Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01761

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01761

 

 

Х.Жанцансамбуугийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/01019 дүгээр шийдвэртэй Х.Жанцансамбуугийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Х.Жанцансамбуу нь 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Гурван билэг ХХК-тай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд баригдсан 66 айлын орон сууцны 5 давхрын 21 тоот 56 м.кв талбайтай орон сууцыг нийт 95 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг 100 хувь өөрөөсөө төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах л дутуу байсан. 2014 оны 9 дүгээр сард гадаад улсад ажлаар явсан хойно эхнэр Н.Алтанчимэг нь орон сууцыг мэдэгдэлгүйгээр Гурван билэг ХХК-тай тохиролцон өөрийн нэр шилжүүлэн авч, хуулийн этгээдийн бүртгэлийн бүртгэлийн газарт бүртгүүлж, гэрчилгээ гаргуулан авсан байдаг.

Н.Алтанчимэг нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ариг банк ХХК-тай Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг зээлдэн авч өөрийн төрсөн эгч Н.Оюунчимэгт шууд өгөөд, зээлийн барьцаанд орон сууцыг барьцаалуулсан байдаг. Улмаар төрсөн эгч нь зээлийн төлбөрийг төлж чадалгүй хугацаа хожимдуулсан тул банкны зүгээс Н.Алтанчимэгийг хариуцагчаар шүүхэд дуудаж, зээлийн гэрээний нийт төлбөр 38 670 236 төгрөг гаргуулах тухай анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8242 тоот шийдвэрийг гаргуулсан. Тус шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Ариг банк ХХК шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцны анхны дуудлага худалдааг зохион байгуулаад, худалдан борлуулагдаагүй тул болон орон сууцны 50 хувь болох 71 375 000 төгрөгөөр үнэлж, 2 дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдөр зохион байгуулахаар болсон тухай 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/32780 тоот албан мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шуудангаар ирүүлсэн.

Тухайн орон сууц нь одоо зах зээлийн ханшаар 142 750 000 төгрөгийн үнэлгээтэй орон сууц бөгөөд орон сууцыг 71 375 000 төгрөгөөр бусдад худалдан борлуулах гэж байгаа явдал нь иргэн надад их хэмжээний хохиролтой болно. Өөрийн хүч хөдөлмөрөө шингээн худалдан авсан орон сууцаа бусдын зээлийн төлбөрт алдах хууль эрх зүйн үндэслэл байхгүй тул орон сууцыг албадан борлуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Х.Жанцансамбууг тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хамтран өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон. Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд баригдсан 52 дугаар байрны 21 тоот 56 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон 2 дахь апбадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8242 дугаар шийдвэрээр Н.Алтанчимэгээс 38 670 236 төгрөг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч Н.Алтанчимэгийн үүргийн гүйцэтгэлд барьцаатай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 ногоон нуур гудамж 52 дугаар байрны 21 тоот 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилж, хураасан.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нарын харилцан тохиролцсон үнэлгээ 142 750 000 төгрөгийн 70 хувиар тооцон 99 925 000 төгрөгөөр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцсон үнэлгээ болох 142 750 000 төгрөгийн 50 хувиар тооцон 71 375 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч Х.Жанцансамбуу нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 Ногоон нуур гудамж, 52 дугаар байр, 21 тоот, 57.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэгч Х.Жанцансамбуугийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Х.Жанцансамбуугийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 ногоон нуур гудамж, 52 дугаар байр 21 тоот орон сууцны өмчлөгчөөр Н.Алтанчимэг нь бүртгэлтэй байсан бөгөөд анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8242 тоот шийдвэрээр Н.Алтанчимэгээс 38 320 683 төгрөг гаргуулж, Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааг явуулсан хэдий ч худалдан борлогдоогүй. Анхан шатны шүүхээс Н.Алтанчимэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүнд өмчлөх эрх баталгаажна гэж заасан учраас Х.Жанцансамбуугийн өмчлөх эрх баталгаажаагүй гэж үзсэн.

Х.Жанцансамбуу нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүхэлд нь төлж орон сууцны өмчлөх эрхийг олж авсан бөгөөд Сүхбаатар дүүргийн анхан шүүхээс Х.Жанцансамбууг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 ногоон нуур гудамж, 52 дугаар байр 21 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр гарсан ба энэхүү шийдвэр болон шүүхийн гүйцэтгэх хуудсыг хэрэгт гаргаж өгсөн. Улмаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан хэдий ч өнөөдрийг хүртэл Х.Жанцансамбууг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоох ажиллагааг биелүүлээгүй байна. Х.Жанцансамбуу нь орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт хандсан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх тухай тогтоол ирүүлж, орон сууцны захиран зарцуулах эрхийг хязгаарласан учраас бүртгэл хийх боломжгүй тухай мэдэгдсэн.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 02-ны өдрийн шийдвэрээр Х.Жанцансамбууг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоосон ба энэхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь хуулийн адил хүчин чадалтай гэж үзнэ. Гэтэл анхан шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгээгүй, нотлох баримтаар үнэлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаар Х.Жанцансамбуугийн өмчлөх эрхийг хөндөж, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулалгүйгээр бусдын өмчлөх эрхийг зөрчиж болзошгүй байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага хүчингүй болгуулж, дахин явуулах хүсэлтэй байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Х.Жанцансамбуу нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анхны болон хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш гэж маргажээ.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8242 дугаар шийдвэрээр Н.Алтанчимэгээс 38 320 683 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 349 553 төгрөгийг тус тус гаргуулан Ариг банк ХХК-д олгохоор, зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо,7 Ногоон нуур гудамж, 52 дугаар байрны 21 тоотод байрлах 57.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр бичигдсэн 262 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 16280961 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Н.Алтанчимэгийн өмчлөлийн дээрх орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16/08-12 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16/9-01 дүгээр тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/343 дугаар тогтоолоор, хоёр дах албадан дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/324 тоот тогтоолоор явуулсан, энэ талаар болон холбогдох тогтоолуудыг өмчлөгч Н. Алтанчимэгт хүргүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 28-29, 32, 34, 41, 50 дугаар тал/

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо,7 Ногоон нуур гудамж, 52 дугаар байрны 21 тоотод байрлах 57.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь төлбөр төлөгч Н.Алтанчимэг болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэлтэй, 000351980 дугаар гэрчилгээгээр нотлогдсон.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдааны санал болгох үнийн саналыг өмчлөгч,төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авч, тэдгээр нь хоорондоо 142 750 000 төгрөгийн үнийг тохиролцсон байна. Хариуцагч байгууллага хуульд заасан хугацаанд албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг өмчлөгч, төлбөр төлөгчид хүргүүлж мэдэгдсэн, хуулийн хугацаанд талуудын тохиролцсон дээрх үнийн 70, 50 хувиар анхны болон хоёр дах дуудлага худалдааг явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 43 дугаар зүйлийн 43.3, 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дах хэсгүүдэд нийцсэн болно.

Хэргийн 41, 44-53 дугаар талд авагдсан баримтаас үзвэл анхны болон хоёр дах алдбан дуудлага худалдаа 2016 оны 9 дүгээр сарын 30, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус явагдсан. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах цаг хугацаанд болон дуудлага худалдаа явуулах шийдвэр гаргах үед нэхэмжлэгч нь өмчлөгч биш байжээ. Өөрөөр хэлбэл, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2 дах албадан дуудлага худалдаа, түүний өмнө явуулсан анхны албадан дуудлага худалдааг явуулах талаар шийдвэр гаргаж, дуудлага худалдаа явуулах нэхэмжлэгч нь дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоогдоогүй байсан.

Харин дараа нь буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00298 дугаар шийдвэрээр дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоогджээ. /хх-ийн 123-125 дугаар тал/

Иймд хариуцагч байгууллага 2016 оны 10 дугаар сарын 28-ны байдлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул анхны болон хоёр дах албадан дуудлага худалдааг явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч байгууллага дуудлага худалдаа явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хуульд заасан журмын дагуу тогтоосон учир нэхэмжлэгчийн Тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ 142 750 000 төгрөг байхад зах зээлийн үнээс хэт доогуур үнээр худалдан борлуулах гэж байгаа нь хохиролтой гэх тайлбар, гомдол үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах албадан дуудлага худалдаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан, төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/01019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож\, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