Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00584

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00584

 

 

Ж.Батсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 102/ШШ2018/00069 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ж.Батсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Дуламцоод холбогдох

 

Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 366 390 042 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Бадамханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Ж.Батсайхан нь Д.Дуламцоогоос түүний 100 хувийн хувьцаа эзэмшидэг Эй Си Ди ХХК-ийн хувьцааг худалдан авахаар тохирч, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах 01 дугаар гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай 02 дугаар гэрээ, Эй Си Ди ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний хавсралт 03 дугаар гэрээг тус тус байгуулсан. Компанийн хувьцааг худалдан авах үед Эй Си Ди ХХК нь Төрийн банкинд 1 000 000 000 төгрөгийн зээлийн өр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 198 790 042 төгрөг, Шандас групп ХХК-д усалгааны тоног төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл 129 025 456 төгрөгийн тус тус үлдэгдэл төлбөртэй, дээр дурьдснаас өөр ямар нэгэн өр төлбөргүй талаар Д.Дуламцоо нь баталгаа гаргасан.  Талуудын дээрх тохиролцоог хувьцаа худалдах-худалдан авах 01 дугаар гэрээний 7.1-д Компанийн эрх шилжүүлэхээс өмнө үүссэн компанийн үйл ажиллагаатай холбоотой, бусдад төлөх төлбөр тооцоог худалдагч тал биечлэн хариуцаж барагдуулна, Компанийн эрх шилжүүлэх тухай 02 дугаар гэрээний 4.2-т Эрх шилжуулэгч нь компанийн эрх шилжүүлэхээс өмнө компанийн үйл ажиллагаанаас үүссэн хариуцлагыг бүрэн хариуцаж шийдвэрлэнэ" гэж тус тус тохиролцсон. Гэтэл Д.Дуламцоо нь И Эм Эл Ди" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн 100 хувийн эзэмшилд байсан Эй Си Ди ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр сонирхлын зөрчилтэй, их хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг хийж өр авлага үүсгэсэн байдаг бөгөөд И Эм Эл Ди ХХК нь манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар дээрх асуудлыг мэдсэн.

Шүүхийн шийдвэрт тусгагдсан өр авлага нь Д.Дуламцоогийн буруутай үйл ажиллгаанаас шалтгаалан үүссэн, Эй Си Ди ХХК-д хамааралгүй, хууль болон гэрээгээр Д.Дуламцоо хариуцан төлөх ёстой өр төлбөр байдаг. Мөн 03 тоот хавсралт гэрээ байгуулагдаж, тус гэрээнд худалдагч тал буюу Д.Дуламцоо нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 198 790 042 төгрөг, Шандас групп ХХК-д төлөх 129 025 456 төгрөгийг өр төлбөрийг хариуцан төлөх үүргийг, худалдан авагч тал буюу миний бие Эй Си Ди ХХК-ийн Төрийн банкинд төлөх 1 000 000 000 төгрөгийн зээлийн хариуцан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Д.Дуламцоо нь гэрээний 1.1, 1.2-т заасан төлбөрийн үүргийг гүйцэтгэх баталгаа болгож, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу 86-р байр 19 тоотод байрлалтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын /13291/, тамирчин 7-А дугаар гудамжны 51 тоотод байрлалтай зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Д.Дуламцоо нь мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээс Тариалан эрхлэлтийг дэмжих сан компанийг өр төлбөртэй гэх үндэслэлээр жил бүрийн тариалалтын үеэр тариаланчдад үзүүлдэг хөнгөлөлт, тусламжид хамруулахгүй компанийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байсан. Улмаар Д.Дуламцоогийн хүсэлтээр гэрээний дагуу түүний хариуцан төлөх ёстой Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх өр төлбөрийг түүний өмнөөс компани төлж, Д.Дуламцоо нь компанид эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Эй Си Ди ХХК-ийн зүгээс 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 7.1, 02 тоот Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний 4.2, 03 тоот хавсралт гэрээний 1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, үүрэг зөрчсөнөөс компанид учирсан хохирол 366 390 042 төгрөгийг Д.Дуламцоогоос гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв. 

