Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00093

 

Ч.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01313 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1810 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ч.О-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “УБ Банк” ХХК--д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 800 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Б.Анирмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О-, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“УБ Банк” ХХК--ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/181 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1619 тоот тогтоолоор “УБ Банк” ХХК--ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/181 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. “УБ Банк” ХХК- нь Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг үл хүндэтгэн ажилд эгүүлэн тогтоохгүй байсан тул миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар ажил эгүүлэн тогтоогдсон болно.

Иймд Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 5 800 000 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Ажилтны цалин хөлсийг хийснээр цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн дүнд нь тохируулан олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.О- нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд банкинд ямар нэгэн ажил, хөдөлмөр хийж гүйцэтгээгүй байх тул дээрх хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ч.О- нь ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эргэн орох хүсэл зоригоо банкинд илэрхийлээгүй, уг асуудлыг шийдвэрлэх боломжийг банкинд олгоогүй зэрэг ажилд эргэн орох хугацааг өөрөөс хамаарах байдлаар хойшлуулж байсан.

“УБ Банк” ХХК- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ч.О-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан хэмжээгээр олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон. Ажилд эгүүлэн тогтоох тухай тушаал гарч, нэхэмжлэгч Ч.О-тай Хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар цалин хөлсийг олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01313 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “УБ Банк” ХХК--аас 5 270 500 төгрөгийг гаргуулж Ч.О-д олгож, Ч.О-гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 527 050 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны Ч.О-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “УБ Банк” ХХК--ийн удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99 278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1810 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01313 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 5 270 500 төгрөгийг гэснийг 4 699 000 төгрөгийг, 527 050 төгрөгт гэснийг 1 101 000 төгрөгт гэж, 3 дахь заалтын 99 278 төгрөгийг гэснийг 90 134 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 278 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

.... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д "Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй." гэж заасан. ... Ажилтан ажлаас халагдсанаар түүний цалин хөлс авах эрх нь хязгаарлагдаж, зөрчигдөх бөгөөд үүнтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг мөн өдрөөс эсхүл ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн өдрөөс тоолж эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.О-гийн хувьд цалин хөлсийг олгоогүй үеэс буюу Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан өдөр болох 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс цалин хөлс авах эрх нь зөрчигдсөнтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлэх тул энэ хугацаанаас хойш 3 сарын дотор гомдлоо гаргах байсан гэж үзэж байна.

Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь эрхээ зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан өдрөөс хойш 5 сар 14 хоногийн дараа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтад заасан хугацааг зөрчиж, нэхэмжлэл гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 -т “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн дүнд нь тохируулан олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.О- нь цалин хөлс нэхэмжилж буй хугацаанд банкинд ямар нэгэн ажил, хөдөлмөр хийж гүйцэтгээгүй байх тул дээрх хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

... Хөдөлмөрийн харилцаа нь иргэний эрх зүйн гэрээний нэгэн төрөл учир уг гэрээг үргэлжлүүлэх, сунгах, дуусгавар болгохтой холбоотой харилцаа нь зайлшгүй гэрээний талуудын оролцоог шаардах бөгөөд нэг тал хүсэл зоригоо илэрхийлээгүй нь нөгөө талд тухайн гэрээтэй холбоотой шийдвэр гаргах боломжийг хязгаарласан нөхцөл байдлыг бий болгосон.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2018/01313 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1810 дугаартай магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ч.О- хариуцагч “УБ Банк” ХХК--иас ажилгүй байсан 3 сар 20 хоногийн цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 5 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч “УБ Банк” ХХК- шаардлагыг эс зөвшөөрч, Ч.О-г ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж, түүнийг “УБ Банк” ХХК--ийн УБ  салбарын харилцагчийн менежерийн ажил, албан тушаалд томилсон, шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 11 550 489 төгрөгийг олгосон, ажил хийгээгүй хүнд цалин олгох үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Ч.О- “УБ Банк” ХХК--ийн УБ  салбарын харилцагчийн менежерийн ажлаас ажил олгогчийн санаачилгаар 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр халагдсан байна. 

Нэхэмжлэгч Ч.О-гийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай “УБ Банк” ХХК--д холбогдох нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01497 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгожээ. Анхан шатны шүүхийн уг шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1804 дүгээр магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна. Улсын Дээд шүүх хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/01619 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан, Ч.О-г “УБ Банк” ХХК--ийн УБ  салбарын харилцагчийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “УБ Банк” ХХК--иас 11 550 489 төгрөг гаргуулан Ч.О-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч “УБ Банк” ХХК- гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар Ч.О-г УБ  салбарын харилцагчийн менежерийн албан тушаалд эгүүлэн томилсон байна. Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан 11 550 489 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон асуудлаар талууд маргаагүй байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шүүх ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй. Хуулийн уг зохицуулалтын “ажилгүй байсан бүх хугацаа” гэх ойлголтод ажилтныг ажлаас халсан тушаал гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх хүртэлх нийт хугацаа хамаарах тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа эгүүлэн тогтоолгох хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг шаардах хууль зүйн үндэслэлтэй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлын хоногоор тооцож, нөхөх олговрын хэмжээг багасгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1810 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 90 134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                П.ЗОЛЗАЯА

                   ШҮҮГЧ                                                                      Ц.АМАРСАЙХАН