Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

         Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 26-19 тоотод оршин суух, Ж.Б  нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энэрэл 2-32 тоотод оршин суух, Д.Д-д холбогдох

 

          Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 366,390,042 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б  миний бие Д.Д оос түүний 100 хувийн хувьцаа эзэмшидэг “Эй Си Ди” ХХК-ийн хувьцааг худалдан авахаар тохирч, 2014 оны 5 сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа худалдах худалдан авах гэрээ, 02 тоот компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 03 тоот хавсралт гэрээг тус тус байгуулсан. Компанийн хувьцааг худалдан авах үед “Эй Си Ди” ХХК нь Төрийн банкинд 1,000,000,000 төгрөгийн зээлийн өр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 198,790,042 төгрөг, “Шандас групп” ХХК-д усалгааны тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 129,025,456 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэж, дээр дурьдснаас өөр бусдад төлөх ямар нэгэн өр төлбөргүй талаар Д.Д нь баталгаа гаргаж гэрээг байгуулсан. Талуудын дээрх тохиролцоог 01 тоот Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 7.1-д “Компанийн эрх шилжүүлэхээс өмнө үүссэн компанийн үйл ажиллагаатай холбоотой, бусдад төлөх төлбөр тооцоог худалдагч тал биечлэн хариуцаж барагдуулна”, 02 тоот Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний 4.2-т “Эрх шилжуулэгч нь компанийн эрх шилжүүлэхээс өмнө компанийн үйл ажиллагаанаас үүссэн хариуцлагыг бүрэн хариуцаж шийдвэрлэнэ" гэж тус тус баталгаажуулсан. Гэтэл Д.Д  нь “И Эм Эл Ди" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн 100 хувийн эзэмшилд байсан “Эй Си Ди” ХХК-тай 2012 оны 10 сарын 01-ний өдөр Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж, сонирхолын зөрчилтэй, их хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг хийж өр авлага үүсгэсэн байдаг бөгөөд “И Эм Эл Ди” ХХК нь манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар дээрх асуудлыг мэдсэн. Миний бие Д.Д д гэрээний үүргээ биелүүлж, дээрх өр авлагын асуудлаа шийдвэрлэхийг шаардахад “...би гэрээний үүргээ биелүүлж, биечлэн хариуцан шийдвэрлэнэ. Компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа учраас надад итгэмжлэл хийгээд өгөөч” гэж хүссэний дагуу түүнд итгэж, итгэмжлэл олгосон. Гэтэл Д.Д  нь “Эй См Ди” ХХК-г шүүхэд төлөөлөхдөө дээрх өр төлбөр үүссэн нөхцөл байдлын талаар болон төлбөрийг холбогдох хууль болон гэрээгээр өөрөө хариуцан хүлээх үүрэг хүлээсэн талаар үнэн зөвөөр мэдүүлээгүй, өөрт байгаа холбогдох нотлох баримтыг санаатайгаар шүүхэд гаргаж өгөөгүйгээс “Эй Си Ди” ХХК түүний өмнөөс бусдад 167,600,000 төгрөгийн төлбөр төлөх шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрт тусгагдсан өр авлага нь Д.Д ийн буруутай үйл ажиллгаанаас шалтгаалан үүссэн, “Эй Си Ди” ХХК-д хамааралгүй, хууль болон гэрээгээр Д.Д  хариуцан төлөх ёстой өр төлбөр байдаг. Иймд Д.Д ийн гэрээний үүргээ зөрчсөнөөс компанид учирсан хохирол болох 167,600,000 төгрөгийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн “Эй Си Ди” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх үед тухайн компанийн үйл ажиллагаатай холбоотой үүссэн зээл, бусдад төлөх өр төлбөрийг талууд хэрхэн хариуцан шийдвэрлэх асуудлыг зохицуулах зорилгоор 03 тоот хавсралт гэрээ байгуулагдсан. Тус гэрээнд худалдагч тал буюу Д.Д  нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 198,790,042 төгрөг, Шандас групп ХХК-д төлөх 129,025,456 төгрөгийг өр төлбөрийг хариуцан төлөх үүргийг, худалдан авагч тал буюу миний бие “Эй Си Ди” ХХК-ийн Төрийн банкинд төлөх 1,000,000,000 төгрөгийн зээлийн хариуцан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Д.Д  нь гэрээний 1.1, 1.2-т заасан төлбөрийн үүргийг гүйцэтгэх баталгаа болгож, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу 86-р байр 19 тоотод байрлалтай Ү-2203017464 бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын /13291/, Тамирчин 7-А дугаар гудамжны 51 тоотод байрлалтай Ү-2204011384 бүртгэлийн дугаартай зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Д.Д  нь мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээс Тариалан эрхлэлтийг дэмжих сан компанийг өр төлбөртэй гэх үндэслэлээр жил бүрийн тариалалтын үеэр тариаланчдад үзүүлдэг хөнгөлөлт, тусламжид хамруулахгүй компанийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байсан ба компанийн зүгээс Д.Д  гэрээний үүргээ биелүүлхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй. Улмаар Д.Д ийн хүсэлтээр гэрээний дагуу түүний хариуцан төлөх ёстой Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх өр төлбөрийг түүний өмнөөс компани төлж, Д.Д  нь компанид эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд “Эй Си Ди” ХХК-ийн зүгээс 2014 оны 05 сарын 16-ны өдрийн 01 тоот Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 7.1, 02 тоот Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний 4.2, 03 тоот хавсралт гэрээний 1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, үүрэг зөрчсөнөөс компанид учирсан хохирол 366,390,042 төгрөгийг Д.Д оос гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв. 