Хариуагч Д.Дуламцоо шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Эй си ди ХХК нь хариуцагч Д.Дуламцоогоос Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх ёстой 198 798 042 төгрөг, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 871 дугаартай тогтоолоор Эй Си Ди ХХК-иас И Эм Эл Ди ХХК-д төлөх ёстой 167 600 000 төгрөг нийт 366 390 042 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах 01 дугаар гэрээний 1.7 дахь заалт, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн компаний эрх шилжүүлэх тухай 02 дугаар гэрээний 4.2 дахь заалт, 2014 оны 6 дугаар сарын 16-ны хавсралт 03 дугаар гэрээний 1.1-т заасан үүрэг зөрчсөнөөс компанид учирсан хохирол 366 390 042 төгрөгийн төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь Д.Дуламцоо нь нэхэмжлэгч Эй Си Ди ХХК-ийг үүсгэн байгуулагч, түүний захирал байсан болно. Д.Дуламцоо нь Эй Си Ди ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төрийн банктай зээлийн гэрээ байгуулан 1 000 000 000 төгрөг зээлж түүний барьцаанд дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж барьцааны гэрээ байгуулсан байсан. Үүнд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо их тойруу 86 дугаар байр 19 тоотод байршилтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын тамирчин 7а дугаар гудамжны 51 тоотод байршилтай зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бусад хөдлөх эд хөрөнгүүд байсан. Худалдагч тал болох Д.Дуламцоо нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот гэрээний 1.1-т заасан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй 198 790 042 төгрөг мөн гэрээний 1.2-т заасан усалгааны тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 129 625 456 төгрөг хариуцаж төлөх, үүний тулд Эй Си Ди ХХК-ийн 20 га усалгаатай талбайд 2-3 жил хүнсний ногоо тариалж, ургацаараа төлбөрөө төлөх боломжийг Эй Си Ди ХХК-ийн эрх шилжүүлж авсан Ж.Батсайхан зөвшөөрч хамтран ажиллахаар аман гэрээ байгуулсан байсан. Гэтэл Ж.Батсайхан нь энэ үүргээ биелүүлээгүй буруутай учраас Д.Дуламцоо төлбөр төлөх боломжгүй болсон. Төрийн банкнаас зээлсэн 1 000 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан дээр дурдсан хоёр үл хөдлөх эд хөрөнгийг гэрээгээр барьцаалсан байдал нь хууль бус бөгөөд хүчин төгөлдөр бус заалт байна. Нөгөө талаар 2014 оны 5 дугаар сарын 16-ны 03 тоот гэрээний 1.1 ба 1.2-т заасан төлбөрийг барагдуулж дуусах хүртэл дээр дурдсан хоёр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тохиолдолд гэрээг улсын бүртгэлд заавал бүртгүүлэх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Иймд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах гэсэн шаардлага нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байна. Мөн дээр дурдсан хоёр үл хөдлөх эд хөрөнгө Эй Си Ди ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээг байгуулах, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулах, мөн 02 тоот гэрээний хавсралт гэрээ, 03 тоот гэрээний хавсралт гэрээ байгуулах үед төрийн банктай 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээлсэн. Барьцаалагч нь Төрийн банкнаас зөвшөөрөл аваагүй байна. 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 03 тоот гэрээний 1.2-т заасан усалгааны тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 129 625 456 төгрөгийг төлж барагдуулсан болно. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 871 тоот тогтоолоор Эй Си Ди ХХК-иас И Эм Эл Ди ХХК-д төлөх ёстой 167 600 000 төгрөгийг Д.Дуламцоо хэдийгээр төлөх ёстой боловч энэ шаардлагыг дээр дурдсан хоёр үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь дээр дурдсантай адил хууль бус үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн компанид учруулсан 366 390 342 төгрөгийн хохиролийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 156 дугаар зүйлийн 156.2., Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т зааснаар Д.Дуламцоогоос 366.390.042 төгрөг гаргуулж, Ж.Батсайханд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.989.900,21 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дуламцоогоос 1.989.900 төгрөг гаргуулан Ж.Батсайханд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамханд давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт ... Д.Дуламцоогоос 366 390 042 төгрөг гаргуулах гэсэн үнийн дүнгээс 306 390 042 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 60 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хариуцагч нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 132 526 695 төгрөгийн өглөгтэй гэх боловч хэргийн 93 дугаар талд авагдсан баримт нь Эй си ди ХХК-ийн тус санд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаарх өр төлбөрийн баримт байх бөгөөд Д.Дуламцоо, Ж.Батсайхан нарын гэрээ байгуулах үеийн буюу 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн өр төлбөрийн тооцоо гэж үзэх үндэслэлгүй байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Газар тариаланг дэмжих сангийн албан тоотод 2014 оны байдлаар гэж тодорхой бичсэн байхад эргэлзээ бүхий дүгнэлт хийсэн гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Батсайхан нь хариуцагч Д.Дуламцоод холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 366 390 042 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч 66 263 347 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, уг үндэслэлээ ... Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн лавлагаагаар 132 526 695 төгрөгийн өртэй болох нь тогтоогдсон гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэг талаас Д.Дуламцоо /худалдагч/ нөгөө талаас Ж.Батсайхан /худалдан авагч/ нар 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Эй Си Ди ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах 01 дугаар гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай 02 дугаар гэрээ, талуудын хооронд байгуулагдсан дугаар Эй Си Ди ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний хавсралт 03 дугаар гэрээ тус тус байгуулсан байх бөгөөд уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 9-14 тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан Эй Си Ди ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний хавсралт 03 дугаар гэрээнд худалдагч талын хариуцах төлбөр тооцоог Тариалан эрхлэлтийг дэмжих сан-гийн нэхэмжлэлтэй 198 790 042 төгрөг, усалгааны тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 129 025 456 төгрөг, худалдан авагч талын хариуцах төлбөр тооцоог Төрийн банктай 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан зээл, барьцааны гэрээний дагуу төлөх 1 000 000 000 төгрөг гэж тус тус тодорхойлжээ. /хх-ийн 13 тал/

Хэрэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 978 дугаар магадлал авагдсан, уг магадлалаар Эй Си Ди ХХК-иас 166 400 000 төгрөг гаргуулан И Эм Эл Ди ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 15-25 тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид гэрээгээр тохиролцсон, худалдагч талын Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх 198 790 042 төгрөгийн үнийн дүн дээр маргаж, анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нотлох баримт гаргуулжээ. /хх-ийн 94-95 тал/

 

Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ...харилцагч Эй Си Ди ХХК эхний үлдэгдэл 12010000 дансны авлага 132 526 695 төгрөг, эхний үлдэгдэл 12010030 дансны авлага жимс, чацарганы суулгац 5 500 000 төгрөг, эхний үлдэгдэл 138 026 695, зөрүү 138 026 695 төгрөг,

2011 онд Эй Си Ди ХХК-ийн үрийн буудайн урьдчилгааг Комит сервис ХХК-аар тушаасныг 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр баримтаар залруулав, 12010000 дансны авлага гүйлгээний дүн 7 800 000 төгрөг, эцсийн үлдэгдэл 12010000 дансны авлага 124 726 695 төгрөг, эцсийн үлдэгдэл 12010030 дансны авлага жимс, чацарганы суулгац 5 500 000 төгрөг, эцсийн үлдэгдэл 130 226 695, зөрүү 130 226 695 төгрөг гэсэн агуулга бүхий дансны хуулгыг ирүүлж, уг хуулбарыг хийсэн хүн баримтын зүүн доод буланд 2017 оны 10 дугаар сарын 30 өдөр гэж бичин гарын үсэг зурж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тэмдэг дарсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан бөгөөд дээрх баримт нь хуулийн энэ шаардлагад нийцжээ.

 

Дээрх 2011 онд Эй Си Ди ХХК-ийн үрийн буудайн урьдчилгааг Комит сервис ХХК-аар тушаасныг 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр баримтаар залруулав, эцсийн үлдэгдэл 130 226 695 төгрөг гэсэн баримтаас үзэхэд Эй Си Ди ХХК-ийн өрийн үлдэгдэл зохигчдыг 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулахад 130 226 695 төгрөг байсан гэж үзэхээр байна. Харин нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх баримтыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Батсайхан болон Эй Си Ди ХХК нь хариуцагч Д.Дуламцоогийн Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх төлбөрөөс анх тохиролцсон үнийн дүн буюу 198 790 042 төгрөг төлсөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... хариуцагч Д.Дуламцоогоос гаргуулахаар шийдвэрлэсэн 366 390 042 төгрөгнөөс 306 390 042 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 60 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэл заажээ.

 

Иймд хариуцагчийн Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх үнийн дүн зохигчдын гэрээ байгуулах үед 130 226 695 төгрөг байсан гэж үзэж хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх нийт үнийн дүн 296 626 695 /166 400 000+ 130 226 596=296 626 695/ төгрөг байгаа боловч хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 366 390 042 төгрөгнөөс 60 000 000 төгрөгийг эс зөвшөөрсөн тул 306 390 042 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэг шаардлага болох үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот хавсралт гэрээний 1.4-т компанийн эрх шилжүүлж байгаатай холбогдуулан худалдагч тал нь энэхүү гэрээний 1.1, 1.2-т заасан төлбөр тооцоог барагдуулж дуустал худалдан авагч талд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө барьцаална гэж заасан байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар уг хавсралт гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж анхан шатны шүүхээс үзсэн нь зөв болжээ.

Иймд хариуцагч Д.Дуламцоогоос гэрээний үүргээ зөрчсөнөөс компанид учирсан хохирол 167 600 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар талуудын хооронд байгуулагдсан дугаар Эй Си Ди ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний хавсралт гэрээний 1.1-д заасан Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх 138 790 042 төгрөг, нийт 306 390 042 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 102/ШШ2018/00069 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 366 390 042 төгрөг гэснийг ...306 390 042 төгрөг гэж,

2 дахь заалтын ...1 989 900 гэснийг ...1 689 900 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Дуламцоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489 317 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Э.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                   Ц.ИЧИНХОРЛОО