Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/01760

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э, Д.Э нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01852 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э, Д.Э нарын хариуцагч М д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 12 973 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эа, Х.Эх, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2012 оны 04 сарын 22-ны өдөр Дорнод аймаг дахь Улаанбаатар төмөр замын харьяа Баянтүмэн тасгийн ажилчид цурав тавих ажил үүрэг гүйцэтгэж байгаад түймэр алдсаны улмаас 2012 оны 04 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нарын хашаа, саравч, мал эд зүйлс өртөж шатсан. Хөрөнгийн үнэлгээний төвөөс тогтоосон үнэлгээний дагуу Д.Э д 5 195 000 төгрөг, Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээний дагуу Д.Эод 7 778 500 төгрөг, нийт 12 973 500 төгрөгийн хохирол учирсан гэсэн тул үүнийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Улаанбаатар төмөр замын ажилчид 5 шатлалтай цурав тавих үйл ажиллагаа явуулснаас 4, 5 дахь шатлалаас оч үсэрч, цурав тавьсан газраас 30 см-ын зайд түймэр гарсан. 2012 оны 04 сарын 17-ны өдөр Дашбалбар суманд гарсан түймрийг мөн сарын 18-ны өдөр унтраасан. Гэтэл 2012 оны 04 сарын 22-ны өдөр дахин түймэр гарсныг унтраахад урдаас нь төмөр замын түймэр орж ирсэн ба энэ нь Хүдэрээс гарсан түймрийн цуравд орж унтарсан байдаг. Баянтүмэн тасгийн алдсан түймрийн сүүлч Чулуунхороот сум руу орж айлын мал, малын хашаа, саравч, эд зүйлийг шатаасан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Үүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилж галын шалтгаан нөхцөл, тархалтын байдал зэргийг хангалттай тогтоосон.

н.Одсүрэнгийн тавьсан түймрийн тухайд талбайн хэмжээ, хохирол тогтоогдож ял эдэлсэн. Түүний тавьсан галтай Улаанбаатар төмөр замын ажилчдын гал нийлж шатсан зүйл огт байхгүй. Шинжээчийн гаргасан үнэлгээний дагуу нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгасан гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэн, хэзээ, хаана, ямар үйлдлээр гал тавьсан нь тогтоогдоогүйн улмаас удаа дараа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан. Цурмаас шатсан хомоол хийсэж төмөр зам гал алдсан гэсэн урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй. Шүүхээс гэм буруу нь тогтоогдоогүй байхад хариуцагч талыг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилдэг боловч хариуцагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад хохирол нэхэмжлэх үндэслэлгүй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар гэм хорын шаардлагад тэмдэгтийн хураамж төлөх ёстой байтал төлөөгүй байхад иргэний хэрэг үүсгэсэн нь буруу. Түүнчлэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулснаас шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байдаг тул уг хугацаа хэтэрсэн гэж үзнэ.

2012 оны 04 сарын 17, 18-ны өдрүүдэд Дорнод аймгийн Дашбалбар суманд хээрийн түймэр гарсан. Улаанбаатар төмөр замаас түймрийн аюулаас хамгаалахын тулд ажилчид цурав тавих ажиллагааг явуулахдаа орон нутгийн Онцгой байдлын газраас холбогдох зөвшөөрлийг авсан ба тухайн үед гал алдаагүй болох нь гэрч нарын цурав тавих ажил дууссаны дараа түймэр гарсан гэх мэдүүлгээр нотлогддог. Шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй, ямар баримтад тулгуурлан гаргасан нь тодорхойгүй.

Бодит байдалд нэхэмжлэгч нарын амьдарч байсан газраас Дашбалбар суманд гарсан гал 50 орчим км, 22-ны өдөр төмөр замын цурмаас оч үүссэн гэх гал 120 орчим км зайтай байсан. Газар нутгийн зайнаас харахад төмөр замын алдсан гал нэхэмжлэгч нарын гэр, хороонд түрүүлж хүрэх боломжгүй. Шинжээч нар газар хоорондын зайг хэмжихгүйгээр 2 гал нийлсэн, төмөр замын алдсан гал түрүүлж хүрсэн гэж ямар тоо, тооцоололд тулгуурласан нь ойлгомжгүй дүгнэлт гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, ОХУ-ын сайтад тавигдсан галын ирсэн мэдээлэлтэй харьцуулалт хийгээгүй тул шинжээчийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна.

