Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 613

 

 

Б.Өлзийсайхан, Н.Мөнхбаяр нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

                      

          Прокурор Д.Ууганцэцэг,

          Ялтан/хохирогч/ Б.Өлзийсайханы өмгөөлөгч, Ц.Батбаяр, Н.Жамъян,

          Ялтан/хохирогч/ Н.Мөнхбаяр,

          Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Б.Батаа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан/хохирогч/ Б.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Өлзийсайхан, Н.Мөнхбаяр нарт холбогдох эрүүгийн 2016 2601 0876 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Талст овгийн Баттулгын Өлзийсайхан, 1987 оны 7 дугаар сарын 9-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 11 дүгээр гудамж, 42 тоотод оршин суух,

2005 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 238 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар ангийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийсайханд оногдуулсан 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг багтааж, 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан /РД:ЧГ87070971/,

 

2. Боржигон овгийн Нямбазарын Мөнхбаяр, 1981 оны 9 дүгээр сарын 26-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, сийлбэрчин мэргэжилтэй, “Ган-Өргөө” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамж, 60 тоотод оршин суух,

2003 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 309 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:ХЗ81092619/,

 

Б.Өлзийсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжинд иргэн Н.Мөнхбаярыг “намайг цохилоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, бие махбодид нь “зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, эвэрлэгийн шарх, болоргүйдэл, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимны хатингаршил, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Н.Мөнхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин шалтгаангүйгээр иргэн Б.Өлзийсайханы нүүр лүү цохиж хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Өлзийсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Н.Мөнхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Өлзийсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Н.Мөнхбаярыг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийсайханыг 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар Н.Мөнхбаярыг 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Б.Өлзийсайханы эдлэх 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Өлзийсайхан, Н.Мөнхбаяр нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Н.Мөнхбаяр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Мөнхбаяр цаашид гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бүхэлдээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон, ар хэсэгт 1x0.8 см урагдал болон хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон баруун гарын 1 ширхэг ажлын бээлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан/хохирогч/ Б.Өлзийсайхан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ажлаа хийж яваад хохирогчийн өдөөн хатгалгаанд өртөж уурласны улмаас Н.Мөнхбаярт хүнд гэмтэл учруулсандаа үнэхээр гэмшиж байна. Миний бие эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр минь жирэмсэн, ажил хийдэггүй, хүү минь хөгжлийн бэрхшээлтэй тул эхнэр өдөр хичээлд нь хүргэж орой хичээлээс нь авдаг. Би хувиараа микроавтобус түрээслэн нийтийн тээвэрт явдаг. Олсон мөнгөө ар гэр, эхнэр, хүүхдэдээ зарцуулдаг. Хэрвээ би ял аваад явчихвал миний эхнэр, хүүхэд, ар гэрт тусалж, дэмжих хүн байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр гэмшиж байна. Та бүхний надад үзүүлэх итгэл, найдварыг би алдахгүй. Гэр бүлтэйгээ хамт байж, сайхан амьдал руу тэмүүлж, хүүхдүүдээ сайн хүн болгон хүмүүжүүлэх болно. Иймд дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан/хохирогч/ Б.Өлзийсайханы өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Хохирогчийн бодит хохирол нэхэмжилсэн буюу баримтаар авагдсан хохирлыг төлсөн.

2. Цаашид баримтаар нэхэмжлэх хохирлыг төлнө.

3. Ахуй амьдралыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан/хохирогч/ Н.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүүн нүдний ухархай гэмтээд толгой таллаж өвдөөд, шөнө унтаж чадахгүй байгаа. 2009 онд баруун талын нүдэндээ хагалгаа хийлгэж байсан. Одоо миний хараа улам муудаад байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Ялтан/хохирогч/ Б.Өлзийсайханы өмгөөлөгч Н.Жамъян тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. Энэ хэрэг Н.Мөнхбаярын буруутай үйлдлээс болж гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. Н.Мөнхбаярын зүгээс баримтаар 285.000 төгрөг нэхэмжилсэн боловч Б.Өлзийсайхан нь 1.140.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Б.Өлзийсайханы ар гэрийн байдал хүнд, хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, эхнэр нь 2 сартай жирэмсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулж өгнө үү. Ял шийтгэлийг хөнгөрүүлснээр эргээд хохирогчид тусалж, дэмжих боломжтой гэдгийг харгалзан үзнэ үү...” гэв.

 

Ялтан/хохирогч/  Б.Өлзийсайханы өмгөөлөгч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл тогтоогдоогүй. Хэргийг дутуу шалгасан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4707 дугаартай Номинцэцэг эмчийн гаргасан дүгнэлт болон 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 668 дугаартай Долгормаа эмчийн дүгнэлт гэх 1 эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2 өөр дүгнэлт байдаг. Хэрвээ нэмэлтээр шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа бол заавал бүрэлдэхүүнтэй байх ёстой. Анхан шатны шүүх хуралдаанд 668 дугаартай шинжээчийн дүгнэлтийг л үндэслэл болгосон. Тиймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Хэрвээ мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглээд Б.Өлзийсайханд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.


            Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд нь тохирсон ял оногдуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгавал зохих бүхий л зүйлсийг шалгаж тогтоосон. Хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар нэмж шалгах зүйлгүй. Гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй. Хүн өөрийн харсан зүйлийг л ярьсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийг журамлан Б.Өлзийсайханы ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

           

Б.Өлзийсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжинд иргэн Н.Мөнхбаярыг “намайг цохьлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, бие махбодид нь “зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, эвэрлэгийн шарх, болоргүйдэл, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимны хатингаршил, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг,

Н.Мөнхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин шалтгаангүйгээр иргэн Б.Өлзийсайханы нүүр лүү цохиж хүч хэрэглэн танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

  Хохирогч Н.Мөнхбаярын “...тухайн үед Доож ахтай намайг маргаж байхад Доожтой хамт зогсож байсан 170 орчим см өндөртэй, туханхайдуу биетэй, 27-28 орчим насны эрэгтэй Доожийг өмөөрөөд байгаа бололтой түүний урдуур ороод ирэхээр нь би түүнийг “чамд хамаагүй, мангар бацаан минь” гээд түүний нүүр лүү мангасдаад түлхэхэд тэр залуу зөрүүлээд миний зүүн  нүд лүү гараараа нэг удаа цохиход миний нүднээс хацар дагаад л юм урсахаар би нүдээ дараад доошоо суусан...”/хх-18-20/,

 

Хохирогч Б.Өлзийсайханы “...Н.Мөнхбаяр нь машин дотроосоо “гайхаад байна уу пизда минь” гэсэн боловч би түүнд юу ч дуугараагүй зогсож байхад Н.Мөнхбаяр гэх хүн гэнэт машинаасаа бууж ирээд над руу “гайхаад байна уу” гэж хэлээд миний нүүр лүү хүчтэй мангасдсан. ...Н.Мөнхбаяр намайг мангасдахдаа алганыхаа хойд хэсгээр миний хамар руу хүчтэй цохиод хамраас цус гарсан. ...Н.Мөнхбаяр нь тэр хооронд над руу эргэж харснаа “энэ муу гөлөг юу юм бэ” гэж хэлээд над руу гараа далайгаад байхаар нь би тэр залуугийн нүүр лүү нь гараараа нэг л удаа цохисон. Тэгээд Н.Мөнхбаяр зүүн нүдээ дараад хойшоо хоёр алхсанаа гараа авахад Н.Мөнхбаяр гэх хүний зүүн нүднээс нь саарал өнгийн зүйл бас цус гарч байгаа харагдсан..”/хх-21-22/,

 

  Гэрч З.Даваадоржийн “...Н.Мөнхбаяр “Доожоо ахаа та том болчихжээ” гэж хэлээд миний мөрөн дээр гараа тавихаар нь би түүнийг “гараа ав” гээд гарыг нь цааш түлхэхэд Б.Өлзийсайхан хажуугаар орж ирээд Н.Мөнхбаярын зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохиход Н.Мөнбаярын зүүн нүднээс нь цагаан зүйл гоожоод байсан. ...Б.Батчимэг л надад “Н.Өлзийсайханыг цохилоо” гэж хэлсэн...”/хх-23/,

Гэрч Б.Батбаярын “...тэр 2 сүйдтэй маргасан зүйл байгаагүй. Н.Мөнхбаяр машинаасаа буугаад л тэр залууг түлхчих шиг болсон. Гэхдээ би түүнийг яагаад тэр залууг түлхсэнийг болон яг хаашаа түлхсэнийг нь би сайн хараагүй, цээж юм уу, нүүр лүү түлхчих шиг болсон..”/хх-24/,

 

  Гэрч Б.Батжаргалын “...Н.Мөнхбаяр цонхоороо нэг юм хэлээд байгаа бололтой байсан, гэхдээ салхитай байсан болохоор түүний юу гээд байгаа нь сонсогдохгүй байсан. Энэ үед Өлзий Н.Мөнхбаяр руу “та хэнтэй юу гээд байгаа юм бэ” гэсэн чинь Н.Мөнхбаяр машинаасаа бууж ирсэн ба тэр нилээд халанцуу харагдаж байсан, тэгээд Өлзий лүү дөхөж очисноо юм ярилгүй л Өлзийгийн нүүр лүү эгц урдаас нь алгаараа нилээн хүчтэй нэг удаа цохичихсон. ...Өлзий Н.Мөнхбаярыг “тэгвэл би чамайг цохичихье” гэж хэлээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон чинь Н.Мөнхбаярын зүүн нүднээс нь бага зэрэг цус гарснаа дараа нь зүүн нүдэн дээр нь нэг цагаан бөөрөнхий зүйл гарч ирснээ хацраа дагаад нүднээс нь цагаан зүйл урссан..”/хх-25/,

 

  Гэрч Б.Батчимэгийн “...Б.Өлзийсайхан “би таныг танихгүй юм байна” гэхэд тэр залуу “гайхаад байна уу” гэж хэлээд алгаараа Б.Өлзийсайханы нүүр лүү эгч урдаас нь цохиод авахад Б.Өлзийсайханы хамраас цус гарч байгаа харагдсан. ...Б.Өлзийсайхан тэр залууг нэг удаа цохисон чинь тэр залуу хойшоо 2 алхам ухраад “нүд харахгүй байна, нүд сохолчихлоо” гэж байсан ба түүний зүүн нүднээс нь эхлээд цайвар шингэн зүйл урсаж байснаа дараа нь бага зэрэг цус гарч байгаа харагдахаар нь бид нар цагдаа болон эмнэлгийн түргэн тусламж дуудсан...”/хх-26-27/,

 

  Гэрч Ж.Алтан-Очирын “...Н.Мөнхбаярыг буунгуут нь машиных нь хөгжмийг оролдож байхад гадаа “чи, би” гээд хэрэлдээд “пир, пар” гээд явчихсан. Тэгэхээр нь би машинаас буугаад юу болсныг харахад Н.Мөнхбаяр микроавтобусны хажууд зогсож байсан залуугийн хажууд зогсож байсан тэр залуу нь Н.Мөнхбаяр руу “чи яахаараа хүн цохидог юм” гэж байсан. ...Н.Мөнхбаярт цохиулсан гэдэг залуу нь Н.Мөнхбаярын нүүр лүү гараараа нэг удаа цохичихсон. Тэгсэн чинь л Н.Мөнхбаярын зүүн нүднээс нь цустай цагаан юм урсаад л ирсэн ба бид нар сандраад цагдаа, сэргийлэх дуудсан...”/хх-29-30/,

 

  Гэрч Н.Ханбүргэдийн “...Б.Өлзийсайхан З.Даваадорж ах болон түүнийг цохисон залуутай ойролцоо зогсож байгаад тэр махлаг өндөр биетэй залууг нэг удаа гараараа нүүр лүү нь цохисон юм. Б.Өлзийсайхан тэр залууг цохиход нөгөө залуу нь нүүрээ дараад доошоо суучихсан...”/хх-34/ гэх мэдүүлгүүд,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Н.Мөнхбаярын биед зүүн ухархайн дотор хана, доод ханын хугарал, эвэрлэгийн шарх, зүүн зовхи, салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чарварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Одоогоор нүдний харааг тогтоох боломжгүй...” гэсэн 4707 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-36-37/,

 

“...Н.Мөнхбаярын биед зүүн нүдний ухархайн дотор хана, доод талын хугарал, эвэрлэгийн шарх, болоргүйдэл, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимны хатингаршил, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн нүдний хараагүйдэл гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 65 хувь нөлөөлнө...” гэсэн 668 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-38-40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн бээлийнээс цус илэрч байна, илэрсэн цус нь хүний цус мөн байна, илэрсэн цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй байна, ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, TH01, D21S11, D18S51, Penta E8 D13S317, D7S820, D16S539, CSF1PO88 Penta D8 vWA8 D8S1179, TPOH, FGA гэсэн локусын аллелиар тогтоов, Б.Өлзийсайханаас авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, TH01, D21S11, D18S51, Penta E8 D13S317, D7S820, D16S539, CSF1PO88 Penta D8 vWA8 D8S1179, TPOH, FGA гэсэн локусын аллелиар тогтоов, ХГҮзлэгээр бэхжүүлэн авсан гэх бээлийд илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, TH01, D21S11, D18S51, Penta E8 D13S317, D7S820, D16S539, CSF1PO88 Penta D8 vWA8 D8S1179, TPOH, FGA гэсэн локусын аллелиар Б.Өлзийсайханы гэх цусны ДНХи-йн тогтоцтой тохирч байна...” гэсэн 3140 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-45-47/,

 

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн машинт эрүүлийн офицер, цагдаагийн дэслэгч М.Батсүхийн бичсэн илтгэх хуудас /хх-11/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-16/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-17/, хохирогч Н.Мөнхбаярын хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх-77-88/, хохирол төлсөн баримтууд /хх-145-146/, Н.Мөнхбаяр, Б.Өлзийсайхан нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Ялтан Б.Өлзийсайхан, Н.Мөнхбаяр нарын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4707 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Н.Мөнхбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэсэн ба 688 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтээр Н.Мөнхбаярын биед хүнд зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт “Нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримтална” гэж заасан байх тул нэмэлт шинжилгээг өөр шинжээч дүгнэлт гаргасныг буруутгах үндэслэлгүй.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт “…гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан…” гэж хуульчилсан ба энэ хэргийн улмаас хохирогч Н.Мөнхбаярт учирсан гэм хор арилаагүй, түүний зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний хатингаршил, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон, урьдын хэвийн хэмжээндээ хүрээгүй төдийгүй ялтан Б.Өлзийсайханы үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, хэргийн бүрдэл хангагдсан, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул ялтан Б.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан “...хохирлыг төлж барагдуулсан, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс дүгнэж үзэхэд шүүх Н.Мөнхбаярт 5 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан атлаа түүнийг хэрхэн эдлүүлэх талаар шийтгэх тогтоолд заалгүй орхигдуулсан байх тул нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“...Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Н.Мөнхбаярын эдлэх 5 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлган ялыг эдүүлсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Б.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                       ШҮҮГЧИД                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