Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 122/2017/0022/З |
Дугаар | 221/МА2018/0184 |
Огноо | 2018-03-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2018/0184
М.Х-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагч О.Б нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 113/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч М.Х-ийн давж заалдах гомдлоор, М.Х-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 113/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан, М.Х-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай 02 дугаар тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийн хавсралтын 2 дугаар хэсгээр батлагдсан Гэр бүлийн эрх зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн-ний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.Х давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын Б/12 дугаар тушаалаар тус хэлтсийн мэргэжилтнээр, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс тус хэлтсийн шинэчлэгдсэн бүтэц, орон тоо болох хүүхдийн эрх, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр тус тус ажиллаж байсан. Ингэж ажиллахдаа хүүхэд болон гэр бүлийн эрхийн асуудал гэсэн хоёр асуудлыг хамаарч ажиллаж байсан юм. Албан тушаалын нэр маань хүүхдийн эрхийн мэргэжилтэн гэж бичигдсэн байдаг боловч, эрх бүхий байгууллагаас баталсан орон тоо, миний гол хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг маань гэр бүлийн хөгжил, боловсрол, хамгаалалтын асуудлыг хамаарсан ажил үүргүүд байсан. 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 2014, 2015, 2016 онуудад төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн албан үүргийн дийлэх хувийг гэр бүлийн асуудал эзэлдэг. Гэтэл анхан шатны шүүх намайг ажлаасаа чөлөөлөгдөх тухайн үед яг ямар ажил үүрэг гүйцэтгэж байсныг үл харгалзан хэрэгт авагдсан 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн тус тодорхойлолтод заасан албан тушаалын чиг үүрэг хадгалагдсан боловч орон тоо цөөрсөн гэж дүгнэсэн. Гэтэл 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй боловч жил бүр шинэчлэн байгууулдаг үр дүнгийн гэрээний дагуу өдийг хүртэл миний хэрэгжүүлж, хийж гүйцэтгэж ирсэн ажил бол гэр бүлийн боловсрол, хөгжил хамгааллын асуудал байсан юм. Үүнийг миний 2014-2016 оны үр дүнгийн гэрээ, түүний дүгнэлт, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон тухайн үед надтай үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнэж байсан М.Туулын мэдүүлгээр нотлон тогтоох бүрэн боломжтой.
...Хүүхдийн эрхээс гадна миний эрхэлж байсан гэр бүлийн боловсрол, хөгжил, хамгааллын асуудал нь 2017 оны А/58 дугаар захирамжаар шинэчлэн батлагдсан гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод хадгалагдаж байгаа гэж үзэж байна.
...Ажлын байрны нэр, шинэчлэгдээгүй ажлын байрны тодорхойлолтоор миний хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүргийг хангалттай тодорхойлж чадахгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр гарахад ноцтой нөлөөлөл үзүүлж байгаа учраас дээр дурдсан нэмэлт нотлох баримт цуглуулж, нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулж хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тушаалаар “бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч М.Х-ийг ажлаас чөлөөлж, түүнд 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч, “...албан тушаалын нэр маань хүүхдийн эрхийн мэргэжилтэн гэж бичигдсэн байдаг боловч, эрх бүхий байгууллагаас баталсан орон тоо, миний гол хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг маань гэр бүлийн хөгжил, боловсрол, хамгаалалтын асуудлыг хамаарсан ажил үүргүүд байсан ба энэ чиг үүрэг нь шинээр батлагдсан гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод хадгалагдаж үлдсэн” гэж маргажээ.
Анхан шатны шүүхээс “...хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан бөгөөд тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэвээр хадгалагдсан үлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд дээрх хоёр албан тушаалын чиг үүрэг, тавигдах шаардлага нь өөр өөр байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Учир нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан байна.
Захиргаа энэхүү зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгааг эдлүүлэхдээ хуульд заасан нөхцөлийн хамгийн эхнээс нь буюу хамгийн илүү баталгаанаас нь эхлэн хэрэгжүүлэх учиртай. Тодруулбал, төрийн албан хаагчийн ажиллаж байсан төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд хамгийн эхэлж өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, эсхүл төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшүүлж, энэ хугацаанд эрхэлж байсан албан тушаалынх нь цалин хөлсийг нь өгөх, ажлын байраар хангах, харин энэ хоёр баталгааны аль нэгийг нь эдлүүлэх боломжгүй бол хамгийн сүүлд нь 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох юм.
Гэтэл энэхүү маргааны хувьд хэдийгээр нэхэмжлэгч М.Х-ийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо нь хасагдсан гэх боловч Сүхбаатар аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/262 дугаар захирамжаар Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэст 4 мэргэжилтэн, нийт 16 ажилтантай байсныг Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны А/58 дугаар захирамжаар тус хэлтсийн чиг үүрэг өргөжиж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болсонтой холбогдуулан 6 мэргэжилтэн, нийт 17 ажилтантай байхаар бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байна. Үүнээс үзвэл тухайн байгууллагад мэргэжилтний орон тоо хоёроор, нийт байгууллагын орон тоо нэгээр нэмэгдсэн байх тул тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахын өмнө нийт хэдэн албан хаагч ямар, ямар албан тушаалд ажиллаж байсан болох, бүтэц, орон тоог шинэчлэн баталсаны дараа хариуцагч нийт хэдэн албан хаагчийг ажлаас чөлөөлж, ямар, ямар албан хаагчийг буцаан томилсон болох, хэдэн хүн шинээр ажилд томилсон болох, төрийн захиргааны албан хаагчдыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулсан эсэх, сонгон шалгаруулалт явуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн байсан эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байх бөгөөд энэ нь хариуцагчийн үйл ажиллагаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д заасантай нийцсэн эсэх, нэхэмжлэгч М.Х нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжтой эсэхэд дүгнэлт өгөх боломж бүрдэхээр байна.
2. Нэхэмжлэгчээс “...албан тушаалын нэр маань хүүхдийн эрхийн мэргэжилтэн гэж бичигдсэн байдаг боловч, эрх бүхий байгууллагаас баталсан орон тоо, миний гол хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг маань гэр бүлийн хөгжил, боловсрол, хамгаалалтын асуудлыг хамаарсан ажил үүргүүд байсан, ...хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүргээ ажлын байрны тодорхойлолтдоо тусгуулахаар удирдлагадаа ханддаг байсан боловч хүлээж бай гэдэг байсан учраас үр дүнгийн гэрээнд тусгаж ажлаа гүйцэтгэж ирсэн” гэж маргаж байх тул Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс байхад “гэр бүлийн асуудал”-ыг аль мэргэжилтэн нь хэрэгжүүлж байсан талаарх нотлох баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Түүнчлэн нэхэмжлэгч М.Х-ийн эрхэлж байсан хүүхдийн эрх хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байхдаа байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээг, Гэр бүлийн эрх зүй, хөгжил, хамгаалал хариуцсан мэргэжилтэн Б.Д-ын ажлын байрны тодорхойлолт болон 2017 оны үр дүнгийн гэрээтэй харьцуулан үзэж, хийж гүйцэтгэх ажлын чиг үүрэг нь адил байсан эсэх талаар дүгнэх шаардлагатай.
Мөн хэрэгт авагдсан “Аз жаргалтай гэр бүл”-ийн аяны удирдамжид тусгагдсан ажлыг нэхэмжлэгч М.Х хийж гүйцэтгэсэн эсэх баримт нь Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт байхгүй бол тус аяныг хамтран зохион байгуулсан байгууллагуудаас нь гаргуулж хэрэгт хавсаргах, энэ мэтчилэн гэр бүлийн хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ажилд нэхэмжлэгч М.Х байгууллагаа төлөөлөн оролцож байсан эсэх талаарх баримтыг цуглуулж, дээрх нөхцөл байдлыг нэг мөр тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Хэдийгээр анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахаар хариуцагч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт албан бичиг явуулсан байх боловч үүнийхээ дагуу холбогдох нотлох баримтуудыг бүрэн гүйцэт цуглуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг бодитойгоор хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй.
3. Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлахдаа “...Гэр бүлийн эрх зүй, хөгжил, хамгаалал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага болох эрх зүйч мэргэжилтэй байх шаардлагыг нэхэмжлэгч М.Х хангахгүй” гэж тайлбарлаж байх тул анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох боломж байсан эсэхийг тодруулах, түүнчлэн нэхэмжлэгчийн томилуулахыг хүсч буй Гэр бүлийн эрх зүй, хөгжил, хамгаалал хариуцсан мэргэжилтний албан тушаалд яагаад заавал “эрх зүйч” мэргэжилтэй хүн ажиллах бодитой шаардлага бий болсон талаарх үндэслэл, шалтгаан зэргийг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлээд явуулсан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж, татгалзан гарсан шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгахад оролцож, татгалзан гарах хүсэлт шийдвэрлэхэд оролцсон байсныг тэмдэглэв.
Ийнхүү анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй зэргээс давж заалдах шатны шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 113/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН