Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/01542

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/01542

 

 

Б.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01452 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Эад холбогдох

 

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий 64679 м.кв талбайтай, 15 жилийн хугацаатай газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 04508 дугаар захирамжаар Эйркарго Монгол ХХК-аас 2 348 212 406 төгрөг гаргуулж, Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага миний нөхөр А.Эын өмчлөл, эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/209 дугаар шийдвэрээр нэгж талбарын 8025/5956 дугаар бүхий 64679 м.кв талбайтай орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай газрыг хууль бусаар битүүмжилсэн байна. Хариуцагч А.Э нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийг зөвшөөрөлгүй Капитал банк ХХК-д Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж барьцаалсан. Б.У миний бие гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар А.Этай хамт амьдардаг байсан бөгөөд уг барьцаалсан эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болно. Иймд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/209 дугаар шийдвэрээр нэгж талбарын 8025/5956 дугаар бүхий 64679 м.кв талбайтай, 15 жилийн хугацаатай газрын хамтран өмчлөгч эзэмшигч Б.У мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. А.Э нь Б.Утай 2005 онд гэрлэлтээ батлуулж, өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар нь гэрлэснээс хойш үүссэн хөрөнгө тул Б.Уыг хамтран өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй гэв.

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т заасныг баримтлан А.Эын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий 64679 м.кв талбайтай амны орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 000300790 дугаар гэрчилгээтэй газрын хамтран өмчлөгчөөр Б.Уыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 308 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргал давж заалдах гомдолдоо: Шүүх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу хамтран өмчлөгчөөр тогтоогдож байгаа Б.У нь барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээр заасан байхад шүүх хууль буруу хэрэглэн ...төлбөр төлөгч үүргээ биелүүлж, газрыг барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь эд хөрөнгийн хувьд эрхээ хэрэгжүүлэх боломжтойг дурьдав... гэсэн нь үндэслэлгүй болж, өмчлөгч, эзэмшигч хуульд заасан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх эрхийг хязгаарласан байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүх хуралдаанд тайлбараа өгсөн.

Хамтран эзэмшигчээр тогтоолгож байгаа Б.У нь барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ барьцааны шаардлагыг хэвээр нь хадгалж Иргэний эрх зүйн болон Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална..., мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно... гэснийг, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.6, 108.7, 108.8 болон 490 дүгээр зүйл, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, бусад хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх үүргээ хүлээгээд явах нь ойлгомжтой байхад шүүх хамтран өмчлөгч, эзэмшигчийн хууль ёсны эрхийг хязгаарлан дүгнэлт хийсэн нь буруу учир уг дүгнэлтийг зөвтгөн хязгаарлалт хийсэн хэсгийг үндэслэх хэсгээс хасах нь зүйтэй гэж үзэж байгаа болно.

Шүүх хамтран өмчлөгч Б.Уын өмчлөх, эзэмших эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарласан гэж үзэх боломжгүй дүгнэлт юм.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу шүүхээс Б.Уыг уг газрын хамтран өмчлөгчөөр тогтоохоос гадна, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэх ёстой байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа бөгөөд шүүхээс даалгаж шийдвэрлэх байжээ.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01452 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, А.Эын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/209 дугаар шийдвэрээр нэгж талбарын 8025/5956 дугаар бүхий 64679 метр талбайтай 15 жилийн хугацаатай газрын хамтран өмчлөгчөөр Б.Уыг тогтоож, түүнд хамтран өмчлөгчийн гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч А.Эад холбогдуулан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 8025/5956 дугаар бүхий 15 жилийн хугацаатай газрын хамтран эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ... гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийг зөвшөөрөлгүйгээр барьцаалсан ..., ... эзэмшигч биш учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахгүй байна ... гэж тайлбарлажээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн зорилт нь иргэний хуулийн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон. Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар тэдгээрийн хооронд иргэний эрх зүйн маргаан үүсээгүй гэж үзэхээр байна. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байдаг. Хан-Уул дүүргийн Засаг дарга 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/209 дүгээр захирамж гарган тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Төв аймаг явдаг замын зүүн талд 64679 м.кв талбай бүхий газрыг амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрхийг А.Эад олгосон болох нь аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Газар эзэмшигч А.Э нь өөрт олгогдсон газар эзэмших эрхийн талаар эхнэр Б.Утай маргаангүй байна. А.Э нь уг эзэмших эрхээ эхнэрийн хамт дундаа эзэмших хүсэлтэй тохиолдолд Газрын тухай хуульд зааснаар эрх бүхий газарт нь хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эхнэр Б.Уыг оролцуулах зорилгоор нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, газар эзэмших эрхийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид тооцон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс Б.Уыг газрын хамтран өмчлөгчөөр тогтоохоос гадна гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэх ёстой байсан гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01452 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Уын хариуцагч А.Эад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ч.ЦЭНД