Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/01319

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/01319

 

 

  Ч.Пүрэвсүрэн нарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00705 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Пүрэвсүрэн, Л.Нэргүй, О.Хангайхүү, С.Төрболд Ц.Гантуяа нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Бадарчид холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 23 750 190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Төрболд

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд

Хариуцагч Б.Бадарч

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Алтанбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Пүрэвсүрэн, Л.Нэргүй, О.Хангайхүү, С.Төрболд, Ц.Гантуяа нар нь БНХАУ-ын Ченгдү хотод зохиогдох Олон улсын ардын урлагийн тоглолтод оролцох 20 хүний бүрэлдэхүүнд багтаж улмаар 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Соёл урлагийн их сургуулийн багш Б.Бадарчтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу бид БНХАУ-д ажиллаж, хүн тус бүрийн нэг сарын хөлсийг 4200 юаниар харилцан тохирсон. Гэрээ 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 01 хүртэл үргэлжлэх байсан ба 7 хоногийн нэг өдөр амарч, 6 өдөр, өдөрт 1-2 удаа тоглолт хийх, бусад үед бэлтгэл сургуулалт хийж байхаар тохирсон. 2016 оны 12 дугаар сарыг дуустал ямар нэгэн асуудалгүйгээр цалин хөлсөө авч байсан боловч 2016 оны 1 дүгээр сараас хойш бидний хөлсийг өгөөгүй. БНХАУ-ын зохион байгуулагч тал гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй, гэнэт л гэрээг зогсоолоо, мөнгө өгөх боломжгүй гэсэн. Бид гэрээний хугацаагаа дуусгана, мөнгөө авч байж явна гэсэн боловч сүүлдээ байр, хоолны өрөнд ч орж мэдэхээр болсон. Ингээд 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нутагтаа буцаж ирсэн. Бидэнд 2016 оны 1 дүгээр сард 1500 юань өгсөн. Б.Бадарч нь удахгүй цалинг чинь өгнө гэдэг байсан боловч сүүлдээ мөнгө орж ирэхгүй байна, өгөх боломжгүй байна гэж хэлэх болсон. Иймд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байсан үлдэгдэл хөлс болох нэг хүний 15.300 юань буюу 4 750 098 төгрөг, нийт 76.500 юань буюу 23 757 190 төгрөгийг нэхэмжилж байна.

Хөлсөөр ажиллах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу өмнө нь мэдэгдэл өгч байгаагүй. Иймд Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээ 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон гэж үзэж, гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т захиалагч гэрээнд заасан хөлсийг цаг тухайд нь төлөх үүрэгтэй гэж заасны дагуу Б.Бадарчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Бадарч миний бие БНХАУ-ын Ченгдү хотод Монгол Улсын үндэсний ёс заншил, соёл уламжлалыг сурталчлах зорилгоор Олон улсын ардын урлагийн тоглолтод оролцох 20 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулах ажлыг зохион байгуулсан. Энэ хамтлаг нь Хүннү гэж нэрлэгдсэн бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-д очсон. Тоглолт зохион байгуулагч БНХАУ-ын захиалагчийн шаардлагын дагуу тодорхой авъяас, чадвар бүхий гишүүдээс бүрдсэн хамтлагийг 2015 оны 01 дүгээр сараас эхлэн бэлтгэж эхэлсэн ба бэлтгэлийн зардал зэргийг Монгол талын захиалагч болон өөрөөс гаргаж байсан. Тоглолт эхлээд сарын дараа Хятад талын зохион байгуулагчийн зүгээс тус хамтлагийн 5 хүнийг тоглолт, үзүүлбэрт нөлөө бага, тоглолтын шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр буцаах шаардлага тавьсаны дагуу нэг хүнийг нь авч үлдээд, 4 хүнийг нь нэг cap болгоод цалин, мөн нэмэгдэл нэг сарын цалин, замын зардал зэргийг төлж, буцаасан.

