Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга Х.Дашням,

иргэдийн төлөөлөгч Д.Бодрой,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

гэрч З.Даваадорж,

шүүгдэгч /хохирогч/ Б.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар /ҮД:0-009/,

шүүгдэгч /хохирогч/ Н.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам /ҮД:0-192/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Талст овогт Баттулгын Өлзийсайхан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямбазарын Мөнхбаяр нарт холбогдох 201626010876 дугаартай, 188/2016/0088/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 11 дүгээр гудамжны 42 тоотод оршин суух,

Урьд 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 238 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Талст овогт Баттулгын Өлзийсайхан /РД:ЧГ87070971/

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, сийлбэрчин мэргэжилтэй, Ган-Өргөө ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 60 тоотод оршин суух,

Урьд 2003 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 309 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Нямбазарын Мөнхбаяр /РД:ХЗ81092619/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Өлзийсайхан нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжинд иргэн З.Даваадоржоор машинаа засварлуулж байхад үл таних Н.Мөнхбаяр нь согтуугаар ирж хүнтэй мэндлэхгүй юм уу гэхэд Өлзийсайхан би таныг танихгүй юм байна гэхэд гайхаад байна уу гэж хэлээд түүний нүүрэн тус газар гараараа цохиж хамрын нь цусыг гоожуулсны улмаас Б.Өлзийсайхан түүн рүү очиж яахаараа хүн цохидог юм хэмээн маргалдаж түүнийг өөр лүү нь ухасхийхэд нүүрэн тус газар нь гараараа цохиж  бие махбодид нь зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, эвэрлэгийн шарх, болоргүйдэл, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимны хатингаршил, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,

 

  Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжинд өөрийн автомашинаа засварлуулж байсан Б.Өлзийсайхан дээр ирээд хүнтэй мэндлэхгүй юм уу гэхэд Өлзийсайхан би таныг танихгүй юм байна гэхэд гайхаад байна уу гэж хэлээд үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохиж хамрын нь цусыг гоожуулж, улмаар машины хаалгаар ёврох зэргээр танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч /хохирогч/ Б.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Би хувиараа хүний микроавтобус түрээслээд нийтийн тээврийн шугаманд явдаг, тэгээд амарсан өдрөө микроавтобусандаа юм хийе гэж бодоод 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр надтай хамт кондуктор хийдэг Шинэжил болон Шинэжилийн эхнэр Батчимэг, миний найз Ханбүргэд нартай хамт Баянхошууны Жанцан орчим байдаг танил Даваадорж гэх ахынд очсон. Бид нарыг Даваадорж ахынд очиход 15 цаг орчим л болж байсан. Бид нар Даваадорж ахынд очоод тэдний хашааных нь гадаа машиндаа юм хийгээд зогсож байхад Гранд марк 2 маркийн автомашин гудамжны доороос ухарч ирээд манай микровтобусны хажууд ирээд зогссон ба уг машин жолоочийн талын цонхоор нь Мөнхбаяр гээд байгаа миний танихгүй залуу нь юу байна гэхээр нь тухайн үед тэр хүнийг намайг дуудаж байгаа юм байх гээд харсан боловч танихгүй болохоор гайхаад зогсож байхад Мөнхбаяр гэх залуу нь над руу гайхаад байна уу, пизда минь” гэж хэлээд машинаасаа бууж над дээр ирээд дахин “гайхаад байна уу гэснээ гараараа миний нүүр рүү  нилээн хүчтэй мангасдахад миний хамраас цус гараад цусаа бээлийгээрээ арчаад зогсож байхад Мөнхбаяр намайг орхиод миний хажууханд машины цаад талд нь байсан Даваадорж дээр очсноо энэ муу гөлөг юу юм гэхэд Даваадорж ах намайг өмөөрөөд Мөнхбаяртай муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэдэн рүү дөхөөд очсон ба Мөнхбаяр миний машины онгорхой байсан хаалгыг түлхээд намайг хаалгаар нудраад авсан. Энэ үед Даваадорж ах Мөнхбаяр руу чи яагаад зүгээр байгаа хүүхэд цохиж байгаа юм гэхэд Мөнхбаяр Даваадорж ахыг мөрөн дээгүүр нь гараа давуулаад хүзүүдээд авахад Даваадорж ах наад гараа ав гээд гарыг нь хүчтэй түлхэхэд Мөнхбаяр нь тэр хооронд над руу эргэж харснаа энэ муу гөлөг юу юм бэ гэж хэлээд над руу гараа далайхаар нь би тэр залууг намайг дахиад цохих нь гэж сандраад нүүр рүү нь гараараа нэг л удаа цохисон юм. Тэгээд Мөнхбаяр зүүн нүдээ дараад хойшоо алхаснаа гараа авахад Мөнхбаяр гэх хүний зүүн нүднээс нь саарал өнгийн зүйл бас цус гарч байгаа харагдсан. Тэр хүн намайг цохьчихоод зүгээр явахгүй, дахин хүн дээрэлхээд цохих гээд байхаар нь би түүнийг биеэ хамгаалаад …гараараа нэг удаа л  цохисон. …Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. …Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ... Мөнхбаяр нилээн халамцуу байсан. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. ...Би тэр хүнийг зүгээр байж байхад нь цохиж зодсон зүйл байхгүй болохоор гомдолтой л байна. ...Миний хамраас цус гарсан боловч хамарт учирсан гэмтэл гайгүй юм шиг байсан, бага зэрэг хөндүүр байсан. Дээрээс нь тэр хүнийг сохорсон гэхээр нь сандраад өөрийгөө ч яахав гэж бодсон болохоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй. ... нэхэмжлэх зүйлгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 60 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч /хохирогч/  Н.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Даваадоржтой сайн байна уу гээд 2 ч удаа хүний ёсоор мэндэлсэн, гэтэл Даваадорж ах надтай дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад Даваадоржийг та мэндлээд байхад чинь ямар сонин юм бэ гэхэд Даваадорж чамтай ямар дуугарах албатай биш гээд над руу агсамнаад байсан, би түүнд та чинь ямар сонин юм бэ, Мөнхөө гуай гай болов гээд зогсож байхад хажуунаас түүнтэй цуг ажил хийж байсан залуучууд намайг тойроод ирэхээр нь би тэр Өлзийсайхан гэх залууг та нарт огт хамаа байхгүй гээд нүүр рүү нь гараараа түлхсэн чинь тэр залуу намайг зөрүүлээд зүүн нүд рүү цохисон. Би тэр залуутай маргаад, зууралдаад янз бүр болсон асуудал байхгүй, би тэр хүнийг цохиж зодоогүй. Тэгээд л би түүнд цохиулаад зүүн нүднээс шингэн юм гараад зүүн нүд шууд харахгүй болчихсон. Би өөрөө эд эрхтнээсээ хагацчихаад дээрээс нь ийм зүйл ангиар сэжиглэгдэж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. …Тухайн үед гудамжинд микроавтобусанд юм хийгээд нэг эмэгтэй, хоёр залуу, Даваадорж гэх хүмүүс байсан. Тэдгээр хүмүүсээс нэг эмэгтэй нь л халамцуу юм шиг харагдаж байсан, бусдыг нь бол хэлж мэдэхгүй байна. …Би тэр үед гурван найзтайгаа гэртээ 0,5 литрийн нэг шил архи л уусан байсан. Би тийм согтуу байгаагүй. …Намайг Даваадоржтой маргаж байхад тэнд байсан Өлзийсайхан болон түүнтэй хамт байсан залуу нь над руу ойртоод над руу дайрах маягтай байхаар нь л би нүүр рүү нь түлхсэн. …Би тэр залууг огт танихгүй, тэр өдөр л таарсан нь тэр юм. …Би хорвоог харах нүдгүй болсон, ажил төрөл, бүх зүйл л хэцүү болж байна. Би гомдолтой байна. Би Өлзийсайхан гэх залууг цохиж зодоогүй, зүгээр л мэндэлсэн. … Миний зүүн нүдний цөцгий нь гоожоод хагалгаанд орсон боловч одоо юм харахгүй байгаа. Мөн зүүн нүдний ухархай яс нь цөмөрсөн байна гэсэн. Би дахин хагалгаанд орно. ...Миний зүүн нүд хэвийн байсан. Би тэр өдөр л цохиулаад ийм боллоо. ...Миний зүүн нүд юм харахгүй болсон, энэ нь сэтгэл санааны хувьд ч надад маш хүнд байна, нүд хос эрхтэн болохоор нэг нүд сохорхоор нөгөө нүдэндээ нөлөөлдөг гэсэн, тэгэхээр эмчилгээгээ сайн хийлгэх хэрэгтэй байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 62 х/,

 

