Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01771

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01771

 

 

 

Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг ТББ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00877 дугаар шийдвэртэй, Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг ТББ-ын нэхэмжлэлтэй Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Инекст ХХК нарт холбогдох

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь Монгол улсын хуулийн этгээд, хувь хүнд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан код олгох программыг ашиглаж, зураасан код олгох эрхгүй болохыг тогтоож, зураасан код олгохыг хориглох, 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд ашиглуулахыг, GS1 Mongolia-н уг мэдээллийн баазын нэвтрэх нэр, эрхийг хязгаарлахыг Инекст ХХК-д тус тус хориглуулах тухай нэхэмжлэлтэй,

Myttic.com/gs1 интернетийн хаяг дээрх программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн бааз нь Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын өмчлөлийн зүйл болохыг тогтоолгох, Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг ТББ нь Myttic.com/gs1 интернетийн программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн баазад нэвтрэх болон ашиглах эрхгүй болохыг тогтоолгохыг хүссэн хариуцагч Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Цэвэлсайхан, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Цэвэлсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Монгол Улсад GS1 систем, зураасан кодыг олгох, хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага болох Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь Монгол улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомж, өөрийн дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа билээ. GS1 mongolia-н эрх нь Олон улсын GS1 aisbl байгууллагаас олгосон эрх буюу түүнтэй байгуулсан Оюуны өмч, мэдээллийн санг удирдах гэрээ, гишүүнчлэлийн гэрчилгээ, GS1 mongolia-н эрхийн гэрчилгээ зэргээр баталгаажин зохицуулагддаг. Тус гэрээ, гишүүнчлэл болоод эрхийн гэрчилгээгээр GS1 mongolia нь олон улсын GS1 aisbl байгууллагын лого, тэмдэг, тэмдэглэгээ, ном, гарын авлагыг ашиглах цорын ганц эрхтэй байгууллага ба олон улсад хэрэглэгдэх GS1-ийн 865 префикс /угтвар дугаар/-ыг удирдах онцгой эрхийнхээ дагуу Монгол Улсын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээд, хувь хүнд олгох, нийлүүлэлтийн хэлхээний менежментийн шаардлагад нийцсэн GS1-ийн тодорхойлогч дугаарууд /бар код/-ыг олгон хэрэгжүүлж байгаа болно. Олон улсын GS1 aisbl нь Бельгийн Бруссель хотноо байрладаг, олон улсын, ашгийн бус байгууллага ба тус байгууллагад дэлхийн 112 орны албан ёсны гишүүнчлэлийн гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулдгийн нэг Монгол улс юм. GS1 mongolia нь олон улсын төв байгууллага болох GS1 aisbl-ийн ерөнхий ассемблейгээс бүх гишүүн орнуудыг 2015 оны 12 дугаар сард багтаан тусдаа бие даасан хуулийн этгээдээр үйл ажиллагаа явуулах, энэхүү шаардлагыг биелүүлсэн тохиолдолд гэрээ хийн ажиллах боломжтой гэсэн шийдвэр, өгсөн чиглэлийн дагуу бие даасан хуулийн этгээдээр бүртгүүлэн дээрх Оюуны өмч, мэдээллийн санг удирдах гэрээгээ байгуулан ажиллаж байгаа болно. Гэтэл МҮХАҮТ нь GS1-ийн төв байгууллагын 2003 оноос хойш тавьж ирсэн шаардлага, дүрэм, журмыг зөрчин өөрийн дүрмийн бус үйл ажиллагаа буюу бар код олгох үйл ажиллагааг хууль бусаар явуулсаар ирсэн ба үүнийгээ үргэлжлүүлэн олон улсын байгууллагын шаардлага, олон улсын жишгийг үл хүндэтгэн GS1 Mongolia-н хүсэлт, шаардлага болоод зураасан код хэрэглэгч, гишүүдийн эрх ашгийг үл ойшоон манай байгууллагатай мөр зэрэгцэн зураасан код олгож байгаа нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Мөн манай байгууллагатай 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр GS1 Mongolia нийгэмлэгийн хэрэглэгчийн бүртгэлийн хостинг болон техникийн засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан Инекст ХХК нь дээрх хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэн байгуулсан гэрээгээ үл ойшоон, санаатайгаар зөрчин МҮХАҮТ-тай үгсэн хуйвалдаж, давуу байдлаа ашиглан хууль бусаар ашиг орлого олох, GS1 Mongolia-н зураасан код олгох үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах зорилгоор GS1 Mongolia-ын ашиглах эрхтэй 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг МҮХАҮТ-д өгч байгаа нь гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд МҮХАҮТ нь Монгол Улсын хуулийн этгээд, хувь хүнд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан /бар/ код олгох программыг ашиглаж, зураасан код олгох эрхгүй болохыг тогтоож, зураасан код олгохыг хориглох, 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг МҮХАҮТ-д ашиглуулахыг, GS1 Mongolia-н уг мэдээллийн баазын нэвтрэх нэр, эрхийг хязгаарлахыг Инекст ХХК -д тус тус хориглох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МҮХАҮТ нь байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэлх хугацаанд дүрэмд заасан үйл ажиллагааг явуулж ирэхдээ Монгол Улсын хэмжээнд ялангуяа бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эрх ашгийг хамгаалсан олон шинэлэг санааг нэвтрүүлж, хэрэгжүүлж ирсний нэг нь 2003 онд олон улсын GS1 Aisbl байгууллагын гишүүнээр элсэж, Монгол улсад зураасан код /бар код/ олгох үйл ажиллагааг нэвтрүүлсэн. МҮХАҮТ-ын зүгээс Олон улсын GS1 Aisbl байгууллагын гишүүнээр элсэхдээ тодорхой хэмжээний хураамж төлсөн ба улмаар 2017 оны 2 дугаар сарыг хүртэл хугацаанд жил бүр гишүүний татвар гэж төлж ирсэн нь санхүүгийн болон холбогдох баримтуудаар тогтоогдоно. МҮХАҮТ-ын хувьд бар код олгох үйл ажиллагааг явуулахдаа танхимын нэг бүтэц, нэгж болгох замаар зохион байгуулалт хийж Бар код, ложистик-ийн хэлтэс, газар хэмээн байгуулж, анхнаас нь Ш.Цэвэлсайханыг бэлтгэн сургаж, түүнийг мэргэжилтнээс эхлээд газрын дарга болтол нь дэвшүүлж ирсэн болно. Энэ хугацаанд тэрээр танхимыг төлөөлөн олон улсын GS1 байгууллагатай харилцаж, бүхий л мэдээллийг хүлээн авч, илгээж байсан юм. Гэвч тэрээр өөрийн ажил, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, МҮХАҮТ-ын Бар, ложистикийн газрын даргын ажлыг хашиж байх хугацаандаа буюу 2016 оны 8 дугаар сард танхимын удирдлагуудад мэдэгдэлгүй, өөрт байгаа мэдээллийг ашиглаж, бар код олгох эрхийг олж авах зорилгоор өөрийн нэр дээр Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг гэсэн ТББ байгуулж, уг байгууллагынхаа нэр дээр 2017 оны 2 дугаар сард олон улсын GS1 байгууллагаас бар код олгох эрхийг олж авсан болохыг бид түүнийг ажлаа өгснөөс хойш 2017 оны 3 дугаар сард олж мэдсэн юм. Олон улсын GS1 Aisbl байгууллагаас МҮХАҮД-д ирүүлж байсан гэх GS1 Монгол нийгэмлэгийн үйл ажиллагааг бие даасан байдлаар явуулах ёстой гэсэн шаардлага, мэдэгдлүүдийг Ш.Цэвэлсайхан танхимын удирдлагуудад тухай бүрт нь мэдэгдэлгүй дарж, уг нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар эргүүлэн өөрийн нэр дээр ТББ байгуулж, улмаар Олон улсын GS1 байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлсэн мэтээр итгүүлэн бар код олгох эрхийг өөртөө олж авсан байдгийг бид хожим нь олон улсын байгууллагаас ирүүлсэн захидлаас олж мэдсэн. Ш.Цэвэлсайхан нь ийнхүү хууль бус, ёс зүйгүй үйлдэл хийн өөрийн нэр дээр ТББ байгуулж, өөрийн дор ажиллаж байсан хүмүүсээ хүртэл авч гарсан атлаа манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож элдэв хууль бус шаардлага тавьж байгааг бидний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Ш.Цэвэлсайхан нь ажлаа өгөх үедээ бар код авсан харилцагч байгууллагуудын бүхий л мэдээллийг авч гаран хоосон хавтсуудыг харуулан хүлээлгэн өгсөн байдаг ба Олон улсын байгууллагатай харилцдаг бүхий л мэдээлэл, и-мэйл зэргийг ашиглах боломжгүй болгон хаасан байсан учир манай байгууллага Ш.Цэвэлсайханы хууль бус, ёс зүйгүй үйлдлийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт өргөдөл гаргасан нь одоо прокурорын байгууллагад хянагдаж байгаа болно. Нөгөө талаар манай байгууллага 2003 онд Олон улсын GS1 Aisbl байгууллагын гишүүнээр элсэж, хураамжийг төлснөөр Монгол улсад бар код олгох эрхийг олж авсан нь одоо ч хүчинтэй байгаа гэж ойлгож байгаа, учир нь өнөөдрийг хүртэл олон улсын GS1 Aisbl байгууллагаас бидэнд хандаж гэрээ цуцалсан, гишүүнээс хассан тухай ямар нэг мэдэгдэл ирээгүй байгаа ба Ш.Цэвэлсайхан гэгчийн байгуулсан Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг ТББ-ын тавьсан шаардлагаар үйл ажиллагаагаа зогсоох боломжгүй.

