Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/01544

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/01544

 

 

Ц.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01270 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Огийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00524 дугаартай захирамжаар Ц.Огоос 60 838 709 төгрөг, тэмдэгтийн хураамжид 266 172 төгрөгийг гаргуулж, Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөд Ц.Огийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч Есөн шижир инвест ББСБ ХХК хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Шинжээчийн үнэлгээний тайлантай танилцахад дараах тодорхойгүй, ойлгомжгүй асуудлууд гарч байна. Үүнд: Шинжээч томилох тухай тогтоол 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гарсан байхад Хөрөнгө эстимэйт ХХК-ийн тайлан 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэсэн огноотой байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нэг хоногийн дотор хийж, бэлэн болгосон нь үнэлгээ ул үндэстэй хийгдсэн гэх итгэлийг төрүүлэхгүй байна. Хөрөнгө эстимэйт ХХК нь ОУҮС-ын дагуу хийсэн гэж бичсэн боловч энэхүү ОУҮС гэдэг нь юу гэсэн үгний товчлол болох нь ойлгомжгүй байна. Олон улсын стандарт гэвэл хэдэн оны, ямар дугаартай, манай улсад хэзээнээс мөрдөж байгаа зэрэг ямар эх сурвалжаас харж болох тухай мэдээлэл огт дурдагдаагүй байна. Шинжээч үнэлгээ хийхдээ өртгийн хандлагын арга, орлогын хандлагын арга, зах зээлийн хандлагын аргыг хэрэглэснээ дурдаж, өртгийн хандлагын аргаар 78 144 000 төгрөг орлогын хандлагын аргаар 75 738 000 төгрөг, зах зээлийн хандлагын аргаар 91 863 200 төгрөг гэж үнэлсэн. Гэтэл үнэлгээний нэгтгэсэн дүн гаргахдаа өртөг болон орлогын хандлагаар гаргасан үнэлгээг ямар нэгэн байдлаар огт ашиглалгүй, зах зээлийн аргатай, мөн өөр хооронд нь харьцуулалгүй зах зээлийн хандлагын аргаар хийсэн үнэлгээг тэр хэвээр нь бичсэн байна. Зах зээлийн хандлагаар үнэлгээ хийхдээ 3 байршлыг харьцуулж үзсэн байна. Зарагдсан үнэ гэсэн хэсэгт 78 000 000 төгрөг, 107 500 000 төгрөг, 86 000 000 төгрөг гэж бичжээ. Энд эх үүсвэрийг, цаг хугацааг огт дурдаагүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ба шинжээчийн тогтоосон үнэлгээний үнийн зөрүү нь 36 461 800 төгрөг болж, барьцааны хөрөнгүүдийг үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн үнэлгээ гарсанд гомдолтой байна. Иймд Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 01/25 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 524 дугаартай захирамжаар Ц.Огоос 61 104 881 төгрөг гаргуулж, Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Ц.Од төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч төлбөрөө төлөөгүй тул, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 106 863 200 төгрөгийн 70 хувиар тооцон 74 804 240 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан заалтыг зөрчиж хугацаа хэтэрч гомдол гаргасан, мөн хуулийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй бол хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Ц.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2019/04050 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл давж заалдах гомдолдоо: Шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан. Шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т Шүүх хуралдааны завсарлагаар зохигчийг гарч явахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах гомдлыг хариуцагч тал эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00524 дүгээр Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Ц.Огоос 60 838 709 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх21-22 дахь тал/

Дээрх захирамжийг Ц.О сайн дураар биелүүлээгүйгээс Есөн шижир инвест ББСБ ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ГХ2018/00363 дугаар гүйцэтгэх хуудас бичүүлсэн байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцжээ. /хх 20,24 дэх тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар харилцан тохиролцоогүйн /хх 44,46 дахь тал/ улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Шинжээч томилох тухай тогтоол гарган Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. Шинжээч нь Ц.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а байр, 5 тоотод байрлах 51,33 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, зоорийн давхрын 01 тоотод байрлах 15 м.кв талбай бүхий автозогсоолын үнэлгээг 106 863 200 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-51-58/. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ ...үнэлгээг хүчингүй болгох тухай гомдлыг хангахгүй орхисон шүүхийн шийдвэрт гомдоогүй, харин шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд зөвлөлдөх тасалгаанд оролгүйгээр шийдвэр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн... гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно гэж заажээ. Тухайн шүүхийн шүүх хуралдааны танхимын зохион байгуулалтаас шалтгаалан шүүгч шүүх хуралдааны оролцогчдыг шүүх хуралдааны танхимаас гарган зөвлөлдөж шийдвэр гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцох боломжгүй. Мөн дээрх нөхцлийн улмаас шүүгчийн хараат бус байдал алдагдсан, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэхэд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД