Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00583

 

   Т.М, П.М, М.Г нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02523 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1967 дугаар магадлалтай,

Т.М, П.М, М.Г нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгуулах, эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17558 дугаар шийдвэрээр “Шарнуурын мандал” ХХК, Т.М, П.М нараас 2.559.565.036 төгрөг гаргуулан Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хууль зөрчин явуулсан. 3 хүүхдийн болон гэр бүлийн хамтын хүч хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгүүдийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 158/01, 3 дугаар сарын 06-ны 158/01, 3 дугаар сарын 28-ны өдрийн 158/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудаар битүүмжилж захиран зарцуулах эрхийг хориглосон. Сар бүр төлбөрийн тодорхой хувийг төлсөөр байхад төлбөрийг гэр бүлд минь халдааж үндэслэлгүй эд хөрөнгийг битүүмжлэн хурааж байгаад гомдолтой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д Энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд тохирсон байна гэж заасан ба зөвхөн төлбөр төлөгч Т.М-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 10.000.000.000 төгрөг байхад барьцаанд тавьсан бүх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хамтад нь хангуулж байгаа хууль бус үйлдэл юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчин буруу явагдаж байгаа талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргахад тасгийн дарга Б.Даваасүрэн 2019 оны 4/281 тоот хариу мэдэгдэх хуудсаар хүчингүй болгох боломжгүй, хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэлгүй гэсэн хариуг өгсөн. Уг хариуг хүлээн аваад холбогдох дээд байгууллага, албан тушаалтанд нь гомдол гаргахад 2019 оны 4/951 тоот албан бичгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж хариу өгсөн.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 158/01, 2019 оны 3 дугаар сарын 06-ны 158/01, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 158/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасч өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд гаргасан тайлбартаа:   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17558 дугаар шийдвэрээр Т.М, П.М нараас 2.559.565.036 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх шийдвэр, мөн шүүхийн 2018 оны 1463 дугаар гүйцэтгэх хуудаст дурдсан байна. Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул гүйцэтгэх баримт бичигт заагдсан хөрөнгийг битүүмжилсэн, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн, хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Иймд 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 158/01, 2019 оны 3 дугаар сарын 06-ны 158/01, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 158/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                  

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02523 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 158/01, 2019 оны 3 дугаар сарын 06-ны 158/01, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 158/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасуулах тухай Т.М, П.М, М.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Т.М, П.М, М.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1967 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.7 Энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд тохирсон гэж хуульд заасан зүйл, заалтыг анхаарч үзсэнгүй, Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 10,0 тэрбум төгрөг байхад барьцаанд тавьсан бүх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хамтад нь бүгдээр нь хангуулахаар ажиллагаа явуулж байгаа үйлдэл нь хууль бус. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус, хууль, зарчим зөрчсөн хүүхдүүд болох М.Г, М.Гарьд, М.Гэрэлт-Од нар нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах, гэр бүлийн өөрт оногдох болон ногдох хувиа авах, баталгаажуулах, аливаа халдлагаас хөрөнгөө хамгаалах эрхтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт заасны дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд албадан дуудлага худалдаа явуулах болсны дараа үнэлгээг тодорхойлсны дараа нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байгаа мэт хянаж, үндэслэж байгаа нь ИХШХШТХуульд заасан шударга, хуульд нийцсэн байх, хэргийг бүх талаас нь үндэслэл бүхий дүгнэж өөрсдийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлаж шийдвэрлэх үндсэн зарчмыг зөрчиж байгаа нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр, магадлал гэж үзэж байна. Иймд шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн, хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулалгүй шийдвэрлэсэн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар хэргийг анхан шатны шүүх рүү буцаах эсвэл нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:          

Т.М, П.М, М.Г нар 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 158/01, 2019 оны 3 дугаар сарын 6-ны 158/01, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 158/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасуулахыг шаарджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатарын “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.7-д заасныг зөрчиж Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 10.0 тэрбум байхад бүх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагаа явуулж байгаа нь буруу гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдсөн, шүүх хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахгүй шийдвэрлэсэн...” гэх агуулга бүхий гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2016/17558 дугаар шүүгчийн захирамжаар  “Шарнуурын мандал” ХХК, Т.М, П.М нар Хаан банк ХХК-д 2.664.975.036 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. /хх34-36/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн  хүчин  төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.   

Төлбөр төлөгч “Шарнуурын мандал” ХХК, Т.М, П.М нар нь  шүүхийн шийдвэрт заасан 2.664.975.036 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тул, албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, шийдвэрт  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан барьцааны 8 нэрийн үл хөдлөх хөрөнгөөс 5 үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2019 оны 03 сарын 28-ны өдөр тус тус битүүмжилжээ. /хх6-11/

Зээлдэгч нар Хаан банкнаас 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-664 тоот зээлийн гэрээгээр 2.200.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ-898 тоот зээлийн гэрээгээр 200.000.000 төгрөгийг тус тус авахдаа дээр нэрлэн заасан үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг авч буй зээлийн үнийн дүнтэй харьцуулан тооцож барьцааны зүйлийг тодорхойлсон байх ба зээлийн үүргийн дүн 2.664.975.036 төгрөг болж өссөн байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.7, 49 дүгээр зүйлийн 49.4.1 заасныг  зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон  хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангахад хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд шаардлага хангах барьцааны зүйлийг Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт зааснаар барьцаалагч сонгох эрхийг эдлэх хэдий ч хөрөнгийн үнэлгээний шаардлагыг хангах тоо хэмжээнээс хэтэрч болохгүй.

Түүнчлэн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг зээлийн үүрэгт барьцаалахыг нэхэмжлэгч нар зөвшөөрсөн, уг эд хөрөнгөөс үүргийг хангуулах шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр тул барьцааны хөрөнгийг битүүмжилсэн  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хөрөнгийн бусад өмчлөгч буюу нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч М.Г зээл аваагүй тул хариуцахгүй, хамтран үүрэг гүйцэтгэгч биш тул эд хөрөнгөөс ногдох хэсгээ тодорхойлуулах эрхтэй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шийдвэр магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02523 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1967 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12  дугаар сарын  18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР