Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0612

 

2019 оны 11 сарын 28 өдөр           Дугаар 221/МА2019/0612                          Улаанбаатар хот

“Б а” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн төлөөлөгч Т.Алтанцэцэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, өмгөөлөгч Г.Б, харуицагч М.Г, Б.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0589 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн давж заалдах гомдлын дагуу “Б а” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Г, Б.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0589 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 45 дугаар зүйлийн 45.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай / 2006 оны / хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Б а” ХХК-ийн гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 133,510,344,63 төгрөгийн зөрчилд оногдуулсан 23,782,778,70 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийн төлбөрөөс 1,187,808 төгрөгийн зөрчилд ногдох 178,527,70 төгрөгийн төлбөрийг бууруулж, 23,604,251 төгрөгийн төлбөр төлүүлсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

“Б а” ХХК давж заалдах гомдолдоо: “... дээрх хий бичилттэй 5 падааныг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд сайн дураараа тайлагнаж Сангийн яам, холбогдох татварын байгууллагад 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр цахимаар илгээн баталгаажуулсан байтал татварын байцаагч нар татвар төлөгч миний хуулиар эдэлсэн эрхийг маань үгүйсгэж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг зөрчсөн.

Гэтэл анхан шатны шүүх нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж, манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд ... санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол ... доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасан байна. Тодруулбал, энэхүү хуулийн гол шаардлага нь “... ил тод болгон, үнэн зөв, шударгаар санхүү, татварын тайланд тусгаж, шинээр тайлагнасан” байхыг шаардсан.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайландаа 706,986,348 төгрөгийг нийт борлуулалтын орлогоор тайлагнан, өмнө нь тайлагнасан зардал болон худалдан авалтаа залруулахгүйгээр нэмж мэдүүлсэн ... болох нь тогтоогдож байх” гэж тодруулбал, өмнө нь тайлагнасан 5 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой худалдан авалтыг шинээр тайлагнасан болохыг тогтоож дүгнэсэн.

Шинээр тайлагнасан болохыг тогтоосон хэрнээ “шинээр гаргасан тайланг батлагдсан маягт, зааврын дагуу гаргаагүйгээс нэхэмжлэгч хуулийн этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хий бичилттэй падааны дүнгээр буюу 131,134,727.73 төгрөгийг ил тодоор тайлагнасан гэж үзэхээргүй байна” гээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг зөрчиж байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Сангийн яамнаас Татварын ерөнхий газарт 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4-2/5772 тоотоор явуулсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх талаар чиглэл өгөх тухай албан тоотод: “Татварын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болох аливаа үйлдэл, үүний дотор падааны хуурамч бичилт, хуурамч зардлын мэдээлэл болон суутган татвар зэрэг аливаа хэлбэрээр нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил болгон мэдүүлэх замаар татвар төлөгчийн зөв бүртгэлийг бий болгох нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилго орших юм” гэж зардал болон худалдан авалт ч мөн энэ хуульд хамрагдахыг тодорхой зааснаас гадна тухайн үед хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Татварын ерөнхий газраас ажиллуулж байсан цахим асуулт хариултын сайтад татвар төлөгч 122.201.27.34 гэсэн IP хэрэглэгчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16:50:51 цагт зардал, худалдан авалтыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулинд яаж хамруулж хэрхэн тайлагнах талаарх асуултад Татварын ерөнхий газрын I00002 IP дугаараас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09:32:16 цагт “Энэ хуулийн хүрээнд нэмж мэдүүлж байгаа орлогыг олохтой холбогдон гарсан зардлуудыг үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны зардлын үндсэн ангилалтай уялдуулан ЭЗИТБТ-02 ААНОАТ-ын тайлан маягтын “Борлуулсан бүтээгдэхүүний өртөг”, “Удирдлагын болон борлуулалтын үйл ажиллагааны зардал”, “Үндсэн бус үйл ажиллагааны зардал” гэсэн 3 бүлэг дүнгээр 18, 19, 20 дугаар мөрүүдэд тусган” гэж тодорхой хариулж байсан. Татварын ерөнхий газраас ажиллуулж байсан цахим сайтуудад энэ талаар тодорхой хариултуудыг өгч байсан. Дээрх албан бичиг болон Татварын ерөнхий газрын заавар, зөвлөмжийн дагуу бид шинээр тайлангаа гаргасан.

Хариуцагч татварын байцаагч нар шинээр тайлангаа гаргаж, нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хий бичилттэй падааны 131,134,727.73 төгрөгийг энэ шинэ тайланд тусгасан, гэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг орлогоор тайлагнасан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа буруу бөглөсөн гэдэг.

