаар өгөгдсөн материал, ажилтны хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг суурь мэдээлэл болгож ашигласан гэсэн байдаг. Тэгвэл Ц.Нацагдолгор, Л.Болормаа нарын үнэлгээ нь дээрх 3 төрлийн материалыг дүгнэсэн эсэх нь ойлгомжгүй, хэргийн материалд эдгээр 3 төрлийн баримтыг үндэслэж үнэлгээ тавьсан эсэх талаар нотлох баримт байдгүй, үнэлгээ нь үндэслэлтэй, бодитой болоогүй байдаг.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...Газар, хэлтсийн захирал үнэлгээ хийхдээ хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэргийг ашигласан болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариуцагчийн зөрчлийн акт, хүүхэд асрах чөлөө авч байсан баримт зэргээс тогтоогдож байна гэжээ. Хэдийгээр хэргийн материалд зөрчлийн акт, хүүхэд асрах чөлөө авч байсан баримт байдаг хэдий ч энэхүү баримтуудыг газар, хэлтсийн захирлууд үнэлгээ тавихад хэрхэн яаж ашигласан, уг баримтуудыг ашигласан уу, үгүй юу гэдэг тодорхойгүй.

Оролцоо, чанарын үнэлгээний тухайд: Төрийн банкны ажилтны мэргэжил ур, чадварын түвшин тогтоох журмын 3.3.3-д комиссын дарга томилсон төлөөлөл оролцоо, чанарын үнэлгээг гүйцэтгэхээр байна. Хэрэгт оролцоо чанарын үнэлгээг гүйцэтгэхтэй холбоотой 2 хуудас нотлох баримт авагдсан бөгөөд үнэлгээ өгсөн этгээдийн нэр, ажил албан тушаалын тайлал байхгүй. Хэний гарын үсэг гэдгийг болон гарын үсэг зурсан этгээд нь гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан комиссын бүрэлдэхүүнд орсон этгээд мөн гэдгийг нотолж чадаагүй. Ажилтан нийт 40 оноо авах ёстой байсан. Асуулт тус бүрт өгөх үнэлгээнүүд гэдэг дээр 0-4 оноо гэж заасан бөгеөд ажилтан асуулт тус бүрт маш сайн буюу 4 оноо авч байж 40 оноо авах ёстой. Энэ нь ярилцлагын хуудсан дээр асуулт гээд нийт 1-10 гэж дугаарлагдсан, доор нь нийт авах ёстой үнэлгээ, мөн 1 асуултанд өгөх үнэлгээний задаргаагаар нотлогдож байна. Хэрэгт байгаа баримтаар эхний этгээд 5 асуулт, 2 дахь этгээд 5 асуулт асуусан бөгөөд тус 5, 5 асуултанд хэрхэн хариулсан талаар баримт байхгүй. Асуулт асуусан эсэх нь тодорхойгүй шалгалтын үнэлгээг үндэслэж мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үнэлэх нь өөрөө үндэслэлгүй юм.

Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалын комиссын дүгнэлтийг хууль бус, үндэслэлгүй гарсан тухайд: Ажлаас халсан тушаалын үндэслэл болсон "Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтийн үндэслэл болсон харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ зэрэг нь ажилтны ажил үүрэгт хамааралгүй. Үнэлэх шалгуур үзүүлэлт нь тодорхойгүй, журмаас гадуур хийгдсэн, үнэлгээний анхан шатны баримтгүй болох тухай дээрх үндэслэлүүдээр нотлогдож байгаа. Үндэслэлгүй, анхан шатны нотлох баримтгүй, ажилтны ажил үүрэгт хамааралгүй, холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж хийгдсэн үнэлгээг үндэслэл болгон гарсан Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтийг үнэн зөв үндэслэлтэй бодитой гарсан гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн комиссын дүгнэлтэд комиссын дарга болон комиссын нарын бичгийн дарга нар гарын үсэг зурсан нь Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 2.4-д заасныг ноцтой зөрчсөн. Дээрх зөрчлүүдээс үзэхэд "Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалын комиссын дүгнэлт" нь хууль ёсны үнэдэслэлтэй гарсан дүгнэлт гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шийдвэр нь хуулийн дагуу, үнэн зөв үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Хариуцагч Төрийн ХХК-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1752 тоот тушаалаар нэхэмжлэгч Н.Отгончимэгийг тус банкны Захиргаа, Удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, банкны дүрмийн 9.2.13, 9.2.20, Хөдөлмөрийн дотоод журмын 11.4, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 74 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Отгончимэг нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, Төрийн банк ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Төрийн банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Отгончимэгийг мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэдэг нь тогтоогдсон, ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам болон Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн, Хөндлөнгийн шинжээчдийн багийн бүрэлдэхүүн-ийг, мөн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/358 тоот тушаалаар Түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалт-ыг тус тус баталж, уг журмын 1.2-т зааснаар түвшин тогтоох ажиллагаа нь 1-д харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, 2-т мэдлэг, ур чадварын үнэлгээ, 3-т оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээнээс бүрдэхээр /хх-43/ заасан ба нэхэмжлэгч Н.Отгончимэг нь уг нэрсийн жагсаалтанд багтаж, шалгалтад хамрагдаж, 41,93 оноогоор мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж дүгнэгджээ.