          Шүүгдэгч /хохирогч/ Н.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... намайг Өлзийсайхан эхэлж цохиогүй би нүүр лүү нь түлхсэнээс болж хамарнаас нь цус гарсан, би нүдээ сохлуулсандаа гомдолтой байна.Надад хиймэл нүд хийлгэхэд туслаач гэж хэлмээр байна ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

                       

Гэрч З.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр намайг гэртээ байхад буюу 12 цагийн орчим миний танил Өлзийсайхан надруу утсаар яриад машины аппаратур солиулмаар байна одоо очлоо гэж яриад манайд 14 цаг 20 минутын орчим байх Өлзийсайхан цагаан өнгийн микроавтобустайгаа өөрийнхөө Улаанаа гэх найз болон хамт шугаманд
кондуктор хийгээд байдаг Шинээ, Батчимэг гэх хүмүүстэй хамт дөрөвүүлээ ирсэн.
Өлзийсайхан манай гадаа ирчихээд манай гудамжинд байдаг Тэгшээ, Мийгаа гэх хоёр хүнээс машиныхаа аппаратурыг аваад би машинд нь аппаратур тавиад байж байхад манай гудамжинд байдаг миний танил Мөнхбаяр гэх залуу машинтайгаа гудамжны хойноос ухарч ирээд Өлзийсайханы микроавтобусанд бараг тулж ирээд зогссон юм. Тухайн үед би микроавтобусны нөгөө талд аппаратур тавиад зогсож байсан, харин Өлзийсайханы кондуктор хийдэг Батчимэг нь микроавтобусан дотор заалаа цэвэрлэж байснаа над руу Доожоо ахаа, Өлзийсайханыг цохичихлоо шүү дээ гэхээр нь би микроавтобус тойроод очиход Өлзийгийн хамраас цус гарсан бололтой хамраа бээлийтэй гараараа арчаад байж байсан ба би Мөнхбаярыг чи яагаад хүн цохиж байгаа юм, наадах чинь манай дүү шүү дээ гэхэд Мөнхбаяр та мэндлээд байхад чинь яагаад дуугардаггүй юм, би тантай 2 ч удаа мэндэлсэн гэж байсан. Би тэгэхэд нь би түүнийг чи яах гээд байгаа юм лай болов оо, чи бид хоёр зүгээр л хөрш улс, илүү дутуу зодоон хэрэггүй гэхэд Мөнхбаяр Доожоо ахаа та том болчижээ гэж хэлээд миний мөрөн дээр гараа тавихаар нь би түүнийг гараа ав гээд гарыг нь цааш түлхэхэд Өлзийсайхан хажуугаар орж ирээд Мөнхбаярын зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохиход Мөнхбаярын зүүн нүднээс нь цагаан зүйл гоожоод байсан ба тэр үед Батчимэг цагдаа, түргэн дуудсан юм. ...Би микроавтобусны нөгөө талд нь юм хийж байсан болохоор яагаад тийм зүйл болсныг мэдээгүй. Би Мөнхбаярыг Өлзийсайханыг цохиж байхыг хараагүй. Тэр үед салхитай байсан болохоор сонссон зүйл ч байхгүй. Батчимэг л надад Өлзийсайханыг цохилоо гэж хэлсэн юм. ...Мөнхбаяр нилээн халамцуу байдалтай байсан. Өлзийсайхан бид нар архи дарс огт уугаагүй байсан. ...Өлзийсайхан бид нар шугамын микроавтобустай хамт явдаг байсан болохоор нэгнийгээ мэддэг. Ер нь шугамын микроавтобусны жолооч нар надаар машин тэргээ их янзлуулдаг юм. Өлзийсайхан тэр үед надаар машинаа янзлуулах гээд ирсэн байсан, Өлзийсайхан тогтуун дөлгөөн зантай л залуу. Харин Мөнхбаяр манайхтай олон жил хөрш байсан болохоор нэгнийгээ мэддэг болсон ба Мөнхбаяр ч гэсэн тайван, тусч зантай хүн байгаа юм, тэр өдөр яагаад тийм зүйл болсныг мэдэхгүй байна. ...Шинээ гэх залуу манай гэр рүү орсон байсан. Харин Батчимэг, Улаанаа нар яг хэрэг болоход хажууд нь байсан. Мөн Өлзийсайханд аппаратур зарсан Тэгшээ, Мийгаа гэх 2 хүн ойролцоо зогсож байсан. Мөнхбаяртай бас нэг залуу байсан. Үйл явдал манай хашааны үүдэнд болсон юм. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 х/

 

Гэрч З.Даваадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өлзийсайхан намайг Мөнхбаяр цохисон гэж хэлсэн. Би Мөнхбаяртай уулзаад яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Мөнхбаяр намайг тантай мэндлээд байхад дуугарсангүй гэж хэлэхэд нь би сонсоогүй гэж хэлсэн. Тэгсэн Өлзийсайхан та яагаад цохиж байгаа юм бэ гэж Мөнхбаярт хэлсэн. Мөнхбаяр миний мөрөн дээр гараа тавьсан байсан. Мөнхбаярын машин дотроос 2 залуу бууж ирсэн. Би Мөнхбаярт гараа ав гэж хэлээд гарыг нь хүзүүн дээрээсээ авсан. Тэгсэн Өлзийсайхан араас ирээд Мөнхбаярт та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд Мөнхбаяр чи тэгээд юу гээд байгаа гэж хэлэхэд Өлзийсайхан Мөнхбаярыг цохисон. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Мөнхбаярыг сайн танихгүй. Мөнхбаяр манай найз Алтан-Очирын найз нь байгаа юм. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би найз Алтан-Очирын хамт ажил хайж байхад Аптан-Очир Мөнхбаяр гэх манай найз хувиараа ойр зуурын юм хийдэг, бидэнд ажил гаргаж өгч магадгүй гэхээр нь би Алтан-Очиртой хамт Баянхошуунд байдаг Мөнхбаяр гэх залуугийнд ирэхэд Мөнхбаяр хашааны үүдэнд гараад ирсэн байсан ба Алтан-Очир Мөнхбаяр бид гурав уулзаад зогсож байхад Мөнхбаярт нэг хүн түүнд өөрийнх нь Гранд марк 2 маркийн машиныг нь авчирч өгсөн юм. Тухайн үед Мөнхбаяр Алтан-Очир бид 3 Мөнхбаярын машинд суугаад юм ярьж байхад Мөнхбаяр өөрөө машинаа бариад хойшоо ухарч тэдний хойх нь талд гудамжинд зогсож байсан микроавтобусны хажууд ирсэн юм. Тэр микроавтобусны хажууд 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн микроавтобусанд юм хийж байгаа бололтой байсан ба Мөнхбаяр тэр микроавтобусны хажууд зогсоод цонхоо онгойлгоод микроавтобусны хажууд юм хийгээд зогсож байсан 40 гаруй насны ахтай за юу байцгаана гэж хэлчихээд машинаасаа буусан юм. Мөнхбаяр машинаасаа буусан хойноо микроавтобусанд юм хийж байсан залууг цээж рүү эсвэл, нүүр рүү түлхчих шиг болсон юм, яг хаашаа нь түлхснийг анзаараагүй ба Алтан-Очир бид хоёр тэр хооронд нь машинаасаа буухад Мөнхбаярын эхлээд мэндлээд байсан 40 гаруй насны ах нөгөө залуугаа Мөнхбаяраас өмөөрөөд Мөнхбаяр руу чи тэгж болохгүй гэсэн зүйл яриад Мөнхбаяр ч гэсэн та бид нэг гудамжных гэсэн зүйл яриад маргаж байхад эхлээд Мөнхбаярын түлхсэн залуу нь Мөнхбаярын нүүр рүү гараараа нэг удаа л пад гээд цохисон юм. Мөнхбаяр тэр залууд цохиулчихаад зүүн нүд нь нуухтсан юм шиг харагдаж байснаа цагаан зүйл нүднээс нь урсчихсан юм. Тэгээд тэнд байсан хүмүүс цагдаа сэргийлэх дуудах юм болоод явчихсан. ...Тэр 2 сүйдтэй маргасан зүйл байгаагүй. Мөнхбаяр машинаасаа буугаад л тэр залууг түлхчих шиг болсон. Гэхдээ би түүнийг яагаад тэр залууг түлхснийг болон яг хаашаа түлхснийг нь би сайн хараагүй, цээж юм уу, нүүр рүү түлхчих шиг болсон. ...Би анх удаа түүнтэй уулзсан болохоор эрүүл согтуу байсныг нь сайн анзаараагүй. Мөнхбаярыг цохисон хүн эрүүл байх шиг байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 х/

 

Гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би тэр өдөр гэртээ өнжсөн. Өдөр 13-15 цагийн үед байх намайг гэртээбайхад манай хашааны үүдэнд машин ирэх шиг болохоор нь би гарахад миний зүс мэдэх Өлзий гэх залуу /Өлзийсайхан/ машинтайгаа хэдэн залуустай ирсэн байсан ба Өлзий манай гудамжны өөдөөс харсан айлын хүн болох Даваадоржоор машиндаа юм хийлгэнэ гэсэн зүйл ярьж байсан. Тухайн үед Даваадорж ч гарч ирээд Өлзийсайханы машиныг ухаад Өлзийсайхан ч гэсэн машиндаа юм хийж байхад гудамжны үзүүрээс хар өнгийн Гранд марк 2 машин сигналдаад ухарч явсаар байгаад Өлзийгийн машины хажууд ирж зогссон юм. Тэр өдөр их салхитай байсан ба Өлзийгийн машины хажууд ирж зогссон Гранд марк 2 машины цонх нь онгойход манай гудамжны Мөнхбаяр гэх залуу машинаа барьж явсан. Мөнхбаяр цонхоороо нэг юм л хэлээд байгаа бололтой байсан салхитай байсан болохоор түүний юу гээд байгаа нь сонсогдохгүй байсан. Энэ үед Өлзий Мөнхбаяр руу та хэнтэй яриад байгаа юм бэ гэсэн чинь Мөнхбаяр машинаасаа бууж ирсэн ба нилээд халамцуу харагдаж байсан, тэгээд Өлзий рүү дөхөж очсноо юм ярилгүй л Өлзийгийн нүүр рүү эгц урдаас нь алгаараа нилээн хүчтэй нэг удаа цохисон юм. Тэгэхэд Өлзийгийн хамраас нь цус гараад Мөнхбаярт та намайг яаж байгаа юм гэхэд Мөнхбаяр Өлзийд би чамайг танихгүй юм байна гээд зогсож байхад Өлзийгийн машины нөгөө талд юм хийж байсан Даваадорж гарч ирээд Мөнхбаярт чи манай дүүг яагаад цохиж байгаа юм гэхэд Мөнхбаяр агсамнах маягтай Даваадоржтой ярьж байсан. Тухайн үед Мөнбаярын сууж явсан машинаас 2 залуу бууж ирж байсан, Өлзийгийн машинаас ч гэсэн 2 залуу бууж ирсэн. Тэгээд Мөнхбаяр та нар хэзээ ийм болчихсон юм, чамайг дахиад цохисон ч яадаг юм гээд Өлзий рүү хандаж хэлэхэд Өлзий Мөнхбаярыг тэгвэл би чамайг цохьчихьё гэж хэлээд нүүр рүү гараараа нэг удаа цохисон чинь Мөнхбаярын зүүн нүднээс нь бага зэрэг цус гарснаа араас нь зүүн нүдэн дээр нь нэг цагаан бөөрөнхий зүйл гарч ирснээ хацраа дагаад нүднээс нь цагаан зүйл урссан. Үйл явдал Даваадоржийн хашааны үүдэнд болсон ба манайх Даваадоржийнхтой нэг гудамжинд, өөд өөдөөсөө харсан хашаа болохоор би үйл явдлыг ойроос харсан. Тэгээд л Өлзий өөрөө цагдаа сэргийлэх, эмнэлэг дуудъя гээд дуудсан байх. ...Мөнхбаяр миний бодлоор хүнтэй зөв сайхан харьцдаг хүн шиг санагдсан. Харин архи уухаараа ямар болдогийг нь бол мэдэхгүй, би түүнийг архи уусан байхтай нь таарч байгаагүй. Харин Өлзий бол манай гудамжны хүн болох Даваадорж дээр ирээд л машинаа үзүүлж харуулж байхад нь би түүнтэй 2-3 удаа л таарч байсан. Өлзий надад хөөрхөн ааштай залуу шиг санагдсан. ...Миний бодлоор Мөнхбаяр зүгээр явчихсан бол тийм зүйл болохгүй байсан юм. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 х/

 

            Гэрч Б.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Баянхошуу чиглэлийн шугамын микроавтобусанд кондуктор хийдэг. Өлзийсайхан нь шугаманд хүний микроавтобус хөлсөлж явдаг ба би түүнтэй хамт шугаманд кондуктор хийгээд явдаг байсан болохоор мэддэг болсон. Манай нөхөр Шинэжил ч гэсэн хааяа Өлзийсайхантай хамт шугамын микроавтобусанд кондуктор хийгээд явдаг юм. …Тухайн өдөр манай нөхөр Шинэжил бид нар Өлзийсайхантай хамт шугаманд явах гээд түүн дээр очиход Өлзийсайхан Ханбүргэд гэх найзтайгаа байсан ба Өлзийсайханы барьдаг микроавтобус нь эвдрэлтэй засуулах хэрэгтэй болоод бид нар машин тэрэг гайгүй янзалчихдаг гээд Баянхошууны Жанцан орчим байдаг Даваадорж ахынд дөрөвүүлээ очоод, очсон хойноо Даваадорж ах танил 2 хүнээсээ сэлбэг аваад Өлзийсайханы барьдаг микроватобусанд /хөлсний/ тавиад янзлаад байж байхад манай нөхөр Шинэжил цай чанана гээд Даваадорж ахынд орсон, харин Даваадорж ах Өлзийсайхан, Ханбүргэд болон Даваадорж ахын танил гэх сэлбэг авсан 2 хүн бид нар гудамжинд үлдээд машинаа янзалж байсан юм. Тэр үед Даваадорж ах машины баруун талд машины аппаратур янзлаад зогсож байсан, Ханбүргэд бие засна гээд хашааны буланд бие засаж байсан, Даваадорж ахын танил 2 хүн Өлзийсайханы машинаас холгүй зогсож байсан, Өлзийсайхан машиныхаа зүүн талд /гудамж талдаа/ нь зогсоод машиныхаа юмыг янзлаад зогсож байсан, харин би микроавтобусны заалыг цэвэрлэж байхад 09-62 УНЛ гэсэн байх саарал өнгийн суудлын автомашины маш хурдан ухраад гудамж өгсөөд Өлзийсайханы микроавтобусны хажууд ирээд зогссон ба Өлзийсайхан тэр машиныг хажууд нь зогсоход гайхаад харж байхад уг машинаас 40 нас дөхөж байгаа бололтой өндөр махлаг биетэй халамцуу залуу жолоочийн талын суудлаас бууж ирээд Өлзийсайхан руу хүнтэй мэндлэхгүй юм уу гэхэд Өлзийсайхан би таныг танихгүй юм байна гэхэд тэр залуу гайхаад байна уу гэж хэлээд алгаараа Өлзийсайханы нүүр рүү эгц урдаас нь цохиод авахад Өлзийсайханы хамраас цус гарч байгаа харагдсан. Тэгэхээр нь би машины нөгөө талд нь юм хийж байсан Даваадорж ахад Даваадорж ахаа, Өлзийсайханыг цохичихлоо гэж хэлсэн ба Өлзийсайхан нь ч цохиулчихаад машин тойроод Даваадорж ахын хажууд ирэхэд Өлзийсайханыг цохисон залуу нь түүнийг дагаад машины нөгөө талд гарч ирээд Даваадорж ахыг хараад та 20-30 цаасны л ажил хийж байна уу, та хэзээ ийм болчихсон юм гэхэд Даваадорж ах түүнд яадаг юм би дүүгийнхээ юмыг хийж өгч байна, чи яасан гэж манай дүүг цохиж байгаа юм, чи битгий гай болох гээд байгаарай гэж байсан. Тэгэхэд Өлзийсайхан нь машиныхаа онгойрхой хаалганы хажууд цус гарсан хамраа арчаад зогсож байсан ба Өлзийсайханыг цохисон залуу машины хаалгыг түлхэж хаалгаар Өлзийсайханыг нудраад авсан ба Даваадорж ах уурлаад тэр залууг явуулах гээд дагуулаад явах гэхэд тэр залуу нь Даваадорж ахыг гараараа хүзүүдээд авсан юм. Даваадорж ах өөрийг нь хүзүүдэж авсан залуугийн гарыг өөрөөсөө салгаад түлхэхэд Өлзийсайхан тэр өндөр махлаг залуу руу ойртож ирээд нүүр рүү нь гараараа нэг л удаа цохисон чинь тэр залуу хойшоо 2 алхам ухраад нүд харахгүй байна, нүд сохолчихлоо гэж байсан ба түүний зүүн нүднээс нь эхлээд цайвар шингэн зүйл урсаж байснаа араас нь бага зэрэг цус гарч байгаа харагдахаар нь бид нар цагдаа болон эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Тэгэхэд өөр зодоон нүдээн, хэрүүл маргаан огт болоогүй. Тэр нүд рүүгээ цохиулдаг хүнтэй өөр 2 залуу хамт явж байсан ба тэд нар хэрүүл маргаан, зодоонд ерөөсөө оролцоогүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 х/

