Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0799

 

Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 853 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 853 дугаар шийдвэрээр: Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгийн “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “....Шүүхийн шийдвэрийг хэт нэг талыг барьсан хэмээн үзэж зөвшөөрөхгүй байгаа юм. Шүүхийн 853 дугаар шийдвэртэй танилцахад шүүх шийдвэртээ хариуцагч талын тайлбарыг нэг бүрчлэн тоочин бичсэн атлаа миний шүүх хурал дээр хэлсэн үг, тайлбарыг бүрэн гүйцэд бичээгүй, дүгнэлт өгөөгүй, харгалзан үзээгүй зэрэг нь миний гомдол, нэхэмжлэлийг үл ойшоосон, эс хэрэгссэн сэтгэгдлийг төрүүллээ. Э.Пүрэвжавыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар заасан байхад Захиргааны шүүх шийдвэртээ гуравдагч этгээдээр Зохицуулах зөвлөлийн дарга оролцсон мэт бичсэн нь Зохицуулах зөвлөл энэ процесст гуравдагч этгээдээр оролцсон гэж ойлгогдохоор болжээ. Төрийн ажил албан тушаал байтугай хувийн байгууллагад ажил хийж байсан хэн нэгнийг ажлаас нь ямар ч шалтгаанаар чөлөөлсөн бай учир шалтгааныг тайлбарлаж, урьдчилан мэдэгддэг баймаар. Гэтэл намайг ээлжийн амралтаа эдэлж байсан үед шуудангаар Ерөнхий сайдын ажлаас чөлөөлсөн захирамж гэнэт ирж, түүнтэй нь бараг танилцаж амжаагүй байхад Э.Пүрэвжав намайг дуудуулж өрөө тасалгаа чөлөөл гэж бүдүүлгээр дайрч давшлан хөөж гаргачихаад байгууллагын компьютер энэ тэр хүлээлгэж өгөөгүй явсан мэтийн зүйл бичиж, ярьж байгаад гайхаж байна. Энэ нь төрийн албан хаагч хүний ёс зүйд ч нийцэхгүй. Ерөнхий сайд намайг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр буюу түүний томилсон 2 жилийн хугацаа яг болоход томилгооны хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бол би өнөөдөр энэ заргыг хийгээд явахгүй байсан. Гэтэл намайг энэ хугацаанд ажлаас чөлөөлөөгүй, түүгээр ч үл барам миний ажиллах хугацааг дахин 4 жилээр сунгах тухай салбарын сайдын санал явснаас хойш “томилгооны хугацаа” 2 жилээр өнгөрчихөөд байхад 2016 онд “хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь хууль бус гэдгийг хуульч байтугай мэргэжлийн бус хүнд ч ойлгомжтой зүйл гэж би ойлгож байна. Төрд үнэнчээр зүтгэж байсан жирийн иргэн би танил талтай хүмүүсийн хууль бус ажиллагааны золиос болж 7 сар шахам ажилгүй байж, ажилгүй байсан хугацаагаар эрүүл мэнд, нийгмийн даатгал тасарч, өрх толгойлсон эх хүний хувьд үр хүүхдээ ч тэжээхэд хүнд байгааг хэлмэгдүүлсэн гэж үзэж байна. Шүүх өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагын ажилтнуудын шударга бус, хууль бус ажиллагаанаас иргэн хүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгааг соргогоор олж харах цаг хугацаа баримтууд байсаар атал залруулахын оронд шударга бус үйл ажиллагааг дэмжсэн, нэг талыг барьсан, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийн алдааг залруулан намайг ажилд минь эгүүлэн оруулж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Ерөнхий сайдын захирамж болон шүүхийн шийдвэрт заасан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан томилолтын хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлийг тайлбарласан тайлбарыг хуулийг буруу хэрэглэлээ гэж өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил гэж зөвлөлийн дарга, гишүүдийг хамтад нь нэрлэн дурьдсан атлаа дараа нь зөвхөн гишүүдийг салган авч, тэдний томилгоог 2, 4, 6 жилээр хийхээр заасан байна. Хэрвээ зохицуулах зөвлөлийн даргыг мөн 2, 4, 6 жилээр томилох байсан бол хууль тогтоогч ийнхүү томъёолох байсан болов уу. Гишүүдийн томилгоог 2, 4, 6 жилээр хийх тухай зохицуулалт нь Зохицуулах зөвлөлийн гишүүдийн томилгооны хугацааг нэг зэрэг дуусгахгүйг бодолцсон заалт гэж ойлгогдож байна. Ерөнхий сайд Зохицуулах зөвлөлийн даргыг томилохдоо 2 жилийн хугацаагаар томилсон нь тухайн үедээ хуульд нийцээгүй байсан хэдий ч томилгооны 2 жилийн хугацаа 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дуусах үед Зохицуулах зөвлөлийн даргыг “томилгооны хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй. Түүгээр ч үл барам 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр эрхэлсэн сайд 1/551 дугаартай албан бичгээр Ч.Эрдэнэчимэг болон Зохицуулах зөвлөлийн бусад гишүүдийг үргэлжлүүлэн ажиллуулах саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд, татгалзсан хариу өгөлгүй тэднийг үргэлжлүүлэн ажиллуулсан нь Ерөнхий сайд Ч.Эрдэнэчимэгийн бүрэн эрхийн хугацааг өөрийн захирамжид заасан 2 жилийн хугацаагаар хязгаарлаагүй нотолгоо биш гэж үү. Анхан шатны шүүхийн Ч.Эрдэнэчимэгийн хугацааг сунгуулахаар явуулсан албан бичгийг хүлээн авсан, аваагүй талаар яаманд ямар ч хариу ирүүлээгүй байхад 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр явуулсан албан бичгийн хариуг Монгол Улсын ерөнхий сайд судлан үзэж 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Х/421 дүгээр албан бичгээр хариу өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүхийн дүгнэснээр Ч.Эрдэнэчимэгийн 2014 оны 5 сараас хойш 2 жилийн хугацаанд ажилласан нь хөдөлмөрлөсөнд тооцогдохгүй, ажилтан хөдөлмөрлөсөн үедээ эдлэх хууль ёсны эрх нь хуулиар хамгаалагдахгүй бололтой юм. Шүүх шийдвэртээ “мөн нэгэнт Ерөнхий сайдын 2012 оны 56 дугаар захирамжаар томилсон 2 жилийн хугацаа 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх тул 2016 оны 4 дүгээр сард ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэх тайлбарыг хянах үндэслэл байхгүй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, шүүх иргэн хүний 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх бараг 2 жил гаруй хөдөлмөрийг, гаргаж байсан шийдвэрүүдийг, хийж бүтээсэн бүхнийг үгүйсгэсэн харалган, хүнлэг биш, хууль бус дүгнэлтийг хийхдээ Засгийн газрын өмнө хүчин мөхөсдөв үү, эсхүл асуудлыг ийм л хэмжээнд ойлгов уу гэж бодоход өөрийн эрхгүй хүргэж байна. Иймд шүүх Ч.Эрдэнэчимэгийн ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзсэн гомдол тайлбарыг хянахгүй орхих эрхгүй гэж үзэж байна. Ч.Эрдэнэчимэг энэ Зохицуулах зөвлөлийн анхны даргаар томилогдож,  шинэ тутам байгуулагдсан хуудас цаас ч үгүй байсан энэ байгууллагыг хөл дээр нь босгох, улсын хэмжээнд анхаарал татахуйц хэмжээнд байсан усны үнэгүйдлийг зогсоох замаар усны алдагдлыг багасгах, энэ салбарын алдагдлыг бууруулах чиглэлээр чамгүй их ажил хийсэн, цаашид ч хийхээр төлөвлөж байсан баримт хавтаст хэрэгт нотлох баримт болгон өгсөн байгаа. Иймд анхан шатны шүүхийн хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар захирамжийг хүчингүй болгож Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасныг буруу хэрэглэсэн, ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарласан.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар захирамжаар Ч.Эрдэнэчимэгийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар 2 жилийн хугацаатай томилсон ба уг хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн” гэж маргажээ.

Маргаан бүхий Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар захирамж нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэсэнтэй нийцээгүй байна. Тодруулбал,

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн /цаашид Зохицуулах зөвлөл гэх/ бүтцийг хуульчилж өгсөн байх бөгөөд хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд Зохицуулах зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2, 4, 6 жилээр хийж, цаашид 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно” гэж заасныг Зохицуулах зөвлөлийн дарга, зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байхаар, гагцхүү зөвлөлийн гишүүдийг 2, 4, 6 жилийн хугацаагаар томилж  байхаар зохицуулсан гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл, хуулинд Зохицуулах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацааг 6 жилээр тогтоосон байхад Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилох тухай” 56 дугаар захирамжаар  Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар  Ч.Эрдэнэчимэгийг 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2 жилийн хугацаагаар томилсон нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.4-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн, дээрх 2 жилийн хугацаа 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр дууссан боловч түүнийг үргэлжлүүлэн ажиллуулж байсан үйл баримтыг дүгнэвэл хариуцагч нь хуульд заасан бүрэн эрхийн хугацааг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх  ба Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/551 дүгээр албан бичгээр Зохицуулах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлт хүргүүлж байсан ч хариуцагч нь ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “томилолтын хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр маргаан бүхий захирамжийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

           Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгийн Зохицуулах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 6 жилийн хугацаатай хэрэгжинэ гэж ойлгох ба анхан шатны шүүх хуулийг зөв ойлгож тайлбарласан атлаа хуулийн заалтыг мөрдөж ажиллаагүй хариуцагчийн үйлдлийг зөвтгөж “Монгол Улсын Ерөнхий сайд 2 жилийн хугацаагаар томилсон нь хууль зөрчөөгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан, нэхэмжлэгч нь 2 жилийн хугацаатайгаар томилсныг мэдсэн мөртлөө ажилд томилсон захирамжид ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны болж чадаагүй байна.

Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, Ч.Эрдэнэчимэгийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын ажилд эгүүлэн тогтоох үндэстэй.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /цаашид “Зохицуулах зөвлөл” гэх/ нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй байна” гэж зааснаас үзвэл Зохицуулах зөвлөлийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар /Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий албан тушаалтан/ төрийн захиргааны албан тушаалд хамаарахаар байх тул нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх ба эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаандаа урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан Зохицуулах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/497 дугаар албан бичигт дурьдсанаар нэг сарын үндсэн цалинг 1.300.000 төгрөгөөр тооцож /хэргийн 205-р тал/, ажилгүй байсан 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 сар 19 хоногийн цалин хөлстэй тэнцэх 8.976.195  төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нь  зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсонтой холбоотойгоор Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох иргэний хэрэг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирсэн, улмаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хэргийн харьяалал тогтоосон маргааны тухайд шүүх захиргааны хэрэг үүсгэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00062 дугаар захирамжаар Э.Пүрэвжавыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байхад шүүхийн шийдвэрт Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга оролцсоноор тодорхойлсон, албан тушаалтны олгосон итгэмжлэлээр Л.Баттөмөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан зэрэг алдаа гаргасныг анхан шатны шүүх анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 853 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар захирамжийг хүчингүй болгон, Ч.Эрдэнэчимэгийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Эрдэнэчимэгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт Монгол Улсын Засгийн газраас 8.976.195 /найман сая есөн зуун далан зургаан мянга нэг зуун ерөн тав/  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг  даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                          ШҮҮГЧ                                            Э.ЗОРИГТБААТАР

                          ШҮҮГЧ                                            Э.ЛХАГВАСҮРЭН  

                          ШҮҮГЧ                                           О.НОМУУЛИН