 

Дээрх байдлаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасанчлан хариуцагч байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт гарсан гэж хэлбэрийн хувьд үзэхээр боловч нэхэмжлэгч Н.Отгончимэгийн хувьд Түвшин тогтоох арга хэмжээний 1 болон 2 дахь үнэлгээнүүд агуулгын хувьд бодитой дүгнэгдсэн гэж үзэхэд учир дутагдалтай байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын А/352 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүнд багтсан Хүний нөөцийн газрын захирал Ц.Нацагдолгор, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал Л.Болормаа /хх-42/ нар нь өөрсдийн харьяалах ажилтанд буюу нэхэмжлэгч Н.Отгончимэгт түвшин тогтоох ажиллагааны 1.2.1-д заасан газрын болон хэлтсийн захирлын үнэлгээг өгчээ. /хх-85, 86/

 

Гэтэл хариуцагч байгууллагын Түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүнд хүний нөөцийн газрын захирал Ц.Нацагдолгор, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал Л.Болормаа нарыг түвшин тогтоох ажиллагааны 1.2.3-т заасан оролцоо чанарын үнэлгээг гүйцэтгэх комиссын төлөөллөөр сонгож /хх-130/, улмаар өөрсдийн харьяалах ажилтан Н.Отгончимэгт оролцоо, чанарын үнэлгээг /ярилцлагын оноог/ дахин хийсэн нь уг комиссын дүгнэлтийг бодитой болсон гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-100, 101/

 

Учир нь ажилтан Н.Отгончимэгийн хувьд шууд болон ерөнхий харьяалагдах газар хэлтсийн захирлууд нь ажил олгогчийн төлөөлөгч бөгөөд ажилтны талаарх үнэлгээ дүгнэлтийг гаргахад тэдгээрийн тодорхойлолтыг харгалзаж болох боловч ийнхүү ажил байдлынх нь талаар урд нь үнэлгээ өгсөн захирлуудаар ажилтан цаашид хэрхэн ажиллах, ямар арга хэмжээ авах болон ажлын гүйцэтгэлийн талаар өөрийн үнэлгээ гэх зэрэг өмнөх тодорхойлолтоос төдийлөн ялгаагүй сэдвээр хийсэн ярилцлага бүхий үнэлгээг хийлгэсэн үндэслэл тодорхой бус байх ба ажил олгогчийн төлөөлөгч 2 удаа оролцож хийгдсэн түвшин тогтоох ажиллагааг хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын харилцан эрх тэгш байдлыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн хариуцагч Төрийн банк ХХК-иас нэхэмжлэгч Н.Отгончимэгийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх дүгнэлтийг хийсэн боловч ямар баримтад тулгуурлаж, уг үнэлгээг гаргасан нь тодорхой бус байна.

Иймд нэхэмжлэгч Н.Отгончимэгийг ажлаас чөлөөлсөн тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1752 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т нийцсэн, үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Н.Отгончимэгийг ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэнээр сүүлийн 3 сарын цалингийн дундаж болох 1 032 195 төгрөгөөр тооцон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл ажилгүй байсан 6 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 193 188 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу суутгаж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай тус тус нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-Т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00895 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Отгончимэгийг Төрийн банк ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 193 188 төгрөгийг хариуцагч Төрийн банк ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Н.Отгончимэгт олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