Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00556

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00556

 

 

Б.Бадармаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02646 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Бадармаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох

 

Баруун түгээх төвийн аж ахуйн няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Бадармаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Гүнтэвчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Төрболд, Б.Гантогоо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч  Б.Бадармаа  шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие 1996 оноос эхлэн тус компанийн Баянзүрх дүүргийн салбарт тасралтгүй 22 жил ажилласан. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын эхээр дотоод аудит хариуцсан хяналтын дарга н.Даваажаргал нь шрпс кабелийн тайлбарыг хий гэсний дагуу би тус кабелийн талаар судалж, ахлан нягтлан бодогч нартай зөвшилцөж, шуурхай үйлчилгээний хэсгийн ахлахтай ярилцаж, энэ кабель нь олон бригадын хүмүүсийн гар дамжсан, хэн хүлээн авсан, хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй эрсдэлтэй бараа материал учир анхан шатны баримт, шаардах хуудас үйлдэж, данснаас хасалт хийх болсон тухай хэлсэн. Дотоод аудит хариуцсан хяналтын дарга н.Даваажаргал энэ тухай дотоод аудит хариуцсан ажилтан н.Батцэцэгт үндсэн хөрөнгөд нягтлан бодогч бичилт хийх ёстой, анхан шатны гарын үсгийн бүрдэл болсон баримтаар бараа материал зарлагдах үүрэгтэй гэж тайлбарласнаас үүдэн маргаан үүсч, надад 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/394 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Намайг компанид 19 292 000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, уг хохирлыг надаар нөхөн төлүүлэхээр болсон. Миний ээлжийн амралт 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэх байсан боловч амраагүй, амралтын мөнгийг хохиролд суутгана гэж компанийн зүгээс мэдэгдсэн. Үүнийг зөвшөөрөхгүй компанийн захиргаанд өргөдөл гаргаж байсан. Хариуцагч компани намайг ямар ч үндэслэлгүйгээр 200 метр шрпс кабель дутаасан гэж үзэн 19 292 000 төгрөг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, намайг ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Бадармаа нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баруун түгээх төвд аж ахуйн няраваар ажиллаж байсан. 2017 онд төв компаниас хийсэн Дотоод аудитын хяналтшалгалтаар нэхэмжлэгч Б.Бадармаа өөрийн хариуцаж байсан, өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй зэс кабелийг хууль бусаар хуурамч баримт бүрдүүлжтухайн кабелийг санхүүгийн аргаар зарлагадсан болох нь илэрсэн. Энэ талаар холбогдох бүх хүмүүстэй уулзаж, тайлбар мэдүүлэг авсан бөгөөд тэрээр хүмүүст худлаа хэлж гарын үсэг зуруулсан болох нь шалгалтаар тогтоогдсон. Иймд компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/394 дугаар тушаалаар Б.Бадармаад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Түүний гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байсан тул түүнийг ажлаас халсан. Тухайн хоёр кабелийг анх 10 000 000 төгрөгийн авч байсан боловч одоо зах зээлийн үнээр тооцоход 19 292 000 төгрөгөөр авахаар болоод байна. Манай байгууллагын үйл ажиллагааны явцад байнгын шуурхай үзлэгийн тасалдал, саатал гарч байдаг учир тус кабелийг авч, агуулахдаа бэлэн байлгах шаардлагатай. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч Б.Бадармааг компанид учирсан бодит хохирол барагдуулж, ажлаас халах тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасныг үндэслэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бадармаагийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Бадармаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гүнтэвчимэг давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэрэгт хавсаргасан нотлох баримтыг үнэлэхдээ хуурамч нотлох баримт бүрдүүлж, нягтлан бодогч С.Цолмонгийн баримтын хавтсанд хийсэн нь тогтоогдсон гэж Б.Бадармааг эрүүгийн гэмт хэрэг хийсэн мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн, 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Хэрэв хуурамч баримт бүрдүүлж, гарын үсэг зуруулж, компанид 19 292 000 төгрөгний хохирол учруулсан бол ажил олгогч нь эхлээд Цагдаагийн байгууллагад шалгуулж, шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоолгож, шийдвэрлүүлэх ёстой. Мөн Б.Бадармааг ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Анхан шатны баримт үйлдэх, хуурамч баримт үйлдэх гэдэг нь агуулгын хувьд маш том ялгаатай. Б.Бадармаагийн ажлын байрны тодорхойлолтод анхан шатны баримт, орлого, зарлагын баримт үйлдэх эрхтэй гэж тодорхой заасан байдаг. Б.Бадармаа нь даргын үүрэг болгосны дагуу анхан шатны баримтаар дутаасан гэх шрпс кабелийг зарлагадаж гаргасан нь и-мэйл хаягт үзлэг хийхэд тогтоогдсон. Нэхэмжлэгч Б.Бадармаагийн ажлын шууд харъяалан удирддаг албан тушаалтан болох ахлах нягтлан бодогч С.Оргилмаа, Л.Энхцэцэг нар хянаж, гарын үсэг зурдаг. Анхан шатны баримтаар шрпс кабелийг зарлагадаж гаргасан болохоос уг кабелийг алга болгосон зүйл байхгүй. Хариуцагч байгууллага нь одоог хүртэл уг кабелийг ашиглаж байгаа. Түүнчлэн хариуцагч байгууллага ажилтныг эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах нөхцлийг бүрдүүлээгүй нь илтгэх хуудаст мэдүүлсэн хэсгийн ахлагч Б.Дагданжамцын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Хэргийн материалд авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй, хэт нэг талыг барьж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Бадармаа нь хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан Баруун түгээх төвийн аж ахуйн няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч хууль бусаар баримт бүрдүүлж өөрийн хариуцаж байсан кабелийг санхүүгийн аргаар зарлагадаж ноцтой зөрчил гаргасан болох нь компанийн дотоод аудитын хяналт, шалгалтаар илэрсэн гэж тайлбарласан байна.