Мөн нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хохирол тогтоосон аймгийн комиссын үнэлгээ зөрүүтэй байдаг. Тодруулбал, нэхэмжлэгч тал гомдол, мэдүүлэгтээ шатсан малыг тоогоор нь 26 ямаа, 30 ишиг гэсэн байхад аймгийн комисс 26 ямаа, 30 хонь гэсэн. Нэхэмжлэгч нар түймэртэй утаа үнэртсэн гэж мэдүүлсэн атлаа урьдчилан сэргийлэх, цурав тавих, хамгаалалтын зурвас хийх ажил огт хийгээгүй. Өөрсдийнх нь хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс эд хөрөнгө нь устсан. Эрүүгийн хэрэгт хэргийн газар үзлэг хийхдээ хөндлөнгийн ганцхан гэрч оролцуулж процессын зөрчил гаргасан. Нэхэмжлэгчийн эхнэр н.Чимэг-Эрдэнэ ажлын хэсэгт орж хохирлын хэмжээг гаргасан тул бодитой гэдэгт эргэлзэж байна.

Иргэний хэрэгт шинжээч нар талуудыг байлцуулахгүй, хариуцагч талд мэдэгдэлгүй дүгнэлт гаргасан. Шатсан мал им тамгатай байсан эсэх, нэхэмжлэгчийн мал мөн эсэх нь тодорхойгүй. Малын А данснаас гадна эрүүл мэндийн дэвтэр гэж байх ёстой. Малын тоо толгойг ямар тооцоолол, баримтад тулгуурлаж гаргасан нь тодорхойгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М аас 5 195 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э д, 7 778 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эод тус тус олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М аас улсын тэмдэгтийн хураамжид 222 526 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцэхгүй байгаа бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн мэтгэлцээний үед мэдүүлсэн хэрэгт ач холбогдолтой тайлбар зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй хэргийн прокурорын тогтоол, галын шинжээчийн дүгнэлт зэрэгт тулгуурлан шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

Шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдал онцгой хэрэгсэл биш байтал шүүхээс 2012 онд эрүүгийн хэргийг шалгах явцад гарсан галын шинжээчийн дүгнэлтийг үнэлж шийдвэрлэсэн. Гэтэл хэн гэдэг ажилтан, ямар үйлдлийн улмаас оч үсэргэж гал алдсан талаар хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойгүй байхад бүхэлд нь хамаатуулж Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ажилчид гал алдсан гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Хэдийгээр шинжээч гал анх үүсвэрлэн гарсан цэгт тулгуурлан цурмаас оч үсэрч гал гарахад хүргэсэн гэж дүгнэсэн боловч уг гал үүсвэрлэн гарсан газрыг чиглэн хэзээ, ямар оч үсэрсэн, эсхүл шатамхай зүйл дээр унасан эсэх нь тодорхойгүй байгаа нь хариуцагчийн гэм буруутайг хангалттай нотлох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Шүүхээс гал түймрийн мэдээллийг судалж, бүртгэдэг ОХУ-ын цахим сайтад тухайн үеийн түймрийн нөхцөл байдалд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн сумдад 2012 оны 04 сарын 18-23-ны өдрүүдэд гарсан хээрийн түймэр нэхэмжлэгч нарын нутаглаж байсан байршил руу чиглэсэн нь тодорхой харагдаж байхад хариуцагч байгууллагын ажилчдын түймэр түрүүлж хүрсэн байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь иргэн Д.Одсүрэнгийн тавьсан түймэр нь нэхэмжлэгч нарын амьдарч байсан газраас 50 орчим км-ийн зайтай, харин Улаанбаатар төмөр замын ажилчид алдсан гэх түймрийн эхэлсэн цэг нь нэхэмжлэгч нарын амьдарч байсан газраас 120 орчим км-ийн зайтай байхад хариуцагчийн ажилчдын гал түрүүлж хүрсэн байна гэж дүгнээд буй нь ойлгомжгүй байна.

Хариуцагч Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ажилчдын хээрийн түймрээс хамгаалах цурав тавих ажиллагаа, улмаар гал алдсан гэх гэм буруутай үйлдэл нь гэм хэрэг болох нь шүүхээр тогтоогдоогүй тул шүүх санаачилгаараа нэхэмжлэгч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн.

Түймрийн аюултай үед урьдчилан сэргийлэх, хамгаалалтын зурвас татах, цурав тавих сэргийлэх үүргээ нэхэмжлэгч нарын хэн аль нь хэрэгжүүлээгүй нь өөрсдийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байхад шүүхээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээ болон улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Э, Д.Э нар хариуцагч М д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 14 169 000 төгрөг гаргуулах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад 1 195 500 төгрөгөөр багасгаж, нийт 12 973 500 төгрөг гаргуулна гэжээ. Хариуцагч байгууллагын хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд харилцан маргасан байна. /1хх 1-2, 77-78, 106/

 

Нэхэмжлэгч нарын оршин суух Дорнод аймаг, Чулуун хороот сумын нутаг дэвсгэрт 2012 оны 04 сарын 22-ны өдөр гал түймэр гарсан, үүний улмаас Д.Э, Д.Э нарын хашаа хороо, мал амьтан шатаж үгүй болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй. Харин гал түймэр гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээ түүнд хариуцагчийн гэм буруу байгаа эсэх нь маргааны гол зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй талаар дүгнэлтийг хийж, хариуцагчаас гэм хорын хохиролд нийт 12 973 500 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Харин талуудын хооронд үүссэн маргаан буюу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэснийг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулан шийдвэрт хууль хэрэглээний хувьд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн даргын тушаал /1хх 28/, албан бичиг /1хх 29/, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн зөвшөөрөл /1хх 30/, Дорнод аймгийн Чойбалсан сумын энгэр шанд баг хавирга гэх газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга /1хх 33-34/, 2012 оны 04 сарын 22-ны өдөр гарсан хээрийн гал түймрийн эхлэлийн цэгийн байршлын схем /1хх 36/, Галын шинжээчийн дүгнэлт /1хх 37/, Галын шинжээчийн нэмэлт дүгнэлт /1хх 38/, Шинжээчийн дүгнэлт /1хх 39/, шүүхээс томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1хх 129-137/, шүүхээс томилогдсон Итгэлт эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1хх 219-227/,

Түймэрт шатсан малын сэг, зэмийг устгасан тухай илтгэх хуудас /1хх 150-151/, шүүхээс томилогдсон Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт /1хх 211-214/,

Шүүхээс томилогдсон Онцгой байдлын Ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын шинжээчийн дүгнэлт /2 хх 50-53/ зэргийг харьцуулан үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а/. Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг төмөр замын дэр мод, холбооны модыг болзошгүй хээрийн түймрийн аюулаас хамгаалах зорилгоор Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсээс зөвшөөрөл хүссэний дагуу Гамшгаас хамгаалах Улсын хяналтын байцаагчийн зөвшөөрлийн хуудсаар Хөхнуураас-Чингис бал, 103-р км-ээс-Хавирга, Хавиргаас-180-р км хүртэл цурав тавих ажлыг 2012 оны 04 сарын 18-ны өдрөөс 2012 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулахыг зөвшөөрчээ.

б/. Зөвшөөрлийн дагуу Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг 2012 оны 04 сарын 21-ний өдөр цурав тавихын өмнө газрыг 3 метр өргөн газар хагалж, хагалсан газрын дотор талын шороо төмөр замын хоорондох өвсийг 5 үе шаттай шатааж, цурав тавих ажлыг эхлүүлжээ.

в/. Ийнхүү цурав тавих явцад 2012 оны 04 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэрт байрлах Баянтүмэн тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7-р зуутын шонгийн хойд талд хагалсан газрын ирмэгээс 30-40 см зайнаас цурваас оч үсэрч гал анх үүсвэрлэн гарчээ.

г/. Тухайн өдөр салхины хурд 12-14 м/с хүрч байсан ба Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ажилчид цурав тавьж гал шатаасан үйлдэл гаргаснаараа Улсын хяналтын байцаагчийн зөвшөөрөлд дурдсан Салхины хүч тогтмол үед цуравдах, салхи 5 м/с-ээс их үед цурав тавихгүй байх зааврыг зөрчжээ.

