Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 03

 

Г.Энх-Амгаланд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Лхагвамаа даргалж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Болормаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энхбаярыг оролцуулан,

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж шүүгч Ш.Гандансүрэн, Х.Ганболд нарын бүрэлдхүүнтэй  шийдвэрлэсэн, 2016 оны 05 сарын 26-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Энх-Амгаланд холбогдох 201608000037 дугаартай 1 хавтас 121 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1993 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 15 дугаар байрны 5-70 тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн "Петро-Трак" ХХК-нд хамгаалагч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Их догшин овгийн Гантулгын Энх-Амгалан /РД:ЗБ96051411/-д Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2016 оны 05 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Г.Энх-Амгалан нь согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 5-71 тоотод оршин суух хөрш айл болох Б.Чойнхорвинацагийн гэрт 2016 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтаг, шалтгаангүйгээр Н.Мөнхцогтод хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, модон сандлыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Н.Мөнхцогтын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Их догшин овгийн Гантулгын Энх-Амгаланг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг зөрчин Н.Мөнхцогтын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Г.Энх-Амгаланг 3/гурав/ жил 5/тав/ сарын хорих ялаар шийтгэж, оногдуулсан 3 жил 5 сарын ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Энх-Амгаланд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргиилэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Н.Мөнхцогт Г.Энх-Амгалан нар өмнө нь хоорондоо муудалцсан зэрэг хувийн таарамжгүй харьцаатай байсан нь нотлогдож байна. Тиймээс Прокурор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүх хуралдаанд Эрүүгийн байуаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.4.4 дэх зааснаар хохирогч Н.Мөнхцогтыг оролцуулах санал гаргасан байтал шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж байцаан шийтгэх ажиллагаа зөрчсөн нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тухайн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, яллах болон цагаатгах нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаагүй байна. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял байхгүй байтал 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Г.Энх-Амгалангийн орон сууцыг битүүмжилсэн нь хэт яллах талыг барьсан болох нь нотлогдож байна. Өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулж чадаагүй байна. Мөн шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирол, төлбөрийг бүрэн хэмжээгээр хангалттай барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх бүрэн боломжтой юм. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаана уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

       Шүүгдэгч Г.Энх-Амгалан нь архидан согтуурсан үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутагт 2016  оны 03  дугаар сарын 14-ний өдрийн 01 цаг 30 минутын үед буюу хүмүүсийн амралтын цаг болох шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан илтэд үл хүндэтгэн хөрш Б.Чойнхорвинацагийн  гэрт унтаж байгаа иргэн Н.Мөнхцогтод хүч хэрэглэн,  зэвсгийн чанартай зүйл болох модон сандлыг хэрэглэн цохиж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн сэдэлтийг тодорхойлоход чухал ач холбогдолтой байхад оролцуулалгүй шийдвэрлэж эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэжээ. Хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах саналыг прокуророос яллах дүгнэлтийн хавсралтаар ирүүлсэн, шүүгч хэргийг шүүхэд шилжүүлэх захирамжаараа хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахаар тогтоосон байх боловч шүүх хуралдаанд хохирогч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

        Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй хохирогчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах саналыг хэргийн оролцогчдын аль ч талаас гаргаагүй түүний дотор шүүгдэгч болон  түүний өмгөөлөгчөөс хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргаагүй, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгийн хооронд хэргийн үйл баримт болон сэдэлтийн талаар ямар нэг зөрүүгүй байх  тул хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д заасан "хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, энэ хуулийн шаардлагыг зөрчсөн"   ноцтой алдаа гэж үзэж тогтоолыг хүчингүй болгох  үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаархи гомдлыг хангах боломжгүй байна.

        

Харин шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад анхан шатны шүүх эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар "шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгч ирээгүй бол түүний оролцоогүйгээр хэргийн бүх байдлыг бүрэн тогтоож, түүний эрх , хууль ёсны ашиг сонирхлыг  хамгаалах бололцоотой эсэхийг шүүх тодруулж, хэргийг хэлэлцэх, эсхүл хойшлуулах асуудлыг шийдвэрлэнэ", Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан "...зөвлөлдөх тасалгаанд оролгүйгээр гаргасан шийдвэр, ...-г тэмдэглэлд бичнэ" гэснийг тус тус зөрчсөн  алдаа гаргасан боловч энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд  хамааруулан үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нь хувийн сэдэлттэй гэмт хэргийг үйлдсэн  гэх боловч энэ нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгээр нотлогдож тогтоогдоогүй, сандлыг шидсэн үү, эсхүл сандлаар цохьсон уу гэдэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчөөс мөн ийм утга агуулга бүхий хүсэлт гаргасныг анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

    

      Харин шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө болох орон сууцыг битүүмжилсэн нь  хэт нэг талыг барьсан байж болох мөрдөн байцаалтын шатанд гарсан алдаа гэж үзэх үндэстэй ч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор уг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгчийн эрхийг нь сэргээснээр уг алдаа засагдсан гэх үзэх үндэслэлтэй байна.

        

 Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.ЛХАГВАМАА

                                                        ШҮҮГЧ                      Н.БОЛОРМАА

                                                        ШҮҮГЧ                      Г.ТЭГШСУУРЬ