Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2017/01258

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2017/01258

 

 

 Д.Туяагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 03ы өдрийн 182/ШШ2017/00698 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Туяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох

 

Тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн банкинд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд төлбөр тооцооны хэлтсийн захирлаар ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй, банкны дүрэм, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж ажиллаж байсан. Гэтэл Төрийн банкны тэргүүн орлогч захирлын ахалсан ажлын хэсэг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д.Туяагийн ажлыг хүлээж авсан боловч ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал шийдвэр гараагүй, танилцуулаагүй. Шийдвэр, тушаал гараагүй байхад ажил хүлээж авсан. Ажил хүлээж авснаас хойш 20 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/1417 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасныг үндэслэл болгон Төрийн банкны бүтэц шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан газар хэлтсийн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчоос санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэх хуульд байхгүй үндэслэлээр ажлаас халсан.

Ажил албан тушаалыг бүрэн хүлээлгэж өгөөгүй байхад өөр хүнийг түүний оронд томилсон буюу төлбөр тооцооны хэлтсийн захирлаар А.Цэцэгсүрэн гэдэг хүн ажиллаж байгаа. Газар, хэлтсийн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн гэдэг нь харагдахгүй байна. Бүтэц, орон тоо баталсан өмнөх тушаалыг одоогийнхтой харьцуулахад ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэг, нэр нь хэвээрээ байгаа. Иймд ажлаас халсан тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтооолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл /ажлын 95 хоног/ ажилгүй байсан хугацааны олговорт 11 930 232 төгрөг /сард 2 700 000 төгрөг, өдрийн цалин 128 570 төгрөгийг ажлын 95 хоногт үржүүлэхэд/ хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Банкны эрх барих байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх захиралд эрх олгосны дагуу төлбөр тооцооны хэлтсийн захирал Д.Туяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж, энэ тухай мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмжид 8 100 000 төгрөг олгосон. Мөн газар хэлтсийн бүтцийн харъяалал, захирлын ажлын байрны тодорхойлолт, ажлын байранд тавигдах шалгуур зэрэг нь өөрчлөгдсөн. Төлбөр тооцооны хэлтэс гэдэг нэршил нь хэвээрээ байгаа боловч хэлтсийн үйл ажиллагаа, чиг үүрэг нь өөрчлөгдсөн. Д.Туяагийн өмнө нь ажиллаж байсан албан тушаал нь Төрийн банкны ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэгдэн баталсан бүтэцтэй зэрэгцээд хүчингүй болсон зохион байгуулалтын бүтцэд багтаж байсан. Өмнөх бүтцээр төлбөр тооцооны хэлтсийн захирал гэх албан тушаал байсан бөгөөд Д.Туяатай 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед төлбөр тооцооны хэлтсийн шууд харъяалан удирдах газар нь бүртгэлийн бодлогын газар, ерөнхийлөн харьяалах албан тушаалтан нь санхүү хариуцсан дэд захирал байсан. Санхүү хариуцсан дэд захирал нь гүйцэтгэх захирлын орлогч гэх албан тушаалтанд, гүйцэтгэх захирлын орлогч нь гүйцэтгэх захиралд ажлаа тайлагнадаг байсан. Тухайн үеийн төлбөр тооцооны хэлтэс нь шууд харъяалан удирдах шат дараалласан 4 бүтцийн газар, албан тушаалтантай байсан. Шинэ бүтцээр төлбөр тооцооны хэлтсийн шууд харьяалан удирдах газар нь Төлбөр тооцоо бүртгэлийн газар бөгөөд ерөнхийлөн харъяалан удирдах албан тушаалтан нь Санхүү хариуцсан захирал гэх шинэ албан тушаал юм. Д.Туяад мэдэгдэх хуудас өгснөөс хойш 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байр санал болгосон боловч татгалзсан. Иймд Д.Туяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 73/12 тоот шийдвэр гарсан бөгөөд хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нэхэмжлэгч Д.Туяаг Төрийн Банк ХХК-ийн төлбөр тооцооны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Төрийн Банк ХХК-иас 3 830 232 /гурван сая найман зуун гучин мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Туяад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч Төрийн Банк ХХК нь нэхэмжлэгч Д.Туяагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Туяагийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Төрийн Банк ХХК-иас 76 233 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Д.Туяагийн хашиж байсан албан тушаал нь Төрийн банкны ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор хүчингүй болон хасагдсан Төлбөр тооцооны хэлтсийн захирал гэх албан тушаал байсан. Тухайн үеийн Төрийн банкны зохион байгуулалтын бүтцээр уг хүчингүй болон хасагдсан Төлбөр тооцооны хэлтсийн шууд харьяалан удирдах газар нь Бүртгэлийн бодлогын газар байсан бөгөөд ерөнхийлөн харьяалах албан тушаалтан нь Санхүү хариуцсан дэд захирал байсан. Санхүү хариуцсан дэд захирал нь гүйцэтгэх захирлын орлогч гэх албан тушаалтны өмнө өөрийн ажил үүргийг тайлагнадаг байсан бөгөөд гүйцэтгэх захирлын орлогч нь гүйцэтгэх захиралд ажил үүргээ тайлагнадаг бүтцийн зохион байгуулалттай байсан. Тухайн үеийн Төлбөр тооцооны хэлтэс нь шууд харьяалан удирдах шат дараалласан 4 бүтцийн газар, албан тушаалтантай байсан. Гэтэл Төрийн банкны ТУЗ-ийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор батлагдсан банкны зохион байгуулалтын шинэ бүтцээр шинээр бий болсон Төлбөр тооцооны хэлтсийн шууд харьяалан удирдах газар нь Төлбөр тооцоо, бүртгэлийн газар гэх шинээр бий болсон бүтцийн газар бөгөөд ерөнхийлөн харьяалан удирдах албан тушаалтан нь Санхүү хариуцсан захирал. Санхүү хариуцсан захирал нь гүйцэтгэх захиралд ажил үүргээ тайлагнадаг байхаар шинэчлэгдэн батлагдсан. Бүтцийн хувьд Төлбөр тооцооны хэлтэс нь шууд харьяалах шат дараалсан 3 бүтцийн байгууллага, албан тушаалтантай байхаар шинэчлэгдэн батлагдсан. Энэ нь аль нэг дээд буюу төв байгууллагад системийн болон үйл ажиллагааны хувьд харьяалагдаж байгаа нэгж, газар, хэлтэс, алба төвийн харъяалал өөрчлөгдөх үйл явц огтоос биш бөгөөд Төрийн банкны дотоод салбар нэгжид бүтцийн өөрчлөлтийг Төрийн банкны ТУЗ-аас өөрийн бүрэн эрхийн хүрээнд өөрчлөн шинэчлэн байгуулж байгаа үйл явц юм.

"Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйл 15.1.1 /Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална/ гэж тайлбарласны дагуу ТУЗ-ийн 118 дугаар тогтоолоор хүчингүй болон хасагдсан Төлбөр тооцооны хэлтсийн захирал гэх албан тушаалыг хашиж байсан Д.Туяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн үед Д.Туяа хүлээн зөвшөөрч ямар нэгэн татгалзал гаргалгүй "ажил хүлээлцсэн акт"-д гарын үсэг зурсан байгааг шүүх бүрэлдэхүүн үнэлсэнгүй.

Нэхэмжлэгч Д.Туяагийн өөрийн урд хашиж байсан албан тушаал гэж нэхэмжилж буй одоогийн Төрийн банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын харьяа Төлбөр тооцооны хэлтсийн захирлын албан тушаал нь Д.Туяагийн Төрийн банкинд байхдаа хашиж байсан албан тушаалаас гүйцэтгэж буй чиг үүрэг, албан тушаалын шатлал, авч буй цалин зэрэг нь ялгаатай шинээр бий болсон бүтэц зохион байгуулалтын албан тушаал. Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй бөгөөд Д.Туяагийн эрхэлж байсан ажил, албан тушаалын ажлын байрыг одоогийн Төлбөр тооцооны хэлтсийн захирлын ажил, албан тушаалын ажлын байртай шууд адилтган үзэж шийдвэрлэсэн нь буруу, банк ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Туяа нь Төрийн банк ХХК-ийн Төлбөр тооцооны хэлтсийн захирлаар ажиллаж байгаад тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн ба шүүхэд дээрх тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т нийцсэн байна.

 

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 тоот тушаалаар банкны бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Туяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой бөгөөд энэ нь тухайн ажилтны ажлын байр байхгүй болсон үр дагавартай холбоотой юм.

Төрийн банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, тус банкны Төлбөр тооцооны хэлтсийн шууд харьяалан удирдах газрыг Төлбөр тооцоо, бүртгэлийн газар болгож, ерөнхийлөн харьяалж удирдах албан тушаалтныг Санхүү хариуцсан захирал байхаар өөрчилсөн /хэргийн 33-34/ үйл баримт тогтоогджээ.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Д.Туяагийн ажиллаж байсан төлбөр тооцооны хэлтэс гэх ажлын байр байхгүй болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Төрийн банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор батлагдсан банкны бүтэц зохион байгуулалтыг зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор батлагдсан бүтэц зохион байгуулалттай харьцуулахад Төлбөр тооцооны хэлтсийг харьяалах газар өөрчлөгдсөн болохоос нэхэмжлэгчийн ажиллаж байсан тухайн хэлтэс, ажлын байр байхгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал ...өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн цуцлах үндэслэл болохгүй гэж заасан байх тул Төлбөр тооцооны хэлтэс нь шууд харьяалан удирдах шат дараалласан 4 бүтцийн газар, албан тушаалтантай байсныг шат дараалласан 3 бүтцийн байгууллага, албан тушаалтантай байхаар шинэчлэн баталсан, өмнө нь мөрдөж байсан зохион байгуулалтын бүтцийг хүчингүй болгосон тул Д.Туяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, /хэргийн 84/ татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Төрийн банк нь нэхэмжлэгч Д.Туяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаасаа өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн захирлаар А.Цэцэгсүрэнг томилсон /хэргийн 93 дугаар тал/ байх тул уг ажлын байр, орон тоо хасагдсан буюу байхгүй болсон гэх үндэслэлээр Д.Туяаг ажлаас чөлөөлсөн тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

 

Нөгөө талаар хариуцагч Төрийн банкны Төлөөлөн удирдах завлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, өмнө нь мөрдөж байсан зохион байгуулалтын бүтцийг хүчингүй болгосон тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Д.Туяад 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг 15 минутанд танилцуулсан боловч тэрээр гарын үсэг зурахаас татгалзсан /хх-ийн 87-88/, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарахаас өмнө 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ажил хүлээлцсэн актаар түүний ажлыг А.Цэцэгсүрэнд хүлээлгэн өгсөн үйл баримтаас үзэхэд түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 43 дугаар зүйлийн 43.1. дэх хэсэгт тус тус заасантай нийцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Туяаг Төрийн банк ХХК-ийн Төлбөр тооцооны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 11 930 232 төгрөгөөр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Төрийн банк ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 233 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Н.БАТЗОРИГ