Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01698

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01698

 

 

 

 

Ц.Баясгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01797 дугаар шийдвэртэй, Ц.Баясгалангийн нэхэмжлэлтэй Б.Сүхбатад холбогдох гэрээний үүрэгтэй холбоотойгоор 111 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хариуцагч Б.Сүхбат 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 99110880 дугаараас залгаж Сайн ломбардад барьцаанд байгаа Ланд крузейр 200 маркийн 0880 УБЯ улсын дугаартай машин байна, худалдаж авах уу? гэж асуусны дагуу Ц.Баясгалан 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр автомашиныг үзэж, 111 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Худалдагч Б.Сүхбат нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн ах Б.Чинбатын нэр дээр байдаг тул захиран зарцуулах эрхийг ах Б.Чинбат хэрэгжүүлнэ гэж Ц.Баясгаланд итгэмжлэл үзүүлсэн.

Ц.Баясгалан, Б.Сүхбат хоёр тохиролцсон тул 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн 5018128947 тоот Хаан банкны данснаас 60,000,000 төгрөг бэлнээр зарлагдан авч Б.Сүхбатад өгсөн. Энэ мөнгөөр Сайн ломбардад байгаа зээлийн төлбөрийг барагдуулан автомашиныг чөлөөлсөн. Мөн 3, 4-р хороололд байрладаг нотариатын газарт орж, Худалдах худалдан авах гэрээ байгуулан Ланд крузейр 200 маркийн 0880 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлэн авсан. Автомашины үнийн үлдэгдэл 51,000,000 төгрөгийг Б.Сүхбатын төрсөн ах Б.Чинбатын эхнэр С.Уранчимэгийн эзэмшдэг Хаан банкны 5028361968 тоот дансанд Б.Сүхбатын зөвшөөрлөөр шилжүүлсэн. Ц.Баясгалан уг автомашиныг өөрийн төрсөн дүү Ц.Баянжаргалд мөнгөн төлбөрт тооцож өрөндөө өгсөн бөгөөд харин Ц.Баянжаргал мөн автомашиныг иргэн Ш.Батмөнхөд 2014 оны 9 дүгээр сард 148 000 000 төгрөгөөр худалдсан.

Гэтэл хамгийн сүүлчийн худалдан авагч, өмчлөгч болох Ш.Батмөнх 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Алтан булаг боомтоор хил нэвтэрч, ОХУ-ын хилийн Хиагт боомтоор зорчих гэж байгаад мөнөөх Ланд крузейр 200 маркийн 0880 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ОХУ-ын хилийн болон цагдаагийн байгууллагад хураалгасан байдаг. Энэхүү асуудалтай холбогдуулан Ш.Батмөнх нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газар болон Цагдаагийн 1-р хэлтэс гомдол, мэдээлэл гаргаснаар ОХУ-ын иргэн Арсалан Суворов Батмункуевичий, Монгол Улсын иргэн Ц.Батболд нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, хулгайн тээврийн хэрэгслийг хууль бусаар хил нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан, бусдыг залилан мэхэлсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн боловч Арсалан Суворов Батмункуевичий гэгч олдохгүй байгаагаас одоо эрүүгийн хэрэг түдгэлзүүлсэн.

Тухайн 148 000 000 төгрөгийн өр төлбөрийг нөхөн төлөх, барагдуулах тухай шүүхийн шийдвэрийг Ц.Баясгалан биелүүлж байна. Гэрээнд автомашины үнийг 25 000 000 төгрөг гэж бичсэн байдал бол Ц.Баясгалан, Б.Сүхбат хоёр хоорондоо яриад худалдааны татвар, хураамжийг бага төлөх зорилгоор үнийг ингэж гэрээнд тусгасан байдаг. Ямар үндэслэлээр, хариуцагч Б.Сүхбат нь Ланд крузейр 200 маркийн 0880 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг олж авсан эсэхээс үл хамаарч түүнтэй хэлцэл хийж худалдан авсан Ц.Баясгалан уг автомашиныг худалдан авахад төлсөн 111 000 000 төгрөгийг худалдагч Б.Сүхбатаас гаргуулан авахаар шаардаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Сүхбат худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй юм. Хэрэгт байгаа ямар ч баримтаар Ц.Баясгалан, Б.Сүхбат нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдал тогтоогдохгүй. Харин С.Баярхүү гэгч хүний нэр дээр бүртгэлтэй байсан автомашин шууд Ц.Баясгалангийн нэр дээр шилжсэн тээврийн хэрэгслийн бүртгэл авагдсан, Ц.Баясгалан, С.Баярхүү нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ байна. Нөгөө талаар, Ц.Баясгалан, С.Баярхүү нарын хооронд хийсэн гэрээнд Ланд крузейр 200 маркийн 0880 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 25 000 000 төгрөг гэж бичигдсэн байхад 111 000 000 төгрөгийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй юм.

Мөн автомашиныг эрхийн зөрчилтэй байсан, ОХУ-ын нутаг дэвсгэрт хураагдсан гэж байгаа ч энэ талаар шууд нотлох баримтгүй байна. Энэ бүхнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б.Сүхбатаас 111 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баясгаланд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 712 950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Б.Сүхбатаас 712 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баясгаланд олгож, мөн нэхэмжлэгч Ц.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр /илүү хэмжээгээр/ төлсөн 712 950 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Баясгаланд буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...Ц.Баясгалан, Б.Сүхбат нарын хооронд байгуулсан гэрээ, тухай автомашиныг Б.Сүхбатаас Ц.Баясгаланд шилжүүлсэн тээврийн хэрэгслийн бүртгэл хэрэгт шууд байхгүй боловч тэдний хооронд хэлцэл хийгдсэн нь хэрэгт байгаа мөн шүүхэд дуудагдсан гэрч Б. Чинбат: "... автомашин минийх биш ..., Б.Сүхбат намайг гэрээн дээр гарын үсэг зураарай гэсэн тул очиж зурсан" гэсэн, гэрч С.Уранчимэг: "... миний эзэмшдэг 5028...1958 тоот дансаар 51 000 000 төгрөг шилжин орж ирсэн ..., Б.Сүхбатын мөнгө гэсэн тул мөнгийг аваад Б.Сүхбатад өгсөн гэж тус тус мэдүүлсэн нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдсон " гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Ланд круйзер 200 маркийн, 08-80 УБЯ улсын дугаартай автомашины өмчлөгч нь Б.Сүхбат биш. Иймээс Б.Сүхбат нь автомашиныг Ц.Баясгаланд худалдах боломжгүй юм. Хавтаст хэрэгт цугларсан баримтаар маргаан бүхий автомашин нь С.Баярхүүгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болно. С.Баярхүүгээс Б.Чинбатад 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг олгосон итгэмжлэл өгч, С.Баярхүүгийн төлөөлөгч Б.Чинбат нь Ц.Баясгалантай 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулсан.

Мөн Ц.Баясгалан нь С.Баярхүүгийн Сайн авто ломбардаас зээлсэн 60 000 000 төгрөгийн зээлийг хаагаад, 51 000 000 төгрөгийг С.Уранчимэгийн дансанд шилжүүлсэн. Дээрх баримтуудаар Ц.Баясгалан нь Б.Сүхбаттай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, гэрээний төлбөрийг шилжүүлсэн баримтгүй байхад Б.Сүхбатаас шүүх 111 000 000 төгрөгийг бүхэлд нь гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.Чинбатыг 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчаар татсан. 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Б.Чинбатаас татгалзсан. Иймд Б.Чинбат нь 6 capын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байсан, хэргийн материалтай танилцсан байгаа болно. Гэрч гэдэг бол хэрэгт хувийн ашиг сонирхолгүй хөндлөнгийн этгээд байх ёстой. Иймээс Б.Чинбат бол гэрч биш. Шүүх хариуцагч байсан Б.Чинбатыг гэрчээр асууж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Б.Чинбатын мэдүүлэг нотолгооны ач холбогдолгүй юм. Ийнхүү шүүх Ц.Баясгалан, Б.Сүхбат нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь нотлогдоогүй байхад хариуцагч биш этгээдээс 111 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв оновчтой сонгон хэрэглэж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ц.Баясгалан нь хариуцагч Б.Сүхбатад холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагавартай холбоотойгоор 111 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ц.Баясгалан Зар мэдээ сониноор дамжуулан зар явуулсны дагуу Ланд крузейр, Лексус маркийн автомашин авна гэсэн зарын дагуу Б.Сүхбат нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн 99110880 дугаараас залгаж Сайн ломбардад барьцаанд байгаа Ланд крузейр 200 маркийн 0880 УБЯ улсын дугаартай машиныг худалдах талаар ярьж, улмаар тэд 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр автомашиныг 111 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 16, 175, 177 дугаар тал/

Талуудын хооронд дээрх байдлаар хийгдсэн хэлцлийн үндсэн дээр худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хэргийн 16 дугаар талд авагдсан Ц.Баясгалангийн 5018128947 дугаар бүхий Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл 2014 оны 6 дугаар сарын 24-ны буюу талуудын хэлцэл хийсэн гэх өдөр 111 000 000 төрөгийн зарлага гарч С.Уранчимэгийн Хаан банк ХХК дахь 5028361958 дугаартай дансанд 51 000 000 төгрөгийн орлого орсон нь нотлогджээ.