Манай байгууллагын хувьд Олон улсын GS1 Aisbl байгууллагатай харилцан болж буй асуудлын талаар тайлбар явуулж, холбогдох баримт материалуудыг явуулсан. МҮХАҮТ нь Монгол улсын хэмжээнд зураасан код олгох ажлыг зохион байгуулах хугацаандаа шаардлагатай бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэн, программ хангамжаас эхлээд холбогдох бүх ажлуудыг хийж ирсэн ба үүнтэй холбоотой зардал, хураамжийг төлсөөр ирсэн байхад манай байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх, тэр дундаа 865 гэсэн бар код олгох программыг ашиглах эрхгүй болохыг тогтоолгохоор шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг ТББ-ын манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Инескт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Инекст ХХК нь МҮХАҮТ-тай 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, 2010 онд гэрээ шинэчлэгдэж сунгагдаж ирсэн. Дээрх гэрээнүүдийн дагуу МҮХАҮТ-ын үйлчилгээний портал системийг Инест ХХК боловсруулж, гүйцэтгэж өгсөн байдаг. Уг цогц программын нэг хэсэг буюу GS1 Монголын программыг захиалагчийн буюу гэрээнд заасны дагуу бүрэн гүйцэтгэж, МҮХАҮТ-д хүлээлгэн өгсөн байдаг. Уг программыг бүтээх загварчлал, дизайн, бүтцийг гэрээний заасны дагуу захиалагч байгууллагаа өөрөө санал болгосны дагуу хийж гүйцэтгэсэн. Ш.Цэвэлсайхан энэ үед Танхимын мэдээллийн технологи болон бар кодын хэлтсийн дарга, манай компанитай танхимын зүгээс ажилладаг хүн нь байсан. Тэгэхэд танхимтай дахиж гэрээ сунгах боломжгүй тухай, бар кодын хэсэг тусдаа гарах хэрэгтэй, цаанаасаа тэгж шаарддаг тухай ярьж байсан. 2017 оны 02 дугаар сард GS1 mongolia нийгэмлэг гэж байгуулагдсан байсан. Бар кодын үйлчилгээг энэ нийгэмлэг цаашид авч явна гэж Ш.Цэвэлсайхан манайд ойлгуулсан.

Иймээс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр программын хостинг болон засвар үйлчилгээний гэрээ байгуулсан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Танхимтай, дэд дарга Сарандаваатай уулзахад GS1 mongolia нийгэмлэг нь Танхимын дэргэдэх GS1 нийгэмлэг биш болох нь тогтоогдсон. Иймээс бид гэрээгээ цуцалж программ руу орох эрхийг хязгаарласан. Цуцлах болсон гол шалтгааныг дурдвал анх бар кодын программыг танхимын захиалгаар 2008 онд хийгээд одоо хүртэл хамтран ажиллаж сайжруулж ирсэн. Энэ программын код болон мэдээллийг эзэмшигч нь Танхим юм. Танхимтай хийсэн гэрээний 7.1-д заасан гэрээ байгуулагч талууд бичгээр зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд энэхүү гэрээний нөхцөл болзол болон гэрээний аль нэг талын хувьд нууцад тооцогдож буй аливаа мэдээллийг уг гэрээг хэрэгжүүлэхээс бусад байдлаар ашиглах буюу гуравдагч этгээдэд аман, бичгээр, аливаа хэлбэрээр задруулахгүй байхаар харилцан тохиролцов, 7.2-д заасан энэхүү зүйлд заасан үүрэг нь гэрээг цуцалсан буюу дуусгавар болсон тохиолдолд ч хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэх заалтаа дагасан. GS1 mongolia нийгэмлэг нь танхимтай ямар нэгэн холбоогүй гуравдагч этгээд байсан. Программ нь Танхимтай хийсэн гэрээний хүрээнд хийгдсэн программ бөгөөд GS1 mongolia нийгэмлэг хэмээх байгууллагад тусгайлан зориулж шинэ программ хийгээгүй болно.

Нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагын тодорхой эрхийг хязгаарлуулах гээд үндэслэл нь тодорхойгүй. Ямар эрх нь зөрчигдөөд, эсхүл ямар эрх нь байгаад тэрийг нь хязгаарлуулах гээд байгаа нь тодорхойгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хариуцагч Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2008 онд МҮХАҮТ нь өөрийн үйл ажиллагаандаа зориулан программ хангаж болон мэдээллийн бааз, өгөгдлийн санг гүйцэтгүүлэхээр захиалга өгч Инекст ХХК-тай гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлсэн. МҮХАҮТ-ын хөрөнгөөр гүйцэтгэсэн ажил буюу гэрээний үр дүнд Инекст ХХК нь myttic.com/gs1 интернетийн хаяг дээрх программ хангаж, өгөгдлийн санг гүйцэтгэж захиалагч МҮХАҮТ-д хүлээлгэн өгсөн болно. Түүнээс хойш МҮХАҮТ нь программ хангаж, өгөгдлийн санг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж ирсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна, 343.3 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасанчлан талуудын байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн болох myttic.com/gs1 нь Танхимын өмчлөлийн зүйл юм.

Гэтэл Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг ТББ нь Инекст ХХК-д өөрсдийгөө МҮХАҮТ-ын дэргэдэх байгууллага хэмээн тайлбарлан МҮХАҮТ-ын өмчлөл, эзэмшилд байгаа мэдээллийн бааз, өгөгдлийн санд нэвтрэх, программ хангамжийг ашиглахыг санаархан ёс зүйгүй, хууль бус үйлдэл гаргасан байдаг.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гарган МҮХАҮТ-ын өмчлөл, эзэмшлийн зүйлийг ашиглахыг болон нэвтрэх эрхийг хязгаарлуулахаар шүүхэд хандаж байгаа нь МҮХАҮТ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Нэгэнт энэ асуудлаар маргаж байгаа тул маргааныг эцэслэн нэг мөр шийдвэрлүүлэх зорилгоор дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: myttic.com/gs1 интернетийн хаяг дээрх программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн бааз нь МҮХАҮТ-ын өмчлөлийн зүйл болохыг тогтоолгох, Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг ТББ нь myttic.com/gs1 интернетийн хаяг дээрх программ хангаж, өгөгдлийн сан, мэдээллийн баазад нэвтрэх болон ашиглах эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Инекст ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. GS1 олон улсын байгууллагын дүрэм нь Инекст ХХК-ийн хувьд заавал дагаж мөрдөх эрх зүйн акт биш. Бид олон улсын байгууллагатай гэрээ хийгээгүй тул Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон гэрээний дагуу ажиллах үүрэгтэй. Бид гэрээний дагуу программ хангамжийг хийгээд захиалагчид хүлээлгэн өгсөн, өмчлөлийн асуудалд манай зүгээс маргаан байхгүй. Харин нэхэмжлэгчтэй уг хийсэн программтай адилхан программ хангамж хийгээд өгч болно гэжээ.

Шүүх: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МҮХАҮТ нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан код олгох программыг ашиглаж, зураасан код олгох эрхгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зураасан код олгохыг хориглох, 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг МҮХАҮТ-д ашиглуулахыг, GS1 Mongolia уг мэдээллийн баазын нэвтрэх нэр, эрхийг хязгаарлахыг Инекст ХХК-д тус тус хориглуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар Myttic.com/gs1 интернетийн хаяг дээрх программ хангамж, өгөгдлийн сан нь МҮХАҮТ-ын өмчлөлийн зүйл болохыг тогтоож, Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг ТББ нь Myttic.com/gs1 интернетийн программ хангамж, өгөгдлийн санд нэвтрэх болон ашиглах эрхгүй болохыг тогтоож, нэхэмжлэгч Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөг, хариуцагч МҮХАҮТ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МҮХАҮТ-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг ТББ-д, нэхэмжлэгч Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг ТББ-аас 140 400 төгрөг гаргуулж хариуцагч МҮХАҮТ-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Цэвэлсайхан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх дээрх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...GS1 Монгол байгууллагын эрх, үүргийг МҮХАҮТ-ын харьяа нэгжийн дор явуулж байгаа нь Олон улсын GS1 aisbl байгууллагын дүрэмд заасан гишүүн болохын тулд GS1-ийн үйл ажиллагааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, эсвэл улсуудын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан тусдаа хуулийн этгээд бие даан явуулах шаардлагыг зөрчиж байгаа талаар Олон Улсын GS1 aisbl байгууллагаас МҮХАҮТ-д удаа дараа мэдэгдэж, энэхүү хоёр байгууллагыг салган үйл ажиллагаа явуулахыг шаардаж байсныг МҮХАҮТ-аас биелүүлээгүй байна. гэж, мөн ...хариуцагч МҮХАҮТ-ыг Олон улсын GS1 aisbl байгууллагын эрх бүхий гишүүн байгууллага гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй,..., ...Иймд хариуцагч МҮХАҮТ нь Монгол Улсын хуулийн этгээд, хувь хүнд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан код олгох эрхгүй болох нь тогтоогдож байгаа,... гэж тус тус дүгнэсэн атлаа нөгөө талаас ...МҮХАҮТ-ын зураасан код олгох эрхийг хориглох шаардлагагүй байна.... гэж сөрөг дүгнэлт хийж манай нэхэмжлэлийн шаардлагын зураасан код олгохыг хориглох, 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг МҮХАҮТ-д ашиглуулахыг хориглуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх МҮХАҮТ-ыг хууль бус, зохих эрхгүйгээр зураасан код олгосон гэдэг үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч уг хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогоор хийлгэсэн компьтерийн программыг түүний өмчлөлийн зүйл мэтээр тогтоож, Зохигчийн эрх болон түүнд хамаарахын эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтыг зөрчин гэрээнд заагаагүй этгээдэд онцгой эрх өгч байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр боллоо. Энэ сөрөг утгатай дүгнэлтээсээ улбаалан манай Инекст ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ч хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь: хэсгийн 1 дэх заалтын ...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зураасан код олгохыг хориглох, 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг МҮХАҮТ-д ашиглуулахыг, GS1 Mongolia-н уг мэдээллийн баазын нэвтрэх нэр, эрхийг хязгаарлахыг "Инекст ХХК-д тус тус хориглуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай." гэсэн хэсэг, 2 дахь заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан утгатай нэмэлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: Олон улсын GS1 Aisbl байгууллагын дүрмийн 7 дугаар зүйлд ... Удирдах зөвлөлийн тухайн гишүүний талаарх үнэлгээ дараах байдалтай болсон тохиолдолд Ерөнхий Ассамблейн шийдвэрээр Гишүүн Байгууллагыг Холбооноос хасна..., мөн 8 дугаар зүйлд ... Ерөнхий Ассамблей нь асуудлуудыг шийдвэрлэнэ. Үүнд: ...Гишүүн байгууллагыг гишүүнчлэлээс хасах;... гэж зааснаар холбооны аливаа гишүүнийг гишүүнчлэлээс хасах бүрэн эрх нь Ерөнхий Ассамблейд хадгалагдаж байна.

Түүнчлэн Дүрмийн 7 дугаар зүйлд зааснаар Гишүүн байгууллага зөрчил гаргасан бол зөрчлийг арилгахыг сануулсан Дотоод Хяналт Шалгалтын Комиссын албан тоотыг тухай Гишүүн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байх боловч МҮХАҮТанхим зөрчил гаргасан гэж бидэнд албан тоот, сануулга ирүүлээгүй юм. Энэ нь Дүрмийн 7 дугаар зүйлд заасан"... Удирдах зөвлөл нь аливаа гишүүнийг Холбооноос хасах бол ийм үйлдэл хийхэд хүргэсэн баримт нотолгоо, тайлбар агуулсан хүсэлтийг Ерөнхий Ассамблейд ирүүлнэ. Ерөнхий Ассамблей шийдвэрээ эцэслэн гарахаасаа өмнө хасагдахаар болсон Гишүүн байгууллагад өөрийгөө өмгөөлөх нэг боломж олгоно..." гэж заасан боломжийг МҮХАҮТанхимд олгоогүй хэрэг болсон. Нэгдэл, хууль зүйн хэргийг хариуцсан захирал Марие Петре-гийн бидэнд ирүүлсэн цахим шууданг МҮХАҮТанхимын гишүүнчлэлээс хассан Ерөнхий Ассамблейн шийдвэр гэж үзэхгүй байна.

Учир нь албан ёсны харилцааг МҮХАҮТ-д бус Ш.Цэвэлсайханы хувийн цахим шуудангаар хүргүүлдэг, Ерөнхий Ассамблейн дүрэмд заасан эрх хэмжээг Нэгдэл, хууль зүйн хэргийг хариуцсан захирал Марие Петре нь дангаараа хэрэгжүүлж байгаа, дүрэм заасан процесс ажиллагааг явуулалгүй /МҮХАҮТанхимд Дотоод хяналт шалгалтын Комиссоос албан бичиг ирүүлсэн бол зөрчил гэх асуудлыг нэн яаралтай дүрмийн дагуу шийдвэрлэх боломжтой байсан/ тул МҮХАҮТ-мыг гишүүнчлэлээс хассаныг албан ёсны болон хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг ТББ, МҮХАҮТ нарын хооронд үүссэн зураасан код олгох эрхийн талаарх маргааны урьдчилан шийдвэрлэх, гомдлыг шүүхийн бус журмаар шийдвэрлэхээр тухайн эрхийг олгодог Олон улсын GS1 Aisbl байгууллагын дүрэмд зохицуулсан байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн ,.,Уг барааны тэмдэгтийг эзэмших, ашиглах эрх нь Олон улсын GS1 aisbl байгууллагад байсныг лицензийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг ТББ олж авчээ., ...Иймд хариуцагч МҮХАҮТ нь Монгол улсын хуулийн этгээд, хувь хүнд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан ком олгох эрхгүй болох нь тогтоогдож байгаа, зураасан код олгох программыг ашиглан зураасан код олгох эрхийг Олон улсын GS1 aisbl байгууллагаас хаасан тул хариуцагч МҮХАҮТ-ын зураасан код олгох эрхийг хориглох шаардлагагүй байна. гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

МҮХАҮТ-д олгосон зураасан код олгох эрхийг Олон улсын GS1 Aisbl байгууллагын дүрмийн 7 дугаар зүйлд зааснаар Ерөнхий Ассамблей хасах эрх байгаа боловч тус Ерөнхий Ассамблейгаас энэ талаар шийдвэр гараагүй байхад МҮХАҮТанхимыг эрхгүй гэж үзсэнд гомдолтой байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хариуцагч МҮХАҮТ нь Монгол улсын иргэн, хуулийн этгээдэд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан код олгох программыг ашиглаж, зураасан код олгох эрхгүй болохыг тогтоож... гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг ТББ /цааашид Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэг гэх/ нь хариуцагч Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /цаашид МҮХАҮТ гэх/-д холбогдуулан МҮХАҮТ нь Монгол Улсын хуулийн этгээд, хувь хүнд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан код олгох программыг ашиглаж, зураасан код олгох эрхгүй болохыг тогтоож, зураасан код олгохыг хориглох, 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг МҮХАҮТ-д ашиглуулахыг, Инекст ХХК-д холбогдуулан мэдээллийн баазын нэвтрэх нэр, эрхийг хязгаарлахыг хориглуулах тухай шаардлага тус тус гаргасныг хариуцагч МҮХАҮТ эс зөвшөөрч Myttic.com/gs1 интернетийн хаяг дээрх программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн баазын өмчлөгчөөр тогтоолгох, Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэгийг Myttic.com/gs1 интернетийн программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн баазад нэвтрэх болон ашиглах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Маргааны зүйл нь 865 угтвар дугаар бүхийг зураасан код олгох ажиллагаатай холбоотой байна.

