Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 1948

 

Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06038 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХд холбогдох

 

Гэрээ цуцлагдсантай холбоотой гэрээний төлбөрт төлсөн 12 999 999 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Х нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ХХтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн Хьюндай маркын 22-63 УНЛ улсын дугаартай ачааны автомашин, 21-93 ТЧ цэнхэр өнгөтэй чиргүүлийг тус бүрийг нь 10 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж худалдах, худалдан авах гэрээ байгуулан cap бүрийн 25-нд 1 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож автомашин болон чиргүүлийг өөртөө авсан. Энэ хугацаанд хариуцагч ХХд 6 500 000 төгрөгийг гэрээний дагуу цувуулан төлсөн. Миний бие нь автомашиныг анх авахад мотор нь эвдэрхий байсан тул засвар хийх шаардлагатай болж, засварын мөнгийг худалдагчаас шаардахад тавь тавин хувиар тооцож засвар хийхэд шаардлагатай зардлыг төлөхөөр тохирсон. Моторын сэлбэг хэрэгсэл худалдан авахад 6 691 000 төгрөг, засварчинд 1 200 000 төгрөг, нийт 7 891 000 төгрөг зарцуулж машиныг засаж ашиглахад бэлэн болгосон үйл баримт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00825 дугаартай шийдвэрээр нотлогдон тогтоогдсон. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ХХ нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч надаас машины үнийн үлдэгдэл 13 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж улмаар тус шүүх миний төлсөн 6 500 000 төгрөг, мөн моторын засварт гарсан зардлыг 2 хувааж 3 345 000 төгрөгийг хасаж тооцон 10 154 000 төгрөгийг ХХд төлөхөөр шийдвэрлэсэн. Гэрээний дагуу машин чиргүүлийн эзэмших эрхийг ХХ надад шилжүүлээгүй байсан ба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгдсөн чиргүүл, мөн машиныг хамтад нь битүүмжилсэн бөгөөд худалдагч тал ХХ нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээгээ цуцлахаар шийдвэрлэж улмаар 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрээ цуцлах тухай хэлцлүүдийг нотариатчаар баталгаажуулан байгуулсан. Энэ хэлцлийг байгуулснаар бидний хооронд байгуулсан машин болон чиргүүл худалдан авах гэрээ цуцлагдаж бид гэрээ байгуулахаас өмнөх байдлаа харилцан шилжүүлсэн зүйлсээ буцаан авах хууль зүйн үр дагавар үүссэн.

Гэтэл хариуцагч нь машин болон чиргүүлийн мөнгө, засварт зарцуулсан мөнгийг буцаан өгөлгүй хохирол учруулж байна. Хэрэв машиныг худалдан авахгүй байсан бол миний бие 6 691 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэх шаардлагагүй байсан бөгөөд гэрээ байгуулсан тул дээрх зардлыг хувиасаа гаргаж хүний машиныг засахгүй байсан. ХХ мотор нь эвдэрхий машинаа надаар засуулж өнөөдөр ашиглах бүрэн боломжтой болмогц миний эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан буцаан авсан тул би хариуцагчаас засварт зарцуулсан 6 691 000 төгрөг, чиргүүлийн төлбөрт төлсөн 6 500 000 төгрөг, нийт 13 191 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах ёстой. Гэхдээ шүүхээс ХХд 10 154 000 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул зөрүү 154 000 төгрөгийг мөн нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж нийт 12 999 999 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар нэхэмжилж байна. Иргэний хуульд худалдах, худалдан авах гэрээг цуцалсан бол талууд өмнөх байдалдаа эргэн очихоор зохицуулсан байх тул хариуцагч надаас авсан мөнгөө эргүүлэн төлөх үүрэгтэй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХын тайлбарт: ХХ нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хтой Хьюндай маркийн 22-63 УНЛ улсын дугаартай ачааны автомашин, 21-93 ТЧ цэнхэр өнгөтэй чиргүүлийг тус бүрийг нь 10 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж, cap бүрийн 25-нд 1 000 000 төгрөг төлж, 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлбөрөө бүрэн төлж гэрээ дуусгавар болох байсан. Гэвч Х эхний 3 сарын төлбөрөө төлөөд алга болсон. Сүүлд 500 000 төгрөг авсан. Ингээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00825 дугаартай шийдвэрээр 10 331 922 төгрөгийг Хоос гаргуулж ХХд олгохоор болсон. Энэ машиныг 22 cap тасралтгүй ашигласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас машиныг чиргүүлийн хамт Хийг унаж явах нөхцөлтэй битүүмжилсэн. Гэтэл машины моторыг сольчихсон байсан тул Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл өгсөн. Х 2016 оны 5 дугаар сарын 18-нд шийдвэр гүйцэтгэгчийг байлцуулан надтай уулзаж төлбөрийг барагдуулах мөнгө байхгүй тул машин, чиргүүлээ ав тэгээд тооцоогоо дуусгая гэсэн ба би зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан.