Бид үүнийг яагаад орлогоор тайлагнасныг тайлбарлахад:

Биднийг ил тодын тайлангийн маягтыг нөхөж байхад нэмэгдсэн өртгийн албан татварын авлага талд тоо тавигдахгүй байсан. Энэ талаар Татварын ерөнхий газраас ажиллуулж байсан цахим асуулт хариултын сайтад 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11:38:16 цагт 125.201.28.5 IP хэрэглэгчийн “... шинээр тавигдсан ТТ_3а нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн талаарх асуултад Татварын ерөнхий газрын I00002 IP дугаараас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15:34:49 цагт “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу мэдүүлэх тайлангийн маягт нь одоогийн татварын тайлан авч байгаа маягтын загвар ба татвар төлөгч бөглөхөд зарим нэг мөрийг идэвхигүй /бөглөх шаардлагагүй гэж үзэн/ болгосноороо л ялгаатай болно” гэж хариулт өгч байсан. 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23:49:32 цагт 27.123.213.196 IP хэрэглэгчээс “... тайлангийн маягтан дээр хасах тэмдэгтэй тавьж болохгүй байна. Яаж тавих вэ? Танайх асуултын хариуг яаралтай өгч байгаа ч дээ” гэсэн асуулт хариултуудаас харж болно.

Бид тэр үед нэмэгдсэн өртгийн албан татварын маягтанд тоо тавьж болохгүй байсныг нотлохын тулд 2016 оны асуулт хариултын жагсаалтыг эргэн шүүж үзсэн болно. 2015 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр батлагдсан Тайлангийн маягт батлах тухай журмын нэмэгдсэн өртгийн албан татварын ЭЗИТБТ-03а тайланг нөхөх зааварт татварын байцаагч нарын төлбөр тавих үндэслэл болсон 48 дугаар мөрөнд худалдан авалтын буцаалт, хөнгөлөлтийн залруулгыг нөхөхөөр заасан. Гэтэл манай төлбөр тавигдсан гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бол нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ бөгөөд 45 дугаар мөрөнд тавих гэсэн боловч тэр мөр нь идэвхгүй, тоо тавих боломжгүй байсан.

Тэр үед аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтан дээр зардлаа хасах тэмдэгтэй тавьж болж байсан учир бид баримтгүй зардлаар бүртгэгдсэн 294,628,855 төгрөгийн материалыг хасах дүнтэйгээр тайлагнасан ба татварын байцаагчид ч үүнийг хүлээн зөвшөөрсөн.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан дээр зардлаа тайлагнасан татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан дээрээ тэр зардлынхаа нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг нь тайлагнахгүй байна гэж байх уу? Тэгээд ч ЭЗИТБТ-03а тайланг нөхөх зааварт 48 дугаар мөрөнд шинээр мэдүүлж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг бичих талаар зааварчилгаа байхгүй байгааг та бүхэн хэргийн материалд хавсаргасан уг журмаас харж болно.

Ийм л учраас бид нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтаа борлуулалтын орлоготой нийлүүлж 706,986,348 төгрөгийг орлого талд тайлагнасан болно. Хэрвээ нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт талд тоо тавьж болж байсан бол тайлангийн 4 дүгээр мөрөнд 367,756,948 төгрөгийн орлого, тайлангийн 48 дугаар мөрөнд 339,229,400 төгрөг тавигдаж тайлангийн 55 дугаар мөр болох төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татвар одоо байгаагийн адил 70,698,634,80 төгрөг буюу эцсийн дүндээ зарчмын ялгаа гарахгүйгээр тайлагнагдах байсан.

Түүнчлэн, хэрвээ бидний 4 дүгээр мөрөнд тавьсан 706,986,348 төгрөгийн дүнд нэмэгдсэн өртгийн албал татвар худалдан авалт ороогүй байсан бол шинээр мэдүүлсэн санхүүгийн тайлангийн орлого үр дүнгийн тайлангийн орлогын хэсэг шинээр мэдүүлсэн татварын тайлангийн 706,986,348 төгрөгийн орлого дээр 2014 оны жилийн эцсийн борлуулалтын орлого 18,290,859 төгрөг нэмэгдэж 757,277,207 төгрөг болох ёстой байсан. Гэтэл шинэчилсэн санхүүгийн тайлангаар 386,047,807 төгрөг байгаа нь “Б а” ХХК нь зөвхөн 367,756,948 төгрөгийн орлого шинээр мэдүүлсэн ба энэ тоо нь дараах орлогуудаас бүрдэж байгаа юм. Үүнд:

“А” ХХК-д гүйцэтгэсэн ажлын орлого, 92,713,360 төгрөг, 2014 оны кассын үлдэгдэл 18,667,485 төгрөг, 2014 оны өглөгөөр бүртгэгдсэн 110,614,078 төгрөг, кассанд бэлнээр орсон орлого 145,762,025 төгрөг бүгд 367,756,948 төгрөг.

