Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/00140

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/00140

 

 

ЖДҮХС-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02795 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЖДҮХС-гийн хариуцагч ЖЭЭ ХХК, А.Э- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж 824 609 231 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагч ЖЭЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч ЖЭЭ ХХК нь ЖДҮХС-гаас 2017.5.22-ны өдөр 2017/3-186 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 800 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй, хүнд даацын шуудайны иж бүрэн эко үйлдвэр төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Я.Б-, Н.М- нарын өмчлөлийн  Хан Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж 9/5б тоот 379,42 мкв талбайтай аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч хүүд 38 005 479 төгрөг төлсөн. Зээлдэгч төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Иймд гэрээг цуцалж, хариуцагч ЖЭЭ ХХК, А.Э- нараас зээл 800 000 000 төгрөг, хүү 23 197 152 төгрөг, алданги 1 400 579 төгрөг, нотариатын зардал 11 500 төгрөг нийт 824 609 231 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. Засгийн газрын 49 дүгээр тогтоолоор сангийн ажлын албыг татан буулгаж газар болгосон. ЖДҮХС- татан буугдаагүй гэжээ.

 

Хариуцагч ЖЭЭ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үйлчлэлийг 2020.2.4-ний өдрөөр цуцалсан хэрнээ зээлийн гэрээнд заагаагүй алданги нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Алданги нь гэрээнд тодорхой хувь хэмжээгээр тусгагдсан байж шаардах эрх үүсдэг. Алдангийг нэмэгдүүлсэн хүү гэж ойлгож байгаа бол уг хоёр ойлголт өөр юм. Нэхэмжлэгч гэрээ цуцалсан хэрнээ зээлийн хүүг нэмэгдүүлэн шаардаж байгаа, гэрээнд заагаагүй алданги төлөхийг шаардаж байгаа зэргийг зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн шаардлага, үндсэн нэхэмжлэлд дурдсан алданги болох 1 282 183 төгрөг зэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ЖЭЭ ХХК-ийн хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурж тус сангаас зээл авсан боловч уг зээлийг огт хэрэглээгүй. Тус компани уг зээлийг дангаараа захиран зарцуулсан ба өөрсдөө хүлээн зөвшөөрдөг төдийгүй үйл ажиллагаагаа явуулж өөрсдөө дангаараа төлбөрөө төлнө гэдэг. Иймд миний бие уг зээлийг хэрэглээгүй тул төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээМиний бие Н.М-той хамтран өмчилдөг Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Нүхтийн зам гудамж 9/5б тоот хаягт байрлах 379,42 мкв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхийг 2017.6.7-ны өдөр итгэмжлэлээр ЖЭЭ ХХК-нд олгосон.

Гэтэл ЖДҮХС- болон ЖЭЭ ХХК-ийн захирал Н.М, А.Э- нарын хооронд 2017.5.22-ны өдөр 2017/Б-186 тоот барьцааны гэрээ үйлдэгдсэн байх бөгөөд миний зүгээс эдгээр этгээдүүдэд тухайн өдөр өөрийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө бусдад барьцаалуулах, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг огт олгоогүй. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхийг 2017.6.7-ны өдөр ЖЭЭ ХХК-нд 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд тухайн өдрөөс хойш ямар нэг барьцаанд тавих буюу хэлцэл байгуулагдаагүй. Миний бусдад олгосон итгэмжлэлийн зорилго биелэгдээгүй болохыг дурьдаж байна. Мөн А.Э-т хөрөнгийг барьцаанд тавих эрхийг огт олгоогүй бөгөөд ямар үндэслэлээр Барьцааны гэрээнд гарын үсэг зурсныг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заажээ. ЖЭЭ ХХК-ийн захирал Н.М нь тухайн Барьцааны гэрээнд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөгч миний зөвшөөрлийг бичгээр авалгүйгээр намайг төлөөлж гарын үсэг зурсан байна. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: ЖДҮХС- нь ЖЭЭ ХХК, А.Э- нартай 2017.522-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 2017.6.7-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Хуульд барьцааны гэрээ байгуулагдсан ч гэсэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байж хүчин төгөлдөр болно гэж заасан. Тооройн манал ХХК-ийн 2017.5.31-ний өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлаар тус компаний захирал Я.Б, Х.М нарын дундын эзэмшлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих эсэх талаар хэлэлцэн зөвшөөрч тогтоол гаргасан байдаг. Я.Б нь 2017.6.7-ны өдөр өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавин зээл авах бүрэн эрх олгосон итгэмжлэл үйлдсэнг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч н.Мандалбаяр баталсан байдаг. Итгэмжлэлд зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах, үүнтэй холбоотой эрх зүйн үйлдэл хийх эрхийг ЖЭЭ ХХК-ийн захирал Н.М-д олгосон байдаг. Энэ итгэмжлэлээ Тооройн манал ХХК-ийн захирал биш Я.Б иргэнийхээ хувиар итгэмжлэл олгосон. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ЖЭЭ ХХК бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлтэй хэмээн үзэж байна. Учир нь энд зээлдэгчийн бус зээлдүүлэгчийн буруутай хариуцлагагүй үйлдэл байгаа болно гэжээ.

 

Төрийг төлөөлөж Баянгол дүүргийн хяналтын прокурор Б.Батнасан шүүхэд гаргасан тайлбартаа: 2017.5.22-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулах үед Я.Б нь Н.М-д итгэмжлэл олгоогүй гэдэг асуудлаар хариуцагч нар маргалдаж байна. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийг тайлбарлаж дүгнэлт хэлж байна. Зээлийн гэрээ 2017.5.22-ны өдөр байгуулагдах үед Я.Б-гийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих зөвшөөрөл олгоогүй байсан ч Иргэний хуулийн 68 дугаар зүйлд зааснаар зөвшөөрлийг 14 хоногийн дотор олгосон байна. Энэ нь ТМ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, тогтоол 2017.5.31-ний өдөр гарсан байна. Гэрээ байгуулагдсанаас хойш 9 хоногийн дотор хуулийн хугацаандаа багтаж гарсан. Хүнс хөдөө аж ахуйн яамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд энэ үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгө болгож ашиглахыг зөвшөөрөв гээд гүйцэтгэх захирал Я.Б- өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан. Дээрээс нь 2017.6.7-ны өдөр иргэн Я.Б- нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг Н.М-д олгосон. Үүгээр Я.Б- тухайн үед энэ асуудлыг мэдэж байгаагүй гэсэн нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Я.Б- тэр байдлыг мэдэж байсан өөрөө зөвшөөрлөө хуульд заасан хугацаанд өгсөн байна гэж дүгнэх үндэслэл болж байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдын тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийн сангийн архив, ажилтнууд, өр төлбөр, авлага гээд бүх юмыг Жижиг, дунд үйлдвэрийн газар руу шилжүүлсүгэй гээд сайдын тушаал гарсан байна. Ипотекийн бүртгэл байхгүй байна гэдэг асуудал ярьж байна. Өмнө нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны гэрээ нь ипотекийн бүртгэл юм. Үүнийг дахиж шинэчилж хийх шаардлагагүй. А.Э- гэж хүн барьцааны гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгээрээ гарын үсэг зурсан. ЖЭЭ ХХК нь хүнд даацын шуудайны Эко үйлдвэр байгуулах гэж байгаа. Үйлдвэрийн тоног төхөөрөмж авна, жижиг дунд үйлдвэрлэл явуулна гээд хөнгөлөлттэй нөхцөлөөр 800 000 000 төгрөгийн зээл авсан. Дансны хуулгыг нь харахад 800 000 000 төгрөгийг дандаа бэлнээр гаргаж зарцуулсан харагддаг. 2018.12.18-ны өдөр Төрийн банкнаас 236 000 000 төгрөгийн ажлын хөлс гарсан. Түүний дараа мөн 135 000 000 төгрөг, нийт 371 000 000 төгрөгийн ажлын хөлс ямар ч байсан энэ компани үйл ажиллагаа явуулаад авчээ. Орлого олжээ. Гэвч олсон орлогоосоо зээлийн төлбөрөө төлөх талаар огтхон ч үйлдэл хийгээгүй байгаа нь зээлийг төлөхгүй байх гэсэн субьектив санаа зорилгыг нь тодруулж харуулж байна. Угтаа энэ нь татвар төлөгчдийн мөнгө. Хөнгөлөлттэй нөхцөлөөр, зээлийн нэн таатай нөхцөлөөр олгогдож байгаа зээл. Юманд худрагатай байх ёстой. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж оролцож байна гэжээ.