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/394 дугаар тушаалаар компанид зах зээлийн үнээр 9 292 000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Б.Бадармааг баруун түгээх төвийн няравын албан тушаалаас халж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэжээ. /хх-ийн 101 тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч байгууллага 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Г/03-2017 тоот удирдамжийн дагуу дотоод аудитын шалгалтыг хийсэн байх бөгөөд уг шалгалтын 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн илтгэх хуудаст ... нэхэмжлэгч Б.Бадармаа нь бүртгэлийн үнээр 10 280 558, 11 төгрөг, зах зээлийн үнээр 19 292 000 төгрөгийн бараа материал дутагдуулсан гэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 61-66 тал/

 

Дээрх шалгалтаар ажил олгогч байгууллагаас нэхэмжлэгч Б.Бадармааг уян кабель болон шрыпец кабелийн шаардах хуудсыг өөрөө бичиж, холбогдох хүмүүсээр гарын үсэг зуруулсан, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн огноо тавьж, Ажилтан, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл-ийн маягтыг хуурамчаар бичсэн гэж үзсэн байна. /хх-ийн 61-66 тал/ Түүнчлэн шуурхай үйлчилгээний хэлтсийн ахлах Б.Дагданжамц, горимын инженер Я.Мөнхбат, ХУХҮТ-ын ХАБЭА-н инженер А.Баттулга нар шаардах хуудаст гарын үсэг зураагүй гэсэн, шуурхай үйлчилгээний ээлжийн инженер Б.Одончимэг уг шаардах хуудаст гарын үсэг зурсан боловч доторх бичиглэлийг хийгээгүй гэсэн тайлбар тус тус гаргасан байх бөгөөд энэ талаарх бичгийн нотлох баримтыг ирүүлжээ. /хх-ийн 74-77 тал/

Хэргийн 144-154 дүгээр талд хариуцагч байгууллагын 2016 оны эхний хагас жилийн эргэлтийн хөрөнгийн тооллого нотлох баримтаар авагджээ. Уг эргэлтийн хөрөнгийн тооллогын тайланг аж ахуйн нярав Б.Бадармаа гаргаж, тооцооны нярав С.Оргилмаа хянасан байх бөгөөд уг тооллогоор уян кабель болон шрыпец кабель бүрэн байсан болох нь тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч дээрх шалгалтын дүгнэлтийг эс зөвшөөрөн маргаж, байгууллагад 19 292 000 төгрөгийн хохирол учруулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбараа нотолсон, хариуцагч байгууллагын гаргасан шалгалтын дүгнэлтийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Ажилтан Б.Бадармаа, ажил олгогч байгууллагатай 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр талуудын хооронд үүсэх эд хөрөнгийн харилцаа, ажилтан өөрийн буруугаас компанид учруулсан хохирлыг бүрэн барагдуулах асуудлыг зохицуулахаар тохиролцжээ. /хх-ийн 107-109 тал/

 

Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үзлэг хийж, хангамжийн материалын орлогын падаан 145, зарлагын баримт 4, хангамжийн материалын орлогын падаан 36, зарлагын баримт 31 ширхэг зэрэг баримтыг эх хувьтай нь тулган дүйцэж байгааг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх-ийн 175-176 тал/

 

Хэрэгт зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн санхүүгийн дотоод аудитын журам зэрэг баримтууд нотлох баримтаар авагджээ. /хх-ийн 103-106, 109-112, 161-172 тал/ Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.42-т үнэнч шударгаар хөдөлмөрлөж, хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, компаниас тогтоосон дэг жаяг, ажлын байрны тодорхойлолт болон удирдлагаас амаар болон бичгээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах үүрэгтэй, 11.2.1-д Хөдөлмөрийн тухай хууль, ажилтны хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотойгоор байгуулсан хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүрэг, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрэм, компанид мөрдөгдөж байгаа журмууд болон энэхүү журмыг зөрчсөн үйлдлийг сахилгын зөрчилд тооцож сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж тус тус заажээ.

Баруун түгээх төвийн аж ахуйн няравын ажлын байрны тодорхойлолтод зааснаар өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцаж тайлан мэдээг хугацаанд нь зөв гаргаж, өмчийн зөрчил гаргахгүй байх, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр баталгаажсан анхан шатны баримтын дагуу бараа материалыг олгох, тайланг хуулийн хугацаанд гаргаж нягтлан бодогчид тайлагнаж баталгаажуулах, сэлбэг бараа материалыг коджуулах зэрэг үүргийг нэхэмжлэгч Б.Бадармаа хүлээсэн байна.

Мөн Хөдөлмөрийн гэрээний 2.4-т сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах тохиолдлуудыг тусгасан байх бөгөөд гэрээний 2.4.4-т зааснаар компанийн эд хөрөнгө хулгайлсан, авахаар завдсан, бэлтгэсэн нь тогтоогдсон, бусдад өгсөн болон энэ үйл ажиллагаанд хамтран оролцсон, мөн бэлэн мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гүнтэвчимэгийн ...ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн хийгээгүй, холбогдох хууль, журамд заасны дагуу ажил үүргээ хийж гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх ажил олгогч байгууллага ажилтан Б.Бадармааг хөдөлмөрийн гэрээ болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэн ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бадармаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Ц.ИЧИНХОРЛОО