Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00623

 

Ц.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01270 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1544 дугаар магадлалтай,

Ц.О-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00524 дугаартай захирамжаар Ц.О-гоос 60.838.709 төгрөг, тэмдэгтийн хураамжид 266.172 төгрөгийг гаргуулж, Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөд Ц.О-гийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч Есөн шижир инвест ББСБ ХХК хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Шинжээчийн үнэлгээний тайлантай танилцахад дараах тодорхойгүй, ойлгомжгүй асуудлууд гарч байна. Үүнд: Шинжээч томилох тухай тогтоол 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарсан байхад Хөрөнгө эстимэйт ХХК-ийн тайлан 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэсэн огноотой байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нэг хоногийн дотор хийж, бэлэн болгосон нь үнэлгээ ул үндэстэй хийгдсэн гэх итгэлийг төрүүлэхгүй байна. Хөрөнгө эстимэйт ХХК нь ОУҮС-ын дагуу хийсэн гэж бичсэн боловч энэхүү ОУҮС гэдэг нь юу гэсэн үгний товчлол болох нь ойлгомжгүй байна. Олон улсын стандарт гэвэл хэдэн оны, ямар дугаартай, манай улсад хэзээнээс мөрдөж байгаа зэрэг ямар эх сурвалжаас харж болох тухай мэдээлэл огт дурдагдаагүй байна. Шинжээч үнэлгээ хийхдээ өртгийн хандлагын арга, орлогын хандлагын арга, зах зээлийн хандлагын аргыг хэрэглэснээ дурдаж, өртгийн хандлагын аргаар 78.144.000 төгрөг орлогын хандлагын аргаар 75.738.000 төгрөг, зах зээлийн хандлагын аргаар 91.863.200 төгрөг гэж үнэлсэн. Гэтэл үнэлгээний нэгтгэсэн дүн гаргахдаа өртөг болон орлогын хандлагаар гаргасан үнэлгээг ямар нэгэн байдлаар огт ашиглалгүй, зах зээлийн аргатай, мөн өөр хооронд нь харьцуулалгүй зах зээлийн хандлагын аргаар хийсэн үнэлгээг тэр хэвээр нь бичсэн байна. Зах зээлийн хандлагаар үнэлгээ хийхдээ 3 байршлыг харьцуулж үзсэн байна. Зарагдсан үнэ гэсэн хэсэгт 78.000.000 төгрөг, 107.500.000 төгрөг, 86.000.000 төгрөг гэж бичжээ. Энд эх үүсвэрийг, цаг хугацааг огт дурдаагүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ба шинжээчийн тогтоосон үнэлгээний үнийн зөрүү нь 36.461.800 төгрөг болж, барьцааны хөрөнгүүдийг үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн үнэлгээ гарсанд гомдолтой байна. Иймд Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/25 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 524 дугаартай захирамжаар Ц.О-гоос 61.104.881 төгрөг гаргуулж, Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Ц.О-д төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч төлбөрөө төлөөгүй тул, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 106.863.200 төгрөгийн 70 хувиар тооцон 74.804.240 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан заалтыг зөрчиж хугацаа хэтэрч гомдол гаргасан, мөн хуулийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй бол хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01270 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Ц.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2019/04050 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1544 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Анхан шатны шүүхийн шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т “Шүүх хуралдааны завсарлагаар зохигчийг гарч явахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж заасныг үндэслэн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.О-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00524 дугаар захирамжаар Ц.О- 60.838.709 төгрөгийг Есөн шижир инвест ББСБ ХХК-д төлөх, төлбөрийн сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ц.О- захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а байр, 5 тоотод байрлах 51,33 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 01 тоотод байрлах 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 18280483 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 18280483 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулсан байна.  

Төлбөр төлөгч Ц.О- нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгө болох орон сууцыг 128.325.000 төгрөг, авто зогсоолыг 15.000.000 төгрөг, нийт 143.325.000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдааны үнийн саналыг өгсөн боловч төлбөр авагч Есөн шижир инвест ББСБ ХХК нь үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1,   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчээр ажилласан Хөрөнгө Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын хандлагын, өртгийн хандлагын, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нь шинжээч үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийн эрх ашгийн ноцтой зөрчиж байна гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Ц.О-д үнэлгээ тогтоосон тухай 2019 оны 03 сарын 01-ний өдрийн 4/6100 тоот албан бичгийг мөн өдрөө баталгаат шуудангаар, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, дуудлага худалдааг 2019 оны 04 сарын 12-ны өдөр явуулах тухай 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 4/7752 дугаар тогтоолыг мөн өдөр тус тус мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл хүргүүлсэн тухай албан бичиг зэргээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ц.О- эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасантай нийцэх бөгөөд түүнд хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 03 сарын 01-ний өдөр хүргүүлсэн байхад гомдлоо 2019 оны 03 сарын 13-ны өдөр шүүхэд гаргасныг дурдсан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Анхан шатны шүүхийн шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой дүгнэлт хийсэн байна. Шүүхийн шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, тусдаа зөвлөлдөх тасалгаа байхгүйгээс шүүгч шүүх хуралдааны танхимаас хэргийн оролцогчдыг гаргаж, өөрөө тус танхимд үлдэн зөвлөлдөж, улмаар шийдвэрээ гарган, хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрийг талуудад танилцуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэхгүй.

­Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01270 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1544 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Ц.О- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