Хариуагч Д.Д  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Эй си ди” ХХК нь хариуцагч Д.Д оос тариалан эрхлэлтийг дэмжих Санд төлөх ёстой 198,798,042 төгрөг, улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 871 дугаартай тогтоолоор “Эй си ди” ХХК-иас “И Эм эл ди” ХХК-д төлөх ёстой 167,600,000 төгрөг нийт 366,390,042 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 1.7-р заалт, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02 тоот компаний эрх шилжүүлэх тухай гэрээний 4.2-р заалт, 2014 оны 6 дугаар сарын 16-ны 03 тоот хавсралт гэрээний 1.1-т заасан үүрэг зөрчсөнөөс компанид учирсан хохирол 366,390,042 төгрөгийн төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь Д.Д  нь нэхэмжлэгч “Эй си ди” ХХК-ийг үүсгэн байгуулагч, түүний захирал байсан болно. Д.Д  нь “Эй си ди” ХХК-ийн захиралаар ажиллаж байхдаа 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банктай зээлийн гэрээ байгуулан 1,000,000,000 төгрөг зээлж түүний барьцаанд дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж барьцааны гэрээ байгуулсан байсан. Үүнд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо их тойруу 86-р байр 19 тоотод байршилтай Ү-2203067464 бүргэлийн дугаартай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын (13291) тамирчин 7а дугаар гудамжны 51 тоотод байршилтай Ү-2204011384 бүртгэлийн дугаартай зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бусад хөдлөх эд хөрөнгүүд байсан. Өнөөдөр нэхэмжлэгч “Эй си ди” ХХК-ийн захиралаар ажиллаж байгаа Ж.Б  нь Д.Д той “Эй си ди” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авахаар, мөн компаний эрх шилжүүлж авахаар 2014 оны 5 дугаар сард тохиролцож “Эй си ди” ХХК-ийн хувьцаа худалдаж авах 01 тоот гэрээг 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Мөн компаний эрх шилжүүлэх 02 тоот гэрээг 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Мөн Д.Д  Ж.Б  нар “Эй си ди” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах 01 тоот гэрээ, “Эй си ди” ХХК-ийн эрх шилжүүлэх 02 тоот гэрээний хавсралт 03 тоот гэрээг 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Энэ гэрээгээр “Эй си ди” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой үүссэн зээл, бусдад төлөх өр төлбөрийг хэрхэн хариуцаж шийдвэрлэхээр тохиролцсон болно. Худалдагч тал болох Д.Д  нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот гэрээний 1.1-т заасан тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй 198,790,042 төгрөг мөн гэрээний 1.2-т заасан усалгааны тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 129,625,456 төгрөг хариуцаж төлөх, үүний тулд “Эй си ди” ХХК-ийн 20 га усалгаатай талбайд 2-3 жил хүнсний ногоо тариалж, ургацаараа төлбөрөө төлөх боломжийг “Эй си ди” ХХК-ийн эрх шилжүүлж авсан Ж.Б  зөвшөөрч хамтран ажиллахаар аман гэрээ байгуулсан байсан. Гэтэл Ж.Б  нь энэ үүргээ биелүүлээгүй буруутай учраас Д.Д  төлбөр төлөх боломжгүй болсон. Худалдан авагч буюу эрх шилжүүлэн авагч тал Ж.Б  мөн гэрээний 1.3-т заасан төрийн банктай 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээл, барьцааны гэрээний дагуу төлөх 1,000,000,000 төгрөгийн зээлийн холбогдох төлбөрийг хариуцаж төлөх, мөн гэрээний 1.4-т компаний эрх шилжүүлж байгаатай холбогдон худалдагч тал Д.Д  дээрхи гэрээний 1.1 ба 1.2-т заасан төлбөр тооцоог барагдуулж дуустал худалдан авагч талд барьцаа үл хөдлөх хөрөнгө барьцаална гэж заагаад төрийн банкнаас зээлсэн 1,000,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан дээр дурдсан хоёр үл хөдлөх эд хөрөнгийг гэрээгээр барьцаалсан байдал нь хууль бус бөгөөд хүчин төгөлдөр бус заалт байна. Нөгөө талаар 2014 оны 5 дугаар сарын 16-ны 03 тоот гэрээний 1.1 ба 1.2-т заасан төлбөрийг барагдуулж дуусах хүртэл дээр дурдсан хоёр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тохиолдолд гэрээг улсын бүртгэлд заавал бүртгүүлэх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Иймд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах гэсэн шаардлага нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байна. Мөн дээр дурдсан хоёр үл хөдлөх эд хөрөнгө “Эй си ди” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээг байгуулах (2014 оны 5 дугаар сарын 16), компаний эрх шилжүүлэх гэрээ байгуулах (2014 оны 5 дугаар сарын 16) мөн 02 тоот гэрээний хавсралт гэрээ, 03 тоот гэрээний хавсралт гэрээ байгуулах үед (2014 оны 5 дугаар сарын 16) төрийн банктай 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээлсэн. 1,000,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан ба зээл төлөгдөж дуусаагүй байсан учраас дээр дурьдсан хоёр үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд хамааралгүй гэж төлбөр тооцооний барьцаанд барьцаалж байгаа нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл барьцаалагч төрийн банкнаас зөвшөөрөл аваагүй байна. 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 03 тоот гэрээний 1.2-т заасан усалгааны тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 129,625,456 төгрөгийг төлж барагдуулсан болно. Харин улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 871 тоот тогтоолоор “Эй си ди” ХХК-аас “И Эм эл ди” ХХК-д төлөх ёстой 167,600,000 төгрөгийг Д.Д  хэдийгээр төлөх ёстой боловч энэ шаардлагыг дээр дурдсан хоёр үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь дээр дурдсантай адил хууль бус үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн компанид учруулсан 366,390,342 төгрөгийн хохиролийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            “Эй Си Ди” ХХК гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 366.390.042 төгрөг гаргуулах, барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Д.Д д холбогдуулан гаргажээ.

            Улмаар 2017.10.19-ний өдөр нэхэмжлэгч “Эй Си Ди” ХХК-ийг Ж.Б аар сольсон байна. /хх-ийн 92 дугаар тал/

            2014.05.16-ны өдөр “Эй Си Ди” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах 01 тоот, Компанийн эрх шилжүүлэх тухай 02 тоот, “Эй Си Ди” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах 1 тоот гэрээ, “Эй Си Ди” ХХК-ийн эрх шилжүүлэх 02 гэрээний хавсралт 03 тоот гэрээнүүдийг Ж.Б , Д.Д  нар хүсэл зоригоо илэрхийлж байгуулжээ. /хх-ийн 9-14 дүгээр тал/

            Уг гэрээнүүдийн талаар зохигчид маргаагүй, харин 2014.05.16-ны өдрийн “Эй Си Ди” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах 1 тоот гэрээ, “Эй Си Ди” ХХК-ийн эрх шилжүүлэх 2 гэрээний хавсралт 03 тоот гэрээний 1 дэх заалт “хариуцагч талын хариуцах төлбөр тооцоо”-ны 1.1. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй 198.790.042 төгрөг, мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.07.29-ний өдрийн 978 дугаар магадлалаар “И Эм Эл Ди” ХХК-нд “Эй Си Ди” ХХК-ийн төлөх 166.400.000 төгрөгийг Д.Д  хариуцан төлөх ёстой гэж маргажээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд гурван шатны шүүхийн шийдвэрээр “Эй Си Ди” ХХК-иас “И Эм Эл Ди” ХХК-нд төлөх ёстой 167.600.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх 198.790.042 төгрөгөөс 132.526.695 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Үлдэх 66.263.347 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн лавлагаараар 132.526.695 төгрөгийн өртэй байгаа талаар баримт хэрэгт авагдсан гэж маргаж байна.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас нийт 300.126.695 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66.263.347 төгрөгийн талаар маргаж байгаа болно.

            Хариуцагч нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 132.526.695 төгрөгийн өглөгтэй гэх боловч хэргийн 93 дугаар талд авагдсан баримт нь “Эй Си Ди” ХХК-ийн Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2017.10.30-ны өдрийн байдлаарх өр төлбөрийн баримт байх бөгөөд Д.Д , Ж.Б ы нарын гэрээ байгуулах үеийн буюу 2014.05.16-ны өдрийн өр төлбөрийн тооцоо гэж үзэх үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл зохигчийн гэрээ байгуулах үе буюу 2014.05.16-ны байдлаар “Эй Си Ди” ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 132.526.695 төгрөгийн өртэй байсан талаар хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, баримтаар нотлоогүй байна.

            Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй тул 2014.05.16-ны өдрийн 03 тоот гэрээний 1.1. дэх заалтын дагуу Д.Д оос 198.790.042 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу “Эй Си Ди” ХХК-ийн “И Эм Эл Ди” ХХК-нд төлөх төлбөр 167.600.000 төгрөг, нийт 366.390.042 төгрөгийг Д.Д оос гаргуулж, Ж.Б д олгох нь зүйтэй байна.

            Мөн компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж заасан бөгөөд гэрээний дагуу тухайн компанийн 10 хувийг буюу 10 ширхэг хувьцааг эзэмшигч Д.Д ийн өрийг “Эй Си Ди” ХХК нь хариуцахгүй юм.

            Ж.Б  Д.Д  нарын хооронд байгуулагдсан 2014.05.16-ны өдрийн 03 тоот хавсралт гэрээний 1.4.-т Компанийн эрх шилжүүлж байгаатай холбогдуулан худалдагч тал нь энэхүү гэрээний 1.1, 1.2-т заасан төлбөр тооцоог барагдуулж дуустал худалдан авагч талд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө барьцаална гээд Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Их тойруу 86-16 тоот, Ү-2203017464 бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 19-р хороо Цайзын /13291/ Тамирчин 7-А дугаар гудамжны 514 тоотод байрлалтай, Ү-2204011384 бүртгэлийн дугаар бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг дурджээ. /хх-ийн 13 дугаар тал/

            Гэтэл зохигчид уг гэрээг барьцаатай байгуулсан бол улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй болно.

            Өөрөөр хэлбэл уг гэрээ барьцааны зүйлтэй байсан бол нэхэмжлэгч, хариуцагч нар нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т зааснаар 2014.05.16-ны өдрийн 03 тоот хавсралт гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх байжээ.

            Мөн уг гэрээний барьцааны зүйл нь Төрийн банкны барьцаанд байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2017.12.28-ны өдрийн 11-1084342 дугаар бичгээр нотлогдож байгаа тул Ж.Б ы барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 156 дугаар зүйлийн 156.2., Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т зааснаар Д.Д оос 366.390.042 төгрөг гаргуулж, Ж.Б д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.989.900,21 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д оос 1.989.900 төгрөг гаргуулан Ж.Б д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.СОЛОНГО