Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01810

 

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01810

 

 

Ч.Одмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01313 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Одмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын банк ХХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 800 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Одмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Одмааг Улаанбаатар хотын банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/181 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1619 тоот тогтоолоор Улаанбаатар хотын банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/181 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

Улаанбаатар хотын банк ХХК нь Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг үл хүндэтгэн ажилд эгүүлэн тогтоохгүй байсан тул миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар ажил эгүүлэн тогтоосон болно.

Иймд Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 5 800 000 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Ажилтны цалин хөлсийг хийснээр цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн дүнд нь тохируулан олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.Одмаа нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд банкинд ямар нэгэн ажил, хөдөлмөр хийж гүйцэтгээгүй байх тул дээрх хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Одмаа нь ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эргэн орох хүсэл зоригоо банкинд илэрхийлээгүй, уг асуудлыг шийдвэрлэх боломжийг банкинд олгоогүй зэрэг ажилд эргэн орох хугацааг өөрөөс хамаарах байдлаар хойшлуулж байсан. Улаанбаатар хотын банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ч.Одмаад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан хэмжээгээр олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон.

Ажилд эгүүлэн тогтоох тухай тушаал гарч, нэхэмжлэгч Ч.Одмаатай Хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар цалин хөлсийг олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Улаанбаатар хотын банк ХХК-аас 5 270 500 төгрөгийг гаргуулж Ч.Одмаад олгож, Ч.Одмаагийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 527 050 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны Ч.Одмаагын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Улаанбаатар хотын банк ХХК-ийн удирдлагад үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99 278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр хийж гүйцэтгээгүй байх тул дээр хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш ажилд эгүүлэн тогтоолгох хүсэл зоригоо банкинд илэрхийлээгүй бөгөөд өөрөөс нь хамаарах байдлаар хойшлуулж байсан.

Түүнчлэн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 74 ажлын хоног байхад ажилгүй байсан хугацааг 83 хоногоор тооцож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Одмаа нь хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 800 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/01619 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Ч.Одмааг ажилд нь эгүүлэн тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 7 сар 23 хоногийн цалинтай тэнцэх олговорт 11 550 489 төгрөгийг хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК-иас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ч.Одмааг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэдэг нь тогтоогдсон, уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжилсэн болох нь Улаанбаатар хотын банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/195 тоот тушаал, талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох олговрыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилсон тушаал гарах хүртэлх ажилгүй байсан хоногийг тооцохдоо нийтээр амрах баярын өдрүүдийг хасалгүй тооцоолсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, ажилгүй байсан хугацааг 74 хоногоор тооцож, олговорт 4 699 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01313 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын 5 270 500 төгрөгийг гэснийг 4 699 000 төгрөгийг, 527 050 төгрөгт гэснийг 1 101 000 төгрөгт гэж,

3 дахь заалтын 99 278 төгрөгийг гэснийг 90 134 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 278 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА