| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 181/2018/01131/И |
| Дугаар | 210/МА2018/01760 |
| Огноо | 2018-07-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2018/01760
| 2018 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2018/01760 |
Очшим ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01156 дугаар шийдвэртэй Очшим ХХК-ийн нэхэмжлэлтэй Макадам ХХК-д холбогдох 1 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Очшим ХХК нь Макадам ХХК-тай давхар холбосон нерж шат хийж гүйцэтгэх ажлыг 8 080 000 төгрөгийн үнээр хийхээр гэрээ байгуулсан ба захиалагч Макадам ХХК-ийн байранд ажил хийж гүйцэтгэх нөхцөл бүрдээгүйн улмаас ажил хойшилж хүлээгдсэн ба 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн талуудын тохиролцсон гэрээний нэмэлтийг үндэслэн Очшим ХХК уг гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Захиалагч байгууллага нь тус гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг өгөлгүй хүлээлгэж санхүүгийн төлбөрийн боломжгүй гэж байснаа бидний хийж гүйцэтгэсэн ажлыг дутуу, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Тодотгол гэрээ хийж гэрээт ажлыг 2015 онд эхний удаа, 2016 онд хоёр дахь удаагаа хүлээн авсан. Гэтэл гэрээт ажлын төлбөрийн үлдэгдэл 1 280 000 төгрөг болон тус ажилд хэрэглэгдэж байсан аргон хий бүхий том баллон хий 130 000 төгрөг, баллон 170 000 төгрөг, 35 метр гагнуурын кабель 140 000 төгрөг, нийт 1 720 000 төгрөгийг төлөөгүй учраас тус мөнгийг хариуцагч Макадам ХХК-аас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Макадам ХХК-аас 1 720 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Очшим ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 470 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Макадам ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 42 470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Очшим ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Мөнхлуу давж заалдах гомдолдоо: Очшим ХХК нь Макадам ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд хариуцагч Макадам ХХК-ийн захирал Э.Мөнхлуу миний бие нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. Гэвч манай компани шүүхэд хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл түүнийг нотолсон баримт зэргийг гаргаж өгөөгүй байхад шүүх хурлыг товлон зарлаж миний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь миний болон манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Түүнчлэн анхан шатны шүүх дээр маргаан бүхий хэргийг хэлэлцэх шүүх хурлын товыг надад мэдээгүйн улмаас шүүх хуралд оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх ёстой ажлаа гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй зэрэг үндэслэлүүд байгаа болно. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Очшим ХХК нь хариуцагч Макадам ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1 720 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэх болон татгалзлаа илэрхийлсэн хариу тайлбар ирүүлээгүй гэх үндэслэлээр шүүх уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ.
Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн гэж үзсэн боловч хариуцагч энэ талаар мэдэгдээгүй, баримтад гарын үсэг зураагүй, хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж давж заалдах гомдол гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ..., 77.2 дахь хэсэгт Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасан.
Хэргийн 16,17 дугаар талд авагдсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр болох шүүх хуралдааны товыг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 95205270 дугаарт мэдэгдэв гэх баримт, шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн байх боловч гарын үсэггүй, хүлээн авсан Балжинням гэх бичвэр бүхий байна. Үүнээс үзвэл шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн болох нь эргэлзээтэй байхад түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх журмын дагуу шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, эсхүл мэдэгдэх хуудсаар мэдэгдэх боломжгүй байсан талаарх баримт хэрэгт байхгүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хэрэгт авагдсан нотлох баримттай огт танилцаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох зэрэг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. /хх-ийн 18 дугаар тал/
Шүүх хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, /хх-ийн 16-17 дугаар тал/ түүнийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй атлаа түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, тэдгээрт тайлбар өгөх хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, шүүх хэргийн оролцогч, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх боломжоор хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрх зөрчигдсөн гэж үзэхээр байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01156 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 42 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Б.НАРМАНДАХ