 

Шүүх:. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.7, 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар хариуцагч ЖЭЭ ХХК, Д.Э- нараас гэрээний үүргийн биелэлтэд 823 197 152 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖДҮХС-д олгож, үлдэх 1 412 079 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1- дах хэсэгт зааснаар Я.Б-, Н.М- нарын өмчлөлийн Ү-2206034099 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн зам гудамж 9/5б тоот 379.42 мкв талбайтай аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ЖЭЭ ХХК, А.Э- нараас 4 344 136 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын төсвийн дансанд оруулан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч ЖДҮХС-, хариуцагч ЖЭЭ ХХК, А.Э- нарт холбогдох ЖДҮХС- болон ЖЭЭ ХХК, А.Э- нарын хооронд байгуулсан 2017.5.22-ны өдрийн 2017/Б-186 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох Я.Б-гийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Я.Б- нь өөрийн өмчлөлийн Ү-2206034099 дугаартай, Хан-Уул, 4 хороо, Нүхтийн зам гудамж 9\56 тоот орших 379,42 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө Барьцаалсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулхаар шүүхэд бие даасан шаардлага гаргасан.

Учир нь түүний хөрөнгийн барьцаалсан гэрээг ЖДҮХС- болон ЖЭЭ ХХК, А.Э- нар 2017.5.22-ны өдөр байгуулсан байдаг. Я.Б- нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх барьцаанд тавих итгэмжлэлийг 2017.6.7-ны өдөр Жэй Эй Эйч" жилийн хугацаатай олгосон бөгөөд тухайн өдрөөс хойш ямар нэг барьцааны гэрээний хэлцэл байгуулагдаагүй, Я.Б-гийн бусдад олгосон итгэмжлэлийн зорилго биелэгдээгүй А.Э- гэх иргэнд ямар нэг байдлаар итгэмжлэл олгоогүй тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрт тухайн хөрөнгийг ЖДҮХС-гийн зээлийн барьцааны тухай Тоорой Манал ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.М-, Я.Б- нарын гаргасан тогтоол байгаа, мөн 2017.6.7-ны өдөр итгэмжлэл олгосон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд нийцсэн, Иргэний хуулийн 68 аар зүйлийн 68.3-т заасны дагуу зөвшөөрөл олгосон, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж үзжээ. Барьцааны гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй тул бие даасан шаардлагагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй Торой Манал ХХК-нь тухайн үл хөдлөх хөрөнгийн оршин буй газрын даасан хуулийн этгээд тухайн тогтоол нь өөрийн газар дээрх үр хөдлөх хөрөнээлийн барьцаанд тавигдах болсон тул хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарсан.