д/. Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн хийж гүйцэтгэсэн цурваас оч үсэрч анх гарсан гал түймэр нь иргэн Д.Одсүрэнгийн үйлдлийн улмаас Дорнод аймгийн Дашбалбар суманд анх гарсан гал түймрээс түрүүлж нэхэмжлэгч нарын оршин суух Дорнод аймаг, Чулуун хороот сумын нутаг дэвсгэрт хүрчээ.

 

Дээрх гал түймрийн улмаас нэхэмжлэгч Д.Энх-Эрдэнийн эд хөрөнгөд 5 195 000 төгрөгийн, нэхэмжлэгч Д.Эын эд хөрөнгөд 7 778 500 төгрөгийн хохирол тус тус учирсан буюу нийт 12 973 500 төгрөгийн үнэ бүхий хашаа хороо, мал амьтан шатаж үрэгджээ.

 

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ажилчдын болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн гал түймэр гарсан, үүний улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан, тэдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нар өөрт учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо шинжээчийн дүгнэлт нотолгооны онцгой, давуу байдалтай хэрэгсэл биш байтал шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь буруу гэжээ. Гэтэл 2012 оны 04 сард болж өнгөрсөн үйл явдлыг тухайн үед үйлдэгдсэн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэснийг буруутгах боломжгүйгээс гадна тэдгээр шинжээчийн дүгнэлтүүд нь эрүүгийн журмаар хэргийг шалгаж байх явцад цугларсан гэрч, хохирогч, сэжигтэн нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, цаг агаар, салхины хурд, газрын төлөв байдал зэрэгт үндэслэгдэн гарсныг дурдах нь зүйтэй.

 

Мөн иргэн Д.Одсүрэнгийн үйлдлийн улмаас гарсан гал түймэр нэхэмжлэгч нарын оршин байгаа газраас 50 км орчим зайтай, харин Улаанбаатар төмөр замын ажилчдын үйлдлийн улмаас гарсан гал түймэр нэхэмжлэгч нарын амьдарч байсан газраас 120 км орчим зайтай хэмээн хариуцагч тал маргаж байх боловч салхины хүч, чиглэл, газрын гарц, нөхцөл байдал, агаарын хуурайшилт зэргээс гал түймэр хаашаа ямар хурдацтайгаар тархах нь хамаарах учир газрын хол, ойр ач холбогдолгүйн зэрэгцээ хариуцагчийн уг татгалзал шүүхээс томилогдсон шинжээчийн холбогдох дүгнэлтээр няцаагдаж байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн хохирлын үнэлгээг тогтоосон тусгай зөвшөөрөл, тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийг няцаах үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хээрийн нөхцөлд малчин айл өрх сумдаас сумд руу хурдацтай тархаж буй гал түймэртэй ганцаарчлан тэмцэх буюу газар хагалах, цурав тавих г.м ажлуудыг хийж гүйцэтгэх боломжгүй учир энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Харьцуулбал, газар хагалах, цурав тавих г.м ажлыг хүн хүч, машин механизм, техник тоног төхөөрөмж бүхий Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг гүйцэтгэсэн байдаг.

 

Харин нэхэмжлэгч нарыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс үндэслэлгүй чөлөөлсөн талаар хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг нөхөж гаргуулахаар зохицуулсны дагуу шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, шүүхээс хариуцагч талыг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн буюу гэм буруутай болохыг эцэслэн тогтоогоогүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нэхэмжлэл хэмээн үзэж нэхэмжлэгч нарыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Иймд нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 228 795 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 222 526 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох учиртай боловч хэмнэлттэй байх зарчмын үүднээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас 6 269 төгрөгийг гаргуулан, хариуцагчаас 222 526 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх зохицуулалт нь заавал шүүхээс эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байхыг шаардахгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 497.1, ... гэсний ард ...498 дугаар зүйлийн 498.1, ... гэж нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01852 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...497.1, ... гэсний ард ...498 дугаар зүйлийн 498.1, ... гэж нэмж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас 6 269 төгрөгийг гаргуулан, хариуцагчаас 222 526 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлогод оруулсугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 526 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР