Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00085

 

 “Д С Н М Н” ТББ-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00877 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1771 дүгээр магадлалтай,

“Д С Н М Н” ТББ-ийн нэхэмжлэлтэй

МҮХАҮТ, Инекст ХХК нарт холбогдох

МҮХАҮТ нь Монгол улсын хуулийн этгээд, хувь хүнд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан код олгох программыг ашиглаж, зураасан код олгох эрхгүй болохыг тогтоож, зураасан код олгохыг хориглох, 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг МҮХАҮТд ашиглуулахыг, GS1 Mongolia-н уг мэдээллийн баазын нэвтрэх нэр, эрхийг хязгаарлахыг Инекст ХХК-д тус тус хориглуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Myttic.com/gs1 интернетийн хаяг дээрх программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн бааз нь МҮХАҮТын өмчлөлийн зүйл болохыг тогтоолгох, “Д С Н М Н” ТББ нь Myttic.com/gs1 интернетийн программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн баазад нэвтрэх болон ашиглах эрхгүй болохыг тогтоолгохыг хүссэн хариуцагч МҮХАҮТын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Цэвэлсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Цэвэлсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Монгол Улсад GS1 систем, зураасан кодыг олгох, хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага болох “Д С Н М Н” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь Монгол улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомж, өөрийн дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа билээ. GS1 mongolia-н эрх нь Олон улсын GS1 aisbl байгууллагаас олгосон эрх буюу түүнтэй байгуулсан Оюуны өмч, мэдээллийн санг удирдах гэрээ, гишүүнчлэлийн гэрчилгээ, GS1 mongolia-н эрхийн гэрчилгээ зэргээр баталгаажин зохицуулагддаг. Тус гэрээ, гишүүнчлэл болоод эрхийн гэрчилгээгээр GS1 mongolia нь олон улсын GS1 aisbl байгууллагын лого, тэмдэг, тэмдэглэгээ, ном, гарын авлагыг ашиглах цорын ганц эрхтэй байгууллага ба олон улсад хэрэглэгдэх GS1-ийн 865 префикс /угтвар дугаар/-ыг удирдах онцгой эрхийнхээ дагуу Монгол Улсын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээд, хувь хүнд олгох, нийлүүлэлтийн хэлхээний менежментийн шаардлагад нийцсэн GS1-ийн тодорхойлогч дугаарууд /бар код/-ыг олгон хэрэгжүүлж байгаа болно. Олон улсын GS1 aisbl нь Бельгийн Бруссель хотноо байрладаг, олон улсын, ашгийн бус байгууллага ба тус байгууллагад дэлхийн 112 орны албан ёсны гишүүнчлэлийн гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулдгийн нэг Монгол улс юм. GS1 mongolia нь олон улсын төв байгууллага болох GS1 aisbl-ийн ерөнхий ассемблейгээс бүх гишүүн орнуудыг 2015 оны 12 дугаар сард багтаан тусдаа бие даасан хуулийн этгээдээр үйл ажиллагаа явуулах, энэхүү шаардлагыг биелүүлсэн тохиолдолд гэрээ хийн ажиллах боломжтой гэсэн шийдвэр, өгсөн чиглэлийн дагуу бие даасан хуулийн этгээдээр бүртгүүлэн дээрх Оюуны өмч, мэдээллийн санг удирдах гэрээгээ байгуулан ажиллаж байгаа болно. Гэтэл МҮХАҮТ нь GS1-ийн төв байгууллагын 2003 оноос хойш тавьж ирсэн шаардлага, дүрэм, журмыг зөрчин өөрийн дүрмийн бус үйл ажиллагаа буюу бар код олгох үйл ажиллагааг хууль бусаар явуулсаар ирсэн ба үүнийгээ үргэлжлүүлэн олон улсын байгууллагын шаардлага, олон улсын жишгийг үл хүндэтгэн GS1 Mongolia-н хүсэлт, шаардлага болоод зураасан код хэрэглэгч, гишүүдийн эрх ашгийг үл ойшоон манай байгууллагатай мөр зэрэгцэн зураасан код олгож байгаа нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Мөн манай байгууллагатай 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр GS1 Mongolia нийгэмлэгийн хэрэглэгчийн бүртгэлийн хостинг болон техникийн засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан Инекст ХХК нь дээрх хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэн байгуулсан гэрээгээ үл ойшоон, санаатайгаар зөрчин МҮХАҮТ-тай үгсэн хуйвалдаж, давуу байдлаа ашиглан хууль бусаар ашиг орлого олох, GS1 Mongolia-н зураасан код олгох үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах зорилгоор GS1 Mongolia-ын ашиглах эрхтэй 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг МҮХАҮТ-д өгч байгаа нь гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд МҮХАҮТ нь Монгол Улсын хуулийн этгээд, хувь хүнд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан /бар/ код олгох программыг ашиглаж, зураасан код олгох эрхгүй болохыг тогтоож, зураасан код олгохыг хориглох, 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг МҮХАҮТ-д ашиглуулахыг, GS1 Mongolia-н уг мэдээллийн баазын нэвтрэх нэр, эрхийг хязгаарлахыг Инекст ХХК -д тус тус хориглох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч МҮХАҮТын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МҮХАҮТ нь байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэлх хугацаанд дүрэмд заасан үйл ажиллагааг явуулж ирэхдээ Монгол Улсын хэмжээнд ялангуяа бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эрх ашгийг хамгаалсан олон шинэлэг санааг нэвтрүүлж, хэрэгжүүлж ирсний нэг нь 2003 онд олон улсын GS1 Aisbl байгууллагын гишүүнээр элсэж, Монгол улсад зураасан код /бар код/ олгох үйл ажиллагааг нэвтрүүлсэн. МҮХАҮТ-ын зүгээс Олон улсын GS1 Aisbl байгууллагын гишүүнээр элсэхдээ тодорхой хэмжээний хураамж төлсөн ба улмаар 2017 оны 2 дугаар сарыг хүртэл хугацаанд жил бүр гишүүний татвар гэж төлж ирсэн нь санхүүгийн болон холбогдох баримтуудаар тогтоогдоно. МҮХАҮТ-ын хувьд бар код олгох үйл ажиллагааг явуулахдаа танхимын нэг бүтэц, нэгж болгох замаар зохион байгуулалт хийж Бар код, ложистик-ийн хэлтэс, газар хэмээн байгуулж, анхнаас нь Ш.Цэвэлсайханыг бэлтгэн сургаж, түүнийг мэргэжилтнээс эхлээд газрын дарга болтол нь дэвшүүлж ирсэн болно. Энэ хугацаанд тэрээр танхимыг төлөөлөн олон улсын GS1 байгууллагатай харилцаж, бүхий л мэдээллийг хүлээн авч, илгээж байсан юм. Гэвч тэрээр өөрийн ажил, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, МҮХАҮТ-ын Бар, ложистикийн газрын даргын ажлыг хашиж байх хугацаандаа буюу 2016 оны 8 дугаар сард танхимын удирдлагуудад мэдэгдэлгүй, өөрт байгаа мэдээллийг ашиглаж, бар код олгох эрхийг олж авах зорилгоор өөрийн нэр дээр ”Д С Н М Н” гэсэн ТББ байгуулж, уг байгууллагынхаа нэр дээр 2017 оны 2 дугаар сард олон улсын GS1 байгууллагаас бар код олгох эрхийг олж авсан болохыг бид түүнийг ажлаа өгснөөс хойш 2017 оны 3 дугаар сард олж мэдсэн юм. Олон улсын GS1 Aisbl байгууллагаас МҮХАҮТ-д ирүүлж байсан гэх GS1 Монгол нийгэмлэгийн үйл ажиллагааг бие даасан байдлаар явуулах ёстой гэсэн шаардлага, мэдэгдлүүдийг Ш.Цэвэлсайхан танхимын удирдлагуудад тухай бүрт нь мэдэгдэлгүй дарж, уг нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар эргүүлэн өөрийн нэр дээр ТББ байгуулж, улмаар Олон улсын GS1 байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлсэн мэтээр итгүүлэн бар код олгох эрхийг өөртөө олж авсан байдгийг бид хожим нь олон улсын байгууллагаас ирүүлсэн захидлаас олж мэдсэн. Ш.Цэвэлсайхан нь ийнхүү хууль бус, ёс зүйгүй үйлдэл хийн өөрийн нэр дээр ТББ байгуулж, өөрийн дор ажиллаж байсан хүмүүсээ хүртэл авч гарсан атлаа манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож элдэв хууль бус шаардлага тавьж байгааг бидний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Ш.Цэвэлсайхан нь ажлаа өгөх үедээ бар код авсан харилцагч байгууллагуудын бүхий л мэдээллийг авч гаран хоосон хавтсуудыг харуулан хүлээлгэн өгсөн байдаг ба Олон улсын байгууллагатай харилцдаг бүхий л мэдээлэл, и-мэйл зэргийг ашиглах боломжгүй болгон хаасан байсан учир манай байгууллага Ш.Цэвэлсайханы хууль бус, ёс зүйгүй үйлдлийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт өргөдөл гаргасан нь одоо прокурорын байгууллагад хянагдаж байгаа болно. Нөгөө талаар манай байгууллага 2003 онд Олон улсын GS1 Aisbl байгууллагын гишүүнээр элсэж, хураамжийг төлснөөр Монгол улсад бар код олгох эрхийг олж авсан нь одоо ч хүчинтэй байгаа гэж ойлгож байгаа, учир нь өнөөдрийг хүртэл олон улсын GS1 Aisbl байгууллагаас бидэнд хандаж гэрээ цуцалсан, гишүүнээс хассан тухай ямар нэг мэдэгдэл ирээгүй байгаа ба Ш.Цэвэлсайхан гэгчийн байгуулсан “Д С Н М Н” ТББ-ын тавьсан шаардлагаар үйл ажиллагаагаа зогсоох боломжгүй. Манай байгууллагын хувьд Олон улсын GS1 Aisbl байгууллагатай харилцан болж буй асуудлын талаар тайлбар явуулж, холбогдох баримт материалуудыг явуулсан. МҮХАҮТ нь Монгол улсын хэмжээнд зураасан код олгох ажлыг зохион байгуулах хугацаандаа шаардлагатай бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэн, программ хангамжаас эхлээд холбогдох бүх ажлуудыг хийж ирсэн ба үүнтэй холбоотой зардал, хураамжийг төлсөөр ирсэн байхад манай байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх, тэр дундаа 865 гэсэн бар код олгох программыг ашиглах эрхгүй болохыг тогтоолгохоор шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд “Д С Н М Н” ТББ-ын манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Инескт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Инекст ХХК нь МҮХАҮТ-тай 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, 2010 онд гэрээ шинэчлэгдэж сунгагдаж ирсэн. Дээрх гэрээнүүдийн дагуу МҮХАҮТ-ын үйлчилгээний портал системийг Инест ХХК боловсруулж, гүйцэтгэж өгсөн байдаг. Уг цогц программын нэг хэсэг буюу GS1 Монголын программыг захиалагчийн буюу гэрээнд заасны дагуу бүрэн гүйцэтгэж, МҮХАҮТ-д хүлээлгэн өгсөн байдаг. Уг программыг бүтээх загварчлал, дизайн, бүтцийг гэрээний заасны дагуу захиалагч байгууллагаа өөрөө санал болгосны дагуу хийж гүйцэтгэсэн. Ш.Цэвэлсайхан энэ үед Танхимын мэдээллийн технологи болон бар кодын хэлтсийн дарга, манай компанитай танхимын зүгээс ажилладаг хүн нь байсан. Тэгэхэд танхимтай дахиж гэрээ сунгах боломжгүй тухай, бар кодын хэсэг тусдаа гарах хэрэгтэй, цаанаасаа тэгж шаарддаг тухай ярьж байсан. 2017 оны 02 дугаар сард GS1 mongolia нийгэмлэг гэж байгуулагдсан байсан. Бар кодын үйлчилгээг энэ нийгэмлэг цаашид авч явна гэж Ш.Цэвэлсайхан манайд ойлгуулсан. Иймээс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр программын хостинг болон засвар үйлчилгээний гэрээ байгуулсан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Танхимтай, дэд дарга Сарандаваатай уулзахад GS1 mongolia нийгэмлэг нь Танхимын дэргэдэх GS1 нийгэмлэг биш болох нь тогтоогдсон. Иймээс бид гэрээгээ цуцалж программ руу орох эрхийг хязгаарласан. Цуцлах болсон гол шалтгааныг дурдвал анх бар кодын программыг танхимын захиалгаар 2008 онд хийгээд одоо хүртэл хамтран ажиллаж сайжруулж ирсэн. Энэ программын код болон мэдээллийг эзэмшигч нь Танхим юм. Танхимтай хийсэн гэрээний 7.1-д заасан гэрээ байгуулагч талууд бичгээр зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд энэхүү гэрээний нөхцөл болзол болон гэрээний аль нэг талын хувьд нууцад тооцогдож буй аливаа мэдээллийг уг гэрээг хэрэгжүүлэхээс бусад байдлаар ашиглах буюу гуравдагч этгээдэд аман, бичгээр, аливаа хэлбэрээр задруулахгүй байхаар харилцан тохиролцов, 7.2-д заасан энэхүү зүйлд заасан үүрэг нь гэрээг цуцалсан буюу дуусгавар болсон тохиолдолд ч хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэх заалтаа дагасан. GS1 mongolia нийгэмлэг нь танхимтай ямар нэгэн холбоогүй гуравдагч этгээд байсан. Программ нь Танхимтай хийсэн гэрээний хүрээнд хийгдсэн программ бөгөөд GS1 mongolia нийгэмлэг хэмээх байгууллагад тусгайлан зориулж шинэ программ хийгээгүй болно. Нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагын тодорхой эрхийг хязгаарлуулах гээд үндэслэл нь тодорхойгүй. Ямар эрх нь зөрчигдөөд, эсхүл ямар эрх нь байгаад тэрийг нь хязгаарлуулах гээд байгаа нь тодорхойгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хариуцагч МҮХАҮТын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2008 онд МҮХАҮТ нь өөрийн үйл ажиллагаандаа зориулан программ хангаж болон мэдээллийн бааз, өгөгдлийн санг гүйцэтгүүлэхээр захиалга өгч Инекст ХХК-тай гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлсэн. МҮХАҮТ-ын хөрөнгөөр гүйцэтгэсэн ажил буюу гэрээний үр дүнд Инекст ХХК нь myttic.com/gs1 интернетийн хаяг дээрх программ хангаж, өгөгдлийн санг гүйцэтгэж захиалагч МҮХАҮТ-д хүлээлгэн өгсөн болно. Түүнээс хойш МҮХАҮТ нь программ хангаж, өгөгдлийн санг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж ирсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна, 343.3 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасанчлан талуудын байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн болох myttic.com/gs1 нь Танхимын өмчлөлийн зүйл юм. Гэтэл “Д С Н М Н” ТББ нь Инекст ХХК-д өөрсдийгөө МҮХАҮТ-ын дэргэдэх байгууллага хэмээн тайлбарлан МҮХАҮТ-ын өмчлөл, эзэмшилд байгаа мэдээллийн бааз, өгөгдлийн санд нэвтрэх, программ хангамжийг ашиглахыг санаархан ёс зүйгүй, хууль бус үйлдэл гаргасан байдаг. Мөн нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гарган МҮХАҮТ-ын өмчлөл, эзэмшлийн зүйлийг ашиглахыг болон нэвтрэх эрхийг хязгаарлуулахаар шүүхэд хандаж байгаа нь МҮХАҮТ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Нэгэнт энэ асуудлаар маргаж байгаа тул маргааныг эцэслэн нэг мөр шийдвэрлүүлэх зорилгоор дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: myttic.com/gs1 интернетийн хаяг дээрх программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн бааз нь МҮХАҮТ-ын өмчлөлийн зүйл болохыг тогтоолгох, “Д С Н М Н” ТББ нь myttic.com/gs1 интернетийн хаяг дээрх программ хангаж, өгөгдлийн сан, мэдээллийн баазад нэвтрэх болон ашиглах эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Инекст ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. GS1 олон улсын байгууллагын дүрэм нь Инекст ХХК-ийн хувьд заавал дагаж мөрдөх эрх зүйн акт биш. Бид олон улсын байгууллагатай гэрээ хийгээгүй тул Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон гэрээний дагуу ажиллах үүрэгтэй. Бид гэрээний дагуу программ хангамжийг хийгээд захиалагчид хүлээлгэн өгсөн, өмчлөлийн асуудалд манай зүгээс маргаан байхгүй. Харин нэхэмжлэгчтэй уг хийсэн программтай адилхан программ хангамж хийгээд өгч болно гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00877 дугаар шийдвэрээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МҮХАҮТ нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан код олгох программыг ашиглаж, зураасан код олгох эрхгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зураасан код олгохыг хориглох, 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг МҮХАҮТ-д ашиглуулахыг, GS1 Mongolia уг мэдээллийн баазын нэвтрэх нэр, эрхийг хязгаарлахыг Инекст ХХК-д тус тус хориглуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар Myttic.com/gs1 интернетийн хаяг дээрх программ хангамж, өгөгдлийн сан нь МҮХАҮТ-ын өмчлөлийн зүйл болохыг тогтоож, “Д С Н М Н” ТББ нь Myttic.com/gs1 интернетийн программ хангамж, өгөгдлийн санд нэвтрэх болон ашиглах эрхгүй болохыг тогтоож, нэхэмжлэгч “Д С Н М Н” ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөг, хариуцагч МҮХАҮТ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МҮХАҮТ-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д С Н М Н” ТББ-д, нэхэмжлэгч “Д С Н М Н” ТББ-аас 140 400 төгрөг гаргуулж хариуцагч МҮХАҮТ-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1771 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 210 600 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч МҮХАҮТын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Магадлалын хянах хэсэгт “...Өмчлөлийн зүйлээ өөрөө захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхийн хүрээнд С51 олон улсын байгууллага нь 2017 оны 02 сараас “Д С Н М Н”т онцгой эрхийг шилжүүлснээр МҮХАҮТ нь 865 угтвар бүхий зураасан кодыг хуулийн этгээд, хувь хүнд олгох эрхгүй болжээ.” хэмээн дүгнэсэн болно. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн адил (331 олон улсын байгууллага нь МҮХАҮТанхимын эрхийг цуцалсан эсэх, гишүүнээс хассан эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй болно. Олон улсын GS1 Aisbl байгууллагын дүрмийн 7 дугаар зүйлд “...Удирдах зөвлөлийн тухайн гишүүний талаарх үнэлгээ дараах байдалтай болсон тохиолдолд Ерөнхий Ассемблейн шийдвэрээр гишүүн байгууллагыг холбооноос хасна...”, мөн 8 дугаар зүйлд “...Ерөнхий Ассемблей нь асуудлуудыг шийдвэрлэнэ. Үүнд: ...гишүүн байгууллагыг гишүүнчлэлээс хасах; гэж зааснаар холбооны аливаа гишүүнийг гишүүнчлэлээс хасах бүрэн эрх нь Ерөнхий Ассемблейд хадгалагдаж байна. Түүнчлэн дүрмийн 7 дугаар зүйлд зааснаар гишүүн байгууллага зөрчил гаргасан бол зөрчлийг арилгахыг сануулсан Дотоод Хяналт Шалгалтын Комиссын албан тоотыг тухай гишүүн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байх боловч МҮХАҮТанхим зөрчил гаргасан гэж бидэнд албан тоот, сануулга ирүүлээгүй юм. Энэ нь дүрмийн 7 дугаар зүйлд заасан “...Удирдах зөвлөл нь аливаа гишүүнийг Холбооноос хасах бол ийм үйлдэл хийхэд хүргэсэн баримт нотолгоо, тайлбар агуулсан хүсэлтийг Ерөнхий Ассемблейд ирүүлнэ. Ерөнхий Ассемблей шийдвэрээ эцэслэн гарахаасаа өмнө хасагдахаар болсон гишүүн байгууллагад өөрийгөө өмгөөлөх нэг боломж олгоно...” гэж заасан боломжийг МҮХАҮТанхимд олгоогүй хэрэг болсон. Түүнчлэн Нэгдэл, хууль зүйн хэргийг хариуцсан захирал Марие Петре-гийн бидэнд ирүүлсэн цахим шууданг МҮХАҮТанхимын гишүүнчлэлээс хассан Ерөнхий Ассемблейн шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь албан ёсны харилцааг МҮХАҮТанхимд бус өмнө нь тухайн асуудлыг хариуцаж танхимд ажиллаж байсан нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирал болох Ш.Цэвэлсайханы хувийн цахим шуудангаар хүргүүлдэг, дүрэмд заасан Ерөнхий Ассемблейн эрх хэмжээг Нэгдэл, хууль зүйн хэргийг хариуцсан захирал Марие Петре нь дангаараа хэрэгжүүлж байгаа, дүрэм заасан процесс ажиллагааг явуулалгүй /МҮХАҮТанхимд Дотоод хяналт шалгалтын комиссоос албан бичиг ирүүлсэн бол зөрчил гэх асуудлыг нэн яаралтай дүрмийн дагуу шийдвэрлэх боломжтой байсан/ тул МҮХАҮТанхимыг гишүүнчлэлээс хассаныг албан ёсны болон хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл “Д С Н М Н” ТББ, МҮХАҮТ нарын хооронд үүссэн зураасан код олгох эрхийн талаарх маргааны урьдчилан шийдвэрлэх, гомдлыг шүүхийн бус журмаар шийдвэрлэхээр тухайн эрхийг олгодог үндэслэлийг Олон улсын GS1 Aisbl байгууллагын дүрэмд зохицуулсан байсан. Энэхүү 865 угтвар дугаарыг хэрэглэх, ашиглах, эзэмших эрхтэй бүхий л этгээд нь Олон улсын GS1 Aisbl байгууллагын дүрмийг дагаж мөрдөх, түүнд заасны дагуу үйл ажиллагаа явуулах учиртай тул энэхүү дүрэм нь зохигч талуудын чухал нотолгооны ач холбогдолтой эх сурвалж байх ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн хэн аль нь тус дүрмийн холбогдох заалтыг хэрэглээгүй, нотлох баримтыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэхэд хүрсэн гэж үзэж байна. МҮХАҮТанхимд олгосон зураасан код олгох эрхийг Олон улсын GS1 Aisbl байгууллагын дүрмийн 7 дугаар зүйлд зааснаар зөвхөн Ерөнхий Ассемблейд хасах эрх байгаа боловч тус Ерөнхий Ассемблейгаас энэ талаар шийдвэр гараагүй байхад МҮХАҮТанхимыг 865 угтвар кодыг эзэмших, ашиглах эрхгүй гэж үзсэнд гомдолтой байна. магадлалд өөрчлөлт оруулж “Д С Н М Н” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа хяналтын гомдолдоо: шийдвэр, магадлал нь хуулийн заалтыг буруу тайлбарлаж, үндэслэлийг буруу тодорхойлж гарснаараа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байгаа тул тэдгээрийг хянуулахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар энэхүү гомдлыг гаргаж байна. Шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...GS1 Монгол байгууллагын эрх, үүргийг МҮХАҮТ-ын харъяа нэгжийн дор явуулж байгаа нь Олон улсын GS1 Aisbl байгууллагын дүрэмд заасан гишүүн болохын тулд GS1-ийн үйл ажиллагааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, эсвэл улсуудын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан тусдаа хуулийн этгээд бие даан явуулах шаардлагыг зөрчиж байгаа талаар Олон Улсын GS1 Aisbl байгууллагаас МҮХАҮТ-д удаа дараа мэдэгдэж, энэхүү хоёр байгууллагыг салган үйл ажиллагаа явуулахыг шаардаж байсныг МҮХАҮТ-аас биелүүлээгүй байна.” гэж, мөн “...хариуцагч МҮХАҮТ-ыг Олон улсын GS1 Aisbl байгууллагын эрх бүхий гишүүн байгууллага гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй,...”, “...Иймд хариуцагч МҮХАҮТ нь Монгол Улсын хуулийн этгээд, хувь хүнд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан код олгох эрхгүй болох нь тогтоогдож байгаа,...” гэж тус тус дүгнэсэн атлаа нөгөө талаас “...МҮХАҮТ-ын зураасан код олгох эрхийг хориглох шаардлагагүй байна...” гэж сөрөг дүгнэлт хийж манай нэхэмжлэлийн шаардлагын “зураасан код олгохыг хориглох, 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг МҮХАҮТ-д ашиглуулахыг хориглуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн юм. Түүнчлэн анхан шатны шүүх 1. МҮХАҮТ-ыг хууль бус, зохих эрхгүйгээр зураасан код олгосон гэдэг үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч уг “хууль бус” үйл ажиллагаанаас олсон орлогоор хийлгэсэн компьютерийн программыг түүний өмчлөлийн зүйл мэтээр тогтоож байгаа нь Иргэний хуулийн 122, 123 дугаар зүйлийн заалтыг үл ойшоосон явдал болсон төдийгүй, 2.Зохигчийн эрх болон түүнд хамаарахын эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтыг зөрчин хууль болон гэрээнд заагаагүй этгээдэд онцгой эрх өгч байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжийг үгүйсгэж байна. Дээрх сөрөг утгатай дүгнэлтээ “Инекст” ХХК-д холбогдуулан гаргасан “Дэлхийн стандарт нэг Монгол” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ болгосонд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг эргэж харах эрх бүхий давж заалдах шатны шүүх “...МҮХАҮТ нь 865 дугаар бүхий зураасан код олгох эрхгүй тул уг программыг ашиглах эрхгүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг буруутгах боломжгүй байна.” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийхдээ уг программ ямар хөрөнгөөр анх бий болсонд хангалттай дүгнэлт хийж чадаагүй болохоороо анхан шатны шүүхийн “...код олгох эрхгүй болж байгаа нь программыг ашиглах, түүнд нэвтрэх эсэх талаархи яриа, маргаан байх ёсгүй” гэсэн утга бүхий дүгнэлтэнд хариулт өгч чадсангүй. Иймд магадлал,  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зураасан код олгохыг хориглох, 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг МҮХАҮТ-д ашиглуулахыг, GS1 Mongolia-н уг мэдээллийн баазын нэвтрэх нэр, эрхийг хязгаарлахыг “Инекст” ХХК-д тус тус хориглуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн хэсэг, 2 дахь заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, 1 дэх заалтанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан утгатай нэмэлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Д С Н М Н” ТББ нь хариуцагч МҮХАҮТд холбогдуулан “МҮХАҮТ нь Монгол Улсын хуулийн этгээд, хувь хүнд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан код олгох программыг ашиглаж, зураасан код олгох эрхгүй болохыг тогтоолгох, зураасан код олгохыг хориглох, 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг МҮХАҮТ-д ашиглуулахыг хориглох” нэхэмжлэлийг, хариуцагч Инекст ХХК-д холбогдуулан ““Д С Н М Н” ТББ-ыг ...мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг хязгаарласан үйлдлийг нь зогсоолгох” агуулгатай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч МҮХАҮТ нэхэмжлэлийг эс зөвшөөрч Myttic.com/gs1 интернетийн хаяг дээрх программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн баазын өмчлөгчөөр тогтоолгох, “Д С Н М Н”ийг Myttic.com/gs1 интернетийн программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн баазад нэвтрэх болон ашиглах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа нэхэмжлэгчийг GS1 системийг хэрэгжүүлэх онцгой эрхтэй гэж үзэж, ижил үйл ажиллагаа явуулж буй МҮХАҮТ-ыг ...865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан код олгох программыг ашиглаж, зураасан код олгох эрхгүй болохыг тогтоон, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

1.Хоёр шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэлбэрийн хувьд  шийдвэрлэсэн мэт боловч агуулгын хувьд үндсэндээ шийдвэрлээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын зөрчигдсөн эрх бүрэн сэргээгдээгүй байна.

GS1 олон улсын байгууллагын дүрэмд зааснаар ...нэг улсад нэг хуулийн этгээд бар код буюу худалдааны тэмдэг олгох үйл ажиллагааг явуулах эрхтэй байна.

МҮХАҮТ нь 2003 оноос GS1 системийг Монгол улсад хэрэгжүүлж байсан боловч “Д С Н М Н” 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс уг үйл ажиллагааг явуулах эрхийг олж авсан баримт хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч нь онцгой эрхийн дагуу GS1 системийг хэрэгжүүлж, Монгол Улсын хуулийн этгээд, хувь хүнд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан код олгох эрхтэй болсон хэдий ч уг үйл ажиллагааны хүрээнд өмнө нь МҮХАҮТ-ын хэрэглэж байсан программ, мэдээллийн баазад нэвтрэх эрхгүй болсноор Монгол улсын хэмжээнд өөрийн худалдааны тэмдэгтэй хуулийн этгээд, хувь хүний бүртгэл мэдээлэл тодорхой бус, нэгдмэл сан бүрдэхгүй болсон, нөгөө талаас хариуцагч МҮХАҮТ шүүхийн шийдвэрээр программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн баазын өмчлөгчөөр тогтоогдсон хэдий ч олон улсын байгууллагаас олгодог эрхийг хэрэгжүүлж чадахгүй, өмчлөлийн зүйл ач холбогдолгүй болсноос үзвэл зохигчдын аль алины эрх бүрэн сэргээгдэж чадаагүй байна.

Энэ зөрчил нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон эрх сэргээлгэхийг хүссэн зорилгыг тодорхойлж чадаагүйтэй холбоотой байна.

2. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах, агуулгын хувьд оновчтой, зөв тодорхойлох эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийж чадаагүй нь хуульд нийцсэнгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “МҮХАҮТ нь Монгол Улсын хуулийн этгээд, хувь хүнд 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан код олгох программыг ашиглаж, зураасан код олгох эрхгүй болохыг тогтоолгох, зураасан код олгохыг хориглох, 865 гэсэн префикстэй зураасан код бүхий гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн баазад нэвтрэх нэр, эрхийг МҮХАҮТ-д ашиглуулахыг хориглох” гэж тодорхойлсон ба “зураасан код олгохыг хориглох” шаардлага нь эхний шаардлагатай агуулгын хувьд адил байхад  шүүх тус тусдаа шаардлага гэж үзэж шийдвэрлэхдээ эхний шаардлагыг хангаж, зураасан код олгохыг хориглох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...манай байгууллагад ажиллаж байсан Ш.Цэвэлсайхан албан тушаалын байдлаа ашиглаж, олон улсын GS1 байгууллагатай харьцаж байхдаа, тус байгууллагаас манайд ирүүлсэн шаардлагыг нууж, өөрөө төрийн бус байгууллага байгуулж, үйл ажиллагааны онцгой эрхийг олж авсан ...энэ талаар Цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа гэснээс гадна олон улсын GS1 айсбл байгууллагын дүрмийн 7 дугаар зүйлд тус байгууллагын гишүүнээс гарах асуудлыг зохицуулсан байдаг ба МҮХАҮТ-ыг олон улсын GS1 байгууллагын гишүүнчлэлээс хасаагүй, гишүүн хэвээр байгаа...” гэснээс үзвэл нэхэмжлэгчийг хуулийн этгээд байгуулсан нь буруу гэсэн агуулгатай атлаа нэхэмжлэлийн шаардлага нь уг үндэслэлээс өөрөөр тодорхойлогдсон болохыг шүүх тодруулж, ойлгомжтой болгоогүй нь алдаатай болсон байна.

Мөн МҮХАҮТ нь олон улсын GS1 байгууллагын гишүүн хэвээр байгаа эсэх, МҮХАҮТ-ын зүгээс нэхэмжлэгч байгууллагад эрх олгосныг эс зөвшөөрч тухайн олон улсын байгууллагад хандсан эсэх асуудал маргааны үйл баримтад ач холбогдолтой байна.

Дээрх үндэслэлээр хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00877 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1771 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                 Ц.АМАРСАЙХАН

     ШҮҮГЧ                                                                       П.ЗОЛЗАЯА