Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00046

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01797 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1698 дугаар магадлалтай

Ц.Бгийн нэхэмжлэлтэй,

Б.Сад холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 111 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзулын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.С 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 99110880 дугаараас залгаж Сайн ломбардад барьцаанд байгаа Ланд крузейр 200 маркийн 0880 УБЯ улсын дугаартай машин байна, худалдаж авах уу? гэж асуусны дагуу Ц.Б 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр автомашиныг үзэж, 111 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Худалдагч Б.С нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн ах Б.Чинбатын нэр дээр байдаг тул захиран зарцуулах эрхийг ах Б.Чинбат хэрэгжүүлнэ гэж Ц.Бд итгэмжлэл үзүүлсэн. Ц.Б, Б.С хоёр тохиролцсон тул 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн 5018128947 тоот Хаан банкны данснаас 60 000 000 төгрөг бэлнээр зарлагадан авч Б.Сад өгсөн. Энэ мөнгөөр Сайн ломбардад байгаа зээлийн төлбөрийг барагдуулан автомашиныг чөлөөлсөн. Мөн 3, 4-р хороололд байрладаг нотариатын газарт орж, Худалдах-худалдан авах гэрээ байгуулан Ланд крузейр 200 маркийн 0880 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлэн авсан. Автомашины үнийн үлдэгдэл 51 000 000 төгрөгийг Б.Сын төрсөн ах Б.Чинбатын эхнэр С.Уранчимэгийн эзэмшдэг Хаан банкны 5028361968 тоот дансанд Б.Сын зөвшөөрлөөр шилжүүлсэн. Ц.Б уг автомашиныг өөрийн төрсөн дүү Ц.Баянжаргалд мөнгөн төлбөрт тооцож өрөндөө өгсөн бөгөөд харин Ц.Баянжаргал мөн автомашиныг иргэн Ш.Батмөнхөд 2014 оны 9 дүгээр сард 148 000 000 төгрөгөөр худалдсан. Гэтэл хамгийн сүүлчийн худалдан авагч, өмчлөгч болох Ш.Батмөнх 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Алтан булаг боомтоор хил нэвтэрч, ОХУ-ын хилийн Хиагт боомтоор зорчих гэж байгаад мөнөөх Ланд крузейр 200 маркийн 0880 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ОХУ-ын хилийн болон цагдаагийн байгууллагад хураалгасан байдаг. Энэхүү асуудалтай холбогдуулан Ш.Батмөнх нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газар болон Цагдаагийн 1-р хэлтэст гомдол, мэдээлэл гаргаснаар ОХУ-ын иргэн Арсалан Суворов Батмункуевичий, Монгол Улсын иргэн Ц.Батболд нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, хулгайн тээврийн хэрэгслийг хууль бусаар хил нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан, бусдыг залилан мэхэлсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн боловч Арсалан Суворов Батмункуевичий гэгч олдохгүй байгаагаас одоо эрүүгийн хэрэг түдгэлзүүлсэн. Тухайн 148 000 000 төгрөгийн өр төлбөрийг нөхөн төлөх, барагдуулах тухай шүүхийн шийдвэрийг Ц.Б биелүүлж байна. Гэрээнд автомашины үнийг 25 000 000 төгрөг гэж бичсэн байдал бол Ц.Б, Б.С хоёр хоорондоо яриад худалдааны татвар, хураамжийг бага төлөх зорилгоор үнийг ингэж гэрээнд тусгасан байдаг. Ямар үндэслэлээр, хариуцагч Б.С нь Ланд крузейр 200 маркийн 0880 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг олж авсан эсэхээс үл хамаарч түүнтэй хэлцэл хийж худалдан авсан Ц.Б уг автомашиныг худалдан авахад төлсөн 111 000 000 төгрөгийг худалдагч Б.Саас гаргуулан авахаар шаардаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.С худалдах-худалдан авах гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй юм. Хэрэгт байгаа ямар ч баримтаар Ц.Б, Б.С нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийсэн байдал тогтоогдохгүй. Харин С.Баярхүү гэгч хүний нэр дээр бүртгэлтэй байсан автомашин шууд Ц.Бгийн нэр дээр шилжсэн тээврийн хэрэгслийн бүртгэл авагдсан, Ц.Б, С.Баярхүү нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээ байна. Нөгөө талаар, Ц.Б, С.Баярхүү нарын хооронд хийсэн гэрээнд Ланд крузейр 200 маркийн 0880 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 25 000 000 төгрөг гэж бичигдсэн байхад 111 000 000 төгрөгийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй юм. Мөн автомашиныг эрхийн зөрчилтэй байсан, ОХУ-ын нутаг дэвсгэрт хураагдсан гэж байгаа ч энэ талаар шууд нотлох баримтгүй байна. Энэ бүхнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01797 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б.Саас 111 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 712 950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Б.Саас 712 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож, мөн нэхэмжлэгч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр /илүү хэмжээгээр/ төлсөн 712 950 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1698 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01797 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “252” гэснийг “254” гэж, “256 дугаар зүйлийн 256.1” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул би Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн дугаар 101/ШШ2018/01797 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 1698 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал:

Магадлалын хянавал хэсэгт: “Б.Сыг уг хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ”, “эд хөрөнгийн үнэ бодиттойгоор 111 000 000 /61 000 000+51 000 000/ төгрөгийг шилжүүлсэн, мөн тухайн мөнгөн хөрөнгийг авсан, автомашиныг шилжүүлсэн”, мөн тухайн мөнгөн хөрөнгийг авсан, автомашиныг шилжүүлсэн этгээд нь Б.С болох зэрэг үйл баримт хэрэгт авагдсан болон дээрх баримтуудаар тогтоогдож байна” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь С.Баярхүүгээс Б.Чинбатад 2014 оны 08 сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг олгосон итгэмжлэл өгч, С.Баярхүүгийн төлөөлөгч Б.Чинбат нь Ц.Бтай 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байдаг. /хх 109 дэх тал/

Мөн Ц.Б нь С.Баярхүүгийн “Сайн авто” ломбарднаас зээлсэн 60 000 000 төгрөгийн зээлийг барагдуулж, үлдэх 51 000 000 төгрөгийг С.Уранчимэгийн дансанд шилжүүлсэн байдаг. /хх 83, 109 дэх тал/ Дээрх баримтуудаар Ц.Б нь Б.Стай худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй бөгөөд, С.Баярхүүгийн 60 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг барагдуулж, үлдэгдэл төлбөрийг түүний төлөөлөгчийн эхнэрийн дансанд шилжүүлсэн юм. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтыг буруу үнэлж, С.Баярхүүгийн ломбарднаас зээлж авсан 60 000 000 төгрөгийг Б.Саас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Мөн шүүх хариуцагч байсан Б.Чинбатыг гэрчээр асууж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Б.Чинбатын мэдүүлэг нотолгооны ач холбогдолгүй юм. Нэхэмжлэгч нь Б.Чинбат, С.Баярхүү нарыг огт хараагүй, уулзаж байгаагүй, Б.Стай л уулзаж байсан гэх тайлбар гаргадаг ч тайлбар нь үндэслэлгүй юм, С.Баярхүү уг хэлцэлд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцсон, нэхэмжлэгч С.Баярхүүгийн төлөөлөгч нарын хооронд хийсэн бичгийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт нь байгаа болно.

Ийнхүү шүүх Б.Саас С.Баярхүүгийн зээл 60 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалаас С.Баярхүүгийн зээлийн төлбөрт шилжүүлсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн дугаар 101/ШШ2018/01797 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 1698 дугаар магадлалаас С.Баярхүүгийн зээлж авсан 60 000 000 төгрөгийг Б.Саас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Ц.Б нь Б.Сад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 111 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1., 256 дугаар зүйлийн 256.1.-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 111 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн “256 дугаар зүйлийн 256.1.” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1.” болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Ц.Б нь 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Саас Ланд 200 маркийн автомашиныг 111 000 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохирч, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус автомашиныг барьцаалсан “Сайн” ломбарданд 60 000 000 төгрөгийг төлж, барьцаанаас чөлөөлж, 51 000 000 төгрөгийг Б.Сын төрсөн ах Б.Чинбатын эхнэр С.Уранчимэгийн дансанд шилжүүлэн, автомашиныг хүлээж авсан байна.

Ц.Б нь автомашиныг өөрийн төрсөн дүү Ц.Баянжаргалд өрөндөө өгч, Ц.Баянжаргал нь 2014 оны 09 дүгээр сард Ш.Батмөнхөд 148 000 000 төгрөгөөр худалджээ.

2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр  Ш.Батмөнхийг ОХУ-ын Алтанбулаг Хиагтын боомтоор хил гарах гэж байхад нь уг автомашин хулгайн тээврийн хэрэгсэл болох нь илэрч, ОХУ-ын Цагдаагийн байгууллагад хураагдсан байна.

Худалдан авагч Ш.Батмөнх шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Ц.Баянжаргалаас автомашин худалдан авсан 148 000 000 төгрөгөө буцаан авахаар шийдвэрлэгдсэн тул Ц.Баянжаргал Б.Стай байгуулсан худалдах-худалдан авах гэрээээс татгалзаж, автомашины үнэд шилжүүлсэн 111 000 000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1.-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх  үүрэгтэй.

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1.-д зааснаар худалдан авсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол тухайн эд хөрөнгийг эрхийн доголдолгүй гэж үздэг.

Ц.Баянжаргалаас автомашиныг худалдан авсан гуравдагч этгээд болох Ш.Батмөнх тус тээврийн хэрэгслийн эрхийн доголдлын талаар хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргасан ба гэрээний зүйл эрхийн доголдолтой тул нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шаардсан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1., 205 дугаар зүйлийн 205.1. дэх заалтыг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зассан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан  шаардлагад нийцсэн байна.

Маргааны зүйл болсон тээврийн хэрэгсэл Б.Сын эзэмшилд байсан. Түүнчлэн Б.Сын 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “Сайн” ломбарданд барьцаалагдсан болох нь Б.Чинбатын тайлбар, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан Б.Сын өөрийнх нь тайлбараар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох тул Ц.Бгийн хувьд Б.Сыг маргаж буй автомашины өмчлөгч гэж үзсэн нь буруу биш юм.

Иймд Б.С нь худалдах-худалдан авах хэлцлийн оролцогч биш, С.Баярхүүгийн “Сайн” ломбарднаас авсан 60 000 000 төгрөгийн зээлийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1698 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Саас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 458 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД