Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/01162

 

Д.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00698 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1258 дугаар магадлалтай,

Д.Т-гийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

Б/1417 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Э.Жавхлан нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Э.Жавхлан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Тинд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд төлбөр тооцооны хэлтсийн захирлаар ажилласан. Танд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл Тны тэргүүн орлогч захирлын ахалсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр миний ажлыг хүлээж авч, намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал шийдвэр гараагүй, танилцуулаагүй. Ажил хүлээж авснаас хойш 20 хоногийн дараа тус банкны гүйцэтгэх захирлын Б/1417 тоот “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал гарган ажлаас халсан. Ажлаас халсан үндэслэлээ банкны бүтэц зохион байгуулалт, шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэж хуульд байхгүй үндэслэлээр ажлаас халсан. Бүтэц шинээр батлагдсан боловч миний ажиллаж байсан хэлтэс нь өмнөх нэрээрээ үйл ажиллагаа явуулж байгаа. Газар, хэлтсийн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн гэдэг нь харагдахгүй, бүтэц, орон тоо баталсан өмнөх тушаалыг одоогийнхтой харьцуулахад ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэг, нэр нь хэвээрээ байгаа.

Иймд ажлаас халсан тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг “Т” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: тус банкны ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх захиралд эрх олгосны дагуу төлбөр тооцооны хэлтсийн захирал байсан Д.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргасан. Д.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан. Мөн ажлаас халагдсаны тэтгэмжид 8.100.000 төгрөгийг олгосон. Мөн газар хэлтсийн бүтцийн харьяалал, захирлын ажлын байрны тодорхойлолт, ажлын байранд тавигдах шалгуур зэрэг нь өөрчлөгдсөн. Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 тоот тушаалаар Д.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00698 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нэхэмжлэгч Д.Т-г “Т” ХХК-ийн төлбөр тооцооны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “Т” ХХК-иас 3.830.232 /гурван сая найман зуун гучин мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэгч Д.Т-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Т-гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Т” ХХК-иас 76.233 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1258 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.233 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Э.Жавхлан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1258 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

Тны ТУЗ-ийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтаар тус банкны Бүртгэлийн бодлогын газрын харьяанд “Төлбөр тооцооны хэлтэс” гэсэн нэгж байсныг ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Тны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” 118 дугаар тогтоолын хавсралтаар хасагдаж батлагдсан. Мөн уг тогтоолоор тус банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрыг шинээр байгуулж түүний харьяанд “Төлбөр тооцооны хэлтэс” гэж шинэ хэлтэс бий болсон. “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйл 15.1.1-т тайлбарласны дагуу Тны ТУЗ-ийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор хасагдаж тогтоогдсон Бүртгэлийн бодлогын газар түүний харьяанд байсан Төлбөр тооцооны хэлтэс түүний захирал албан тушаалтай байсан Д.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Нэхэмжлэгчийн өөрийн урьд эрхэлж байсан албан тушаал гэж маргаж буй одоогийн Төлбөр тооцооны хэлтсийн албан тушаал нь бүтцийн харьяалал, гүйцэтгэж буй чиг үүрэг, цалин зэрэг бүхий л зүйлээрээ адилтгах боломжгүй албан тушаал болох нь харагдаж байна.

Иймд банк ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Д.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.  

Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч Тинд холбогдуулан “...ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.Т-г төлбөр тооцооны хэлтсийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан “...банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг, үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан” гэсэн үндэслэл дурджээ /хэргийн 15 дугаар тал/.  

Хэрэгт авагдсан Тны ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор тус банкны төлбөр тооцооны хэлтсийг бүртгэлийн бодлогын газрын харьяанд хамааруулж, уг газар нь санхүү хариуцсан дэд захирал, гүйцэтгэх захирлын орлогчид тус тус ажлаа тайлагнахаар зохион байгуулагджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар аж ахуйн нэгж,  байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог

цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах ба нэхэмжлэгч Д.Т-гийн эрхэлж байсан ажил, албан тушаалын байр хэвээр байгаа, энэ тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан гэж үзэхгүй.

Түүнчлэн газар, хэлтсийн чиг, үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн явдал нь ажилтныг ажлаас халах үндэслэл болохгүй юм.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг байхгүй болсон, орон тоо хасагдсан гэх тайлбараа нотолж чадаагүй байна. 

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Д.Т-г төлбөр тооцооны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 11.930.232 төгрөгөөс тэтгэмжид олгосон 8.100.000 төгрөгийг хасаж үлдэх 3.830.232 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцжээ. 

Хөдөлмөрийн маргааны талаар шүүхэд мэдүүлэх хөөн хэлэлцэх хугацаа, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах, аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн зэрэг тухайн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг  хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00698 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1258 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Э.Жавхлан нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 76.233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