Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00494

 

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00494

 

Ж.Пунцагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03477 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Пунцагийн нэхэмжлэлтэй хариуцагч Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төмөр замын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-1-253 тоот тушаалаар тус нийгэмлэгийн Дотоод аудит хяналтын албаны даргаар томилогдсон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргүүдийг тавигдсан шаардлагын хэмжээнд хэрэгжүүлэн, албан хаагч, хувь хүнийхээ хувьд ёс зүйн ямар нэг зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн. Гэтэл хөндлөнгийн зүй бус шаардлага, нөлөөгөөр тухайн ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй болж, улмаар нийгэмлэгийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн албан тушаал бууруулах үндэслэл байхгүй байхад 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Дотоод аудит хяналтын албаны Дотоод хяналтын хэлтсийн даргаар томилсон. 2017 оны 03 дугаар сарын 23, 07 дугаар сарын 31-ний өдөр Авлигатай тэмцэх газраас ирсэн албан тоотыг үндэслэж тушаал бууруулан хэлтсийн дарга болгосон. Дараа нь энэ албан тоотыг үндэслэн хэлтсийн даргын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн албан тоотуудад хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаанд нь ирүүлээгүй буюу ажил олгогч хуульд зааснаар хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл байгаа. Ж.Пунцаг нь төрийн тусгай албанд 14 гаруй жил ажилласан, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялтай байх хугацаа дуусаагүй гэдгийг ажил олгогч үндэслэсэн боловч ажлын байрны тодорхойлолтод ялтай байдлын талаар ямар ч зүйл байхгүй. Дээрх албан тоотууд нь хэлтсийн даргын үүрэгт ажилд ямар ч хамааралгүй. Хариуцагч Авлигатай тэмцэх газар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн албан бичигтээ 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн албан тоотыг үндэслэн Ж.Пунцагийг тохирох албан тушаалд нь томилсон гэсэн хариу хүргүүлсэн. Ж.Пунцагийн хэлтсийн даргын албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар заалтад хамаарахгүй. Түүний ялтай байдал шинэ Эрүүгийн хуулиар ялгүйд тооцогдсон. Хэлтсийн даргын албан тушаал нь бие даан шийдвэр гаргадаггүй, ажлаа Дотоод аудит хяналтын албаны даргад тайлагнадаг. Иймд Дотоод аудит хяналтын албаны дотоод аудит хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-1-253 тоот тушаалаар Ж.Пунцаг нь 2016 оны 10 дугаар сарын 24-нөөс Дотоод аудит, хяналтын албаны даргаар, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналтын хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байсан. Ж.Пунцаг нь Дотоод аудит, хяналтын албаны даргын болон хэлстийн даргын ажилд томилогдон ажиллах болсонтой холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Зөрчил арилгуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хуулийн хэрэгжилт хангах тухай албан тоот ирүүлж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-т заасныг хэрэгжүүлэх, дээрх албан бичгүүдийн дагуу зөрчил арилгах, хуулийн хэрэгжилт хангаж ажиллах талаар удирдлага зохион байгуулалтын ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Дээрх албан тоотуудад Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу шалгалт явуулахад Ж.Пунцагийг байгууллагын дотоод аудит хяналтын албаны даргаар томилсоны дараа 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг, мөн хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй, ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангаагүй байгаа нь хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан нөхцөл байдал бий болохоор байгааг дурьдсан. Авлигатай тэмцэх газраас ирүүлж байсан удаа дараагийн албан тоот, мэдэгдэл, зөвлөмжийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т зааснаар буюу эрх бүхий байгууллагын шаардсанаар Ж.Пунцагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Пунцагийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналтын албаны Дотоод аудит хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 7.545.974 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Пунцагт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Пунцагийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 135.685 төгрөг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан тоот, шаардлагын хүрээнд Улаанбаатар төмөр замын 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 09/1407 албан тоотоор "Ж.Пунцагийг удирдах албан тушаалаас нь өөрчлөн, тохирох ажилд томилохоор" Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, улмаар 2017 оны 09 сарын 01-ний өдрийн Б-1-416 тоот тушаалаар Ж.Пунцагийн өөрийнх нь хүсэлт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрийн Б-1-418 тоот тушаалаар түүнийг Дотоод аудит, хяналтын албаны Дотоод хяналтын хэлтсийн даргаар томилсон. Гэвч Ж.Пунцагийг Дотоод аудит, хяналтын албаны даргын албан тушаалаас чөлөөлж Дотоод хяналтын хэлстийн даргаар томилсноор Авлигатай тэмцэх газрын албан тоотод дурдсан "зөрчил" арилаагүй. Өөрөөр хэлбэл, хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн этгээд байгууллагын хяналт шалгалт хийх дотоод хяналтын хэлтсийн "удирдах" албан тушаалд томилогдсон нь мөн л албан тушаалын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх, албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц байдал арилаагүй. Дээрх шалтгаанаар Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан шаардлагыг хэрэгжүүлэх, холбогдох зөрчлийг арилгах зорилгоор Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 10 сарын 02-ны өдрийн Б-1-449 дүгээр тушаалаар Ж.Пунцагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 сарын 03-ны өдрөөс дуусгавар болгож, энэ тухай 18/1863 тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн. Иймд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсэх үндэслэлтэй гэж үзсэн Авлигатай тэмцэх газрын албан шаардлагын дагуу ажил олгогч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасны дагуу уг этгээдийг ажилд томилохоос татгалзах үүрэгтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасны дагуу Ж.Пунцагийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй.

Шүүхийн шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэрхэн гаргасан, дундаж цалин хөлсийг яаж тооцсон тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь Дотоод аудит, хяналтын албаны даргаар ажиллаж байгаад хэлтсийн даргын албан тушаалд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр томилогдсон бөгөөд албаны даргын цалин нь хэлтсийн даргын цалин хөлснөөс 270 000 орчим төгрөгөөр илүү байдаг. Шүүх нэхэмжлэгч Ж.Пунцагийг "хэлтсийн дарга"-ын ажилд эгүүлэн тогтоох бол ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг дээр дурдсан журмын 6-д заасны дагуу 9 дүгээр сард олгосон цалин хөлснөөс тооцож гаргах ёстой байсан. Тухайлбал, хэрэгт авагдсан цалингийн картнаас тооцоход 9 дүгээр сард Ж.Пунцагт 2 126 875 төгрөгний цалингийн тооцоо гарсан байгаагаас хоол, унааны хөнгөлөлт болох 83 500 төгрөгийг хасахад 2 043 375 төгрөг болох ба ажилласан 21 хоногт хуваахад 97 303 төгрөг, ажилгүй байсан 58 хоногоор тооцоход 5 643 574 төгрөг гарч байхад шүүх 7 545 974 төгрөг буюу нэг өдрийн 130 103 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.Пунцаг нь хариуцагч Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналтын албаны дотоод аудит хяналтын хэлтсийн даргаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-I-449 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалтад тус тус заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. /Хх-61/

Нэхэмжлэгч Ж.Пунцаг нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2017/15547 захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн бөгөөд дахин 2017 оны 11 дүгээр сарын 28ы өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг мөн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Авлигатай тэмцэх газрын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05/2768, мөн оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03/5861 тоот албан бичгүүдийг үндэслэн тус нийгэмлэгийн Дотоод аудит, хяналтын албаны даргаар ажиллаж байсан Ж.Пунцагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналтын хэлтсийн даргаар томилж ажил, албан тушаалыг нь бууруулж хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ж.Пунцаг нь дээр дурдсанаар өөр ажилд буруу шилжүүлсэн талаар маргаагүй бөгөөд харин сүүлд томилогдсон ажил албан тушаалаас нь чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан явдалд гомдол гаргаж, түүнтэй холбоотой үр дагавар буюу Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, Ж.Пунцагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг эрх бүхий байгууллагын шаардлагаар цуцалсан тул ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Хариуцагч байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод ажилд орох иргэнд гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй, ял шийтгэлгүй байх гэсэн шаардлага тавигдаагүй байхаас гадна ажилд авахад тавигдаагүй шаардлага, үндэслэлээр хожим хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.

Мөн УИХ-аар 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлснээр Ж.Пунцаг нь ялтайд тооцогдохгүй болсон байна.

Нөгөө талаар Авлигатай тэмцэх газрын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05/2768, мөн оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03/5861 тоот албан бичгээс үзэхэд ажил олгогч байгууллагын удирдлага ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах буюу ажилд авахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.7 дах заалтыг удаа дараа зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийж байгаа талаар зөвлөмж ирүүлсэн байх бөгөөд хувийн ашиг ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хянуулаагүй иргэнийг хариуцагч байгууллагын удирдлага ажилд авсан тушаал гаргасанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Пунцагийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хувьд нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн дүнгээр буюу 7 545 974 төгрөгөөр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай тус тус нийцжээ. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан тул цалингаас хоол, унааны хөнгөлөлтийг хасч тооцно гэх гомдол мөн үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22ы өдрийн 102/ШШ2018/03477 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