Ил тодын хуулийн 6.3 заалтад аливаа татварын илүү төлөлт тайлагнах, улс орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглосны дагуу татварын аливаа өр авлага, илүү төлөлт үүсгээгүй. Дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанууд нь нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт учраас төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварыг тэр хэмжээгээр бууруулж, хэрвээ орлого байхгүй тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалт үүсгэхээр байсан. “Б а” ХХК-ийн 2012-2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 13,113,472.80 төгрөгөөр бууруулсан байсан тул нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай худалдан авалтын хэмжээгээр татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзээд орлогоор нэмж мэдүүлэн тайлагнасан болно.

Бид гол нь нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд ямар ч байсан мэдүүлэх ёстой гэсэн байр суурийг баримталсан. Дээрх шалтгаануудаас үндэслэн бид 131,134,727.73 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт бүхий 5 падааныг орлогоор тайлагнасан болно.

Дээр дурдсан бүх тоонууд манай компанийн ил тод байдлын тайлан хийх үедээ ашиглаж байсан ноорог дээр байгаа бөгөөд анхан шатны баримтууд нь 2012-2015 оны баримтад үдээстэй байсныг хуулбарлаж хавсаргасан болно. Ил тодын тайлан гаргахдаа бид үдээстэй баримтаасаа баримтгүй оруулсан зардал, хуурамч байж болзошгүй /учир нь аль нь хуурамч падаан болохыг мэдэхгүй/ нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтуудаа түүж ноорог дээр бичиж тэмдэглэн тооцоолж тайлангаа гаргасан. Тэр үед хийж байсан тэр ноорог маань бидний хувьд их чухал баримт гэж үзэж байна. Ил тодын тайлангаар ямар ямар орлого зардлаа тайлагнасан бэ гэдгийг түүж бичиж байсан учраас энэ нооргоо хуулбарлан нотариатаар батлуулахыг хүссэн боловч нотариат тамга тэмдэггүй ноорог болон байгууллагын журналыг нотариатаар гэрчилдэггүй юм байна. Гэрчилж болох баримтуудыг нотариатаар батлуулан шүүхэд хүргүүлсэн.

Ийнхүү Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу орлогоо ил тодоор, шударгаар шинээр тайлан гаргаж баталгаажуулсан байхад тайлангийн маягтын нүд буруу бөглөсөн гэдэг үндэслэлээр хуулиар олгосон эрхийг эдлүүлэхгүй, зөрчиж байгаад үнэхээр гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж, гомдлын шаардлагыг шийдвэрлэв.

Гомдол гаргагч “Б а” ХХК-аас “2012, 2013 оны нийт 5 ширхэг падаанаар 131,134,727.73 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний үнэ” хэсэгт тусгаж татвар ногдуулах орлогоо буруулсан” зөрчил гаргасан гэж үзэн шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 252201767 дугаар шийтгэлийн хуудасны “133,510,344.63 төгрөгийн зөрчилд оногдуулсан 23,782,778.70 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийн төлбөрөөс 1,187,808 төрөгийн зөрчилд ногдох 178,527.70 төгрөгийн төлбөрийг бууруулж, 23,604,251 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Тус компани нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, суутгагчиийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлангийн төрлөөр шинэчилсэн тайлан гаргаж мэдүүлсэн талаар талууд маргаагүй байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “... тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд ... бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол” эсхүл “мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заажээ.

“Б а” ХХК нь 2012, 2013 онд 131,134,727.73 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр хийсэн хэмээн хуурамч бичилттэй падаанаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчлөө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуульд хамруулан шинэчлэн мэдүүлсэн байна.

Гэтэл маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “... худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үнэ” хэсэгт тусгаж татвар ногдох орлого бууруулсан” гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь “Б а” ХХК-аас хий бичилттэй падаан ашиглан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлөө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу сайн дурын үндсэн дээр шинээр мэдүүлсэн байна.

Гэтэл хариуцагч нар маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлээ “хий бичилтийг орлоготойгоо хамт тайлагнасан” гэж тайлбарлаж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно” гэж заасантай нийцээгүй байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно” гэж заасан нь тус хуульд хамрагдсан этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, төсвөөс авлага үүсгэхийг хориглосон агуулгатай байна. Энэ тохиолдолд гомдол гаргагч хуулийн этгээд нь хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнаагүй харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан татвар ногдох орлого бууруулсан зөрчлөө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу тайлагнасан байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2-т заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0589 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан “Б а” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 252201767 тоот шийтгэлийн хуудасны “133,510,344.63 төгрөгийн зөрчилд оногдуулсан 23,782,778.70 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийн төлбөрөөс 1,187,808 төгрөгийн зөрчилд ногдох 178,527.70 төгрөгийн төлбөрийг бууруулж, 23,604,251 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, “Б а” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Б а” ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгож, мөн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