Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/00131

 

Ц.Бямбадоржийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06038 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1948 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Ц.Бямбадорж,

Хариуцагч : Б.Мөнхтэмүүлэн,

Нэхэмжлэлийн шаардлага : 12.999.999 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн төлөөлөгч С.Анхбаяр, нарийн бичгийн дарга  Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: 2014.9.24-ний өдөр Б.Мөнхтэмүүлэнтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн Хьюндай маркын 22-63 УНЛ улсын дугаартай ачааны автомашин, 21-93 ТЧ чиргүүлийг тус бүрийг нь 10 сая төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан, cap бүрийн 25-нд 1 сая төгрөг төлөхөөр тохиролцож автомашин болон чиргүүлийг өөртөө авсан. Энэ хугацаанд хариуцагч Б.Мөнхтэмүүлэнд 6,5 сая төгрөгийг гэрээний дагуу цувуулан төлсөн. Машины мотор нь эвдэрхий байсан тул засвар хийж, мөнгийг худалдагчаас шаардахад засвар хийхэд гарах  зардлыг 50, 50 хувиар тооцож төлөхөөр тохирсон. Моторын сэлбэг хэрэгсэл худалдан авахад 6.691.000 төгрөг, засварчинд 1.200.000 төгрөг, нийт 7.891.000 төгрөг зарцуулсан нь шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00825 дугаартай шийдвэрээр нотлогдон. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан Б.Мөнхтэмүүлэн нь шүүхэд надаас машины үнийн үлдэгдэл 13.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж улмаар тус шүүх миний төлсөн 6.500.000 төгрөг, мөн моторын засварт гарсан зардлыг 2 хувааж 3.345.000 төгрөгийг хасаж тооцон 10.154.000 төгрөгийг Б.Мөнхтэмүүлэнд төлөхөөр шийдвэрлэсэн. Гэрээний дагуу машин чиргүүл эзэмших эрхийг Б.Мөнхтэмүүлэн надад шилжүүлээгүй байсан ба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгдсөн чиргүүл, мөн машиныг хамтад нь битүүмжилсэн бөгөөд худалдагч  Б.Мөнхтэмүүлэн нь 2014.9.24-ний өдөр байгуулсан гэрээгээ цуцлахаар шийдвэрлэж улмаар 2016.5.18-ны өдөр гэрээ цуцлах тухай хэлцлүүдийг нотариатчаар баталгаажуулан байгуулсан. Гэтэл хариуцагч машин болон чиргүүлийн мөнгө, засварт зарцуулсан мөнгийг буцаан өгөлгүй хохирол учруулж байна. Хэрэв машиныг худалдан авахгүй байсан бол би 6.691.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэх  мөн  зардлыг хувиасаа гаргаж хүний машиныг засах шаардлагагүй байсан. Б.Мөнхтэмүүлэн мотор нь эвдэрхий машинаа надаар засуулж өнөөдөр ашиглах бүрэн боломжтой болмогц  буцаан авсан тул би хариуцагчаас засварт зарцуулсан 6.691.000 төгрөг, чиргүүлийн төлбөрт төлсөн 6.500.000 төгрөг, нийт 13.191.000 төгрөгийг  авах ёстой. Гэхдээ шүүхээс Б.Мөнхтэмүүлэнд 10.154.000 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул зөрүү 154.000 төгрөгийг мөн нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж нийт 12.999.999 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна. Иргэний хуульд худалдах, худалдан авах гэрээг цуцалсан бол талууд өмнөх байдалдаа эргэн очихоор зохицуулсан байх тул хариуцагч надаас авсан мөнгөө эргүүлэн төлөх үүрэгтэй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Мөнхтэмүүлэн нь 2014.9.24-ний өдөр Ц.Бямбадоржтой Хьюндай маркийн 22-63 УНЛ улсын дугаартай ачааны автомашин, 21-93 ТЧ цэнхэр өнгөтэй чиргүүлийг тус бүрийг нь 10 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж, cap бүрийн 25-нд 1 сая төгрөг төлж, 2015.7.24-ний өдөр төлбөрөө бүрэн төлж гэрээ дуусгавар болох байсан. Гэвч Ц.Бямбадорж эхний 3 сарын төлбөрөө төлөөд бусдыг нь төлөөгүй. Сүүлд 500.000 төгрөг өгсөн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  шүүх 2016 оны 102/ШШ2016/00825 дугаартай шийдвэрээр 10.331.922 төгрөгийг Ц.Бямбадоржоос гаргуулж Б.Мөнхтэмүүлэнд олгохоор болсон. Нэхэмжлэгч  машиныг 22 cap ашигласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас машиныг чиргүүлийн хамт Ц.Бямбадоржийг унаж явах нөхцөлтэй битүүмжилсэн. Гэтэл машины моторыг сольчихсон байсан тул Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл өгсөн. Ц.Бямбадорж 2016.5.18-нд шийдвэр гүйцэтгэгчийг байлцуулан уулзаж “...төлбөр барагдуулах мөнгө байхгүй тул машин, чиргүүлээ ав тэгээд тооцоогоо дуусгая...”  гэсэн ба би зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан. Ц.Бямбадорж нь тус машин, чиргүүлийг 22 cap хэрэглэхдээ маш их муутгаж эвдэлсэн байсан тул би хохирлоо  бүрэн авч чадаагүй. Ц.Бямбадорж нь өөрөө хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан атлаа одоо ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06038 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Б.Мөнхтэмүүлэнгээс 12.999.999 төгрөг гаргуулж Ц.Бямбадоржид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн  223.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Мөнхтэмүүлэнгээс 222.949 төгрөг гаргуулж Ц.Бямбадоржод олгох, нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 51 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Ц.Бямбадоржид олгохоор шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1948 дугаартай магадлал гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээ цуцлагдсантай холбоотой гэрээний төлбөрт төлсөн 12.999.999 төгрөг Б.Мөнхтэмүүлэнгээс гаргуулах тухай Ц.Бямбадоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Хариуцагч нь Ц.Бямбадоржоос автомашины урьдчилгаа хэлбэрээр авсан 6.500.000 төгрөг, биет байдлын доголдол буюу мотор зассан 6.691.000 төгрөгийг авсан  үйл баримтыг үгүйсгээгүй. Б.Мөнхтэмүүлэн нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгслээ буцаан авснаар гэрээний зүйлийн талаарх маргаан дуусгавар болсон. Гэтэл  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон магадлал нь Ц.Бямбадоржийг урьдчилгаанд төлсөн 6.500.000 төгрөг, засварын 6.691.000 төгрөгөөр хохирох нөхцөл байдлыг бүрдүүлж хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан. Б.Мөнхтэмүүлэн, Ц.Бямбадорж нарын хоорондох гэрээний маргааны улмаас Ц.Бямбадорж нь худалдан авахаар болсон тээврийн хэрэгслийг Б.Мөнхтэмүүлэнд буцаан егсен ба Б.Мөнхтэмүүлэн нь буцаан авсан тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолтой талаар маргаагүй үйл баримтыг мөн бодитой үнэлсэнгүй. Б.Мөнхтэмүүлэн нь худалдсан машинаа эргүүлэн авсны зэрэгцээ шударга бусаар Ц.Бямбадоржоос 13.191.000 төгрөгийг авах хууль бус боломжийг хариуцагчид бүрдүүлсэн  магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлав. Шийдвэрээр Ц.Бямбадоржоос 10.434.922 төгрөг гаргуулахаар шийдвэрлүүлсэн. Ц.Бямбадоржийн буцаан өгсөн машины үнэлгээ нь талуудын хоорондын тооцоог дуусгавар болгоход хангалттай хүрэлцсэн. Ц.Бямбадорж нь нэгэнт худалдан авах гэрээний зүйлээ буцаан өгсөн учир Б.Менхтэмүүлэнд урьдчилгаа хэлбэрээр өгсөн мөнгө болон худалдан авсан зүйлд оруулсан үлэмж хэмжээний засвар, үйлчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг хянан шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Давж заалдах гомдолд хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар болон шийдвэрт хангасан үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй талаар мараагүй байгааг хяналтын шатны шүүхээс анхаарч өгнө үү. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан урьдчилгааны мөнгө, засварт оруулсан зардлыг Ц.Бямбадорж нэхэмжлэх эрхгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бол Монгол Улсын иргэн Ц.Бямбадорж нь худалдан авах гэрээний улмаас 13.191.000 төгрөгөөр хохироож, энэ өрхийн аж амьдралд ихээхэн хүндрэл үүсэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Ц.Бямбадорж нь автомашины засварт зарцуулсан 6.691.000 төгрөг, чиргүүлийн төлбөрт төлсөн 6.500.000 төгрөгөөс 154.000 төгрөгийг хасаж үлдэх 12.999.999 төгрөгийг  Б.Мөнхтэмүүлэнгээс гаргуулахыг хүссэн байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 262, 264 дүгээр зүйлийг үндэслэл болгосон байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Баянгол, Хан-уул, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00825 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо зохигчид 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан гэж дүгнэн, Иргэний хуулийн 264, 205 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн Ц.Бямбадоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. 

Шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Давж заалдах шатны шүүх Ц.Бямбадоржийн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн эсхүл төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцно гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3-т тус тус заажээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3-т заасан аль үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00825 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүх “...төлбөр төлөгч, төлбөр авагч нар хоорондоо эвлэрсэн...” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00825 дугаар шийдвэрт заасан мөнгийг төлбөр төлөгч төлж дууссан баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэлийн үндэслэл болсон  2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнд  “...төлбөр төлөгч, төлбөр авагч нар хоорондоо эвлэрсэн...” агуулга байхгүй, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт /хх 22/ гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, Иргэний хуулийн 198-д нийцээгүй гэж үзлээ. 

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг  буруу тайлбарлан хэрэглэжээ. 

Б.Мөнхтэмүүлэн, Ц.Бямбадорж нарын хооронд HYUNDAI маркийн 22-63УНЛ улсын дугаартай автомашин, 21-93 ТЧ дугаартай чиргүүлийг нийт 20 сая төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа 2014 онд үүсэж, үүнтэй холбоотой Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн шүүх 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 102/ШШ2016/00825 дугаар шийдвэр гаргаж, Ц.Бямбадорж нь Б.Мөнхтэмүүлэнд 10.154.500 төгрөг төлөх болсон байна. Шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00825 дугаар шийдвэр гарснаар Б.Мөнхтэмүүлэн, Ц.Бямбадорж нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа дуусгавар болсон байхад шүүх талуудын хооронд 2014 онд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний  талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг  биелүүлэх зорилгоор  2016 оны 5 дугаар сарын  18-ны өдөр гэрээ байгуулсан... уг гэрээгээр  өмнө нь өгсөн авснаа буцаахаар тохиролцсон...” гэсэн агуулгатай тайлбар өгчээ.    

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх арга хэлбэрийн талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцох нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд харшлахгүй.

3. Ц.Бямбадоржийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсны эцэст нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06038 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1948 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 223.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 1000 төгрөг нийт 224.000 төгрөгийг захирамжаар буцаан олгосугай.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