GS1 олон улсын ашгийн талаар бус байгууллага /цаашид GS1 олон улсын байгууллага гэх/-аас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын GS1 Монгол буюу Дэлхийн стандарт нэг Монгол ниймгэмлэгт гишүүнчлэлийн болон эрхийн гэрчилгээг олгожээ. Түүнчлэн уг хоёр байгууллага нь оюуны өмч болон мэдээллийн санг удирдах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан байна.

Дээрхи баримтуудыг үндэслэн GS1 олон улсын байгууллага нь өөрийн худалдааны тэмдэг ашиглах онцгой эрхийг Монгол Улсад GS1-ийн 865 префиксийг удирдах онцгой эрхийг Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэгт олгожээ.

Хариуцагч МҮХАҮТ нь маргааны үйл болсон 865 угтвар дугаар удирдах эрхтэй гэх тайлбараа нотолж чадаагүй байна.

GS1 олон улсын байгууллагатай МҮХАҮТ нь 2003 оноос 2017 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд харилцаатай байж, Монгол улсад зураасан код олгох үйл ажиллагааг явуулж байсан тул баримтын талаар маргаагүй байх боловч энэ нь МҮХАҮТ-ийг GS1 олон улсын байгууллагын гишүүн, улмаар GS1 олон улсын байгууллагын оюуны өмч болох 865 угтвар бүхий зураасан код ашиглах эрхтэй гэж дүгнэхгүй юм.

Өмчлөлийн зүйлээ өөрөө захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхийн хүрээнд GS1 олон улсын байгууллага нь 2017 оны 02 дугаар сараас Дэлхийн стандарт нэг Монгол нийгэмлэгт онцгой эрхийг шилжүүлснээр МҮХАҮТ нь 865 угтвар бүхий зураасан кодыг хуулийн этгээд, хувь хүнд олгох эрхгүй болжээ.

Уг угтвар дугаар бүхий зураасан код олгохтой холбоотойгоор МҮХАҮТ нь Инекст ХХК-тай 2008 оны 7 дугаар сарын 14, 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж программ хангамж захиалж хийлгүүлсэн ба уг програмыг ашиглаж зураасан кодыг олгож байсан байна. Иймд МҮХАҮТ нь 865 дугаар бүхий зураасан кодыг олгох эрхгүй тул уг программыг ашиглах эрхгүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг буруутгах боломжгүй байна.

Зураасан код ашиглах эрхгүй болсноор цаашид уг кодыг олгох боломжгүй тул хориглох шаардлагагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж дүгнэхээргүй байна.

МҮХАҮТ-ыг Монгол Улсын хуулийн этгээд, хувь хүнд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан код олгох программыг ашиглаж, зураасан код олгох эрхгүй болохыг нэгэнт тогтоосон учраас цаашид код олгохыг хориглох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Инекст ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар 2008 оны 07 дугаар сарын 14-ны өдөр, 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Инекст ХХК болон МҮХАҮТ-ийн хооронд үүргийн эрх зүйн хүрээнд гэрээ байгуулагдаж, талууд гэрээний үүргээ биелүүлж, захиалагч МҮХАҮТ-д ажлын үр дүнг буюу портал системийн хүрээнд программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн баазыг хүлээлгэн өгчихсөн, уг программ хангамжийн нэг хэсэгт GS1 Монголын зураасан код олгох программ багтсан байна. Зураасан код олгохоос бусдаар ашиглах эрх нь өмчлөгчид байна. Үүнтэй холбоотой зураасан код олгохыг хориглох, 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд ашиглуулахыг, GS1 Mongolia-н уг мэдээллийн баазын нэвтрэх нэр, эрхийг хязгаарлахыг Инекст ХХК-д тус тус хориглуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар программ хангамжийг ашиглах эрхийг гэрээнд заасан этгээд болох МҮХАҮТ эдлэнэ. Иймээс, нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хэрэгт GS1 Aisbl байгууллагын дүрмийг монгол хэл дээр орчуулахдаа хэсэгчлэн орчуулсан нь учир дутагдалтай боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй учраас хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцсонгүй, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэнэ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 210 600 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