Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2017/00895

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2017/00895

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Нэхэмжлэгч: Н.О

Хариуцагч: ТБ ХХК

 

ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Н.О нь ТБд 2014 оны 01 сарын 27-ны өдрөөс 2016 оны 11 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд сургалт хариуцсан мэргэжилтэн, хүний нөөцийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Энэ хугацаанд хүний нөөцтэй холбоотой дүрэм, журам зааврыг боловсруулах, батлуулах, хүний нөөцийн бодлогыг оновчтой тодорхойлоход шаардагдах судалгаа шинжилгээг хийх, хүний нөөцийн хорооны даргын үүргийг гүйцэтгэх ажилд өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвар, бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн. ТБд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, ТБны Хөдөлмөрийн дотоод журам, ТБтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Хариуцаж байсан ажил, албан тушаалаа мэдлэг, ур чадварын хувьд өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан учраас сүүлийн 8 улирлын турш ажлын гүйцэтгэлээ 95 хувиар үнэлүүлж, үндсэн цалингийн 15-40 хувиар шагнуулж байсан. ТБны гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан орон тоог цөөрүүлж, зардал бууруулах-ын тулд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ажилтнуудаас Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авсан. Гэвч шалгалт авах тухай Н.Оурьдчилан мэдэгдээгүй, шалгалт хамрах хүрээ, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэлийг хангуулах нөхцөл боломжоор хангаагүй болно. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт-ын зорилго нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох байтал хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй асуудлаар шалгалт авсан. Ажилтан Н.О-ээс авсан шалгалт нь ТБны Захиргаа удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтний Хөдөлмөрийн дотоод журам, ТБтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй байсан. Тийм учраас энэхүү шалгалтыг ТБны Захиргаа удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтний мэдлэг, ур чадварын түвшинг тогтоосон шалгалт гэж үзэхгүй байна.

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт-ын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисст удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээ болон Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийг танилцуулаагүй атлаа 2016 оны 11 сарын 21-ний өдөр Н.О-н ажлыг хүлээн авсан. Н.О-г ажлаас халсан, чөлөөлсөн тухай ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүйгээр ажлыг хүлээн авсан ба үүнээс хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй болно.

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт-ын хамрах хүрээ тодорхойгүй, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлт байхгүй, ажилтан миний хийж гүйцэтгэсэн, одоо хийж гүйцэтгэж байгаа болон цаашид хийж гүйцэтгэх үйл ажиллагааг огт шалгаагүй авлаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна.

ТБны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ын 1.2-д зааснаар түвшин тогтоох ажиллагаа нь харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээнээс бүрдэхээр зохицуулжээ. Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ын 3 дугаар зүйлийн 3.3.1-д Комисс нь ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар харъяалах газар, хэлтсийн захирлаар ажилтан тус бүрийн үнэлгээг гаргуулан авна гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг ноцтой зөрчсөн байна.

Гэтэл Улсын дээд шүүхийн тайлбарт энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Н.О ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг Хүний нөөцийн хэлтсийн захирал Л.Б, хүний нөөцийн газрын захирал Ц.Н нар ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам батлагдахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үнэлсэн байна. Н.О-ийн ажлын байрны тодорхойлолтод ажилтанд тавигдах мэргэжил, туршлагын 4 төрлийн шаардлага, ур чадварын 6 төрлийн шаардлага, нийт 10 төрлийн шаардлага тавигдсан байх ба үүнээс дүгнэж үзэхэд Харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудас-аар өгсөн үнэлгээ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах 10 төрлийн шаардлагад огт хамааралгүй байна. Үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг хариуцагч нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй. Тийм учраас Хүний нөөцийн хэлтсийн захирал Л.Б, хүний нөөцийн газрын захирал Ц.Н нарын өгсөн үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс зөвхөн сорилгын шалгалт авсан. Даалгаварын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт шалгалт аваагүй. Зөвхөн сорилгын шалгалтын дүнг үндэслэн мэргэжил, ур чадварын үнэлгээ өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар сорилго нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байх ёстой. Гэтэл нэхэмжпэгч Н.О-ээс авсан 30 асуулт бүхий сорилгоос зөвхөн 2, 5, 6, 8, 10, 12, 13 дугаар асуултууд нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан, бусад нь Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байрны гүйцэтгэх ажил, үүрэгтэй огт хамааралгүй байсан байна.

ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журамд Комиссын даргын томилсон комиссын төлөөлөл оролцоо, чанарын үнэлгээ гүйцэтгэнэ гэж заасан боловч Н.О-ийн оролцоо чанарын үнэлгээг Төрийн банкны гүйцэтгэх захирлын тушаалын хавсралтаар батлагдсан комиссын бүрэлдэхүүнд ороогүй этгээд өгсөн байна. Ярилцлагын үнэлгээний хуудсанд үнэлгээ өгсөн этгээд тодорхойгүй, үнэлгээ өгсөн он, сар, өдөр тавиагүй, асуусан асуулт нь ойлгомжгүй, асуултанд ажилтан яаж хариулсан туахй тайлбар хэсэгт огт тэмдэглэгээ хийгдээгүй байх тул Н.О 5 асуулт авсан 10,2 оноо, 5 асуулт асууж 9 оноо авсан гэх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ажил олгогч ТБ ажилтан Н.О-ийг Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комисс-ын дүгнэлтээр Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан.

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлт-д ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг ямар ямар нотлох баримтанд тулгуурлан ямар аргаар яаж тогтоосон, яагаад ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзсэн тухай огт дурдаагүй, энэ тухай ямар нэгэн үг, үсэг ороогүй учраас энэхүү дүгнэлт гэх баримтыг ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоосон албан ёсны дүгнэлт, шийдвэр гэж үзэхгүй байна.

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлт-д комиссын дарга болон комиссын нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурсан нь ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ын 2.4-д Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдаан нь гишүүдийн олонх оролцсоноор хүчинтэй болно гэснийг ноцтой зөрчсөнийг анхаарах шаардлагатай байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг бүхэлд нь хянан үзэж Н.О-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ТБ ХХК-д даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТБ ХХК нь 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж бөгөөд хувьцаа эзэмшигч нь Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпораци ТӨХХК байдаг. ТБ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар ТБны төв банкны ажилтнуудын Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулахаар тушаал шийдвэрлэж, уг тушаалын 1 дүгээр хавсралтаар ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, 2 дугаар хавсралтаар ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн-ийг, 3 дугаар хавсралтаар Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүн-ийг тус тус баталсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа явуулах хугацаа, холбогдох мэдээлэл болон журмыг нийт ажиллагаанд хамрагдах ажилтнуудад урьдчилан хүргүүлж, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг зохион байгуулж ажилласан.

Гүйцэтгэх захирлын баталсан ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ын дагуу ажилтнуудын мэргэжил ур чадварыг 3 шалгуураар шалгахаар тогтоосон бөгөөд үүнд:

А. Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ

Б. Мэдлэг ур чадвар /сорилго даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ

В. Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 шалгуурын нийлбэр дүнгээр үнэлгээг гаргахаар заасан.

Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гэдэг нь тухайн ажилтны харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг авах ба уг үнэлгээнд ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвх санаачлага, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, зохион байгуулах тусгай чадвар, дүн шинжилгээ хийх тусгай чадвар зэргийг 1-5 онооны байдлаар дүгнэж, нийт 30 хувь, Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ын үнэлгээ гэдэгт шалгалтын комисс нь мэдлэг, ур чадварыг хөндлөнгийн шинжээчдийн бэлтгэсэн сорилын болон үзүүлэх сургууль, даалгаврын гүйцэтгэл шалгах болон ажлын байран дээрх үзлэг хийх байдлаар тухайн ажилтны мэргэжлийн онцлог, ажлын байрны онцлогийг тусгасан байдлаар үнэлж, нийт 30 хувь, Оролцоо, чанарын үнэлгээ нь тухайн ажилтны Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, банкны зорилго, зорилт зэрэг хүрээг багтаасан ярилцлага, даалгавар, агуулга бүхий ярилцлага хийх, энэ нь 40 хувь хүртэлх оноогоор үнэлэгдэхээр тус тус зохицуулагдсан.

