Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 28

 

“Б а” ХХК-ийн гомдолтой, СБД-ийн ТХ-ийн

Татварын улсын байцаагч М.Г, Б.Н нарт

холбогдох зөрчлийн хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                         Б.Мөнхтуяа
                                               П.Соёл-Эрдэнэ
                                               Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:                Г.Банзрагч

      Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 133,510,344,63 төгрөгийн зөрчилд оногдуулсан 23,782,778,70 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийн төлбөрөөс 1,187,808 төгрөгийн зөрчилд ногдох 178,527,70 төгрөгийн төлбөрийг бууруулж, 23,604,251 төгрөгийн төлбөр төлүүлсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0589 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2019/0612 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, М.Н, хариуцагч М.Г, Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулж,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Г, Б.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0589 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 45 дугаар зүйлийн 45.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай / 2006 оны / хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Б а” ХХК-ийн гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 133,510,344,63 төгрөгийн зөрчилд оногдуулсан 23,782,778,70 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийн төлбөрөөс 1,187,808 төгрөгийн зөрчилд ногдох 178,527,70 төгрөгийн төлбөрийг бууруулж, 23,604,251 төгрөгийн төлбөр төлүүлсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 612 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0589 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан “Б а” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 252201767 тоот шийтгэлийн хуудасны “133,510,344.63 төгрөгийн зөрчилд оногдуулсан 23,782,778.70 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийн төлбөрөөс 1,187,808 төгрөгийн зөрчилд ногдох 178,527.70 төгрөгийн төлбөрийг бууруулж, 23,604,251 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, “Б а” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “Б а” ХХК—ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч М.Г, Б.Н нарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 612 дугаартай магадлал гаргасан. Дээрх шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Магадлалын хянавал хэсэгт: "Б а” ХХК нь 2012, 2013 онд 131,134,727.73 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр хийсэн хэмээн хуурамч бичилттэй падаанаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчлөө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулан шинэчлэн мэдүүлсэн байна. Гэтэл маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “...худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үнэ хэсэгт тусгаж татвар ногдох орлого бууруулсан гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл тус татвар төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “худалдан авагч бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан тул нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр худалдан авалт хийсэн болохоо нотлох нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох бүртгэл зэрэг санхүүгийн баримтаар гүйлгээ гарсан нь нотлогдоогүйгээр төсөвт төлөх албан татвараас хасалт хийсэн тул зөрчилд тооцож хариуцлага ногдуулсан.

5. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-д “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заасан.” Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, 41.4-д “төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл” чөлөөлөгдөх талаар заасан ба төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагддаггүй болно.

6. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 612 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0589 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.“Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд..., нуун дарагдуулсан ... хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын ... тайланд тусгаж, шинээр тайлагнасан, ... байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1.“Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд ... санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, ... доор дурдсан..., албан татвар, ... төлөөгүй,... -н улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” 4.1.1.“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, 3 дугаар зүйлийн 3.1.“Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож ... тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна”, 5 дугаар зүйлийн 5.1.“Албан татвар ногдох орлого, ... -ыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, ... тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, ... -д сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” хэмээн тус тус заажээ.

9. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, татвар төлөгч нь хуульд заасан хугацаа /2015.04.01/-аас өмнө олсон буюу нуун дарагдуулсан орлогоо ил болгож, хуульд заасан хугацаанд /2016.02.20-ыг дуустал/ сайн дураар тайлагнасан бол хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхөөр байна.

10. Энэхүү Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу зөрчилд холбогдогч “Б а” ХХК нь 2012, 2013 онд 131,134,727.73 төгрөгийн хий бичилттэй падаан ашиглан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлөө хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр шинээр мэдүүлсэн, энэ талаар хариуцагч маргаагүй.

11. Гэтэл хариуцагч нар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Б а” ХХК нь “...хий бичилтийг орлоготойгоо хамт  тайлагнасан нь буруу /5 ширхэг нэмэгдсэн өртгийн падааны дүнг зааврын дагуу тайлангийн маягтын 48 дугаар мөрөнд тавих ёстой байсан/ тул Эдийн засгийн илт тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан гэж үзэхгүй, иймд тус компани нь худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үнэ” хэсэгт тусгаж татвар ногдох орлого буруулсан зөрчил гаргасан” гэж үзэн шийтгэл ногдуулсан нь хууль бус талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12. Тодруулбал, хариуцагч нарын зүгээс “Б а” ХХК-ийг “зарлага буюу худалдан авалтаа орлого мэтээр тайлагнасан нь буруу” гэж маргаж байгаа ч тухайн татвар төлөгч нь “татвар ногдуулах орлогыг бууруулсан” зөрчлөө ил тод болгож, орлого гэсэн хэсэгт мэдүүлсэн, ийнхүү мэдүүлснээр тус компанийн хувьд татварын буцаалт, эсхүл илүү төлөлт үүсээгүйгээс гадна “буруу тайлагнасан бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдахгүй” гэх хууль зүйн үндэслэл байхгүй, иймд “...шинээр гаргасан тайланг батлагдсан маягт, зааврын дагуу гаргаагүйгээс нэхэмжлэгч /гомдол гаргагч/ хуулийн этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хий бичилттэй падааны дүнгээр буюу 131,134,727.73 төгрөгийг ил тодоор тайлагнасан гэж үзэхгүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

13. Хариуцагч нараас “Б а” ХХК-ийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдахгүй гэж үзэж шийтгэл ногдуулсан, гэвч энэ нь дээр дурдсан үндэслэлээр үгүйсгэгдэж байгаа, өөрөөр хэлбэл уг хуульд хамрагдах учир мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно” гэсний дагуу маргаан бүхий акт хууль бус, иймээс “...тус татвар төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-ийг зөрчсөн” гэсэн утгатай хариуцагч нарын хяналтын гомдол /Тодорхойлох хэсгийн 4/ үндэслэлгүй юм.

14. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 612 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