Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01696

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01696

 

 

 

Г.Цэцэнсанаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01073 дугаар шийдвэртэй Г.Цэцэнсанаагийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн хөгжлийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Цэцэнсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамцын гарын үсэгтэй 03 дугаартай байгууллагын хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийгдэж, зарим ажлын байрны орон тоог цөөрүүлэхээр шийдвэрлэж Эм, Эмнэлгийн хэрэгслэлийн албаны даргын ажлын байрны орон тоо хамрагдаж, Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр цуцлах болсон тухай мэдэгдлийг өгсөн. Мэдэгдэл өгснөөс хойш 5 хоногийн дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр миний ажлыг Ш.Энхзаяад өгөхөөр комисс ажиллаж түүнд хүлээлгэн өгсөн. Гэвч намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, цалинг хэвээр олгосон. Ийнхүү намайг орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн мэдэгдэл өгөөд тушаал гаргаагүй байхдаа миний ажлыг мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Энхзаяад хүлээлгэн өгсөн нь хууль бус байна.

Учир нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 3 дугаарын 01-ний өдрийн А/70 дугаартай тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүтцэд өөрчлөлт оруулж миний удирдан ажиллаж байсан Эм эмнэлгийн хэрэгслэлийн албыг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албатай нэгтгэн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албыг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл 2 албыг нэгтгэж 1 алба болгосноор 1 албаны даргын орон тоо цөөрсөн гэж үзсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилох журамтай. Гэтэл ажиллаж байсан 2 албаны даргын хооронд сонгон шалгаруулалт явуулаагүй бөгөөд миний ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг Эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны даргын албан тушаалд хэвээр хадгалагдаж үлдсэн. Иймд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын М.Энхзаяаг Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны даргаар томилсон тушаалыг хүчингүй болгож намайг тус албаны даргаар томилохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/21, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай, мөн сайдын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар тушаалаар хуучнаар Эм, эмнэлгийн хэрэгслийн алба, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албатай нэгтгэн шинээр Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албыг зохион байгуулсан. Энэхүү албан тушаалд тухайн үед ажил олгогчоор ажиллаж байсан Ерөнхий захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц нь байгууллагадаа ажиллаж байгаа албан хаагчдаасаа ажлын туршлага, боловсролын зэрэг, ур чадвар болон бусад шалгууруудыг харгалзан мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Энхзаяаг төрийн албаны мерит зарчмыг баримтлан томилсон.

Г.Цэцэнсанаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.9-д заасны дагуу ажилтныг 3-аас доошгүй ажлын байрны чиг үүргийг гүйцэтгэх чадвартай болгох, ажилтны мэдлэг, ур чадварыг нь хэрэгцээтэй ажил үүрэгт ашиглах, ажлын байран дээр суралцах тогтолцоог хэвшүүлэх зорилгоор байгууллагын хэрэгцээ, ажлын шаардлагыг үндэслэн өөрчлөх эрх нь ажил олгогчид байдаг. Хөдөлмөрийн гэрээний хувийг банкны зээлэнд хамрагдах зорилгоор өөрөө авсан/ Г.Цэцэнсанаад мэдэгдэх хуудас өгч, өмнө хийж байсан ажлыг нь хүлээж авахдаа Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалуудаар төвийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн Эм, эмнэлгийн хэрэгслийн алба байхгүй болсныг баримтлан цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон. Дээрхи нөхцөл байдлын улмаас Г.Цэцэнсанаад Мэдэгдэх хуудас өгч, ажлыг нь хүлээж авсан байна.

Ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй дараах шалтгаан нөхцөл байсан байна.

Мэдэгдэх хуудас өгөөд 1 сарын хугацаа дуусаагүй байсан. Г.Цэцэнсанааг өөр албаны даргаар ажиллуулах саналыг өмнөх ажил олгогчийн зүгээс тавьж харилцан тохиролцсноор Эрүүл мэндийн мэдээллийн албаны даргаар томилохоор нэр дэвшүүлж, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 291 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Албан бичгийн хариу нь Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын гарын үсэгтэйгээр Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 05/2375 дугаартай албан бичгээр ирсэн.

Өмнөх удирдлага Авлигатай тэмцэх газрын албан бичигтэй 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр танилцан, холбогдох албан тушаалтанд тушаал гаргах үүрэг өгч цохолт хийж, Г.Цэцэнсанааг Эрүүл мэндийн мэдээллийн албаны даргаар томилохоор тушаалын төсөл боловсруулан холбогдох албан тушаалтнуудаар хянагдан тойрч байх хугацаанд тус төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.Содномжамц нь албан томилолтоор ажилласан.

Эрүүл мэндийн сайд 2018 оны Б/28 дугаар тушаалаараа Э.Содномжамцыг 2018.04.02-ны өдрөөс Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 4 дүгээр сарын 16-ны өдрүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлаар хүн томилогдоогүй байсан. Эрүүл мэндийн сайдын 2018.04.17-ны өдрийн Ажилд томилох тухай Б/31 дүгээр тушаалаар Д.Ганцэцэгийг төвийн Ерөнхий захирлаар томилсон. Г.Цэцэнсанаа нь Э.Содномжамцтай өөр албан тушаалд томилогдохоор харилцан тохиролцсон нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн АТГ-т явуулсан болон АТГ-аас ирүүлсэн бичгээр нотлогдож байгаа тул Г.Цэцэнсанаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Цэцэнсанааг хариуцагч Эрүүл мэндийн хөгжлийн төв-ийн Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Эрүүл мэндийн хөгжлийн төв-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 442 451 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Цэцэнсанаад олгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн хийхийг хариуцагч Эрүүл мэндийн хөгжлийн төвд даалгаж, нэхэмжлэгч Т.Цэцэнсанаагийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Эрүүл мэндийн хөгжлийн төв-с улсын тэмдэгтийн хураамжид 38 029 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Цэцэнсанаа нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн "Ажил, албан тушаалд томилох тухай" Б/06 дугаар тушаалаар Эмийн зохицуулалтын албаны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн батлах тухай" А/203 дугаар тушаал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн "Ажил, албан тушаалд томилох тухай" Б/06 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн бичилтээр нотлогдох боломжтой.

Түүнээс хойш Эрүүл мэндийн сайд хууль, тогтоомжоор олгогдсон эрхлэх асуудлынхаа хүрээнд тус төвийн бүтэц, чиг үүргийг "Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/21, "Эрүүл мэндийн хөгжлийн төвийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай" 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар тушаалаар тус тус баталсны дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн алба, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба нь нэгтгэгдэж Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба болж өөрчлөгдсөн. Энэхүү тушаал шийдвэрийг удирдлага болгон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц хуулийн хүрээнд ажлын туршлага, боловсролын зэрэг, ур чадвар болон бусад шалгууруудыг хангасан мэргэжилтэн Ш.Энхзаяаг албаны даргаар томилон ажиллуулсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Цэцэнсанаа нь хариуцагч Эрүүл мэндийн хөгжлийн төвд холбогдуулан ажилд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Г.Цэцэнсанаа нь Эрүүл мэндийн хөгжлийн төвд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Эм эмнэлгийн хэрэгслийн албаны даргаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримт нь түүний нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-11 дүгээр тал/

Хариуцагч байгууллага нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгслийн албыг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албатай нэгтгэн ажилтны цоо цөөрсөн үндэслэлээр нэхэмжлэгч Г.Цэцэнсанаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлажээ.

Гэвч Эрүүл мэндийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар тушаал гарснаар хариуцагчийн орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн болох нь баримтаар нотлогдохүй байгаа бөгөөд хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар Г.Цэцэнсанааг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болжээ. Учир нь Эрүүл мэндийн хөгжлийн төв нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Г.Цэцэнсанаад Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн байх боловч 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ажил хүлээлцсэн тэмдэглэл үйлдэж, нэхэмжлэгчтэй ажил хүлээлцсэн болох нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ажил хүлээлцсэн тэмдэглэлээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-ийн 12-13 дугаар тал/

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. гэж заасан байхад ажил олгогч 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэж 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Г.Цэцэнсанаад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шүүх шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Эрүүл мэндийн хөгжлийн төв давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Б.НАРМАНДАХ