Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 853

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Э*******ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий сайдад  холбогдох 

Гуравдагч этгээд: Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга 

“Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаартай захирамжийг хууль зөрчсөн эрхийн акт гэж үзэж түүнийг шүүхээр хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр анх 2016 оны 4 дүгээр сард иргэний шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2016 оны 7 дугаар сарын 01-нээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болж, улмаар тухайн маргаан Захиргааны хэргийн шүүхийн харъяалалд шилжин ирсэн билээ.

Монгол улсын Ерөнхий сайд 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар захирамжаар Ч.Э******* миний биеийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө хуулийн үндсэн зарчмаас гажуудаар хуулийг буруу хэрэглэн Зохицуулах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа дурдсан хуулиар 6 жил байх ёстой атал хугацаанаас өмнө миний бүрэн эрхийг дуусгавар болгох, мөн зүйлийн 9 дүгээр зүйлийн 9.12 дахь хэсэгт заасан үндэслэл, тохиолдол үүсээгүй, түүнчлэн ээлжийн амралттай байх хугацаанд намайг ажлаас чөлөөлөх зэргээр хууль зөрчсөн шийдвэр гаргаж, Монгол улсын хуулиар хамгаалагдсан иргэний хөдөлмөрлөх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон тул Монгол Улсын Ерөнхий сайдын хуульд нийцээгүй захирамжийг хүчингүй болгож, намайг эрхэлж байсан албан тушаалд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилтийг нөхөн хийхийг даалгаж өгнө үү. 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Зохицуулах зөвлөл нь дарга, дараах орон тооны бус дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна,  9.4 дэх хэсэгт Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна гээд Зохицуулах зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийнэ гэж заасан. Тэгэхээр Зохицуулах зөвлөлийн даргын томилгоог 2,4,6 жилээр хийнэ гэж заагаагүй. Зохицуулах зөвлөлийн даргаар 1 хүн, гишүүнээр 4 хүн байдаг. Гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийнэ. Зохицуулах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа нь 6 жил гэж хуульд тодорхой заасан байна. 

Иймд Ч.Э*******ийг томилолтын хугацаа дууссан гэсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөх үндэслэл байгаагүй. Нэхэмжлэгчийн уг албан тушаалд ажиллах бүрэн эрхийн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дуусах ёстой. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр албан тушаалаас чөлөөлснөөр нэхэмжлэгч нь 3 жил 10 сар 12 хоног ажилласан. Иймд хуульд заасан хугацаанаас өмнө чөлөөлсөн гэсэн дүгнэж байна.

Ерөнхий Сайд нэхэмжлэгчийг анх 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ажилд томилсон захирамждаа 2 жилээр томилно гэж заасан. Ерөнхий Сайдын захирамжид 2 жил, хуульд 6 жил гэж заасан. Үүнээс хуулийн заалт нь илүү хүчин чадалтай гэж үзэж байна. Ерөнхий Сайдын захирамжаараа нэхэмжлэгчийг 6 жилээр томилох ёстой байтал 2 жилээр томилсон. Гэвч Ерөнхий сайдын цаашдын үйл ажиллагаа хууль зөрчөөгүй. Өөрийн захирамжаар томилсон 2 жилийн хугацаа 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дуусахад чөлөөлөөгүй.

Нэхэмжлэгч Ч.Э******* нь үргэлжлүүлэн ажилласаар байсан. 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр салбарын сайдаас 1/551 дүгээр албан бичгээр Ч.Э*******ийг цааш үргэлжлүүлэн ажиллуулах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Сайдын уг албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй. Гэвч Ч.Э*******ийг үргэлжлүүлэн ажиллуулсаар байсан. Тэгэхээр Ерөнхий сайд үйл ажиллагаагаараа нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллахыг хүлээн зөвшөөрч байсан. Өөрөөр хэлбэл анх томилсон томилгооны хугацааг засаад явсан гэж ойлгож байгаа. 

Мөн Ч.Э*******ийг ээлжийн амралттай үед нь ажлаас халсан. Энэ нь ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалаар нотлогдож байна. Энэ тушаалд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдэлнэ гэж заасан. Байгууллагын дарга ээлжийн амралтаа бүтэн эдэлж чаддаггүй, гарын үсэг зурах шаардлага гарвал гарын үсгээ зурдаг. Нэхэмжлэгч амралттай байх хугацаандаа 3 албан бичиг гарын үсгээ зурсан. Уг баримтууд болон цагийн бүртгэлийг үндэслэн ажлаа гүйцэтгэж байсан гэж үзэх нь үндэслэлгүй юм. Ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. 

Ч.Э*******ийг үргэлжлүүлэн ажиллуулах саналыг салбарын сайдаас 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гаргасан. Гэтэл 2016 оны 1 дүгээр сард салбарын сайдаас Э.П******* гэх хүнийг Зохицуулах зөвлөлийн даргаар томилуулах санал хүргүүлсэн байдаг. Үүний дараа  сайдаас Р.Г******* гэх хүнийг мөн тус зөвлөлийн даргаар томилох саналыг гаргасан. Салбарын Сайд З.Б*******гийн намын харьяалал, танил тал харсан, төрийн үйл ажиллагааны зарчимд үл нийцэх хэд, хэдэн удаагийн санал гаргасан Ерөнхий сайдаас хууль бус захирамж гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. 

Иймд Ерөнхий Сайдын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Э*******ийг эрхэлж байсан албан тушаалд буцаан тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн бүтэцтэй холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд тус хуулийн 9.3 дахь хэсэгт “Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүнийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Монгол Улсын Ерөнхий сайд томилно”, мөн хуулийн 9.4 дэх хэсэгт “Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд Зохицуулах зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийж, цаашид 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно” гэж тус тус хуульчилсан байна.

Үүнээс үзвэл зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийх бөгөөд уг хугацаа дуусгавар болсны дараа сунгах тохиолдолд 6 жилийн хугацаагаар сунгаж байхаар хуульчилсан байна. Нэхэмжлэгч Ч.Э*******ийг “Зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар захирамжаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар томилсон болно. 

Өөрөөр хэлбэл Ч.Э*******ийн бүрэн эрх уг шийдвэрт зааснаар 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон бөгөөд түүний бүрэн эрхийг сунгах талаар Монгол Улсын Ерөнхий сайдаас ямар нэг эрхийн акт гараагүй болно. Нэхэмжлэгч Ч.Э*******ийн бүрэн эрх нь дуусгавар болсон хэдий ч түүнийг дараагийн даргыг томилох хүртэл хугацаагаар ажиллуулсан нь томилолтын хугацааг сунгасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч Ч.Э*******ийн бүрэн эрх дуусгавар болсон тул “Ажлаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар захирамжаар түүнийг зохицуулах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Энэ нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.3 дахь хэсэгт “Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүнийг Ерөнхий сайд томилно”, 9.4 дэх хэсэгт“...Зохицуулах зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийнэ”, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж тус тус заасны дагуу авсан арга хэмжээ юм.

Түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Зохицуулах зөвлөл нь дарга, дараах орон тооны бус дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна”, 9.4 дэх хэсэгт зааснаар зохицуулах зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийхээр заасны дагуу тус зохицуулах зөвлөлийн гишүүдийн ажлын байр нь байнгын ажлын байр биш юм. Өөрөөр хэлбэл, уг зөвлөлийн гишүүний ажлын байр нь байнгын шинжийг агуулаагүй бөгөөд ажлын байрны тодорхойлолт байхгүй юм” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Б******* нар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар захирамжаар тус Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүдийн анхны томилгоог хийсэн байдаг бөгөөд уг захирамж нь Зохицуулах зөвлөлийн даргын томилогдсон хугацааны хувьд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан хугацаа /6 жил/-г хангаагүй гарсан асуудалтай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн дарга асан Ч.Э******* нь тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдаас 2015 онд тус Зохицуулах зөвлөлийн даргыг томилохтой холбоотой асуудлаар хэд хэдэн хүний нэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраар дамжуулан Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгож байсан гэдэг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 50, 51 дүгээр захирамжийг тус тус гаргасан.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 “Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд Зохицуулах зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийж, цаашид 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно” гэж заасны дагуу 2016 оны 4 дүгээр 12-ны 51 дүгээр захирамжаар тус Зохицуулах зөвлөлийн даргаар Э.П*******ыг томилсон бөгөөд дээр дурдсан хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт Зохицуулах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацааг 6 жилээр томилохоор тодорхой заасан байх тул уг захирамжид дахин томилолтын хугацаа заах шаардлагагүй юм.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12 дахь хэсэгт зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа томилолтын хугацаанаас өмнө дуусгавар болох зохицуулалтыг тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Э*******ийн хувьд томилолтын хугацаа 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан тул энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

Тус Зохицуулах зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/01 тоот тушаалаар Ч.Э******* нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ажлын 26 хоног амрахаар батлагдсан байна. Гэсэн хэдий ч тэрээр 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 50, 51 дүгээр захирамжийг 4 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсоор гардан авснаас хойш ээлжийн амралтаа авсан нэрийдлээр ажил, албан тушаалаа хүлээлцэхгүй, байгууллагын гэрчилгээ, тамга, тэмдгийг өгөхгүй 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүргэсэн.

Тухайн үед харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагад гэрчилгээ, тамга, тэмдэгийг олгуулах асуудлаар гомдол гаргаж байсан. Мөн тэрээр одоог хүртэл ажил, албан тушаалаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байгаа бөгөөд байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй зөөврийн компьютер болон мини ай падыг хүлээлгэн өгөөгүй байгаа болно.

Ч.Э******* нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажил, албан тушаалаа эрхэлж байсан нь Зохицуулах зөвлөлийн ажилтан, албан хаагчдын 4 дүгээр сарын ажлын цагийн тооцооны хүснэгт, 2016 оны 4 дүгээр сарын урьдчилгаа сарын сүүлийн цалингийн хүснэгт, явуулсан бичгийн болон тушаалын бүртгэлийн дэвтрээр тус тус нотлогдож байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргыг томилох, чөлөөлөх асуудал нь ганц хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хамаарах асуудал биш байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 51 дүгээр захирамжаар тус зохицуулах зөвлөлийн даргыг томилсон шийдвэр нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт тус тус нийцсэн буюу хууль ёсны шийдвэр гэж үзэж байна.

Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн

9 дүгээр зүйлийн 9.12.6 дах хэсэгт заасны дагуу хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдол бий болсон гэх гишүүний асуудал нь нэхэмжлэгч Ч.Э*******ийн нэхэмжлэлийн агуулга, шаардлагад хамаарахгүй асуудал байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүнийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Ерөнхий сайд томилно гэж заасны дагуу Ерөнхий сайд Сү.Бын 2012 онд 56 дугаар захирамжаар Ч.Э*******ийг томилсон. Энэ захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ захирамжид холбогдуулан ямар нэгэн гомдол, санал гаргаагүй, хуульд нийцсэн захирамж юм. 

Дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд гэж заасан нь ерөнхий хугацаа бөгөөд цаад тал нь 6 жил байна гэсэн ойлголт. Харин 2,4,6 жилүүдээр томилох боломжтой, 2 болон 4 жилээр томилогдсон хүний ажлын бүтээмжийг харгалзан үзэж хугацааг сунгаж болно. Харин хугацааг сунгахдаа 6 жилээр сунгана. Үүнээс харахад 2 жилээр томилогдсон хүнийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаар бол шууд 6 жилээр сунгах зохицуулалттай байгаа. 

Ч.Э*******ийг 2 жилээр томилсон, томилгооны хугацаа дуусаад сунгасан эрх зүйн баримт бичиг гараагүй. Томилогдсон бүрэн эрхийн хугацаа дууссан ч дараагийн хүн томилогдох хүртэл Ч.Э******* нь албан үүргээ гүйцэтгээд явж байсан. Зохицуулах зөвлөл хуралдаж, саналыг хүргүүлсэн боловч Засгийн газар өөрчлөгдөж 1 жил гаруй хугацаа алдсан. Шинэ Засгийн газар бүрдэж 2 этгээдийг зохицуулах зөвлөлийн даргаар санал болгоход Э.П*******ыг Ерөнхий Сайд бүрэн эрхийн хүрээнд томилсон. Нэхэмжлэгчээс намайг 6 жилээр томилох байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийг цаашид хугацааг сунган ажиллуулах, томилох асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. 

Уг албан тушаал нь Ерөнхий сайдаас захирамж гарган томилдог албан тушаал. Иймд дараагийн хүн томилогдох хүртэл өмнөх дарга ажиллах ёстой. 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ерөнхий Сайд дараагийн этгээдийг томилох захирамж гаргаагүй бол дахин 2 жилээр сунгагдах ёстой гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э******* нь “Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Ч.Э******* нь Монгол улсын Ерөнхий сайдын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар захирамжаар  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар /цаашид зохицуулах зөвлөлийн дарга гэх/  2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар томилогдон ажиллажээ.

Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар захирамжаар  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан томилолтын хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр Ч.Э*******ийг зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс зохицуулах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа  хуульд 6 жил байхад хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь чөлөөлсөн нь хууль бус гэж маргаж байна.  

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд Зохицуулах зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийж, цаашид 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно” гэж заажээ.

Энэ хуулийн заалтаас үзвэл зохицуулах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд гишүүдийг 2,4,6 жилээр анхны томилгоог хийх хуулийн заалттай байна. 

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Э*******ийг зохицуулах зөвлөлийн даргаар анх томилохдоо 2 жилийн хугацаагаар томилсон байх бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт хэсэгт заасан зохицуулах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 6 жил гэсэн хугацааны дотор томилсон нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 “Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүнийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Ерөнхий сайд томилно.”, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1.”Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана.” гэж заасан хуулийн заалтыг зөрчөөгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр байна. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 56 дугаар захирамжаар Ч.Э*******ийг 2 жилийн хугацаагаар томилсон талаар нэхэмжлэгч ямар нэгэн гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, уг захирамж хүчин төгөлдөр байна.  

Нэхэмжлэгч Ч.Э******* томилолтын хугацаа дуусахын өмнө зохицуулах зөвлөлийг 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хуралдуулж, зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэрээр  тус зөвлөлийн даргаар Ч.Э*******ийг, гишүүнээр  Б.Жийг тус тус 4 жилийн хугацаагаар томилуулахаар санал болгожээ. 

Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 1/551 дүгээр албан бичгээр  зөвлөлийн даргаар Ч.Э*******ийг, гишүүнээр Б.Жийг 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 4 жилийн хугацаагаар томилуулахаар санал оруулж байжээ. 

Уг саналыг Монгол улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд хүлээн аваагүй талаар тайлбарыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн х/421 дүгээр албан бичгээр  шүүхэд ирүүлсэн байна. 

Барилга хот байгуулалтын сайдаас 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 01/53 дугаар албан бичгээр  Э.П*******ыг, 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 01/936 дугаар албан бичгээр  Р.Г*******ыг  зохицуулах зөвлөлийн даргад тус тус санал болгожээ. 

Ийнхүү зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд томилуулах үйл ажиллагаа удаашралтай байсан, Ерөнхий сайдаас салбарын сайдын саналыг үндэслэж, дараагийн дарга томилогдох хүртэл Ч.Э*******ийг зохицуулах зөвлөлийн даргаар ажиллуулж байсан нь түүний томилолтын хугацааг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн 6 жилийн хугацааг хүлээн зөвшөөрч үргэлжлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. 

Иймд өмгөөлөгчийн Ерөнхий сайд өөрийн үйлдлээрээ Ч.Э*******ийг 2 жилийн хугацаагаар томилсон алдаатай захиргааны актаа зассан, томилолтын хугацааг сунгасан гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй. 

Мөн нэгэнт Ерөнхий сайдын 2012 оны 56 дугаар захирамжаар томилсон 2 жилийн хугацаа 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дууссан байх тул 2016 оны 4 дүгээр сард ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбарыг хянах хууль зүйн үндэслэл байхгүй байна. 

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүх шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14  дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э*******ийн “Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ӨЛЗИЙЖАРГАЛ