Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/01967

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/01967

 

 

 

Т.М- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02523 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т.М-, П.М-, М.Ган, М.Гар, М.Г нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгуулж, эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17558 дугаар шийдвэрээр Шарнуурын мандал ХХК, Т.М-, П.М- нараас 2 559 565 036 төгрөг гаргуулж ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ- нь уг шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан.

3 хүүхэд болон гэр бүлийн хамтын хүч хөдөлмөрөөр бий болгосон Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 44/1 дүгээр байрны 34 тоотын 56.54 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 57 дугаар байрны 1 тоотын 42 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уул 1 дүгээр гудамж, 1а тоотод байрлалтай 951 м.кв талбай бүхий хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баянхошууны 18010, Баянхошууны гудамж, 2 тоот хаягт байрлалтай 2415 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 1 дүгээр гудамж, 1 тоотод байрлалтай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, 5414 УНЕ улсын дугаартай, киа вонго маркийн бага оврын ачааны автомашин зэрэг барьцаа хөрөнгүүдийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 158/01, 3 дугаар сарын 06-ны 158/01, 3 дугаар сарын 28-ны өдрийн 158/01 тоот тогтоолуудаар битүүмжилж захиран зарцуулах эрхийг хориглосон. Төлбөр төлөгч нар нь 2 559 565 036 төгрөгийг ХАА банк ХХК-д төлөх нь үнэн боловч сар бүр төлбөрийн тодорхой хувийг төлсөөр байхад төлбөрийг гэр бүлд минь халдааж үндэслэлгүй эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж байгаад гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсэгт заасны дагуу зөвхөн төлбөр төлөгч Т.М-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 10 000 000 000 төгрөг байхад барьцаанд тавьсан бүх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж ажиллагаа явуулж байгаа нь хууль бус үйлдэл юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдаж байгаа талаар НШШГГ-т гомдол гаргахад хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэлгүй гэсэн хариуг өгсөн.

Т.М-, П.М- нарын хүүхдүүд болох М.Ган, М.Гар, М.Г нар нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах, гэр бүлийн өөрт ногдох хувиа авах, баталгаажуулах, аливаа халдлагаас хөрөнгөө хамгаалах эрхтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 158/01, 2019 оны 3 дугаар сарын 06-ны 158/01, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 158/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасч өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17558 дугаар шийдвэрээр Шарнуурын мандал ХХК, /Гангар-Од дэвжих ХХК болж өөрчлөгдсөн/ Т.М-, П.М- нараас 2 559 565 036 төгрөгийг гаргуулж ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул гүйцэтгэх баримт бичигт заагдсан хөрөнгийг битүүмжилсэн, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн, хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 158/01, мөн оны 3 дугаар сарын 06-ны 158/01, мөн сарын 28-ны өдрийн 158/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасуулах тухай Т.М-, П.М-, М.Ган нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Т.М-, П.М-, М.Ган нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 9501 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсгийг анхаарч үзээгүй. Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 10 000 000 000 төгрөг байхад барьцаанд тавьсан бүх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явуулж байгаа нь хууль бус үйлдэл байсан.

 

Мөн Т.М-, П.М- нарын хүүхдүүд болох М.Ган, М.Гар, М.Г нар нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах, гэр бүлийн өөрт ногдох хувиа авах, баталгаажуулах, аливаа халдлагаас хөрөнгөө хамгаалах эрхтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7, 122 дугаар зүйлийн 122.1, 122.3, 122.5, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нарын хүүхдүүд бол уг зээл, барьцааны гэрээний оролцогч биш, ХААН банк ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй. Барьцаа хөрөнгөөс хуульд заасан арга хэрэгслээр өөрт ногдох хувиа тооцуулан авах, нэхэмжлэл гаргах, гуравдагч этгээдийн эрхийг хязгаарлаж, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн, хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулалгүй шийдвэрлэсэн байдлыг харгалзан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцаах эсвэл нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т.М-, П.М-, М.Ган, М.Гар, М.Г нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2016/17558 дугаар захирамжаар Шарнуурын мандал ХХК, Т.М-, П.М-, ХААН банк ХХК нарын, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2 664 975 036 төгрөгийг хуваарийн дагуу хугацаанд төлж барагдуулах, дээрх үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Т.М-, П.М- нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцон эвлэрсэн талуудын эвлэрлийг баталжээ. /хх 51-53 дах тал/

НШШГГ- нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэхээр албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 158/01 тоот тогтоолоор П.М-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 57 байрны, 1 тоот орон сууцыг, мөн оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 158/01 тоот тогтоолоор Т.М-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 44/1 байрны, 34 тоот орон сууцыг, мөн сарын 28-ны өдрийн 158/01 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг, 9 хороо, Баруун баян уул 1 дүгээр гудамж, 1 тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий газар, 1а тоотод байрлах 951 м.кв талбайтай хувийн сууц, Баянхошууны 18010, Баянхошууны гудамж, 2 тоотод байрлах, 2415 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилсэн байна. /хх 48-49, 54,55,57, 59,63,66/

Нэхэмжлэгч нар нь дээрх ажиллагаанд гомдол гаргасан үндэслэлээ ... төлбөрийг сар бүр төлж байхад үндэслэлгүйгээр битүүмжилж, 3 хүүхдийн эрх, ашгийг хөндсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсгийг зөрчсөн... гэж тайлбарлажээ.

Хэргийн баримтаас үзэхэд төлбөр төлөгч Шарнуурын мандал ХХК, Т.М-, П.М- нь дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагч ХААН банк ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 101/ШЗ2018/16248 дугаартай захирамж, 1463 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх48,49/ Хариуцагч НШШГГ- нь уг шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн төлбөр төлөгч нарын зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу битүүмжлэх ажиллагаа явуулжээ. Дээрх барьцаа хөрөнгүүд нь төлбөр төлөгч Т.М-, П.М- нарын өмчлөлд бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг зэрэг баримтаар нотлогдсон байна. /хх54,55,57/ Анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв тогтоосон.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнээс хэтэрсэн.., ...Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 10 000 000 000 төгрөг байхад бүх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй... гэх боловч эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээ тогтоох ажиллагаа хийгдээгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ч.ЦЭНД