Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/01298

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/01298

 

 

 Сютл бимэкс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00769 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Сютл бимэкс ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ариунаад холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 774 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Д.Ариунаа нь манай компанийн Нарантуул зах хариуцсан борлуулалт, маркетингийн төлөөлөгч Ө.Сүхбаатараас 5 000 ширхэг, нэг бүр нь 2 580 төгрөгийн, нийт 12 900 000 төгрөгийн үнэ бүхий Kent HD 2.5 тамхийг зээлээр авч, үнийг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр төлөхөөр Тооцооны үлдэгдлийн баталгаа-г хийж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөхгүй байгаа тул 12 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2 126 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч, 10 774 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Ариунаа нь Нарантуул худалдааны төвд К64 тоот лангуу түрээслэн тамхи, хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг ба тус компанийг байгуулагдсан үеэс эхлэн хамтран ажилласаар ирсэн. Тэрээр худалдан борлуулсан тамхиныхаа мөнгийг Сютл бимэкс ХХК-д шилжүүлж, үлдэгдэл тамхийг буцаан өгдөг. Тус компанийн менежер Батзоригт 10 000 000 төгрөгийн үнэ бүхий тамхи өгсөн, өөрөөр хэлбэл тус компаниас 10 000 000 төгрөгийн авлагатай болсон тул 500 блок Kent тамхийг авлагадаа тооцон авч, үлдэгдэл 2 900 000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн үед тамхи хүлээлгэн өгсөн баримт, өглөг, авлагын тооцоо гаргаагүй, сүүлд нөхөж Д.Ариунаагаар гарын үсэг зуруулахдаа санхүүгийн шалгалт ороход ийм баримт хэрэгтэй байна, та 12 900 000 төгрөгийн бараа авсан гэдэг утгаар гарын үсэг зураад өг гэж зуруулсан. Урьдын авлагадаа тооцож 12 900 000 төгрөгийн тамхи хүлээн авсан нь үнэн учраас шаардлагатай байгаа баримт дээр нь гарын үсэг зураад өгөхөд буруу зүйл байхгүй гэж бодсоны үндсэн дээр нэхэмжлэлийн үндэслэл болсон Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлджээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ариунаагаас 10,774,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Сютл бимэкс ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 187,334 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.Батзоригт 10 000 000 төгрөгийн үнэ бүхий тамхи өгсөн болохоо нотолж чадаагүй, мөн Б.Батзориг нь тухайн үед орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна гэжээ. Хэрэгт байгаа 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Мэдэгдэл дээр Бимэкс ХХК-ийн борлуулагч Б.Батзориг би манай компаниас авсан 10 авдар кент тамхийг тооцоондоо авсан, мөн Тооцооны үлдэгдлийн баталгаан дээр 2015 оны 08 дугаар сарын 05-наас 2015 оны 09 дүгээр сарын 26-ны хооронд авсан тамхины тооцоог гаргаж, Сютл бимэкс ХХК нь 10 000 000 төгрөгийн үнэ бүхий тамхины өртэй, хариуцагч Д.Ариунаа нь урд үүссэн байсан авлагандаа 10 хайрцаг тамхи авсан болох нь үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн байдал, борлуулагч Б.Батзоригийн тооцоо нийлсэн баримт зэргээр тогтоогдож байна.

Байгууллага нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныхаа бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд Б.Батзориг нь нэхэмжлэгч байгууллагад ажилладаг, байгууллагын өмнөөс тамхи авч цааш нь бусад худалдагч нартаа нийлүүлдэг, ажлын ачааллаас өөр бүс нутаг хариуцах шаардлага гардаг зэрэг шалтгаануудаас болоод 10 000 000 төгрөгийн үнэ бүхий тамхийг өгсөн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байхад хариуцагч тайлбараа нотлоогүй гэж үзэж байгаад гомдолтой байна.

Мөн хариуцагч Д.Ариунаа нь 2016 оны 10 сарын 18-ны өдөр 2 126 000 төгрөг төлсөн нь талуудын тайлбар, ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна гэжээ. Хэрэгт 2 баримт авагдсан ба 2015 оны 10 сарын 20-нд шилжүүлсэн 2 954 500 төгрөгийн баримт нь Сютл бимэкс ХХК-иас тамхи авахаар шилжүүлсэн төлбөр бөгөөд тамхиа аваагүй учир 2015 оны 11 сарын 04-нд авсан тамхины урьдчилгаанд уг төлбөрийг шингээсэн. Иймд нийт 5 080 500 төгрөгийг төлсөн баримтад шүүхээс дүгнэлт хийгээгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Батзоригийн өөр хаяг, утасны дугаарыг удаа дараа шаардахад гаргаж өгөөгүй, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 12 900 000 төгрөг болгон багасгаж байна гэхчилэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн төлөөлөгчөөс удаа дараа шаардсан гэх үйл баримтгүйгээр, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэх боловч 12 900 000 төгрөг нэхэмжилсэн гэж бичиж байгаа нь шүүхийн шийдвэр эргэлзээтэй, илт үндэслэл муутай байна.

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 102/ШЗ2017/01353 дугаартай гэрчээр Б.Батзоригийг асуулгах тухай шүүгчийн захирамж гарсан боловч захирамжаа биелэгдэх боломжгүй гэж үзэж шүүх хуралдаан дээр хүчингүй болгож байгаа нь ИХШХШТХ-ийн 124 дүгээр зүйлд заасан нөхцөл бий болсон гэж ойлгохоор байна. ИХШХШТХ-ийн 170 дугаар зүйлд зааснаар тус захирамжийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байхад тэрхүү эрхийг эдлүүлэхгүйгээр шүүхийн шийдвэрийг гаргаж байгаа нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасан гомдол гаргах эрхийг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууьд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Сютл бимэкс ХХК нь хариуцагч Д.Ариунаад холбогдуулж Кент тамхины үнийн үлдэгдэл 10 774 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 500 блок Кент тамхийг өмнөх авлагад тооцож авсан гэж маргажээ.

 

Худалдагч Сютл бимэкс ХХК нь худалдан авагч Д.Ариунаад бараа нийлүүлж, худалдан авагч нь борлуулсан барааны үнийг дараа төлөх зэргээр ажил төрлийн байнгын холбоо бүхий харилцаатай байсан болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байгаа ба 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр худалдагч Сютл бимэкс ХХК нь худалдан авагч Д.Ариунаад 12 900 000 төгрөгийн үнэ бүхий 500 блок Кент тамхийг нийлүүлсэн боловч үүнээс хойш хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2 126 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, зарлагын баримт, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, харин үлдэгдэл 10 774 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

 

Талууд тооцоо нийлсэн баримтаар /хх-ийн 8/ төлбөр төлөх хугацааг тохиролцсоноос, хүү төлөх талаар буюу барааны үнэ дараа төлөх үед илүү байх талаар тухайлан тохиролцоогүй тул зээлээр худалдах, худалдан авах гэрээний тусгай шинжийг агуулаагүй, харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

 

Иймд хариуцагч Д.Ариунаа нь нэхэмжлэгч Сютл бимэкс ХХК-иас худалдан авсан Кент тамхины үнийн үлдэгдэл 10 774 000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэг үүсчээ.

 

Хариуцагч Д.Ариунаа нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр худалдагч Сютл бимэкс ХХК-иас 12 900 000 төгрөгийн үнэ бүхий 5 000 ширхэг Кент тамхийг авсан талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч компанийн менежер Б.Батзориг гэгчид 10 000 000 төгрөгийн үнэ бүхий тамхи өгснөөр 10 000 000 төгрөгийн авлагатай болсон тул 500 блок Kent тамхийг авлагадаа тооцон авч, үлдэгдэл 2 900 000 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2 954 500 төгрөг төлсний /хх-ийн 24-р талын ард/ дараа 500 блок Kent тамхийг авсан, ийнхүү авах үедээ Б.Батзоригоос буюу Сютл бимэкс ХХК-иас өмнө нь авлагатай болсон талаар худалдагч талд мэдэгдээгүй, Б.Батзориг нь хариуцагч Д.Ариунаатай худалдагч байгууллагыг төлөөлж тооцоо хийх ажилтан биш байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Сютл бимэкс ХХК-ийн Нарантуул зах хариуцсан төлөөлөгчөөр ажилладаг гэрч Ө.Сүхбаатарын ...Б.Батзориг нь зүүн бүс, орон нутаг хариуцсан худалдааны төлөөлөгч.... Нарантуул зах дээр тамхийг би л зардаг... хүлээлгэн өгсөн тамхийг буцаагаад өгөх тохиолдол байдаггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 59/, гэрч П.Ядамдоржийн ...Д.Ариунаа нь Б.Батзоригоос авлагатай байсан. Б.Батзориг 2014 онд туслахаар ажиллаж байгаад 2015 оноос бүс нутаг хариуцан ажилласан ... гэх мэдүүлэг /хх-ийн 55/ зэргээр тогтоогдсон байх тул хариуцагч нь Сютл бимэкс ХХК-иас авлагатай гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч талаас ирүүлсэн ...10 001 540 төгрөгийн тамхийг тооцоондоо авсан... гэх мэдэгдэл /хх-ийн 62/ ...10 001 540 төгрөгийн өртэй гэх тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 63 / зэрэг баримтад зурагдсан Б.Батзоригийн гарын үсэг Сютл бимэкс ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт зурагдсан Б.Батзоригийн гэх гарын үсгээс илт зөрүүтэй байх тул уг баримтыг Сютл бимэкс ХХК-иас авлага үүсгэсэн эргэлзээгүй баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын эрхийг хязгаарласан хууль бус үйл ажиллагаа явуулаагүй байна. Хариуцагч Д.Ариунаа нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2 954 500 төгрөг төлсний /хх-ийн 24-р талын ард/ дараа 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 500 блок Kent тамхийг авсан болох нь тогтоогдсон тул ...нийт 5 080 500 төгрөг төлсөн баримтад шүүх дүгнэлт хийгээгүй... гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрчээр Б.Батзоригийг асуулгах хүсэлтийг хангаж, гэрчид шүүхийн мэдэгдэх хуудас хүргэх, шүүхэд дуудан ирүүлэх талаар хийвэл зохих ажиллагаа хийсэн боловч гэрч нь олдохгүй байснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирч улмаар Б.Батзоригоос гэрчийн мэдүүлэг авалгүй хэргийг шийдвэрлэснийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

 

Шүүгч 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүгчийн 102/ШЗ2017/05428 дугаар захирамжаар гэрчээр Б.Батзоригийг асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2017/01353 дугаар шүүгчийн захирамжийн 2 дах заалтад өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулгад нийцээгүй боловч энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлөхгүй, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00769 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Н.БАТЗОРИГ