Гэрээний дагуу хамтлагийн гишүүд 7 хоногийн нэг өдөр амарч, бусад өдөр өдөрт 1-2 удаа тоглолт хийх, хажуугаар нь бэлтгэл хийх, хүн тус бүрийн нэг сарын хөлсийг 4200 юаниар тооцож, 800 юанийг бэлнээр гарт нь олгож, 3400 юань буюу түүнтэй тэнцэх хэмжээний монгол мөнгийг Хаан банкны дундын дансанд байршуулж байхаар тохирч, цалин хөлсөө олгож байсан. Гэтэл тоглолтын билет зарагдахгүй, тоглолтыг хангалттай хүн үзэхгүй, заал дүүргэлт бага, зарим үед бараг хүнгүй шахам тоглолт хийдэг байснаас орлого олох боломжгүй байсан тул гэрээгээ цуцлах шаардлага гаргасны дагуу БНХАУ-ын талаас зогсоож, бид 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад ирсэн. Хамтлагийн гишүүдтэй Монголд Улсад ирсэн даруйд буюу 2016 оны 3 дугаар сард Хаан банкинд хадгалуулсан цалинг нь хүн тус бүртэй хамт өөрийн биеэр очиж гаргуулсан бөгөөд хамтлагийн гишүүдтэй уулзалт хийж гэрээ дуусгавар болсон, хүн бүртэй төлбөр мөнгөний өр, авлагагүй талаар ярилцаж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар Б.Бадарчаас 10.710.870 төгрөг гаргуулж, Ч.Пүрэвсүрэн, Л.Нэргүй, О.Хангайхүү, Ц.Гантуяа, З.Төрболд нарт /хүн тус бүрт 2.142.174 төгрөг/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.039.320 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Бадарчаас 186.323 төгрөг гаргуулж, Ч.Пүрэвсүрэн, Л.Нэргүй, О.Хангайхүү, Ц.Гантуяа, З.Төрболд нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т заасныг дурьдсан атлаа нэхэмжлэгч тал гэрээний хүчин төгөлдөр хугацаанд буюу 2016 оны 1 ба 2 сард талуудын байгуулсан гэрээнд заасан ажлыг хийгээгүй байхад цалин хөлсийг бүтэн гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2016 оны 1 ба 2 сард тоглолт болоогүй. Тоглолт болоогүй нь миний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй бөгөөд Хятадын талаас тоглолтыг зохион байгуулах боломжгүй талаар надад болон манай жүжигчдэд бүгдэд нь мэдэгдсэн. Энэ талаар нэхэмжлэгч Ч.Пүрэвсүрэн "БНХАУ-ын зохион байгуулагч тал гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй гэнэт зогсоолоо, мөнгө өгөх боломжгүй гэсэн. Бид ийм байж болохгүй гэрээний хугацаагаа дуусгана, мөнгөө авч явна гэсэн боловч сүүлдээ байр хоолны өрөнд ч орж мэдэхээр болсон. Ингээд арга буюу нутагтаа буцаж ирсэн. Бидэнд 1-р сард 1500 юань өгсөн" гэсэн мэдүүлэг өгсөн. Миний зүгээс шалтгаалсан асуудал байхгүй. Ч.Пүрэвсүрэн болон бусад жүжигчид бүгд л Хятадын талд яаж шаардлага тавьж байсан болохыг мэдэж байгаа. Хятадын талаас шаардлагын дагуу авч байсан хариу бичгүүд ч байгаа. Гэтэл шүүх гэрээгээр тохирсон хөлсөөр ажиллах ажил талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах шалтгаанаар тасалдсаныг харгалзан үзээгүй шийдвэр гаргасан.

Миний зүгээс жүжигчдийн асуудалд хянамгай хандаж, хүний нутагт тэдний эрх ашгийг хамгаалах талаар хийж болох боломжит ажиллагааг хийж ирсэн бөгөөд тоглолт болоогүй хэдий ч 2016 оны 1 сард 1500 юань, жүжигчдийн ахлах Ц.Цэрэнбатаар дамжуулж 1200 юань нэг удаа цалин гэж өгсөн бөгөөд Ц.Цэрэнбат аваад цааш хүн бүрт өгсөн болохоо одоо ч баталж бичиж өгдөг. Мөн жүжигчидтэй тохирч хүн тус бүрт байнгын оршин суух визний 513 юань, баримт бичиг фото зургийн 60 юань, эрүүл мэндийн үзлэг 446 юань, визний сунгалт 513 юань, бас буцах билетний 15 хувь болох 440 юанийг өгсөн. Эдгээр зардлыг тооцож үзвэл нийт хүн тус бүрт 4672 юан өгсөн. Гэтэл шүүхээс хариуцагч Б.Бадарч нь хөлсөөр ажиллагч нарт гаргасан зардлыг хэрхэн яаж тооцох талаар гэрээнд тодорхой заагаагүйг дурьдах нь зүйтэй гэснээр нэхэмжлэгч нарт зарцуулсан төлбөр тооцоог маргаангүй байхад төлбөрөөс хасч тооцолгүй асуудлыг орхигдуулсан.

Түүнчлэн шүүх хариуцагч тал эмнэлгийн үзлэгийн 446 юань нэг хүний төлбөрийг хасуулах хүсэлтэй гэх боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 4-т зааснаар эмнэлэгийн үзлэгт хамруулсан зардлыг төлөх төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн. Учир нь эрүүл мэндийн үзлэг нь эрүүл мэндийн даатгалд хамаарахгүй бөгөөд жүжигчдийн тухайн үеийн эрүүл байдал, бие бялдрын хувьд тэнцэж байгаа эсэхийг нотлох байсан. Бидний зүгээс БНХАУ-аас ирснийхээ дараа 2016 оны 3 сард гэрээгээ дүгнэн төлбөр тооцоо, ажил дууссан талаар болон бусад төлбөрийн талаар тохиролцсон. Энэ өдрийн хурлын протокол хөтлөгдсөн бөгөөд шүүх хуралдааны эхэнд гаргаж өгсөн боловч шүүх хэрэгсээгүй.