Ү-2206034099 дугаартай, Хан-Уул 4 хороо, Нүхтийн зам гудамж 9/5б тоот 379,42 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Я.Б-, Н.М- нарын өмчлөлийн эд хөрөнгө юм. Хуулиндаа иргэн, хуулийн этгээдүүд бие даасан эрхтэй субьект бөгөөд хувь хүний өмчлөлийн хөрөнгийг хөндлөнгөөс захиран зарцуулах эрх хуулийн этгээдэд байхгүй. Шүүхээс хувьцаа эзэмшдэг компани нь зөвшөөрөл олгосон гэсэн үг гэж хийсвэрлэн бодож хэт нэг талын эрх, ашгийг хамгаалж шийдвэрлсэн нь хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл юм. Нөгөөтэйгүүр Я.Б-гийн 2017.5.22-ны өдөр өдөр гэрээ байгуулагдчихсан байсан гэдгийг мэдээгүй бөгөөд итгэмжлэлийн зорилго нь өөрөө итгэмжлэл олгосон өдрөөс хойш барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхтэй гэдгийг тодорхой бичсэн байгаа. Мөн шүүгч нь итгэмжлэлийг зөвшөөрөл гэж мушгиж ойлгоод байгааг гайхаж байна. Мөн Я.Б- нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд А.Э-ийн төлөөлж гарын үсэг зурах эрхийг огт олгоогүй бөгөөд тухайн зөвшөөрөлгүй байгуулагдсан гэрээнд барьцаалагчаар А.Э- гарын үсэг зурсан байдаг. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс Засгийн газрын 8 дугаар сарын 17-ны өдрийн 41-р тогтоолоор ЖДҮХС-гийн ажлын албадыг буулгаж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх газар нэртэй агентлаг болгосон, эрх залгамжлагч тодорхой бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа гэж хурлыг удаа дараа хойшлуулсан. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр хурал явагдсан ч нэхэмжлэгч талаас эрх залгамжлан авсан төрийн байгууллагатай холбоотой баримтыг авчраагүй тул ЖЭЭ ХХК-ийн итггэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай-ийн 65.1.10 хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж буй шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байдалтай 2 ч удаа шүүх хурал хойшлогдлоо иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч биш этгээд, татан буугдсан эрх зүйн чадамжгүй этгээдүүд хэргийи оролцогч болчихоод хурал хойшлуулах хүсэлт гаргаад байхад шүүгч хэргийг хүчээр шийдвэрлэхийн тулд хурлыг удаа дараа хойшлуулсан. Улмаар 2020.9.28-ны өдөр шүүх хуралдаан явагдсан бөгөөд Жижиг дунд үйлдвэрийн газраас улсын бүртгэлийн гэрчилгээ, засгийн газрын тогтоол, сайдын тушаал зэргээ авчирсан. Жижиг дунд үйлдвэрийн газраас А.Халиуныг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон ба өмнө миний зүгээс түүнд хэргийн оролцогч нь яг аль байгууллага вэ? зээлийн болоод ба гэрээний үүргийг шаардах эрхтэй этгээд нь яг аль байгууллага нь вэ? гэх асуултыг тавьсан. Нэхэмжлэгчийн Итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх залгамжлагч нь газар учраас Жижиг дунд үйлдвэрийн газар гэж хариулсан. Гэтэл тухайн зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүл авсан гэх нотлох баримт огт байхгүй, ЖДҮХС- өөрөө оршин тогноод байгаа нь тодорхойгүй, аливаа тайлан балансаар өр, авлага нь шилжсэн эсэх талаарх баримт байхгүй зөвхөн засгийн газрын тогтоол, сайдын тушаалаар эрх шилжсэн гэж дүгнэхэд хэт өрөөсгөл байсан. Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т Шинэ үүрэг гүйцэтгүүлэгдчид ипотекийн баримт бичгийг шилжүүлж, түүнийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч гэж бүртгэлд бүртгэсэн нөхцөлд шаардлага шилжсэн гэж үзнэ. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Ипотек өөр этгээдэд шилжсэнш бүртгүүлэх тухай мэдүүлгийгтүүнийг шилжүүлэн авч байгаа этгээд гаргах бөгөөд бүртгэгч хувийн хэрэгт энэ тухай нэмэлт тэмдэглэл хийнэ гэж тус тус заажээ. Гэтэл жижиг дунд үйлдвэрийэ азар нь дээрх хуульд заасны дагуу ипотекийн шаардах эрх шилжүүлж авсан гэдгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, шаардах эрхтэй гэдгээ хангалттай нотолж чадаагүй аталаа нгүүхэд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэл гаргасан нь өөрөө хууль зөрчиж байна. Мөн хурлын тэмдэглэлийн 9 дүгээр хуудсанд нэхэмжлэгчийн итгэмжлэл төлөөлөгч Жижиг дунд үйлдвэрийн сангийн эрхийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх газар хүлээн авсан тухайн газар(агентлаг) зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүргийг шаардаж байна гэрээний үүргээ нэхэмжлээд байна гэж тодорхой илэрхийлсээр байтал шүүхээс хариуцагч нараас гэрээний гэрээний үүргийн биелэлтийг ЖДҮХС-д олгож шийдвэрлэсэн нь шүүгч хэргийг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзээгүй, хэт нэг талыг баримталсан шийдвэрлэсэн болохыг харуулж байна. Иймд шүүхийн 2020.9.28-ны өдрийн 02795 шийдвэрт өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн Ү-2206034099 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 нүхтийн зам гудамж 9/5б тоот хягт орших 379,42 м.кв талбайтай аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ЖДҮХС- нь хариуцагч ЖЭЭ ХХК, А.Э- нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 824 609 231 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг эс зөвшөөрч маргасан. /хх 1-3 40-41/

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.Б- нь ЖДҮХС- нь хариуцагч ЖЭЭ ХХК, А.Э- нарт холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2017/Б-186 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргажээ. /хх 104-105/

 

ЖДҮХС- нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2017/3-186 дугаартай зээл болон барьцааны гэрээний дагуу ЖЭЭ ХХК-д 800 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, улмаар хэн аль нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. /хх 7-12/

 

Гэрээгээр талууд харилцан тохиролцож зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан. Хариуцагч ЖЭЭ ХХК нь хугацаа хэтрүүлж зээлээ төлөөгүй үйл баримт тогтоогдсон. Хариуцагч ЖЭЭ ХХК нь гэрээ цуцласан 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс хойшхи хугацаанд нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэсэн бол А.Э- нь зээлийг ашиглаагүй учир төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргажээ. /хх 26, 28/

 

Хариуцагч А.Э- нь зээлийг бодитоор авч ашиглаагүй гэх боловч гэрээнд гарын үсэг зурж хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан, нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд мөнгийг шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, зээл, хүү шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт нийцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Мөн шүүх, зохигчдын хооронд үүссэн барьцааны гэрээний харилцааг зөв тодорхойлж, уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ

 

Гуравдагч этгээд Я.Б- нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дах хэсэгт зааснаар 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр олгосон итгэмжлэлд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн зам гудамж 9/5б тоот 379.42 мкв талбайтай аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэл,үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд төлөөлөх эрхийг ЖЭЭ ХХК-д олгосон.

 

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд талууд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр барьцааны гэрээг бичгээр байгуулсан ч 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр бүртгүүлснээр ипотек үүсэх юм.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлнэ. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт зааснаар барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.Б-гийн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр олгосон итгэмжлэлд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн зам гудамж 9/5б тоот 379.42 мкв талбайтай аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэл,үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд төлөөлөх эрхийг ЖЭЭ ХХК-д олгосон нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/ хэлцэл юм.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд итгэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, мөн өдрөө барьцааны гэрээг бүртгүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Гуравдагч этгээдийн хүсэл зориг буюу үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах агуулгатай итгэмжлэлийг зөвшөөрөл олгосон гэж үгийн шууд утгаар тайлбарласан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Талууд барьцааны гэрээг бичгээр байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 156.4тус тус заасан шаардлагыг хангасан байх тул гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт ЖДҮХС-гийн ажлын алба татан буугдсан боловч сан өөрөө эрх зүйн этгээд хэвээр үлдсэн байна.

 

Анхан шатны шүүх барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т нийцнэ. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч ЖЭЭ ХХК, Д.Э- нараас гэрээний үүргийн биелэлтэд 823 197 152 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖДҮХС-д олгож, үлдэх 1 412 079 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч, хариуцагч нар зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД