Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С-ийн гаргасан,

 

Хариуцагч: М ХХК -нд холбогдох,

 

Өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах үндсэн болон 1,799,879.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С, өмгөөлөгч Э, хариуцагчийн өмгөөлөгч Өшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Би, 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч М ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, *******,*******,*******,******* тоот орон сууцыг худалдан авахаар болсон юм.

 

            Миний бие тус гэрээний дагуу хариуцагчид урьдчилгаанд 2,539,000.00 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг “Орон сууц санхүүжилтийн корпораци” ХХК-иас зээлж, бүрэн төлсөн.

 

            Гэтэл хариуцагч тал намайг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байтал орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхгүй, 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд үндэслэлгүйгээр татгалзаж байна.

 

            Хэдийгээр би тухайн орон сууцыг улсын комисс хүлээн авахаас өмнө нүүж орсон боловч хариуцагчийн шаардлагаар буюу тэр үед орон сууц худалдан авсан хүн бүрийг хурдан нүүж орохгүй бол ашиглалтын зардлыг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон гээд айлган сүрдүүлээд байсан тул нүүж орсон.

 

            Би, 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчтай гэрээ байгуулахдаа тус орон сууцыг очиж үзээгүй, орон сууц дөнгөж баригдаж эхэлж байсан бөгөөд 1.5 жилийн дараа буюу 2012 оны 02 дугаар сард нүүн орж, улсын комисс 2014 онд ашиглалтанд хүлээж авсан, энэ хугацаанд олон оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байсан боловч хариуцагч тал ямар нэгэн арга хэмжээ аваагүй, харин ч НӨАТ-ыг нэмж нэхэмжилж, алданги тооцох талаар удаа дараа шаардсан.

 

            Хэрэгт авагдсан сөрөг нэхэмжлэлд дурьдсан 1,799,879.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, орон сууцны ашиглалтын зардлыг улсын комисс хүлээн авсан өдрөөс хойш тооцох ба Барилгын тухай хуульд албан ёсоор хүлээн аваагүй орон сууцыг ашиглахыг хориглосон байтал хариуцагч тал өөрсдөө дур мэдэж иргэдийг оруулсан.

 

            Мөн хэрэгт Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд төлсөн төлбөрт нэхэмжлэгчээс шаардаж буй 1,799,879.00 төгрөгийг түүний өмнөөс төлсөн талаарх задаргааг агуулсан баримт байхгүй.

 

            Хариуцагч тал 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын дараагаар хэрэгт сөрөг нэхэмжлэл дэх үнийг тодруулахаар баримт гаргаж өгсөн байгаа ч энэхүү баримтаар хариуцагчийн өмнөөс холбогдох газруудад 1,799,879.00 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдохгүй байна.

 

            Иймд, хариуцагчид *******,*******,*******,******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Бид, НӨАТ-ыг нэмж төлөх талаарх тайлбарыг дахин ярихгүй, харин өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчийн орон сууц ашигласны төлбөр 1,799,879.00 төгрөгийг түүний өмнөөс эрх бүхий байгууллагуудад төлсөн тул өмчлөх эрхийн гэрчилгээг уг төлбөрийг төлөхгүй бол гаргаж өгөхгүй.

 

            Нэхэмжлэгч С нь өөрийн хүсэлтээр орон сууцыг улсын комисс хүлээн авахаас өмнө ердийн байдлаар ашиглах тухай бичгээр хүсэлт гаргаж, 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойших хугацаанд сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болон орон сууц ашиглахтай холбоотой зардлыг төлөхийг зөвшөөрсөн.

 

            Манай компани өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчийн өмнөөс 1,799,879.00 төгрөгийг Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд төлсөн.

 

            Хэрэгт авагдсан “Төрийн банк” ХХК-иас ирүүлсэн баримтын задаргааг үзвэл нэхэмжлэгчийн орон сууцны ашиглалтын зардал нь сөрөг нэхэмжлэл дурьдсантай бүрэн нийцэж байгаа юм. Иймд, хэрэв нэхэмжлэгч тал 1,799,879.00 төгрөгийг бидэнд төлсөн тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

            ҮНДЭСЛЭХ нь


           Нэхэмжлэгч С-с хариуцагч М ХХК-нд холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай  нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцны ашиглалтын зардалд 1,799,879.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч талд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гардуулсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг талуудаас нотлох баримт гаргуулахаар хойшлуулсан 101/ШЗ/2018/08939 тоот захирамжийн биелэлт хангагдсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч С болон хариуцагч М ХХК нар 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн*******ны нутаг дэвсгэр баригдах “Да хүрээ” хотхон нэртэй орон сууцнаас 48 тоот хаягт байрлах 34.3 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг 730,000.00 төгрөг, нийт 25,039,000.00 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохирсон байна /х.х-ийн 224, 225, 226-р хуудас/.

