Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/00769

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/00769

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж,  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу 112-3 тоотод оршин байх, “Сютл бимэкс” ХХК /РД: 2887088/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36А байрны 85 тоотод оршин суух, Бадрангуй овогт Дуламсүрэнгийн Ариунаа /РД: ЧД64100568/

 

Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,774,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамбын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Ариунаа нь 2007 оноос хойш манай байгууллагатай хамтран ажилласан бөгөөд бид удаан хамтран ажилласан харицагчиддаа итгэж зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Д.Ариунаа нь манай компанийн “Нарантуул” зах хариуцсан борлуулалт, маркетингийн төлөөлөгч Ө.Сүхбаатараас 5,000 ширхэг, нэг бүр нь 2,580 төгрөгийн, нийт 12,900,000 төгрөгийн үнэ бүхий “Kent HD 2.5” тамхийг зээлээр авсан болно. Дээрх бүтээгдэхүүний үнийг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр төлөхөөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г хийж өгсөн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөлгүй манай компанийн эрх ашгийг хохироосоор байгаа тул Д.Ариунаагаас 12,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэл гаргахаас 1 сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Д.Ариунаа нь 2,126,000 төгрөгийг төлсөн тул үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, нийт 10,774,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Д.Ариунаа нь “Нарантуул” зах худалдааны төвийн өргөтгөлд К64 тоот лангууг түрээслэн тамхи, хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхэлдэг ба тус компанийг байгуулагдсан үеэс эхлэн хамтран ажилласаар ирсэн. Тэрээр худалдан борлуулсан тамхиныхаа мөнгийг “Сютл бимэкс” ХХК-д шилжүүлж, үлдэгдэл тамхийг буцаан өгдөг. Тус компанийн менежер Батзоригт 10,000,000 төгрөгийн үнэ бүхий тамхи өгсөн, өөрөөр хэлбэл тус компаниас 10,000,000 төгрөгийн авлагатай болсон тул 500 блок “Kent” тамхийг авлагадаа тооцон авч, үлдэгдэл 2,900,000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Тухайн үед тамхи хүлээлгэн өгсөн баримт, өглөг, авлагын тооцоо гэдэг зүйл гаргаагүй байж сүүлд нөхөж Д.Ариунаагаар гарын үсэг зуруулсан байдаг. Ингэхдээ “санхүүгийн шалгалт ороход ийм баримт хэрэгтэй байна, та 12,900,000 төгрөг бараа авсан гэдэг утгаар гарын үсэг зураад өг” гэж гарын үсгийг нь баримт дээрээ зуруулсан. Урьдын авлагадаа тооцож 12,900,000 төгрөгийн тамхи хүлээн авсан нь үнэн учраас шаардлагатай байгаа баримт дээр нь гарын үсэг зураад өгөхөд буруу зүйл байхгүй гэж бодсоны үндсэн дээр нэхэмжлэлийн үндэслэл болсон Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлджээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сютл бимэкс” ХХК нь хариуцагч Д.Ариунаад холбогдуулж худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,774,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба нь “Д.Ариунаа 2,126,000 төгрөгийг манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө төлчихсөн байсан юм байна, иймд нэхэмжлэл шаардлагаа 12,900,000 төгрөг болгон багасгаж байна” гэж өөрт олгогдсон /итгэмжлэл/ эрхээ эдэлж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хурал давхардсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2017/03799 дугаар захирамжаар “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 

 

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг үндэслэж хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй, хүү тооцож нэхэмжлээгүй зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Хариуцагч Д.Ариунаа нь 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр нэхэмжлэгч “Сютл бимэкс” ХХК-ийн “Нарантуул” олон улсын худалдааны төвийг хариуцсан борлуулалт, маркетингийн төлөөлөгч Ө.Сүхбаатараас 5,000 ширхэг, нэг бүр нь 2,580 төгрөгийн, нийт 12,900,000 төгрөгийн үнэ бүхий “Kent HD 2.5” тамхийг авсан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Зарлагын баримт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, гэрч Ө.Сүхбаатарын мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын “...Д.Ариунаа нь 500 блок “Кент” тамхийг урьдын 10,000,000 төгрөгийн авлагадаа тооцож авсан, үлдэгдэл 2,900,000 төгрөг төлсөн” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

 

Харин хариуцагч тал “Сютл бимэкс ХХК-ийн төлөөлөгч Б.Батзоригт 10,000,000 төгрөгийн тамхи өгсөн учир өмнөх авлагадаа суутгаж тооцсон” гэж  маргаж байх боловч Б.Батзоригт 10,000,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг өгсөн болохоо нотолж чадаагүй, мөн Б.Батзориг нь тухайн үед тус компанид “Нарантуул” захыг хариуцсан төлөөлөгч биш, орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын “Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 78-1092 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 86 тоотод оршин суух Бүрэнтогтохын Батзоригийг гэрчээр асуулгах” хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж, тус шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчийн 102/ШЗ2017/01353 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, Б.Батзоригийг шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхойлсон хаягаар дуудахаар мэдэгдэл хүргүүлэхэд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд “Согоотын 78-1092 тоот” гэх хаяг байдаггүй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11-86 тоотод Б.Батзориг оршин суудаггүй болох нь тус тус засаг даргын тодорхойлолтуудаар тогтоогдсон. Мөн Б.Батзоригийн эзэмшдэг гэх 99061724, 94161624, 94161634 дугаарт удаа дараа шүүхээс залгаж үзэхэд “энэ дугаар дээр тийм хүн байдаггүй, тийм хүн танихгүй, эсхүл дугаар ашиглалтад байхгүй, холбогдох боломжгүй” гэх хариуг өгч байсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Батзоригийн өөр хаяг, утасны дугаарыг удаа дараа шаардахад гаргаж өгөөгүй тул шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Д.Ариунаа нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2,126,000 төгрөгийг төлсөн нь талуудын тайлбар, Хаан банкны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Депозит дансны хуулгаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.Ариунаагаас 10,774,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Сютл бимэкс” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ариунаагаас 10,774,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Сютл бимэкс” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 187,334 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.МӨНХТӨР