Х нь тус машин, чиргүүлийг 22 cap хэрэглэхдээ маш их муутгаж эвдэлсэн байсан тул хохирлоо би бүрэн авч чадаагүй. Х нь өөрөө хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан атлаа одоо ийм нэхэмжпэл гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ХХгээс 12 999 999 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХгээс 222 949 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ход олгох, нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 51 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Хид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХ давж заалдах гомдолд: Давж заалдах шатны шүүхээс доорх бодит нөхцел байдлуудыг харгалзан үзэж хариуцагч ХХ надад холбогдсон нэхэмжлэлийн шаардлагыг дахин хэлэлцэж магадлал гаргаж егөхийг хүсье. Үүнд:

Хариуцагч ХХ би, иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХыг биечлэн оролцуулах хүсэлтэй байсан боловч анхан шатны шүүх хуралдаан болох хурлын товыг мэдэгдээгүй байсан. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн шүүх хурал болох өдөр эмнэлэгт боолт хийлгэж байсан. Шүүх хуралдаан болохоос 10 минутын өмнө Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарын бичгийн дарга залгаж одоо 10 минутын дараа шүүх хурал болох гэж байна гэж утасаар мэдэгдсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ тэр даруй шүүх дээр очиход шүүх хуралдааны нарын бичгийн дарга шүүх хурал эхэлсэн таныг шүүх хуралд оруулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Хэргийн материал танилцуулсан хуудсан дээр гарын үсэг зурсан байгаа харин мэдэгдэх хуудсан дээр ХХХ нь гарын үсэг зураагүй байгаа. Энэ нь хавтаст хэргийн материалаар батлагдаж байгааг анхаарна уу.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хөл нь хугарсан бэртэлтэй байсан тиймээс эмнэлгийн байгууллагаар эмчилүүлж байсан нь эмчийн дүгнэлт, эмнэлгийн магдалгаа, томографын зургаар тогтоогдож байгаа хүндэтгэн үзэх шалтгааныг анхааран авч үзнэ үү.

Харуцагч ХХ миний бие нь Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00825 дугаартай шийдвэрээр надад 10 331 922 төгрөгийг Хоос гаргуулахаар болсон. Миний машиныг 22 cap тасралтгүй ашигласан машинд их элдэгдэл орсон муудсан байсан. Засвар хийсэн моторыг Х нь сольсон мөн Х машины моторт 6 691  000 төгрөгний засвар үйлчилгээ хийсэн байсан иймд би засврын зардлыг 2 хувааж 3 345 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж шийдвэрлүүлсэн, харин энэ хасаж тооцсон 3 345 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх нь бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгтэй нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Х нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсантай холбоотой гэрээний төлбөрт төлсөн 12 999 999 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ХХ эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "Автомашин зээлээр худалдах, худалдан авах” гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр уг гэрээг   цуцлах тухай гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь 2 дахь гэрээг үндэслэн хариуцагчаас автомашины төлбөрт өгсөн 6 500 000 төгрөг, засварын зардал 6 691 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь  хуулийн үндэслэл муутай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Зохигчид 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "Автомашин зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, хариуцагч ХХгийн өмчлөлийн HYUNDAI маркийн 22-63 УНЛ улсын дугаартай ачааны автомашин, 21-93 ТЧ улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүлийг нэхэмжлэгч Х тус бүрийг 10 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон байна.

 

Гэрээний тал болох худалдагч ХХ автомашины үнийн үлдэгдэл 13 500 000 төгрөгийг худалдан авагч Хоос гаргуулахаар нэхэмжилсэн ба автомашин, чиргүүлийн үнэд Х 6 500 000 төгрөг ХХд төлсөн, гэрээний зүйл болох автомашин чанарын догодолтой байсан учраас засварын зардалд худалдан авагчаас 6 691 000 төгрөгийн зардал гарсан нь  тогтоогдсон учраас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00825 дугаар шийдвэрээр Хоос 10 154 500 төгрөгийг гаргуулж ХХд олгохоор шийдвэрлэжээ.

 

Энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх хугацаанд төлбөр төлөгч Х нь ХХХХнд хандаж “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00825 дугаар шийдвэрээр ХХд төлөх 10 434 922 төгрөгийн төлбөрт 22-63 УНЛ улсын дугаартай HYUNDAI маркийн 1995 зүтгүүр, 21-93 ТЧ улсын дугаартай 19980 чиргүүлийн хамт хүлээлгэн өгсөн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг  хааж, дуусгавар болгон архивт шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх уг хүсэлтийг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 16/515 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх бөгөөд дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүргийн хүрээнд маргаан бүхий автомашиныг төлбөрт тооцон төлбөр авагч буюу энэ хэргийн хариуцагч ХХд шилжүүлэн өгч, талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан "Автомашин зээлээр худалдах, худалдан авах” гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэстэй байна.  

 

Нэхэмжлэгч Х нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ цуцлах тухай хэлцлийг үндэслэж өгсөн, авсан зүйлээ харилцан буцаана гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч уг хэлцлээс үзэхэд гэрээ цуцлагдсанаар талууд гэрээний дагуу өгч авалцсан зүйлээ харилцан буцаахаар тохиролцсон гэх агуулга харагдахгүй байна. Харин ХХХХнд нэхэмжлэгч Хийн гаргасан өргөдөл бүхий хүсэлтээс харахад өмнөх шүүхийн шийдвэрээр төлөгдөх 10 331 992 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны зардал 100 000 төгрөг нийт 10 434 922 төгрөгийн төлбөрт маргаан бүхий автомашиныг шилжүүлэн өгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон, энэ үндэслэлээр  2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ цуцлах тухай гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

          Иймд дээр дурьдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээ цуцлагдсантай холбоотой гэрээний төлбөрт төлсөн 12 999 999 төгрөг хариуцагч ХХгээс гаргуулах тухай нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                          Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    А.МӨНХЗУЛ