 

             Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журмын дагуу “Орон сууц санхүүжилтийн корпораци” ХХК болон нэхэмжлэгч С, хариуцагч М ХХК нарын хооронд 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээний дагуу нэхэмжлэгч тал тус орон сууцны үнэ 25,039,000.00 төгрөгийн 10 хувь болох 2,539,000.00 төгрөгийг өөрийн санхүүжилтаар, үлдэх 22,500,000.00 төгрөгийг зээлийн эх үүсвэрээр тус тус төлөхөөр тохирсон ба талууд дээрх төлбөрийг бүрэн төлсөн эсэх талаар маргаагүй

 /х.х-ийн 9-14, 20, 116-119-р хуудас/.

 

            Хэдийгээр хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу 48 тоот хаягт байрлах 34.3 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авахаар тохирсон боловч зохигчдын 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ дүгнэсэн протоколд дурьдсанаар тэрээр******* тоот хаягт байрлах орон сууцыг хүлээн авсан бөгөөд орон сууцны байршил, хаяг өөрчлөгдсөн эсэх талаар бус, гагцхүү харин өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөөгүй хэмээн маргасан /х.х-ийн 42-р хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ болон Техникийн комиссын хурлын протокол, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2014/127 тоот актаас тус тус үзвэл хариуцагч М ХХК нь гэрээнд заасан орон сууцыг барьж гүйцэтгэн нэхэмжлэгч Сд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна /х.х-ийн 121, 127, 128-р хуудас/.

 

Тодруулбал, талуудын хооронд ийнхүү орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж байх хугацаанд гэрээний зүйл болох 34.3 м,кв талбайтай 2 өрөө орон сууц бодитоор буюу зориулалтын дагуу ашиглахад бэлэн болоогүй, гэрээ байгуулсан өдрөөс хойш 1.5 жилийн дараа буюу 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр техникийн комиссын ашиглалтанд хүлээн авах тухай шийдвэр гарсан, 2014 оны 02 дугаар сарын 26-ны улсын комисс хүлээн авсан зэргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2.-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3.-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын тохиролцсон болоод ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, ийнхүү шилжүүлэхтэй холбоотой бүхий л шаардлагатай үйлдлийг гүйцэтгэх үүрэг хүлээнэ.

 

            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар нэхэмжлэгч С нь гэрээнд заасан 25,039,000.00 төгрөгийг хариуцагч М ХХК-нд бүрэн төлсөн бол харин хариуцагч тал 34.3 м,кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байна.

 

            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тодруулбал, нэхэмжлэгч тал дээр дурьдсан орон сууц захиалан бариулах ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 25,039,000.00 төгрөгийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх бол хариуцагч буюу ажил гүйцэтгэгчийг гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр хугацаанд нь барьж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн тохиолдолд түүний хүлээсэн үүрэг биелэгдсэнд тооцогдоно.

 

            Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнд заасан 25,039,000.00 төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байтал хариуцагч М ХХК нь 34.3 м,кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Сд хүлээлгэн өгсөн боловч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичгийг өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний дагуу шинээр үл хөдлөх хөрөнгийг бий болгосон бол захиалагч буюу нэхэмжлэгч талд тухайн хөрөнгийг өмчлөхтэй холбоотой бичиг баримтыг заавал өгөх үүрэгтэй.

 

            Хэдийгээр Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1.-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж заасан боловч нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд дурьдсан орон сууцны ашиглалтын зардалд 1,799,879.00 төгрөгийг төлөхгүй байгаа нь хариуцагчийг талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний эрх, үүргийг хэрэгжүүлэхээс татгалзах, өмчлөх эрхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчид дээрх 1,799,879.00 төгрөгийг төлөх үүргийг ажил гүйцэтгэх гэрээгээр бий болгоогүй юм.

 

            Хэрэг хянан шийдвэрэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ/2018/05618 тоот захирамжаар талуудын маргаж буй *******,*******,*******,, тоот хаягт байрлах 34.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг тодруулахад Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 7/2658 тоот бичгээр хэн нэгэн этгээдийг тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй гэжээ /х.х-ийн 35-р хуудас/.

