Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00450

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00450

 

 

Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03978 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Янжинхорлоод холбогдох

 

51 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинхорлоо, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хүү Отгонтөр нь хариуцагч Б.Янжинхорлоогийн охин Б.Орхонтой 2014 оноос хойш 2 жил орчмын хугацаанд түүний гэрт хамтран амьдарсан. Хүү маань бидэнд найз охинтойгоо тусдаа амьдрахаар төлөвлөж байна, ингэхийн тулд өөрсдийн гэсэн гэр орон сууцтай болох шаардлагатай байгаа талаар хэлсэн. Бид хүүгээ гэр бүлтэй болохоор нь орон сууц худалдан авч өгөхөөр цуглуулсан мөнгөө өгсөн ба түүний найз охин Б.Орхоны Хас банкны 5001137891 тоот данс руу 2016 оны 03 сарын 28-ны өдөр 21 500 000 төгрөг, Хаан банкны 5026609405 тоот данс руу 2016 оны 03 сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Улмаар тэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 1 дүгээр орц, 12 тоотод 3 өрөө орон сууцыг бидний өгсөн мөнгө болон хуучин амьдарч байсан байраа оролцуулан худалдан авч, 2016 оны 05 сараас уг байрандаа амьдарч эхэлсэн тухайгаа хэлсэн. Тухайн байрыг худалдаж авч байх үед Б.Янжинхорлоотой утсаар холбогдож наад байранд чинь цаашдаа хоёр хүүхэд л амьдрах юм чинь байрны өмчлөх эрхийн гэрчилгээг хүүхдүүдийн нэр дээр гаргаж өгөөрэй гэхэд тэгнэ ээ, гарна гэж байсан. Гэвч байрны гэрчилгээг гаргуулахдаа зөвхөн өөрийн нэр дээр гаргасан болохыг сүүлд мэдээд дахин хоёр хүүхдийн нэрийг нэмж оруулж, бүртгүүлээрэй гэсэн. Энэ үед хариуцагч мөн л тэгнэ ээ, сонгууль өнгөрсний дараа ажил багасахаар шилжүүлнэ, санаа зовох зүйлгүй гэж байсан. Улмаар хүү маань 2016 оны 07 сараас эхлэн найз охинтойгоо гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас өдийг хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсноо хэлсэн. Бидний өгсөн мөнгөөр худалдан авсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүү Б.Отгонтөр, түүний найз охин Б.Орхон нарын нэр дээр бус Б.Орхоны ээж Б.Янжинхорлоогийн нэр дээр гарсан ба бид хариуцагчийг байртай болгох зорилгоор тухайн мөнгийг өгөөгүй. Зөвхөн хоёр хүүхэддээ зориулж худалдаж авч өгсөн. Хүүхдүүд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул өгсөн мөнгөө хариуцагчаас авах нь зөв гэж үзэж байна. Иймд хариуцагчаас 51 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн охин Б.Орхонтойгоо бидний гал голомт болох БГД-н 1 хороо, 4-р хороолол, 42-р байрны 14 тоот 2 өрөө орон сууцанд амьдарч байсан бөгөөд 2014 оны 3 сард охин маань миний найз залуу гэж Д.Отгонтөрийг дагуулан ирж надад танилцуулсанаар Д.Отгонтөр охин бид 2-той амьдарч эхэлсэн. ...2016 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 12-р хороо, Баянмонгол хороололд солих 3 өрөө орон сууц гарч ирсэн ба 2 байраа хоорондоо солих боломжтой болсон. Уг байрны эзэн П.