Шүүх хуралдаанд Б.Бадарч надаас 800 000 төгрөгний цалинтай хүмүүсийг та 400 000 төгрөгний зөрөөтэй ажилд явуулах шаардлага байсан юм уу гэсэн асуултыг шүүгчийн зүгээс тавьж байсныг үнэхээр ойлгоогүй, гэхдээ миний ажилд зуучилсан уран бүтээлчид дотор 800 000 төгрөгний цалинтай хүн байгаагүй. Хятадын тал амаар болон бичгээр бидэнд мэдэгдэж, мэдэгдлээ бичгээр өгснийг бүгдэд нь танилцуулсан. Мэдэгдэл авснаас хойш бид ярилцаж Хятадын талд шаардлага тавьж уулзаж, боломж бололцоогоо судалж өгөөч гэсэн боловч буцахаас өөр аргагүй нөхцөл байалд орсон. Тэгээд ч буцаж ирчихээд бас тодорхой хэмжээний цалин төлбөр, билетний мөнгө гээд нилээдгүй төлбөр авчихаад 10 хоногийн өмнө бичгээр мэдэгдээгүй гэж маргаж байгааг шүүх онцлон шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогдоогүй байхад үндэслэлгүй шийдвэрлэсэн, хариуцагчийн гаргаж өгсөн хүсэлтийг хүлээн аваад шийдвэрлэлгүй буцаан өгсөн, төлбөр тооцоог нарийвчлан тогтоогдоогүй байхад дүгнэсэн, энэ талаар нэхэмжлэл гаргаснаас өөр жүжигчдийг гэрчээр байцааж хэдэн юань авсан болох, хэрхэн тохиролцож байсан, гэрээгээ хэзээ дүгнэж дүгнэхдээ яаж тохиролцсон болох, захиалагч тал хэрхэн Хятадын талтай гэрээгээ хэвийн үргэлжлүүлэх талаар хандаж ажилласан талаар тодруулан болсон нөхцөл байдалд тал бүрээс нь нарийвчлан тогтоох ажиллагаа хийгдэж болох боловч бүрэн хийгдээгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгож, зарим нотлох баримтуудыг дахин үнэлэн шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ч.Пүрэвсүрэн, Л.Нэргүй, О.Хангайхүү, С.Төрболд, Ц.Гантуяа нар нь хариуцагч Б.Бадарчид холбогдуулан ажлын хөлсөнд нийт 23 750 190 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Б.Бадарчтай гэрээ байгуулж, уг гэрээгээр БНХАУ-ын Ченгдү хотод олон улсын ардын урлагийн тоглолтод Ч.Пүрэвсүрэн бүжигчин, О.Хангайхүү бүжигчин, С.Төрболд уртын дуучин, Ц.Гантуяа уртын дуучин, Л.Нэргүйн охин Н.Мишээл уран нугараач зэрэг ажил үүргийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэх, ажиллуулагч Б.Бадарч нь сар бүр 4200 юанийн ажлыг хөлс олгохоор тус тус тохиролцсон гэрээний агуулга, гэрээ хэрэгжсэн үйл баримт зэргээс үзэхэд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Бадарч нь 2015 оны 12 дугаар сарыг дуустал ажлын хөлсийг нэхэмжлэгч нарт гэрээний 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу олгож байсан болох нь ХААН банкны орлогын мэдүүлгүүд, нэхэмжлэгч нарын ХААН банкны депозит дансны хуулгуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй тул ажиллуулагчийн хувьд хөлсөөр ажиллах гэрээнд заасан хариуцлагыг хүлээх учиртай.

 

Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх байсан боловч гэрээний талуудаас үл хамаарах шалтгаанаар нэхэмжлэгч нар 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад хүрэлцэн ирснээс гэрээ хугацаанаас өмнө хүндэтгэн үзэх үндэслэлээр цуцлагдсан тул нэхэмжлэгч нар нь олох ёстой байсан орлого буюу хохирлыг гэрээний хугацаа дуусах хүртэл тооцон хариуцагчаас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй юм.

 

Хариуцагч Б.Бадарч нь 2016 оны 1, 2 дугаар сард тоглолт хийгээгүй гэж маргаж байгаа боловч түүний тайлбар гэрч В.Чулуунчимэгийн ... тоглолтгүй үедээ бэлтгэл хийж байсан, бэлтгэл 1, 2 дугаар сард бол байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 127, 129/ болон нэхэмжлэгч Ч.Пүрэвсүрэнгийн ....2016 оны 1 дүгээр сард тоглолттой байсан, ...байнга, тоглолттой, бэлтгэлтэй байсан... гэх тайлбар /хх-ийн 122/ зэргээр үгүйсгэгдсэн ба хариуцагч татгалзал, тайлбараа баримтаар нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар урт хугацаатай гэрээний талууд мөн хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй тул ажиллуулагчийн төлсөн 1500 юанийг хасч нэхэмжлэгч тус бүрт 6 900 юань буюу нэхэмжлэгчийн тодорхойлсон ханшаар хөрвүүлж 2 142 174 төгрөг, нийт 10 710 870 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын эрхийг зөрчөөгүй, хязгаарлаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00705 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бадарчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