 

            Гэрч Н.Дашдолгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Мөнхбаярын төрсөн эгч нь байгаа юм. Би яг юу болсныг нь мэдээгүй. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Мөнхбаяр над руу утсаар яриад нүдээ хүнд цохиулчихлаа гэж хэлээд л би Мөнхбаярыг хүнд цохиулсан талаар мэдсэн. ...Манай дүү 7 хүүхэдтэй айлын дундах хүүхэд. Багадаа Жаргалантын сангийн аж ахуй гэдэг газар эцэг эхийн гар дээр өссөн ба сургуулиа төгсөөд цэргийн алба хааж ирээд л хувиараа ажил төрөл хийж байсан. Мөнхбаяр хувиараа сийлбэрийн ажил хийж байгаад сүүлдээ барилгын ажил төрөл хийгээд явж байсан. Зан байдлынхаа хувьд манай дүү төлөв даруу, хүмүүстэй их нийтэч хүн байгаа юм. Манай дүү багаасаа л хүнтэй маргаад янз бүр болж байсан удаагүй. Яагаад ийм зүйл болсон талаар мэдэхгүй байна. Өөр ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 х/

 

Гэрч Ж.Алтан-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр намайг гэртээ байхад манай найз Батбаяр манайд ирээд бид юм ярьж байхад Мөнхбаяр утсаар яриад гэрт хүрээд ирээч ажил төрөл гарах юм шиг байна гэсэн юм. Тэгэхээр нь Батбаяр бид хоёр тэднийд яваад очиход Мөнхбаяр миний танихгүй нэг залуутай 0,5 литрийн 1 шил архи тавьсан сууж байсан ба бид юм ярингаа тэр архийг нь дөрөвүүлээ хувааж уучихаад байж байхад Мөнхбаяртай цуг байсан залуу ажил төрөл болвол яръя гэж хэлээд гараад явсан юм. Удалгүй Мөнхбаяр Батбаяр бид 3 гарч тамхи татаад зогсож байхад Мөнхбаярын машиныг нь нэг залуу авч ирж өгчихөөд яваад өгсөн, харин Мөнхбаяр машинтайгаа найз эмэгтэйгээ тосно гэхээр нь Батбаяр бид хоёр гудамж уруудаад зам дөхөөд бууя гэж бодоод машинд нь суугаад хөдлөөд явж байхад Мөнхбаяр гэнэт буцаад ухраад явсан ба хүнтэй уулзаадахъя гэж байсан. Тэгээд ухарч явсаар гудамжинд зогсож байсан микроавтобусны хажууд ирээд зогссон ба Мөнхбаяр машинаас буусан. Тухайн үед би Мөнхбаярыг буунгуут нь машиных нь хөгжмийг оролдож байхад гадаа чи, би гээд хэрэлдээд пир пар гээд явчихсан. Тэгэхээр нь би машинаас буугаад юу болсныг харахад Мөнхбаяр микроавтобусны хажууд зогсож байсан залуугийн хажууд зогсож байсан тэр залуу нь Мөнхбаяр руу чи яахаараа хүн цохидог юм гэж байсан, микроавтобусны хажуугаар арай нэг настай болов уу гэмээр ах гарч ирээд Мөнхбаяраас нөгөө залуугаа өмөөрөөд түүнтэй чи яахаараа манай дүүг цохидог юм гээд л маргаад эхэлсэн. Намайг тэр хүмүүсээс яасан бэ, юу болсон бэ гээд асуухын завдалгүй Мөнхбаярт цохиулсан гээд байгаа залуу нь Мөнхбаярын нүүр рүү гараараа нэг удаа цохьчихсон. Тэгсэн чинь л Мөнхбаярын зүүн нүднээс нь цустай цагаан юм урсаад ирсэн, бид нар сандраад цагдаа дуудсан. ...Мөнхбаяр бид нар дөрөвүүлээ 0,5 литрийн 1 шил л архи уусан байсан болохоор бараг согтоогүй байсан. Мөнхбаярыг цохисон залуу эрүүл л байх шиг байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 х/

 

Гэрч М.Шинэжилийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би хувиараа шугамын микроавтобусанд кондуктор хийдэг. …2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би микроавтобусныхаа жолооч Өлзийсайхан, миний зүс мэдэх Ханбүргэд, эхнэр Батчимэг нарын хамт микроавтобусаа янзлуулахаар Баянхошууны Жанцанд байдаг Даваадорж ахынд өдөр 14 цагийн орчим байх очсон. Бид нар Даваадорж ахынд очсон хойноо машинаа янзалж байгаад удаагүй би Даваадорж ахын гэрт нь орж гал түлээд, цай чанахаар орсон, харин Даваадорж ах, Өлзийсайхан, Батчимэг, Ханбүргэд нар гудамжинд машинаа янзлаад үлдсэн. Намайг Даваадорж ахынд орж гал түлж цай чаначихаад буцаад гудамжинд гараад ирэхэд Даваадорж ах, Батчимэг, Ханбүргэд, Өлзийсайхан нараас гадна тэдний ойролцоо нэг махлаг биетэй залуу нүдээ дараад доошоо суучихсан байсан ба түүний нүднээс уйланхай шиг нэг зэхэр зүйл унжсан байгаа харагдсан. Би одоо яг аль нүднээс нь гэдгийг нь санахгүй байна. Тэгээд л удалгүй эмнэлгийн түргэн тусламж, цагдаа хүрээд ирсэн. Би тухайн үед яг юу болсныг хараагүй. Намайг гараад ирэхэд л нэг тиймэрхүү байдалтай байсан. Сүүлд нь эхнэр Батчимэгээс юу болсон талаар асуухад тэр нүдээ дараад сууж байсан махлаг залуу эхлээд зүгээр байж байсан Өлзийсайханыг цохиж авснаас болоод Өлзийсайхан зөрүүлээд түүнийг цохисон гэж хэлж байсан. Тухайн үед Өлзийсайханы хамраас цус гарсан, ажлын бээлий нь бас цус болсон харагдаж байсан. Гэхдээ би өөрөө бол яг юу болсныг хараагүй, мэдээгүй. …Өлзийсайхан бид нар эрүүл байсан. Харин тэр цохиулсан гээд байгаа махлаг залуу бол нилээн халамцуу байдалтай харагдаж байсан. …Би гэрт байсан болохоор сайн мэдэхгүй, намайг гараад ирэхэд Ханбүргэд, Өлзийсайхан, Даваадорж ах, Батчимэг, тэр махлаг залуу мөн тэр махлаг залуутай 1-2 хүн хамт явж байгаа харагдсан. Дээрээс нь Даваадорж ахад автомашины сэлбэг зарсан хоёр ах ойролцоо зогсож байгаа харагдсан. Өөр хүн ажилагдаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 х/

 

            Гэрч Б.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би танил Тэгшээтэй хамт Даваадоржийнд өдөр 14-15 цагийн орчим л байх очоод Даваадоржийн таньдаг микроавтобустай залууд машины сэлбэг зарчихаад хажууханд нь зогсож байхад тэр микроавтобусны хажууд миний зүс мэдэх Мөнхбаяр гэх залуу машинтайгаа ухарч ирсэн, нилээн халамцуу байдалтай машинаасаа бууж ирээд микроавтобусны жолооч залууг гөлөгөө гээд нүүр рүү цохичих шиг болсон, тэр цохиулсан залуугийн хамраас цус гарсан чинь тэнд байсан Даваадорж цохиулсан залууг өмөөрөөд чи зүгээр байсан хүүхэд яаж байгаа юм, манай дүүг цохьчлоо гээд Мөнхбаяр руу уурласан чинь Мөнхбаяр агсамнаад байсан. Тэгсэн чинь л микроавтобусны жолооч залуу зөрүүлээд Мөнхбаярын нүүр рүү нэг удаа гараараа цохьсон юм. Тэгээд л Мөнхбаярын нүд нь сохорчихлоо гээд байсан. Тэнд өөр зүйл болоогүй. Мөнхбаяртай хоёр залуу хамт явсан. Харин Даваадоржтой хамт микроавтобусны жолооч, мөн миний танихгүй залуу харагдаж байсан, гэхдээ тэд энэ асуудалд оролцоогүй хараад л зогсож байсан. Миний хувьд тэр микроавтобусны залууг танихгүй. Мөнхбаярыг зүс мэдэх л төдий танина. Мөнхбаяр нилээн халамцуу байсан, харин микроавтобусанд юм хийж байсан хүмүүс нь архи уугаагүй, эрүүл байсан. …Ямар ч маргаан болоогүй байхад Мөнхбаяр гэх залуу машинаасаа бууж ирээд микроны жолоочийг цохиод авсан. Тэгээд Даваадорж өмөөрч байхад Мөнхбаярт цохиулсан залуу зөрүүлээд түүнийг цохисон. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 х/