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэрээр ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг, ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны Мэдлэг, ур чадварын болон Оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам-ыг хавсралтаар баталсан. Мөн комиссын 2016 оны 11 сарын 05-ны өдрийн хуралдаанаар ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээний тов болон тухайн арга хэмжээнд ажилтны мэдвэл зохих зүйл хүрээ нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамрагдахыг зааж, харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг хийх хүснэгтийн маягт, заавар, аргачлалыг баталж, ажилтнуудад мэдээлж ажилласан. Комиссын шийдвэрийн дагуу Н.О харьяалах газрын захирлын үнэлгээ 2016 оны 11 сарын 05-07-ны өдөр хийгдэж комисст хүргүүлсэн байна.

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ТБны Гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийг хавсралтаар баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалтад Н.О багтсан. Мөн банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийг Гүйцэтгэх захирал баталж хавсралтаар Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамаарагдах газар, хэлтэс, явуулах цаг хугацаа, танхимын хуваарийг баталсан. Мөн дээрх арга хэмжээнд хамрагдах ажилтнуудад энэ тухай урьдчилан мэдэгдэж харьяалах газар хэлтсийн захирлаар дамжуулан гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэхэмжлэгч Н.О мөн энэ байдлаар мэдэгдэж гарын үсэг зурсан байна.

Мөн Мэдлэг, ур чадварын болон Оролцоо, чанарын арга хэмжээ нь урьдчилан гаргаж мэдэгдсэн товын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хүний нөөцийн газрын захиргаа хүний нөөцийн хэлтсийн ажилтнууд хамрагдсан.

Н.О-ийн ажлын байрны тодорхойлолтод үйл ажиллагаанд мөрдөж ажиллах эрх зүйн актуудыг тодорхой заасан бөгөөд банкинд мөрдөгдөж буй хууль тогтоомж, холбогдох журам зааврын хүрээнд ажилтан мэдвэл зохих энгийн асуултуудаар сорилгын даалгавар боловсруулагдсан байдаг.

Мөн түвшин тогтоох ажиллагааны гол зорилго нь дан ганц мэдлэгийн үзүүлэлтээр сорилго авч дүгнэх бус тухайн ажилтныг олон талаас нь бодитойгоор дүгнэх үүднээс 3 үе шаттайгаар зохион байгуулсан болно.

Нэхэмжлэгч Н.О нь Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ 18.33, Мэдлэг ур чадвар сорилго 14.00, Оролцоо, чанарын үнэлгээ 9.6 нийт 41.93 хувиар шалгагдаж ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ын 3.4.2-т зааснаар ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс-ын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар шийдвэр, 1001100004 дугаар дүгнэлт гарч, Удирдлагын хороо, Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцэгдэж 74/01, 74/02 тоот шийдвэрүүд гарсан. Дээрх шийдвэрүүд, дүгнэлтийг үндэслэн тус банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1752 дугаар тушаал гарч Н.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж шийдвэрлэсэн.

Н.О өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тухай комисст хандан өргөдөл гаргасан байдаг. Энэ өргөдлийг комисс хүлээн авч, журмын дагуу үнэлгээ хийгдсэн эсэхийг шалган 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 13 дугаартай хариу мэдэгдэх албан бичгийг өгсөн болно.

Н.О-т 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгон 1 сарын дараа ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдэж, банкны үйл ажиллагааны онцлог, аюулгүй байдлыг хангах бодитой хэрэгцээ шаардлагын улмаас ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр хүлээлцсэн. Ажил хүлээлцэх актад Н.О гарын үсэг зурж, ажлаа хүлээлцсэн байдаг. Гэсэн ч цагийн бүртгэл хийхгүйгээр тушаал гарах хүртэл хугацаанд ажилтанд урьд авч байсан цалин хөлсийг олгосон. Өөрөөр хэлбэл ажил үүрэг гүйцэтгүүлээгүй боловч түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй юм.

Иймд Н.О-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаал, ажил хүлээлцсэн акт, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны журам, удирдамж, ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам, түүнд харгалзах үзүүлэлтүүд, түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалт, ажилтнуудыг үнэлэх үнэлгээний загвар хуудас, түвшин тогтоосон ажиллагааны үндсэн материал, комиссын шийдвэр, комиссын дүгнэлт, хүний нөөцийн хорооны хурлын шийдвэр зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Н.О нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           

Н.О нь ТБ ХХК-д Захиргаа, удирдлагын газрын хүний нөөцийн хэлтэст зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1752 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан буюу мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

 

ТБ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар ТБны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг 2016 оны 11 сарын 10-наас 15-ны өдрийн хугацаанд явуулахаар шийдвэрлэж, комиссыг байгуулж, ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ыг баталжээ. Уг журмаар ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд гэрээний үндсэн дээр ажиллах шинжээчийн багийн гишүүдийг оролцуулан, комиссын гишүүд зохион байгуулахаар заасан байна.

ТБ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалттай Н.О танилцаж гарын үсэг зурсан байна.

Журмын дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ, Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээний үнэлгээгээр дүгнэх, нийт 60-аас дээш оноо авсан бол Тэнцсэн, 60 хүртэлх оноо авсан бол Тэнцээгүй гэсэн дүгнэлтийг ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гаргах, Тэнцсэн дүгнэлт гарсан ажилтныг цалингийн шатлалыг ахиулан тогтоох, сургалтанд хамруулах, шилжүүлэн ажиллуулах , Тэнцээгүй гэсэн дүгнэлт гарсан ажилтны Хөдөлмөрийн гэрээ цуцлах зэрэг үр дүн үзүүлэх байдлаар зохицуулжээ.

Журмын 3.3.2-т комисс мэдлэг ур чадварын үнэлгээг шинжээчийн багийн оролцоотой зохион байгуулна, 3.3.3-т комиссын даргын томилсон комиссын төлөөлөгч оролцоо, чанарын үнэлгээг гүйцэтгэнэ, 3.4.4-т комиссын дүгнэлт нь ажилтны цалин хөлсийг оновчтой тогтоох, сургалтанд хамруулах /мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх/, ажлын байранд шилжүүлэн ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах зэрэг цаашид авах арга хэмжээний үндэслэл болно гэж заажээ.

 

Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын даргаас банкны газар, хэлтсийн захирлуудад шалгалтанд хамрагдах ажилтнуудын нэрсийг нэг бүрчлэн танилцах боломжоор хангах, түвшин тогтоох ажиллагаа ажлын байрны тодорхойлолтонд заасан үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актын хүрээнд явагдахыг тайлбарлах үүрэг өгөгдөж байсан нь албан бичгээс харагдаж байна.

Ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвх санаачлага, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, тусгай чадвар зэрэг үзүүлэлтүүдээр нэхэмжлэгчийг харъяалах хэлтсийн дарга нь 25 оноо, газрын дарга нь 30 оноо өгч дүгнэн, нийт 30 оноо авахаас 18.33 оноо авсан байх бөгөөд энэ үнэлгээг гаргахад ажилтны хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг суурь мэдээлэл болгохыг зөвлөмжилсөн байдал үнэлгээний хуудсанд тэмдэглэснээс харагдаж байна.

Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин болон оролцоо, чанарыг хэрхэн яаж үнэлэх тухай тусгай журмыг Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа баталсан байна. Энэ журмын 4.1-4.3-т зааснаар ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг ажлын байрны онцлог, ажилтны харъяалагдах нэгжийн онцлогийг харгалзан шинжээчийн багийн гишүүний урьдчилан боловсруулсан сорилгын хэлбэрээр авч дүгнэжээ. Сорилго 30 асуулттай, хариултыг өгөгдсөн хувилбаруудаас сонгох байдлаар хийгдсэн байна.

Нэхэмжлэгчийн ажлын байрны зорилго нь хэлтсийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн ажлууд, хүний нөөцтэй холбоотой дүрэм, журам, зааврыг боловсруулах, батлуулах, хүний нөөцийн бодлогыг оновчтой тодорхойлоход шаардагдах судалгаа шинжилгээг хийх, хүний нөөцийн хорооны нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэх асуудал байна. Сорилго нь хүний нөөцийн сан бүрдүүлэх, хүний нөөц бүрдүүлэх судалгааны арга, хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөө, хүний нөөцийн бодлогын бичиг баримт, байгууллагын хэрэгцээ, ажлын байрны зар, шинжилгээ, сонгон шалгаруулалт, ажлын байрны эмх цэгц, хувийн зохион байгуулалтыг сайжруулах, ажилтнаа хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн хийх, сургах хөтөлбөрт үнэлгээ хийх, хөдөлмөрийн сахилгын зөрчил зэрэг асуудлыг хамарсан байх бөгөөд ажилтны ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх ажлын чиг үүргээс гадуур зүйл биш байна. Энэ шалгуураар 30 оноо авах ёстойгоос нэхэмжлэгч 14 оноо авсан байна. Үнэлгээг тэр дор нь танилцуулж, нэхэмжлэгч баримт дээр гарын үсэг зурсан байна.

Түвшин тогтоох комиссын дарга нэхэмжлэгчийн оролцоо, чанарын арга хэмжээг явуулах бүрэлдэхүүнд Ц.Н, Л.Б нарыг томилсон хуваарийг хариуцагч шүүхэд ирүүлсэн байх ба энэ арга хэмжээг явуулахдаа ажилтны ажлын байрны тодорхойлолтонд заасан зорилго, зорилт, чиг үүрэг, тавигдах шаардлага, ур чадвар зэрэг хүрээг багтаасан үнэлж дүгнэхүйц арга, хэлбэрээр явуулна, ингэхдээ ажлын байр, харъяалагдах нэгжийн онцлогийг харгалзах, ярилцлага, бодлого, даалгаврын байдлаар явуулахаар журмын 6 дугаар зүйлд заажээ. Энд 2 гишүүн тав таван асуултаар, тухайлбал, ажлын байрны тодорхойлолтод эзэмшсэн мэргэжил хэр нийцэж байгаа, ажлын гүйцэтгэлийн талаарх өөрийн үнэлгээ, алдаа гарган удаа дараа сануулга авсанд хэрхэн дүгнэлт хийж байгаа, удирдах удирдуулах ёсны талаарх Ёс зүйн дүрмийн заалт, ёс зүйн дилемма гэж юу болох, банкны стратеги зорилт, түүний хэрэгжилт, одоогийн ажлын байран дээр сайжруулах ямар арга хэмжээ авч болох, анхан шатны нэгжтэйгээ яаж ажиллах, ажлыг яаж сайжруулах гэсэн асуултуудаар нэхэмжлэгчтэй ярилцлага хийж үнэлэхэд нэхэмжлэгч 40 оноо авах ёстойгоос 9.60 оноо авсан байна. Ажилтны оролцоо, чанарын үнэлгээг ажлын байрны тодорхойлолттой нь уялдуулан дээрх үзүүлэлтүүдээр үнэлснийг буруутгах боломжгүй, үзүүлэлтүүд нь ажилтны ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүрэг, тавигдах шалгууртай холбоотой үзүүлэлтүүд байна. Нэхэмжлэгч нийт 41.93 хувийн оноотойгоор үнэлэгдэн, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж түвшин тогтоох комиссын дүгнэлт гарчээ.

Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр банкны Удирдлагын хороо, Хүний нөөцийн хороогоор хэлэлцүүлж, дээрх комиссын дүгнэлт, хурлын шийдвэрийг Гүйцэтгэх захирал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө үндэслэсэн байна.

Нэхэмжлэгч түвшин тогтоох ажиллагааны дүнг танилцуулаагүй, хэлтсийн захирал, дарга нарын үнэлгээ оновчтой болоогүй, журам батлагдахаас өмнө үнэлгээг хийсэн, энэ үнэлгээнд ашиглуулахаар хавсаргасан баримтыг ашигласан эсэх нь тодорхойгүй, сорилгоос гадна даалгаврын гүйцэтгэл, ажлын байрны үзлэг хийх байсан, оролцоо, чанарын ярилцлагын үнэлгээг гүйцэтгэсэн комиссын төлөөллийг томилсон эсэх нь тодорхойгүй, ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөнгүүтээ ажлыг хүлээн авсан, комиссын дүгнэлтэд зөвхөн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан нь асуудлыг олонхиор шийдвэрлэсэнд эргэлзээ төрүүлж байна гэж тайлбарлаж байна.

Журамд ажилтны сорилгын оноог шууд танилцуулахаар заасан ба нэхэмжлэгчийн сорилгын оноог шууд танилцуулж, нэхэмжлэгч гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Ажилтныг харъяалах газар, хэлтсийн даргын үнэлгээ комиссын хуралдаанаас батлагдсан загвар дээр хийгдсэн ба загвар дээрх 2016-11-01 гэснийг засварлалгүй гаргаснаас үнэлгээ 2016-11-03-ны өдөр батлагдсан журмын өмнө хийгдсэн мэт харагдаж байна гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжтой, нөгөө талаар энэ нь ажилтны урьдын ажил байдлыг үнэлж буй тул нэхэмжлэгчийн энэ талаарх үндэслэл ач холбогдолтой үндэслэл биш байна. Газар, хэлтсийн дарга үнэлгээг хийхдээ хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэргийг ашигласан болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариуцагчийн зөрчлийн акт, хүүхэд асрах чөлөө авч байсан баримт зэргээр тогтоогдож байна.

 

Ажилтны ажлын байрны онцлогоос шалтгаалж ажилтнаас сорилго авах, эсхүл даалгавар гүйцэтгүүлэх, эсхүл ажлын байрны үзлэг хийхээр журамд зохицуулсан ба нэхэмжлэгчийг сорилгын арга хэмжээнд хамруулжээ. Даалгавар гүйцэтгүүлэх, ажлын байрны үзлэг хийх нь жолооч, үйлчлэгч зэрэг ажлын байранд ажиллаж буй ажилтанд хамааралтай байна.

 

ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар үнэлгээний дүнг нэгтгэн, комиссын дүгнэлтийг хавсралтаар баталж 07 тоот шийдвэр гаргажээ. Хавсралт нь дарга, нарийн бичгийн даргын гарын үсэгтэй байснаар зөвхөн дарга, нарийн бичгийн дарга дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгчийн оролцоо, чанарын үзүүлэлтийн хувь 9.60 гэж буруу болсон байх ба комиссын төлөөллийн үзүүлэлт бүрд өгсөн үнэлгээгээр тооцож үзэхэд 19.20 хувьтай гарч байна. Ингэж үзэхэд ажилтны мэргэжил, ур чадварын түвшингийн үнэлгээ 51.5 хувийн үзүүлэлттэй гарч байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 8 улирлын ажлын үнэлгээний талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлсэн, эндээс ажилтны ажлын гүйцэтгэл 91.75-аас 98.9 хувиар үнэлэгдэж байсан нь харагдаж байх бөгөөд энэ нь доогуур биелэлттэй гэдэгт хамаарч байна. Зорилгын биелэлтийн хувь 100 хүрвэл зорилгодоо хүрсэн гэж үздэг байна. Газар, хэлтсийн даргын үнэлгээ нь зөвхөн ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтийг хамрахгүй ба энэ хамаарах хэсэгт оноо нэмлээ гэхэд энэ нь нийт оноо 60-аас дээш хувьтай болж, ажилд тэнцэх-эд хүрэхгүй байна.

 

Мөн ажил олгогч нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгмөгц ажлыг хүлээн авсан боловч ажлаас чөлөөлөгдөхөө 1 сарын өмнө мэдсэн байх ёстой нэхэмжлэгчийн эрхийг хангаж, мэдэгдсэнээс хойш 1 сарын дараа ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж, уг хугацааны цалинг нэхэмжлэгчид олгосон байна.

 

Иймд нэхэмжлэгчийн ТБ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай ТБ ХХК-д холбогдуулж гаргасан Н.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Нэхэмжлэгч гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


 

 

                                         

                               ДАРГАЛАГЧ                                   С.БУД