Батзориг байрныхаа м.кв -г 1.800.000-р үнэлсэн. Би ч байрныхаа мкв-н 1 800 000 төгрөгөөр үнэлэн хоорондоо солилцсон бөгөөд дансаар 51 500 000 төгрөг Б.Орхоны нэр дээр орж ирсэн. БГД-н 18-р хороо 42-14 тоот байрны гэрчилгээ нэг хүний өмч болох Б.Янжинхорлоо над дээр байдаг байсан ба хамтран эзэмшигч байгаагүй. Иймд солилцох гэрээгээ мэдэлгүй нэг хүнийхээр хийсэн. Харин шинэ байрны гэрчилгээний мэдүүлэг дээр хамтран эзэмшигчээр Б.Орхон, Д.Отгонтөрийг нэмж оруулсан боловч гэрээнд тусгагдаагүй байна гээд буцааж дахин нэг хүний өмчөөр бүртгэсэн. Шаардлагатай тохиолдолд мэдүүлгийн анх яаж бөглөж өгснийг архиваас үзэж болох байх. Д.Отгонтөрийн эцэг, эх нь хүүхдүүдээ орон байраар хангах ёстой атал, миний байрыг оролцуулчихаад надаас мөнгө нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Би Ж.Энхцэцэгээс ямар ч мөнгө аваагүй бөгөөд 51 500 000 төгрөг нь Б.Орхоны нэр дээр шилжин ирсэн. Цаашид болж бүтэхгүй гэж байгаа бол энэ мөнгөны асуудлаар Д.Отгонтөр Б.Орхоноос нэхэмжлэх нь зүйтэй гэж бодож байна. Би нэхэмжлэгч нараас мөнгө аваагүй. Би байртай байсан. Гуравдагч этгээдийн шаардлагыг дэмжиж байгаа гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Отгонтөртэй 2014 оноос гэр бүлийн харилцаатай болж, манай ээжийн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 42-р байрны 14 тоот дахь 61 м.кв талбай бүхий 2 өрөөнд хамтран амьдарч эхэлсэн. Би бие давхар болж, бид хоёр ярилцаж байгаад миний ээж Б.Янжинхорлоогийн 2 өрөө байрыг оролцуулж зөрүүг Д.Отгонтөрийн аав, ээжээс гаргуулах боломж байна гэж үзсэн. Үүний дараа ээж Б.Янжинхорлоодоо энэ тухай хэлж, бид 3 өрөө байртай болчихвол бидний хэн алиных нь амьдрах орчин нөхцөл сайжирна, тэгээд ч Д.Отгонтөрын аав, ээж шууд байр аваад өгөх боломжгүй гэдгийг хэлж ятгасны эцэст ээжээр зөвшөөрүүлсэн. Миний ээж Б.Янжинхорлоод энэ мөнгө ямар ч хамаагүй, би уг мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авч гэр бүлийнхээ хэрэгцээнд орон сууцыг авахад зарцуулсан. Ээж Б.Янжинхорлоо нь дээрх 88.9 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Отгонтөр, бид хоёрыг бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ одоо ч илэрхийлдэг. Д.Отгонтөр нь охин бид хоёртой хамт амьдрахгүй, эцгийнхээ үүргийн биелүүлэхгүй нь тодорхой болсон. Миний хувьд цаашид ганцаараа охиноо асарч, өсгөн бойжуулах бодит нөхцөл байдал үүсч байгаа бөгөөд Д.Отгонтөр нь эцэг хүний хувьд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, орон байраар хангах үүрэг хэрэгжүүлэхгүй гэдэг нь бодитой харагдаж байгаа тул Д.Отгонтөрийн эцгийн хувьд хэрэгжүүлэх ёстой гэдгээр тооцож 51 500 000 төгрөгийг буцаан төлөхгүй. Өөрийн эцгийн үүргийг гүйцэтгүүлэх асуудалтай холбогдуулан бие даасан шаардлага гаргаж байгаа. Иймд миний охин О.Цэцүүх хадам нарын бидэнд бэлэглэсэн 51 500 000 төгрөгийг эдгээр үүрэгт тооцож авах эрхтэй гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн 12-р хороо, Баянмонгол хороолол, 412-р байр, 12 тоот дахь 88,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.Отгонтөр, Б.Орхон бидний зүгээс оруулсан 51 500 000 төгрөгт оногдох хэсгийг бидний дундаас төрсөн охин О.Цэцүүх өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагын талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ мөнгийг Б.Орхон болон түүний төрүүлсэн хүүхдэд нь бэлэглэсэн зүйл огт байхгүй. Мөнгө шилжүүлэх үед Янжинхорлоогоос бид хоёрын хэн нэг нь хотод очих уу гэхэд би энд нь зохицуулна, санаа битгий зов гээд дансны дугаар явуулсан. Энэ дансыг Б.Орхоны данс болохыг мэдээд асуухад бид чинь нэг гэр бүл, хэний ч данс руу явуулсан хамаагүй гэхээр нь итгээд явуулсан. Б.Янжинхорлоо нь Б.Орхон, Д.Отгонтөр хоёрыг байртай болгоно гэж бидэнд итгүүлж, байр заруулж, зээл авахуулсан. Мөн мөнгийг охиныхоо дансаар авсан, хуучин байраа өргөтгөн, тохилог орчинтой болох өөрийн хүслээ хэрэгжүүлсэн нь харагдаж байна. Шүүхэд хандаж оруулсан мөнгөө авах асуудалд шинэ төрсөн хүүхэд огт хамаагүй. Д.Отгонтөр, Б.Орхон нар албан ёсны гэр бүл биш, гэрлэлтийн баталгаа хийлгээгүй, 2 талаасаа хөрөнгө гаргаж, хамтран амьдарч эхлэх гэсэн бидний итгэлийг ашиглаж, хуурсан. Иймд хүүхдийн асуудлыг энд хамаатуулахгүй, бидний нэхэмжилсэн 51.5 сая төгрөгийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар хариуцагч Б.Янжинхорлоогоос 51 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нарт олгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Орхоны Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоот дахь 88.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.Отгонтөр, Б.Орхон нарын оруулсан 51,500,000 төгрөгийг охин О.Цэцүүх өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Янжинхорлоогоос 415,450 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нарт олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Орхоныг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-д заасан хөрөнгийг шилжүүлсэн этгээд нь Н.Дамдинсүрэн. Ж.Энхцэцэг, хөрөнгө буюу мөнгийг хүлээн авсан этгээд нь Б.Янжинхорлоо гэж үзэж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон. Нэхэмжлэгч нар "...51 500 000 төгрөгийг Д.Отгонтөр, Б.Орхон нарын орон байрны нөхцөлийг сайжруулах зорилгоор өгсөн..." гэх үйл баримтын талаар маргадаггүй атлаа уг мөнгийг Б.Янжинхорлоод өгсөн гэж түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээр шаардаж байгаа мөнгийг Б.Янжинхорлоод өгөөгүй, Б.Орхонд шилжүүлэн өгсөн нь Д.Отгонтөр, Б.Орхон нарын эрх ашигт зориулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Б.Янжинхорлоо "51 500 000 төгрөгийг шууд аваагүй" болох нь нотлогдож байхад шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсгийг үндэслэн 51 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, уг хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзнэ.

Харин Н.Дамдинсүрэн, Ц.Энхцэцэг болон Б.Орхон, Д.Отгонтөр нарын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан "Бэлэглэлийн гэрээ'"-ний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Бэлэг хүлээн авагч Д.Отгонтөр, Б.Орхон нар 51 500 000 төгрөгийг Б.Орхоны дансанд шилжүүлэн авснаар захиран зарцуулах эрх үүссэн бөгөөд өөрсдийн амьдрах орчин, орон байрны нөхцөлөө сайжруулах зорилгоор уг мөнгийг 3 өрөө орон сууцыг худалдан авах төлбөрт тооцон төлсөн болох нь зохигчдын тайлбар, гэрч Д.Отгонтөрийн мэдүүлгээр нотлогдож байгаа ба энэ талаар хэргийн оролцогч маргадаггүй. Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр авсан мөнгөөрөө худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар маргах эрх зөвхөн Д.Отгонтөр, Б Орхон нарт л бий. Б.Янжинхорлоо нь өөрийн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 42-р байрны 14 тоот 2 өрөө байранд амьдардаг байсан ба түүнд 3 өрөө орон сууцыг авах, мөн 51 500 000 төгрөгийг бусдаас авч орон байртай болох хэрэгцээ шаардлага, хүсэл зориг байгаагүй. Арилжааны гэрээгээр авсан 3 өрөө байрны гэрчилгээг авах үед Б.Орхон нь мэдүүлгийг бөглөж, Д.Отгонтөр болон өөрийгөө хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлсэн боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнгэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүрттэлийн түхай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу арилжаалагдаж буй хүрээнд л бүртгэл хийх тухай бүртгэлийн газрын шаардлагаар өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Янжинхорлоогийн нэр дээр гаргасан болох нь гэрч Д.Отгонтөрийн мэдүүлэг, хариуцагчийн болон гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгг авагдсан 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Арилжааны гэрээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдсон. Б.Янжинхорлоогийн хувьд Б.Орхон, Д.Отгонтөр нарыг орон сууцныхаа хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг огт татгалздаггүй бөгөөд энэ талаархи байр сууриа анхан шатны шүүхэд тодорхой тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 51 500 000 төгрөг нь тэднээс Д.Отгонтөр, Б.Орхон нарт бэлэглэсэн мөнгө байсан. Иймд гуравдагч этгээд нь 51 500 000 төгрөгт оногдох хэсгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг дундын өмчлөлд байх ёстой орон сууцыг дангаар өмчилж байгаа хариуцагч Б.Янжинхорлоод холбогдуулан гаргасан нь хууль зөрчөөгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нар нь хариуцагч Б.Янжинхорлоод холбогдуулан 51 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан ба гуравдагч этгээд Б.Орхон нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоот дахь 88,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.Отгонтөр, Б.Орхон нарын зүгээс оруулсан 51 500 000 төгрөгт ногдох хэсгийг охин О.Цэцүүх өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нарын хүү Д.Отгонтөр, хариуцагч Б.Янжинхорлоогийн охин Б.Орхон нар 2014 оноос гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байсан, тэдний дундаас охин О.Цэцүүх 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн үйл баримт тогтоогдсон байхаас гадна гэр бүл болох зорилгоор хамтран амьдарч байсан Д.Отгонтөр, Б.Орхон нарыг орон сууцтай болгохын тулд нэхэмжлэгч Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нараас Б.Орхоны дансанд шилжүүлсэн 51 500 000 төгрөг, хариуцагч Б.Янжинхорлоогийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороололд байрлах 2 өрөө орон сууц зэрэг хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөө нийлүүлж Баянзүрх дүүргийн Баянмонгол хороололд байрлах 3 өрөө орон сууцыг Д.Батзориг нартай хийсэн арилжааны хэлцлийн үндсэн дээр худалдан авч уг 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Б.Янжинхорлоо улсын бүртгэлд бүртгүүлсэн, Д.Отгонтөр, Б.Орхон, Б.Янжинхорлоо нар уг орон сууцанд хамт амьдарч байсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь Д.Отгонтөр, Б.Орхон нарыг орон сууцтай болгох зорилгоор 51 500 000 төгрөг шилжүүлсэн атал хариуцагч Б.Янжинхорлоо 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлснээр зорилго биелэгдээгүй, түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч нь нэхэмжлэгч нараас мөнгө аваагүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь Б.Орхоны дансаар мөнгө шилжүүлсэн байгааг анхааралгүй шилжүүлсэн хөрөнгийг хүлээн авсан этгээд буюу буцаан шаардах шаардлагын хариуцагч нь Б.Янжинхорлоо гэж үзсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан зохицуулалтын агуулгатай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч нарын хувьд Д.Отгонтөр, Б.Орхон нарыг тусдаа амьдрах орон сууцтай болгох зорилгоор Б.Орхоны дансаар мөнгө шилжүүлснээр тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Харин Д.Отгонтөр, Б.Орхон нар таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа явдал болон дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулах асуудал маргааны зүйл биш байх тул шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын шаардах эрх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дах хэсэгт заасан үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл, бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03978 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 492 дугаар зүйлийн 492.3 дах хэсэгт заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Б.Янжинхорлоод холбогдох 51 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нарын нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Б.Орхоны Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоот дахь 88.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.Отгонтөр, Б.Орхон нарын оруулсан 51 500 000 төгрөгийг охин О.Цэцүүх өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Янжинхорлоогийн төлсөн 415 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