 

            Гэрч Н.Ханбүргэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр намайг гэртээ байхад 14 цагийн орчим байх Өлзийсайхан микроавтобусны кондуктор хийгээд явдаг Шинээ, Чимгээ гэх эхнэр нөхөр хоёртой хамт над дээр ирээд машин янзлалцаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд бид дөрөв Баянхошууны Жанцанд байдаг Даваадорж ахынд очсон. Бид нар Даваадорж ахынд очоод Өлзийсайханы микроавтобусыг янзлаад зогсож байхад саарал өнгийн Гранд марк 2 машин гудамж өгсөөд Өлзийсайханы машинтай ойролцоо ирээд зогсох шиг болсон, би Өлзийсайханы автомашины цаад талд хөнгөнөөр бие засаж байгаад машиныг нь тойроод харахад Өлзийсайханы хамраас нь цус гарсан байдалтай зогсож байсан, харин түүний хажууд 30 гаруй насны махлаг биетэй өндөр залуу зогсож байсан. Тэгэхээр нь би тэр махлаг, өндөр биетэй залууг чи яаж байгаа юм бэ, яагаад зүгээр байгаа хүнийг цохиж байгаа юм гэхэд тэр залуу би сайн уу гэсэн шүү дээ гэсэн. Харин Өлзийсайхан надад энэ залуу намайг зүгээр байж байхад цохилоо гэж байсан. Тэр үед машины эсрэг талд юм хийж байсан Даваадорж ах машин тойроод ирсэн ба тэр махлаг, өндөр биетэй залуу Даваадорж ахад та 20,000-хон мянган төгрөгний ажил хийж байгаа юм уу гэхэд Даваадорж ах тэр залууд яадаг юм, чамд ямар хамаатай юм, чи яасан гэж дүүг маань цохиж байгаа юм гээд маргах янзтай байхад Өлзийсайхан Даваадорж ах, болон түүнийг цохисон залуутай ойролцоо зогсож байгаад тэр махлаг өндөр биетэй залууг нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон. Өлзийсайханыг тэр залууг цохиход нөгөө залуу нь нүүрээ дараад л доошоо суучихсан. Тэр хооронд Батчимэг цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд Өлзийсайханыг аваад явсан. Өөр зүйл болоогүй. …Тухайн үед Өлзийсайханд цохиулсан залуугийн сууж явсан машинаас түүний найзууд бололтой хоёр залуу гарч ирж байсан. Тэр залуучууд бүгд л халамцуу байдалтай байх шиг байсан. Өлзийсайхан бид нар ямар нэгэн согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, эрүүл байсан. …Би Өлзийсайхантай найзалж нөхөрлөөд 10 гаруй жил болж байна. Өлзийсайхан миний мэдэхээр хүний машин бариад нийтийн тээврийн шугаманд л явдаг ажил хийдэг, харин зан байдлынхаа хувьд бол даруухан, элдэв муу зуршилгүй л залуу.  …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 х/

 

            Гэрч П.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Өлзийсахайн миний төрсөн хүү, 4 хүүхэдтэй айлын хамгийн бага нь байгаа юм. Багадаа эцэг эх бидний гар дээр өссөн, сургуульдаа сайн сурдаг байсан. Манай хүү их цэвэрч цэмцгэр, дуу дуулах сонирхолтой, дуу цөөтэй, бага зэрэг аймхай хүүхэд байсан. Манай хүү одоо ч гэсэн төлөв даруу зантай, аймхай зан нь хэвээрээ байгаа. Өлзийсайхан 2005 онд Ариунаа гэх эмэгтэйтэй гэр бүл болоод дундаасаа нэг хүүхэдтэй, одоо хүүхэд нь 9 настай. Миний хувьд худлаа хэлэхгүй, хүү маань үнэхээр даруухан зантай хүүхэд байгаа юм, яагаад ийм хэрэгт холбогдсныг нь би мэдэхгүй ч хүү маань хүнийг зүгээр байхад яав ч цохиж зодох хүн биш. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/

 

          Шинжээчийн ¹668 дүгнэлт

          1.Мөнхбаяр-н биед зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, эвэрлэгийн шарх, болоргүйдэл, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимны хатингаршил, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          5.Зүүн нүдний хараагүйдэл гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 65% нөлөөлнө. Шинжээч эмч Б.Долгормаа /хх-ийн 39-40 х/

         

          Н.Мөнхбаярын зөрчлийн талаарх баримт /хх-ийн 13-15 х/

          Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16 х/

          Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17 х/

          Н.Мөнбаярын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 71 х/

          Б.Өлзийсайханы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 72 х/

          Б.Өлзийсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 х/

          Н.Мөнхбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 х/

          Эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /хх-ийн 77-79 х/

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-91 х/

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-93 х/ гэх зэрэг нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Өлзийсайхан нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжинд иргэн З.Даваадоржоор машинаа засварлуулж байхад үл таних Н.Мөнхбаяр нь согтуугаар ирж хүнтэй мэндлэхгүй юм уу гэхэд Өлзийсайхан би таныг танихгүй юм байна гэж хариу хэлэхэд гайхаад байна уу гээд түүний нүүрэн тус газар гараараа цохиж хамрын нь цусыг гоожуулсны улмаас Б.Өлзийсайхан түүн рүү очиж яахаараа хүн цохидог юм хэмээн маргалдаж түүнийг өөр лүү нь ухасхийхэд нүүрэн тус газар нь гараараа цохиж  бие махбодид нь зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, эвэрлэгийн шарх, болоргүйдэл, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимны хатингаршил, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжинд өөрийн автомашинаа иргэн З.Даваадоржоор засварлуулж байсан Б.Өлзийсайхан дээр ирээд хүнтэй мэндлэхгүй юм уу гэхэд Өлзийсайхан би таныг танихгүй юм байна гэж хэлэхэд гайхаад байна уу гээд үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохиж хамрын нь цусыг гоожуулж, улмаар машины хаалгаар ёврох зэргээр танхайрах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Өлзийсайханы: “…2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр надтай хамт кондуктор хийдэг Шинэжил болон Шинэжилийн эхнэр Батчимэг, миний найз Ханбүргэд нартай хамт Баянхошууны Жанцан орчим байдаг танил Даваадорж гэх ахынд очсон. Бид нарыг Даваадорж ахынд очиход 15 цаг орчим л болж байсан. Бид нар Даваадорж ахынд очоод тэдний хашааных нь гадаа машиндаа юм хийгээд зогсож байхад Гранд марк 2 маркийн автомашин гудамжны доороос ухарч ирээд манай микровтобусны хажууд ирээд зогссон ба уг машин жолоочийн талын цонхоор нь Мөнхбаяр гээд байгаа миний танихгүй залуу нь юу байна гэхээр нь тухайн үед тэр хүнийг намайг дуудаж байгаа юм байх гээд харсан боловч танихгүй болохоор гайхаад зогсож байхад Мөнхбаяр гэх залуу нь над руу гайхаад байна уу, пизда минь гэж хэлээд машинаасаа бууж над дээр ирээд дахин гайхаад байна уу гэснээ гараараа миний нүүр рүү  нилээн хүчтэй мангасдахад миний хамраас цус гараад цусаа бээлийгээрээ арчаад зогсож байхад Мөнхбаяр намайг орхиод миний хажууханд машины цаад талд нь байсан Даваадорж дээр очсноо энэ муу гөлөг юу юм гэхэд Даваадорж ах намайг өмөөрөөд Мөнхбаяртай муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэдэн рүү дөхөөд очсон ба Мөнхбаяр миний машины онгорхой байсан хаалгыг түлхээд намайг хаалгаар нудраад авсан. Энэ үед Даваадорж ах Мөнхбаяр руу чи яагаад зүгээр байгаа хүүхэд цохиж байгаа юм гэхэд Мөнхбаяр Даваадорж ахыг мөрөн дээгүүр нь гараа давуулаад хүзүүдээд авахад Даваадорж ах наад гараа ав гээд гарыг нь хүчтэй түлхэхэд Мөнхбаяр нь тэр хооронд над руу эргэж харснаа энэ муу гөлөг юу юм бэ гэж хэлээд над руу гараа далайхаар нь би тэр залууг намайг дахиад цохих нь гэж сандраад нүүр рүү нь гараараа нэг л удаа цохисон юм. Тэгээд Мөнхбаяр зүүн нүдээ дараад хойшоо алхаснаа гараа авахад Мөнхбаяр гэх хүний зүүн нүднээс нь саарал өнгийн зүйл бас цус гарч байгаа харагдсан. Тэр хүн намайг цохьчихоод зүгээр явахгүй, дахин хүн дээрэлхээд цохих гээд байхаар нь би түүнийг биеэ хамгаалаад …гараараа нэг удаа л  цохисон. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 х/

