Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 01019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-35А-01 тоотод оршин суух, Хотгойд овогт Хандын Ж/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нт холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, “А” ХХК/РД: /,

 

Анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх  хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Ж миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д “Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдлоо гаргана” гэж заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Миний бие 2013 оны 05 сарын 14-ний өдөр “Гурван билэг” ХХК-тай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдсан 66 айлын орон сууцны 5 давхарын 21 тоот 56 м.кв талбайтай орон сууцыг нийт 95 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг 100 хувь өөрөөсөө төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах л дутуу байсан юм.

Миний бие 2014 оны 09 сард Тайван, Макао дамжин Хонконг Улсруу ажлаар явсан хойгуур эхнэр Н.Алтанчимэг нь орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр “Гурван билэг” ХХК-тай тохиролцон өөрийн нэр шилжүүлэн авч, хуулийн этгээдийн бүртгэлийн бүртгэлийн газарт бүртгүүлж, гэрчилгээ гаргуулан авсан байдаг.

Гэрчилгээ гаргуулсан даруйд Н.Алтанчимэг нь 2014 оны 09 сарын 24-ний өдөр Атай “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээ” байгуулж, 30 000 000 төгрөгийг зээлдэн авч өөрийн төрсөн эгч Н.Оюунчимэгт шууд өгөөд, зээлийн барьцаанд орон сууцыг барьцаалуулсан байдаг. Улмаар төрсөн эгч нь зээлийн төлбөрийг төлж чадалгүй хугацаа хожимдуулсан тул банкны зүгээс Н.Алтанчимэгийг хариуцагчаар шүүхэд дуудаж, зээлийн гэрээний нийт төлбөр 38 670 236 төгрөг гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 8242 тоот шийдвэрийг гаргуулсан. Тус шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Ариг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцны анхны дуудлага худалдааг зохион байгуулаад, худалдан борлуулагдаагүй тул болон орон сууцны 50 хувь болох 71 375 000 төгрөгөөр үнэлж, 2 дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдөр зохион байгуулахаар болсон тухай 2016 оны 10 дугаар сарын 16-ны адрийн 1/32780 тоот албан мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шуудангаар надад ирүүлсэн болно.

Тус орон сууц нь одоо зах зээлийн ханшаар 142 750 000 төгрөгийн үнэлгээтэй орон сууц бөгөөд орон сууцыг 71 375 000 төгрөгөөр бусдад худалдан борлуулах гэж байгаа явдал нь иргэн надад их хэмжээний хохиролтой болно.

Миний бие өөрийн хүч хөдөлмөрөө шингээн худалдан авсан орон сууцаа бусдын зээлийн төлбөрт алдах хууль эрх зүйн үндэслэл байхгүй тул орон сууцыг албадан борлуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

Тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хамтран өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Х.Жг хамтран өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Иймд Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдсан 52 дугаар байрны 21 тоот 56 м.кв Үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон 2 дахь апбадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 52 дугаар байрны 21 тоот 57,1 м.кв талбайтай орон сууцыг анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8242 дугаар шийдвэрээр Нацагдоржийн Алтанчимэгээс 38 670 236 төгрөг гаргуулж Аинд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

Төлбөр төлөгч Н.Алтанчимэгийн үүргийн гүйцэтгэлд барьцаатай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 ногоон нуур гудамж 52 дугаар байрны 21 тоот 57,1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилж, хураасан.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нарын харилцан тохиолцсон үнэлгээ 142 750 000 сая төгрөгийн 70 хувиар тооцон 99 925 000 төгрөгөөр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу харилцан тохиолцсон үнэлгээ болох 142 750 000 сая төгрөгийн 50 хувиар тооцон 71 375 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч Х.Ж нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Х.Ж хариуцагч Нт холбогдуулан анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, О.Бямбасүрэн нарт 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, О.Бямбасүрэн нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8242 дугаар шийдвэрээр Н.Алтанчимэгээс нийт 38 320 683/гучин найман сая гурван зуун хорин мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 349 553/гурван зуун дөчин есөн мянга таван зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан “А” ХХК-д олгохоор, төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 Ногоон нуур гудамж, 52-р байр, 21 тоот, 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 262 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 16280961 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдсэн болох нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8242 дугаар шийдвэрийн, 262 дугаар гүйцэтгэх хуудсын болон 16280961 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэн Н.Алтанчимэг нь Улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаар бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 Ногоон нуур гудамж, 52-р байр, 21 тоот, 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь болох нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 000351980 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:”, 34.1.1-т “ .... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь 21 тоот, 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр битүүмжлэн, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хураан авсан болох нь 16/8-12 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх болон 16/9-01 дугаар эд хөрөнгийг хураасан тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 43 дугаар зүйлийн 43.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг Иргэний хууль болон энэ хуульд заасан журмаар явуулна.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн ... 70 хувиар тооцон тогтооно ...”, 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон ... зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.” гэж заасан.

 

Н.Алтанчимэг, “А” ХХК нар нь 21 тоот, 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнийг 142 750 000/нэг зуун дөчин хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосон болох нь Н.Алтанчимэгийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн үнийн саналын болон “А” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгийн хуулбараар нотлогдож байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан журмын дагуу 21 тоот, 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах анхны болон 2 дахь дуудлага худалдааг явуулсан болох нь Н.Алтанчимэгийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн үнийн саналын болон “А” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгийн хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн № 10/343 тогтоолын болон 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн № 3/29429 мэдэгдлийн хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/324 тогтоолын болон 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн № 3/32780 мэдэгдлийн хуулбар, албан дуудлага худалдааны протоколын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч нь 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдан борлуулах гэж байна гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 21 тоот, 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч гэж маргаж байх боловч тус 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Н.Алтанчимэг болох нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 000351980 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.” гэж заасан.  

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Н.Алтанчимэг нь өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байх тул Н.Алтанчимэгийг 21 тоот, 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч гэж үзнэ.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч Н.Алтанчимэгээс үнийн санал авч анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг явуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаар бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 Ногоон нуур гудамж, 52-р байр, 21 тоот, 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 Ногоон нуур гудамж, 52-р байр, 21 тоот, 57.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэгч Х.Жгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 Ногоон нуур гудамж, 52-р байр, 21 тоот, 57.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэгч Х.Жгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Х.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