Мөн гэрч С.Уранчимэг шүүх хуралдаанд ... Б.Сүхбат манай нөхрийн дүү нь. 2014 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр миний дансанд орж ирсэн 51 000 000 төгрөг нь Б.Сүхбатын мөнгө.Уг мөнгийг нөхөртэйгээ очиж авч, Б.Сүхбатад өгсөн гэж, гэрч Б.Чинбат ...Миний өмч биш. Манай дүү нэр дээрээ шилжүүлээд аваач гэсэн. Машины эзэмших итгэмжлэл надад байсан учраас би очиж гэрээ хийсэн гэж тус тус мэдүүлсэн./хх-ийн 212-213 дугаар тал/ Түүнчлэн хариуцагч Б.Сүхбат 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэг дүгээр хэлтэст тайлбар өгөхдөө ... Отгон-Очир намайг өрөндөө машин авах уу гэхээр нь авъя гээд өөрийн төрсөн ах Б.Чинбатыг нэр дээрээ шилжүүлээд авчих гээд явуулсан. Би энэ машиныг унаж байгаад зарах гээд хүмүүст үзүүлсэн боловч чадаагүй. Тэгэхээр нь ломбардад тавьсан ... машин авна гэсэн хүмүүс рүү залгаад тухайн үеийн ханшнаас нилээн доогуур үнээр зарсан юм. Тэр хүн бол ломбардын үндсэн төлбөр болоод хүүг нь төлөөд үлдсэн мөнгийг өгсөн ... гэжээ. Эдгээрээс дүгнэвэл Б.Баясгалан, Б.Сүхбат нарын хооронд хэлцэл хийгдсэн болох нь нотлогдсон болно. Шүүх Б.Сүхбатыг уг хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулсан хийсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

Гэрээний зүйл болох Ланд крузейр 200 маркийн 0880 УБЯ улсын дугаартай автомашин нь хулгайлагдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байсны улмаас ОХУлсын нутаг дэвсгэрт хураагдсан болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол зэргээр нотлогдсон. /хх-ийн 172-173 дугаар тал/ Мөн дээрх үйл баримт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 сарын 21-ны өдрийн 1883 дугаар магадлал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/01961 дугаар шийдвэр, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2017/01608 дугаар тогтоол зэрэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна./хх-ийн 116, 123,195-198 дугаар тал/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ. гэж тус тус зааснаар худалдагдсан эд хөрөнгө эрхийн доголдолтой байсан, худалдагч гэрээний үүргээ зөрчсөн гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай шаардлага гаргах, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Шүүх Б.Чинбатыг гэрчээр асуусан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугар зүйлийн 43.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.8.1-т заасныг зөрчөөгүй, түүнд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарлан танилцуулжээ. Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдсан боловч нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар түүнийг хариуцагчаар тодорхойлохоос татгалзсан тул хэргийн оролцогч биш болсон, хэрэг маргааны бодит байдлыг тогтоох, түүнтэй холбоотой үйл баримтыг мэдэх этгээд мөн төдийгүй гэрчээр оролцож болохгүй хуульд заасан үндэслэлгүй байна.

Иймд худалдсан эд хөрөнгө эрхийн доголдолтой болох нь баримтаар тогтоогдсон. Хэдийгээр гэрээнд өөр этгээдүүдийн нэр заасан, гэрээний үнийг 25 000 000 төгрөг гэж бичсэн ч эд хөрөнгийн үнэд бодиттойгоор 111 000 000 /61 000 000+51 000 000/ төгрөгийг шилжүүлсэн, мөн тухайн мөнгөн хөрөнгийг авсан, автомашиныг шилжүүлсэн этгээд нь Ц.Сүхбат болох зэрэг үйл баримт хэрэгт авагдсан болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Харин хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх талуудын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг зөв оновчтой сонгож хэрэглэж чадаагүй алдаа гаргажээ. Иргэний хуулийн 252 гэснийг 254 болгох, түүнчлэн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсгийг баримталсан нь буруу бөгөөд гэрээнээс татгалзсаны үр дагаварт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахад мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт гэрээг цуцалсантай холбоотой хохирол, зардлын асуудлыг шаардах эрхийг зохицуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэл нь худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж байгаа болохоос гэрээ байгуулсантай холбоотой, улмаар цуцалсантай холбоотойгоор өөрт учирсан хохирол, зардлыг шаардаагүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад агуулгыг хэвээр үлдээх үндэслэлтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01797 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 252 гэснийг 254 гэж, 256 дугаар зүйлийн 256.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Б.НАРМАНДАХ