 

          Шүүгдэгч Н.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...намайг Өлзийсайхан эхэлж цохиогүй би нүүр лүү нь түлхсэнээс болж хамарнаас нь цус гарсан,...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч /хохирогч/ Н.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Доож /З.Даваадорж/ би чамтай ямар мэндлэх албатай юм уу гээд бид хоёр хоорондоо маргасан юм. Тухайн үед Доож ахтай намайг маргаж байхад Доожтой хамт зогсож байсан 170 орчим см өндөртэй, туранхайдуу биетэй, 27-28 орчим насны эрэгтэй Доожийг өмөөрөөд байгаа бололтой түүний урдуур ирэхээр нь би түүнийг чамд хамаагүй, мангар бацаан минь гээд түүний нүүр рүү мангасдаад түлхэхэд тэр залуу зөрүүлээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиход миний нүднээс хацар дагаад л юм урсахаар би нүдээ дараад доошоо суусан. Тэгээд л би нүдээ нээхээр зүүн нүд юу ч харахгүй байсан ба надтай цуг явсан манай найз Алтан-Очир машины хажууд зогсож байснаа намайг цохисон залууг чи яаж байна гээд гүйж ирээд миний нүдийг харчихаад Чиний нүдний цөцгий чинь, бас хар юм нь урсаад байна шүү дээ гээд цагдаа сэргийлэх болон манай ах, эгчийг дуудсан юм. Би тэндээсээ шууд эмнэлэг явсан. ...Миний зүүн нүдний цөцгий нь гоожоод хагалгаанд орсон боловч одоо юм харахгүй байгаа. Мөн зүүн нүдний ухархай яс нь цөмөрсөн байна гэсэн. Би дахин хагалгаанд орно. ...Миний зүүн нүд хэвийн байсан. Би тэр өдөр л цохиулаад ийм боллоо. ...Миний зүүн нүд юм харахгүй болсон, энэ нь сэтгэл санааны хувьд ч надад маш хүнд байна, нүд хос эрхтэн болохоор нэг нүд сохорхоор нөгөө нүдэндээ нөлөөлдөг гэсэн, тэгэхээр эмчилгээгээ сайн хийлгэх хэрэгтэй байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. ...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

           

Гэрч З.Даваадоржийн: “…миний танил Мөнхбаяр гэх залуу машинтайгаа гудамжны хойноос ухарч ирээд Өлзийсайханы микроавтобусанд бараг тулж ирээд зогссон юм. Тухайн үед би микроавтобусны нөгөө талд аппаратур тавиад зогсож байсан, харин Өлзийсайханы кондуктор хийдэг Батчимэг нь микроавтобусан дотор заалаа цэвэрлэж байснаа над руу Доожоо ахаа, Өлзийсайханыг цохичихлоо шүү дээ гэхээр нь би микроавтобус тойроод очиход Өлзийгийн хамраас цус гарсан бололтой хамраа бээлийтэй гараараа арчаад байж байсан би Мөнхбаярыг чи яагаад хүн цохиж байгаа юм, наадах чинь манай дүү шүү дээ гэхэд Мөнхбаяр та мэндлээд байхад чинь яагаад дуугардаггүй юм, би тантай 2 ч удаа мэндэлсэн гэж байсан. Би тэгэхэд нь би түүнийг чи яах гээд байгаа юм лай болов оо, чи бид хоёр зүгээр л хөрш улс, илүү дутуу зодоон хэрэггүй гэхэд Мөнхбаяр Доожоо ахаа та том болчижээ гэж хэлээд миний мөрөн дээр гараа тавихаар нь би түүнийг гараа ав гээд гарыг нь цааш түлхэхэд Өлзийсайхан хажуугаар орж ирээд Мөнхбаярын зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохиход Мөнхбаярын зүүн нүднээс нь цагаан зүйл гоожоод байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Б.Батбаярын: “…Мөнхбаяр Алтан-Очир бид гурав Мөнхбаярын машинд суугаад юм ярьж байхад Мөнхбаяр өөрөө машинаа бариад хойшоо ухарч тэдний хойд талд гудамжинд зогсож байсан микроавтобусны хажууд ирсэн юм. ...Мөнхбаяр машинаасаа буусан хойноо микроавтобусанд юм хийж байсан залууг цээж рүү эсвэл, нүүр рүү түлхчих шиг болсон юм, яг хаашаа нь түлхсэнийг анзаараагүй ба Алтан-Очир бид хоёр тэр хооронд нь машинаасаа буухад Мөнхбаярын эхлээд мэндлээд байсан 40 гаруй насны ах нөгөө залуугаа Мөнхбаяраас өмөөрөөд Мөнхбаяр руу чи тэгж болохгүй гэсэн зүйл яриад Мөнхбаяр ч гэсэн та бид нэг гудамжных гэсэн зүйл яриад маргаж байхад эхлээд Мөнхбаярын түлхсэн залуу нь Мөнхбаярын нүүр рүү гараараа нэг удаа л пад гээд цохисон юм. Мөнхбаяр тэр залууд цохиулчихаад зүүн нүд нь нуухтсан юм шиг харагдаж байснаа цагаан зүйл нүднээс нь урсчихсан юм. Тэгээд тэнд байсан хүмүүс цагдаа сэргийлэх дуудах юм болоод явчихсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 х/

 

Гэрч Б.Батжаргалын:“… Тухайн үед Даваадорж гарч ирээд Өлзийсайханы машиныг ухаад Өлзийсайхан ч гэсэн машиндаа юм хийж байхад гудамжны үзүүрээс хар өнгийн Гранд марк 2 машин сигналдаад ухарч явсаар байгаад Өлзийгийн машины хажууд ирж зогссон юм. Тэр өдөр их салхитай байсан ба Өлзийгийн машины хажууд ирж зогссон Гранд марк 2 машины цонх нь онгойход манай гудамжны Мөнхбаяр гэх залуу машинаа барьж явсан. Мөнхбаяр цонхоороо нэг юм л хэлээд байгаа бололтой байсан салхитай байсан болохоор түүний юу гээд байгаа нь сонсогдохгүй байсан. Энэ үед Өлзий Мөнхбаяр руу та хэнтэй яриад байгаа юм бэ гэсэн чинь Мөнхбаяр машинаасаа бууж ирсэн ба нилээд халамцуу харагдаж байсан, тэгээд Өлзий рүү дөхөж очсноо юм ярилгүй л Өлзийгийн нүүр рүү эгц урдаас нь алгаараа нилээн хүчтэй нэг удаа цохисон юм. Тэгэхэд Өлзийгийн хамраас нь цус гараад Мөнхбаярт та намайг яаж байгаа юм гэхэд Мөнхбаяр Өлзийд би чамайг танихгүй юм байна гээд зогсож байхад Өлзийгийн машины нөгөө талд юм хийж байсан Даваадорж гарч ирээд Мөнхбаярт чи манай дүүг яагаад цохиж байгаа юм гэхэд Мөнхбаяр агсамнах маягтай Даваадоржтой ярьж байсан. Тухайн үед Мөнхбаярын сууж явсан машинаас 2 залуу бууж ирж байсан, Өлзийгийн машинаас ч гэсэн 2 залуу бууж ирсэн. Тэгээд Мөнхбаяр та нар хэзээ ийм болчихсон юм, чамайг дахиад цохисон ч яадаг юм гээд Өлзий рүү хандаж хэлэхэд Өлзий Мөнхбаярыг тэгвэл би чамайг цохьчихьё гэж хэлээд нүүр рүү гараараа нэг удаа цохисон чинь Мөнхбаярын зүүн нүднээс нь бага зэрэг цус гарснаа араас нь зүүн нүдэн дээр нь нэг цагаан бөөрөнхий зүйл гарч ирснээ хацраа дагаад нүднээс нь цагаан зүйл урссан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 х/

 

            Гэрч Б.Батчимэгийн: “…Өлзийсайхан тэр машиныг хажууд нь зогсоход гайхаад харж байхад уг машинаас 40 нас дөхөж байгаа бололтой өндөр махлаг биетэй халамцуу залуу жолоочийн талын суудлаас бууж ирээд Өлзийсайхан руу хүнтэй мэндлэхгүй юм уу гэхэд Өлзийсайхан би таныг танихгүй юм байна гэхэд тэр залуу гайхаад байна уу гэж хэлээд алгаараа Өлзийсайханы нүүр рүү эгц урдаас нь цохиод авахад Өлзийсайханы хамраас цус гарч байгаа харагдсан. Тэгэхээр нь би машины нөгөө талд юм хийж байсан Даваадорж ахад Даваадорж ахаа, Өлзийсайханыг цохичихлоо гэж хэлсэн ба Өлзийсайхан нь ч цохиулчихаад машин тойроод Даваадорж ахын хажууд ирэхэд Өлзийсайханыг цохисон залуу нь түүнийг дагаад машины нөгөө талд гарч ирээд Даваадорж ахыг хараад та 20-30 цаасны л ажил хийж байна уу, та хэзээ ийм болчихсон юм гэхэд Даваадорж ах түүнд яадаг юм би дүүгийнхээ юмыг хийж өгч байна, чи яасан гэж манай дүүг цохиж байгаа юм, чи битгий гай болох гээд байгаарай гэж байсан. Тэгэхэд Өлзийсайхан нь машиныхаа онгорхой хаалганы хажууд цус гарсан хамраа арчаад зогсож байсан ба Өлзийсайханыг цохисон залуу машины хаалгыг түлхэж хаалгаар Өлзийсайханыг нудраад авсан ба Даваадорж ах уурлаад тэр залууг явуулах гээд дагуулаад явах гэхэд тэр залуу нь Даваадорж ахыг гараараа хүзүүдээд авсан юм. Даваадорж ах өөрийг нь хүзүүдэж авсан залуугийн гарыг өөрөөсөө салгаад түлхэхэд Өлзийсайхан тэр өндөр махлаг залуу руу ойртож ирээд нүүр рүү нь гараараа нэг л удаа цохисон чинь тэр залуу хойшоо 2 алхам ухраад нүд харахгүй байна, нүд сохолчихлоо гэж байсан ба түүний зүүн нүднээс нь эхлээд цайвар шингэн зүйл урсаж байснаа араас нь бага зэрэг цус гарч байгаа харагдахаар нь бид нар цагдаа болон эмнэлгийн түргэн тусламж дуудсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 х/

 

Гэрч Ж.Алтан-Очирын: “…Тухайн үед би Мөнхбаярыг буунгуут нь машиных нь хөгжмийг оролдож байхад гадаа чи, би гээд хэрэлдээд пир пар гээд явчихсан. Тэгэхээр нь би машинаас буугаад юу болсныг харахад Мөнхбаяр микроавтобусны хажууд зогсож байсан залуугийн хажууд зогсож байсан тэр залуу нь Мөнхбаяр руу чи яахаараа хүн цохидог юм гэж байсан, микроавтобусны хажуугаар арай нэг настай болов уу гэмээр ах гарч ирээд Мөнхбаяраас нөгөө залуугаа өмөөрөөд түүнтэй чи яахаараа манай дүүг цохидог юм гээд л маргаад эхэлсэн. Намайг тэр хүмүүсээс яасан бэ, юу болсон бэ гээд асуухын завдалгүй Мөнхбаярт цохиулсан гээд байгаа залуу нь Мөнхбаярын нүүр рүү гараараа нэг удаа цохьчихсон. Тэгсэн чинь л Мөнхбаярын зүүн нүднээс нь цустай цагаан юм урсаад ирсэн, бид нар сандраад цагдаа дуудсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 х/

 

            Гэрч Б.Мягмардоржийн: “…2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би танил Тэгшээтэй хамт Даваадоржийнд өдөр 14-15 цагийн орчим л байх очоод Даваадоржийн таньдаг микроавтобустай залууд машины сэлбэг зарчихаад хажууханд нь зогсож байхад тэр микроавтобусны хажууд миний зүс мэдэх Мөнхбаяр гэх залуу машинтайгаа ухарч ирсэн, нилээн халамцуу байдалтай машинаасаа бууж ирээд микроавтобусны жолооч залууг гөлөгөө гээд нүүр рүү цохичих шиг болсон, тэр цохиулсан залуугийн хамраас цус гарсан чинь тэнд байсан Даваадорж цохиулсан залууг өмөөрөөд чи зүгээр байсан хүүхэд яаж байгаа юм, манай дүүг цохьчлоо гээд Мөнхбаяр руу уурласан чинь Мөнхбаяр агсамнаад байсан. Тэгсэн чинь л микроавтобусны жолооч залуу зөрүүлээд Мөнхбаярын нүүр рүү нэг удаа гараараа цохьсон юм. Тэгээд л Мөнхбаярын нүд нь сохорчихлоо гээд байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 х/

 

            Гэрч Н.Ханбүргэдийн: “…Бид нар Даваадорж ахынд очоод Өлзийсайханы микроавтобусыг янзлаад зогсож байхад саарал өнгийн Гранд марк 2 машин гудамж өгсөөд Өлзийсайханы машинтай ойролцоо ирээд зогсох шиг болсон, би Өлзийсайханы автомашины цаад талд хөнгөнөөр бие засаж байгаад машиныг нь тойроод харахад Өлзийсайханы хамраас нь цус гарсан байдалтай зогсож байсан, харин түүний хажууд 30 гаруй насны махлаг биетэй өндөр залуу зогсож байсан. Тэгэхээр нь би тэр махлаг, өндөр биетэй залууг чи яаж байгаа юм бэ, яагаад зүгээр байгаа хүнийг цохиж байгаа юм гэхэд тэр залуу би сайн уу гэсэн шүү дээ гэсэн. Харин Өлзийсайхан надад энэ залуу намайг зүгээр байж байхад цохилоо гэж байсан. Тэр үед машины эсрэг талд юм хийж байсан Даваадорж ах машин тойроод ирсэн ба тэр махлаг, өндөр биетэй залуу Даваадорж ахад та 20,000-хон мянган төгрөгний ажил хийж байгаа юм уу гэхэд Даваадорж ах тэр залууд яадаг юм, чамд ямар хамаатай юм, чи яасан гэж дүүг маань цохиж байгаа юм гээд маргах янзтай байхад Өлзийсайхан Даваадорж ах, болон түүнийг цохисон залуутай ойролцоо зогсож байгаад тэр махлаг өндөр биетэй залууг нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон. Өлзийсайханыг тэр залууг цохиход нөгөө залуу нь нүүрээ дараад л доошоо суучихсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 х/

 

Шинжээчийн ¹668 дүгнэлт

            1.Мөнхбаяр-н биед зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, эвэрлэгийн шарх, болоргүйдэл, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимны хатингаршил, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 3.1.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4.Зүүн нүдний хараагүйдэл гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 65% нөлөөлнө. Шинжээч эмч Б.Долгормаа /хх-ийн 39-40 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

            Шүүгдэгч Н.Мөнхбаярын өмгөөлөгч Н.Цэрэндулам: Бусдын бие махбодид ямар нэг байдлаар гэмтэл учруулах, эсвэл эд хөрөнгөнд хохирол учруулсан байхыг танхайн гэмт хэрэг шаарддаг. Өлзийсайханы биед гэмтэл учраагүй, ямар нэг сэтгэл санааны хувьд дарамт шахалтад оруулаагүй. Нийгмийн хэв журмыг зөрчсөн, хүч хэрэглэсэн болон хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл байхгүй. Мөнхбаярын үйлдлээс бусдад хор уршиг учраагүй өөрөө хохирсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. Үүнд: Н.Мөнхбаяр нь архидан согтуурсан үедээ, урьд нь таниж мэдэхгүй Б.Өлзийсайхан дээр ирж улмаар үл ялих зүйлээр буюу өөдөөс нь харсан хүнийг гайхаад байна уу гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдын нүүрэн тус газар нь цохиж хамрын цусыг гоожуулсан үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьект болох хүний эрүүл  мэндэд халдсан,  ямар нэгэн онцлох учир шалтгаангүйгээр хүч хэрэглэн бусдын бие махбодид болон хувь хүний амгалан тайван, халдашгүй байх эрх чөлөөнд халдаж нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн нь тус гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжүүдийг бүрэн хангаж байгаа болно. Хохирогчид гэмтэл учраагүй, гэмтлийн зэрэг тогтоолгоогүй нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэх биш харин гэмтэл учирч, гэмтлийн зэрэг тогтоолгосон бол уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох учиртай. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

  Шүүгдэгч Б.Өлзийсайханы өмгөөлөгч С.Чулуунбаатар: Уг гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгдсэн. Б.Өлзийсайхан хохирогчийн хаана нь цохисноо болон ямар хор уршиг учрах боломжтойг мэдээгүй үйлдсэн тул хайхрамжгүй хандсан гэж үзэх боломжтой гэснийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй болно. Үүнд: Хэрэг гарсан нөхцөл байдлын талаар харж байсан гэрч нарын мэдүүлэг. Тухайлбал: Гэрч З.Даваадоржийн: “…Мөнхбаяр Доож ахаа та том болчихож ээ гэж хэлээд миний мөрөн дээр гараа тавихаар нь би түүнийг гараа ав гээд гарыг нь цааш түлхэхэд Өлзийсайхан хажуугаар орж ирээд Мөнхбаярын зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохиход Мөнхбаярын зүүн нүднээс нь цагаан зүйл гоожоод байсан. …”, гэрч Б.Батбаярын: “…Алтан-Очир бид хоёр тэр хооронд нь машинаасаа буухад Мөнхбаярын эхлээд мэндлээд байсан 40 гаруй насны ах нөгөө залуугаа Мөнхбаяраас өмөөрөөд Мөнхбаяр руу “чи тэгж болохгүй” гэсэн зүйл яриад Мөнхбаяр ч гэсэн “та бид нэг гудамжных” гэсэн зүйл яриад маргаж байхад эхлээд Мөнхбаярын түлхсэн залуу нь Мөнхбаярын нүүр рүү гараараа нэг удаа л “пад” гээд цохисон юм. Мөнхбаяр тэр залууд цохиулчихаад зүүн нүд нь нуухтсан юм шиг харагдаж байснаа цагаан зүйл нүднээс нь урсчихсан юм. …”, гэрч Б.Батжаргалын:“…Даваадорж гарч ирээд Мөнхбаярт “чи манай дүүг яагаад цохиж байгаа юм” гэхэд Мөнхбаяр агсамнах маягтай Даваадоржтой ярьж байсан. Тухайн үед Мөнхбаярын сууж явсан машинаас 2 залуу бууж ирж байсан, Өлзийгийн машинаас ч гэсэн 2 залуу бууж ирсэн. Тэгээд Мөнхбаяр “та нар хэзээ ийм болчихсон юм, чамайг дахиад цохисон ч яадаг юм” гээд Өлзий рүү хандаж хэлэхэд Өлзий Мөнхбаярыг “тэгвэл би чамайг цохьчихьё” гэж хэлээд нүүр рүү гараараа нэг удаа цохисон чинь Мөнхбаярын зүүн нүднээс нь бага зэрэг цус гарснаа араас нь зүүн нүдэн дээр нь нэг цагаан бөөрөнхий зүйл гарч ирснээ хацраа дагаад нүднээс нь цагаан зүйл урссан. …”, гэрч Б.Батчимэгийн: “… Даваадорж ах уурлаад тэр залууг явуулах гээд дагуулаад явах гэхэд тэр залуу нь Даваадорж ахыг гараараа хүзүүдээд авсан юм. Даваадорж ах өөрийг нь хүзүүдэж авсан залуугийн гарыг өөрөөсөө салгаад түлхэхэд Өлзийсайхан тэр өндөр махлаг залуу руу ойртож ирээд нүүр рүү нь гараараа нэг л удаа цохисон чинь тэр залуу хойшоо 2 алхам ухраад “нүд харахгүй байна, нүд сохолчихлоо” гэж байсан ба түүний зүүн нүднээс нь эхлээд цайвар шингэн зүйл урсаж байснаа араас нь бага зэрэг цус гарч байгаа харагдахаар нь бид нар цагдаа болон эмнэлгийн түргэн тусламж дуудсан. …”, гэрч Ж.Алтан-Очирын: “…Тухайн үед би Мөнхбаярыг буунгуут нь машиных нь хөгжмийг оролдож байхад гадаа “чи, би” гээд хэрэлдээд “пир пар” гээд явчихсан. Тэгэхээр нь би машинаас буугаад юу болсныг харахад Мөнхбаяр микроавтобусны хажууд зогсож байсан залуугийн хажууд зогсож байсан тэр залуу нь Мөнхбаяр руу чи яахаараа хүн цохидог юм гэж байсан, микроавтобусны хажуугаар арай нэг настай болов уу гэмээр ах гарч ирээд Мөнхбаяраас нөгөө залуугаа өмөөрөөд түүнтэй “чи яахаараа манай дүүг цохидог юм” гээд л маргаад эхэлсэн. Намайг тэр хүмүүсээс яасан бэ, юу болсон бэ гээд асуухын завдалгүй Мөнхбаярт цохиулсан гээд байгаа залуу нь Мөнхбаярын нүүр рүү гараараа нэг удаа цохьчихсон. Тэгсэн чинь л Мөнхбаярын зүүн нүднээс нь цустай цагаан юм урсаад ирсэн, бид нар сандраад цагдаа дуудсан. …” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мягмардоржийн: “…тэр цохиулсан залуугийн хамраас цус гарсан чинь тэнд байсан Даваадорж цохиулсан залууг өмөөрөөд “чи зүгээр байсан хүүхэд яаж байгаа юм, манай дүүг цохичихлоо” гээд Мөнхбаяр руу уурласан чинь Мөнхбаяр агсамнаад байсан. Тэгсэн чинь л микроавтобусны жолооч залуу зөрүүлээд Мөнхбаярын нүүр рүү нэг удаа гараараа цохисон юм. Тэгээд л Мөнхбаярын нүд нь сохорчихлоо гээд байсан. …” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Ханбүргэдийн: “…тэр махлаг, өндөр биетэй залуу Даваадорж ахад “та 20,000-хон мянган төгрөгний ажил хийж байгаа юм уу” гэхэд Даваадорж ах тэр залууд “яадаг юм, чамд ямар хамаатай юм, чи яасан гэж дүүг маань цохиж байгаа юм” гээд маргах янзтай байхад Өлзийсайхан Даваадорж ах, болон түүнийг цохисон залуутай ойролцоо зогсож байгаад тэр махлаг өндөр биетэй залууг нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон. Өлзийсайханыг тэр залууг цохиход нөгөө залуу нь нүүрээ дараад л доошоо суучихсан. …” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Өлзийсайхан нь эхэлж Н.Мөнхбаярт цохиулаад хамраас гоожсон цусаа цэвэрлэчихээд ирээд түүнтэй маргаан үүсгэж улмаар “тэгвэл би чамайг цохино” гэж хэлээд нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан нь санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогддог.

          Болгоомжгүй гэмт хэрэг нь гол төлөв ахуйн хүрээнд, мөн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор буюу техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын буруугаас ихэвчлэн үйлдэгддэг бол Б.Өлзийсайханы хүний нүд рүү шууд цохисон үйлдлийн улмаас дээрх хор уршиг учирсан нь шууд бус санаатай үйлдэгдсэн гэж үзэх бүрэн боломжтой. Учир нь Б.Өлзийсайхан өөрийн үйлдлээр учруулсан хүний нүд сохлох хор уршгийг хүсээгүй боловч түүний санаатай цохисон үйлдлийн улмаас уг хор уршиг учирсан байдаг.

 

Прокуророос хэргийг зөв зүйлчилж ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан  тул Талст овогт Баттулгын Өлзийсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Нямбазарын Мөнхбаярыг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Б.Өлзийсайхан урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан /хх-ийн 92-93 х/,

          Н.Мөнхбаяр нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /хх-ийн 90-91 х/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтайд тооцогдох хугацаа нь дууссан тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Б.Өлзийсайхан нь хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэхэд автсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.4, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Н.Мөнхбаярын үйлдэлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон.

 

          Б.Өлзийсайханыг гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн, урьд нь шүүхээр ял шийтгүүлсэн хэргийн ялтай байдал дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуульд заасан нөхцөл байдал үүссэн зэрэг шалтгаануудыг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Хохирогч Н.Мөнхбаярын эмчилгээний зардалд шүүгдэгч Б.Өлзийсайханы зүгээс 1,140,000 төгрөг төлсөн, Н.Мөнхбаяр нь урьд хийгдсэн эмчилгээтэй холбоотой зардлын зөрүү болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Б.Өлзийсайхан, Н.Мөнхбаяр нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Өлзийсайханы зүгээс хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэснийг тогтоолд дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бүхэлдээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон, ар хэсэгт 1х0.8 см урагдал болон хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон баруун гарын 1 ширхэг ажлын бээлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Талст овогт Баттулгын Өлзийсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Нямбазарын Мөнхбаярыг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийсайханыг 05 /таван/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар Н.Мөнхбаярыг 05 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  Б.Өлзийсайханы эдлэх 05 /таван/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Б.Өлзийсайхан, Н.Мөнхбаяр нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Н.Мөнхбаяр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Мөнхбаяр цаашид гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бүхэлдээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон, ар хэсэгт 1х0.8 см урагдал болон хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон баруун гарын 1 ширхэг ажлын бээлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.     

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Өлзийсайхан, Н.Мөнхбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг авч, тэдгээрийн эдлэх ялыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ

 

 

                                            ШҮҮГЧИД                           Б.БАТАА

 

 

                                                          Г.МӨНХЗУЛ