 

            Иймд, хариуцагч М ХХК-ийн 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3.-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасны дагуу тухайн орон сууцны өмчлөхтэй холбоотой бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүрэг нэгэн адил хамаарах тул хариуцагчид маргааны зүйл болох******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

            Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан орон сууц ашиглалтын зардал буюу орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ болон ус хангамж, ариутгах татуурга, хэрэглээний цэвэр, бохир ус ашиглалт, цахилгааны зардалд нийт 1,799,879.00 төгрөгийг нэхэмжилжээ.

 

            Хэдийгээр Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4.-т “цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, 12.2.5.-д “орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, мөн 12.2.6.-д “ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ”, түүнчлэн 12.2.7.-д “бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, 12.2.8.-д “бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”-г тус тус тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулах зохицуулалтай ч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч М ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ус сувгийн удирдах газартай цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-тай 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг тус тус байгуулсан байна /х.х-ийн 143, 144, 199-204-р хуудас/.

 

            Түүнчлэн нэхэмлэгч С болон хариуцагч М ХХК нар 2012 оны  02 дугаар сарын 09-ний өдөр орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх талаар харилцан тохиролцжээ /х.х-ийн 42-р хуудас/.

 

              Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д “Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна” гэж заажээ.

 

Тодруулбал, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13.-д “хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг”, мөн 3.1.14.-т “хангагч” гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” хэлнэ гэсний дагуу хэрэглэгч болон хангагч нарын хоорондын харилцааг тус хуулиас гадна тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

 

Зохигчид ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулсан гэрээ, хэлэлцээр, тусгай зөвшөөрлийг шүүхэд гаргаж өгөөгүй боловч талуудын хоорондын цэвэр, бохир ус түгээх үйлчилгээтэй холбоотой асуудлыг дээр дурьдсан хуулиар зохицуулах юм.

 

Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3.-д “хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх” үүрэгтэй гэж, мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2.-т “эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх” үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал  цэвэр, бохир усны төлбөр болон эрчим хүч буюу дулаан ашигласны төлбөрийг эцсийн хэрэглэгч болохынхоо хувьд ийнхүү төлөх үүрэгтэй.

 

            Мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д “Орон сууц өмчлөгч нь .................дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-д “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” үүрэгтэй гэж заасан.

 

            Гэвч хэрэгт нэхэмжлэгч Сг орон сууц ашиглалтын зардал буюу орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ болон ус хангамж, ариутгах татуурга, хэрэглээний цэвэр, бохир ус ашиглалт, цахилгааны зардалд нийт 1,799,879.00 төгрөгийг төлөх ёстойг нотолсон баримт алга байна.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч М ХХК-иас өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК болон Ус сувгийн удирдах газарт төлбөр төлж байсан талаарх баримт байгаа боловч тухайн төлбөрийн аль хэсэг нь нэхэмжлэгч Сгийн ашиглалт болон хэрэглээний зардал мөн болох талаарх баримт тодорхойгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцны ашиглалтын зардлыг нэхэмжилж байгаа тохиолдолд нэгж этгээдийн хэрэглэсэн цахилгаан болон ус хангамж, ариутгах татуурга, хэрэглээний цэвэр, бохир ус ашиглалтын зардал тодорхой байх ёстой бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх эрх бүхий байгууллагуудад төлж байсан баримтад оршин суугчдын буюу нэг айлын хэрэглэсэн ашиглалтын зардлыг төлсөн гэх нотлох баримт алга байна.

 

            Мөн орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлын хувьд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3.-д “................................................. зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлбөл зохих орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг тогтоосон баримт байхгүй, ямар зардлыг үндэслэн ийнхүү нэхэмжилж байгаагаа нотлохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж, мөн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаас гадна 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Тодруулан хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа тодорхой баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч тал 1,799,879.00 төгрөгийг нэхэмжлэгчийн төлбөл зохих төлбөр мөн гэдгээ баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан “Төрийн банк” ХХК-ийн хэрэглэгчийн хуулга /жагсаалт 355-381/-д дурьдсан авлага, өглөгийн дүн бусад баримтаар нотлогдохгүй байна /х.х-ийн 185-188-р хуудас/.

 

            Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.     

               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг үндэслэн *******,*******,*******,, тоот хаягт байрлах 34.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Сгийн нэр дээр гаргахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч М ХХК-нд даалгасугай.

 

  1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 14.5.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч М ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Сд холбогдох 1,799,879.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 44,000.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР