Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01809

 

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01809

 

 

Б.Соёлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02077 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Соёлмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Мануултрэйвэл ХХК-д холбогдох,

 

Өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

1 799 879 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Соёлмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Мануултрэйвэл ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Да хүрээ хотхон, 65Б байрны 54 тоот орон сууцыг худалдан авахаар болсон юм. Миний бие тус гэрээний дагуу хариуцагчид урьдчилгаанд 2 539 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг Орон сууц санхүүжилтийн корпораци ХХК-иас зээлж, бүрэн төлсөн.

Гэтэл хариуцагч тал намайг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байтал орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхгүй, 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд үндэслэлгүйгээр татгалзаж байна.

Хэдийгээр би тухайн орон сууцыг улсын комисс хүлээн авахаас өмнө нүүж орсон боловч хариуцагчийн шаардлагаар буюу тэр үед орон сууц худалдан авсан хүн бүрийг хурдан нүүж орохгүй бол ашиглалтын зардлыг аж ахуйн нэгжийн тарифаар тооцно гэсэн тул нүүж орсон. Би, 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчтай гэрээ байгуулахдаа тус орон сууцыг очиж үзээгүй, орон сууц дөнгөж баригдаж эхэлж байсан бөгөөд 1.5 жилийн дараа буюу 2012 оны 02 дугаар сард нүүн орж, улсын комисс 2014 онд ашиглалтанд хүлээж авсан, энэ хугацаанд олон оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байсан боловч хариуцагч тал ямар нэгэн арга хэмжээ аваагүй, харин ч нэмэгдсэн өртөгийн албан татварыг нэмж нэхэмжилж, алданги тооцох талаар удаа дараа шаардсан.

Иймд 54 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг надад олгохыг Мануул трэйвэл ХХК-д даалгаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, орон сууцны ашиглалтын зардлыг улсын комисс хүлээн авсан өдрөөс хойш тооцох ба Барилгын тухай хуульд албан ёсоор хүлээн аваагүй орон сууцыг ашиглахыг хориглосон байтал хариуцагч тал өөрсдөө дур мэдэж иргэдийг оруулсан.

Мөн хэрэгт Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд төлсөн төлбөрт нэхэмжлэгчээс шаардаж буй 1 799 879 төгрөгийг түүний өмнөөс төлсөн талаарх задаргааг агуулсан баримт байхгүй. Хариуцагч тал 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын дараагаар хэрэгт сөрөг нэхэмжлэл дэх үнийг тодруулахаар баримт гаргаж өгсөн байгаа ч энэхүү баримтаар хариуцагчийн өмнөөс холбогдох газруудад 1 799 879 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдохгүй байна.

Иймд, хариуцагчид Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Да хүрээ хотхон, 65Б байрны 54 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгчийн орон сууц ашигласны төлбөр 1 799 879 төгрөгийг түүний өмнөөс эрх бүхий байгууллагуудад төлсөн тул өмчлөх эрхийн гэрчилгээг уг төлбөрийг төлөхгүй бол гаргаж өгөхгүй. Нэхэмжлэгч Б.Соёлмаа нь өөрийн хүсэлтээр орон сууцыг улсын комисс хүлээн авахаас өмнө ердийн байдлаар ашиглах тухай бичгээр хүсэлт гаргаж, 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойших хугацаанд сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болон орон сууц ашиглахтай холбоотой зардлыг төлөхийг зөвшөөрсөн.

Манай компани өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчийн өмнөөс 1 799 879 төгрөгийг Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д төлсөн. Хэрэгт авагдсан Төрийн банк ХХК-иас ирүүлсэн баримтын задаргааг үзвэл нэхэмжлэгчийн орон сууцны ашиглалтын зардал нь сөрөг нэхэмжлэл дурьдсантай бүрэн нийцэж байгаа юм. Иймд нэхэмжлэгч тал 1 799 879 төгрөгийг бидэнд төлсөн тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг үндэслэн Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Да хүрээ хотхон, 65Б байр, 54 тоот хаягт байрлах 34.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Соёлмаагийн нэр дээр гаргахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч Мануултрэйвэл ХХК-нд даалгаж,

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 14.5.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Мануултрэйвэл ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Б.Соёлмаад холбогдох 1 799 879 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн төлсөн 44 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Б.Соёлмаа 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр "Мануул трэйвел" ХХК-тай "Орон сууц захиалан бариулах" гэрээ байгуулсан. Захиалагч болон гүйцэтгэгч тал 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр "Орон сууц захиалан бариулах" гэрээг дүгнэж Б.Соёлмаа орон сууцанд орсоны дараа өөрийн хэрэглэсэн ашиглалтын зардлыг төлөхөөр харилцан тохиролцож протоколд тусгасан.

Б.Соёлмаа орон сууцыг улсын комисс хүлээн авахаас өмнө ердийн байдлаар ашиглах тухай хүсэлтийг "Мануул трэйвел" ХХК-д бичгээр гаргаж 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17-р хороо "Да хүрээ" хотхоны 65Б байрны 54 тоотыг ашиглалтанд хүлээн авчээ. "Мануул трэйвел" ХХК нь Б.Соёлмаагийн оршин сууж байгаа 54 тоот сууцны 2012, 2013, 2014 оны 4 дүгээр сар хүртэлх ашиглалтын зардал болох цэвэр ус, бохир ус, цахилгааны төлбөр 1 799 879 төгрөгийг түүний өмнөөс Ус Сувгийн Удирдах Газар, "Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ" ТӨХК, "Багануур илч" ХК-д төлж ирсэн. Хариуцагч Б.Соёлмаагаас ашиглалтын зардал 1 799 879 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн "Мануул трэйвел" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Соёлмаа нь хариуцагч Мануултрэйвэл ХХК-д холбогдуулан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ашиглалтын зардалд 1 799 879 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Соёлмаа болон хариуцагч Мануултрэйвэл ХХК нар 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Мануултрэйвэл ХХК нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр баригдах Да хүрээ хотхон нэртэй орон сууцнаас 48 тоот хаягт байрлах 34.3 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг 730 000 төгрөг, нийт 25 039 000 төгрөгөөр барьж гүйцэтгэж Б.Соёлмаад өгч, Б.Соёлмаа нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг хүлээсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

Хариуцагч байгууллага нь 2 өрөө орон сууцыг Б.Соёлмаад хүлээлгэж өгсөн, уг орон сууцыг Б.Соёлмаа эзэмшиж байгаа талаар маргаангүй байна.

 

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар уг орон сууцыг өмчлөлтэй холбоотой бүртгэл хийгдээгүй гэж Оюуны өмч, улсын бүртгэлийн газар тодорхойлсон.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг анхан шатны шүүх тодорхойлж хариуцагч байгууллагаас уг орон сууцыг Б.Соёлмаагийн өмчлөлд бүртгэх ажиллагаанд шаардагдах бичиг баримтыг гаргуулахыг хариуцагчид даалгуулж шийдвэрлэсэн зөв болжээ. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг төрийн байгууллага эрхлэх хүрээнд хариуцагч хувийн хэвшлийн байгууллага нь уг бүртгэлийг хөтлөх боломжгүй юм.

 

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Б.Соёлмаа нь уг орон сууцыг эзэмшилдээ авсан хугацаанаас хойш орон сууцны ашиглалттай холбоотой зардлыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт хариуцах боловч нэхэмжлэгчид ногдох зардлын тооцоог гаргаж өгөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Учир нь хариуцагч байгууллагаас уг төлбөрийг төлсөн гэх байдлаа нотлосон баримтуудаас нэхэмжлэгч Б.Соёлмаад ногдох хэсгийг тодорхойлох боломжгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнөөс зардалыг төлсөн учир гаргуулна гэж тайлбарласнаас дүгнэвэл Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийн зохицуулалтад хамаарч байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02077 дугаар шийдвэрийн

2 дахь заалтын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 14.5-д заасныг тус тус үндэслэн гэснийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 44 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА