Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00147

 

Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх

 албаны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,                        

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 540 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2016/00055 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба

Хариуцагч : Т.Ахжархын

Нэхэмжлэлийн шаардлага :  425.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Жанарбекээс 5 сая төгрөг гаргуулж, Т.Ахжархынд олгох тухай гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилсан.  Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчийн эрх үүргийг тайлбарлан өгч, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулан хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 5.015.000 төгрөгийн төлбөрийг бүрэн барагдуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу дуусгавар болгож,  гүйцэтгэх баримт бичгийг хаасан. Гэтэл Т.Ахжархын нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, урамшууллын төлбөр 425.000 төгрөг төлөхгүй өнөөг хүрлээ. Иймд Т.Ахжархынаас шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 425.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэрээ байгуулж,  эвлэрлийн гэрээ болон шүүгчийн 39 дүгээр захирамжуудын дагуу  гүйцэтгэх үйл ажиллагаа явуулах, урамшуулалд 425.000 төгрөг төлөх талаар  тохирсон. Шийдвэр гүйцэтгэгч Зерде нь 2.500.000 төгрөг гардуулж өгч байх үед би “..урамшууллын 425.000 төгрөгийг  авч үлдэх үү...”  гэхэд  “...үгүй 425.000 төгрөгийг сүүлд үлдсэн төлбөрөөс авна..” гэсэн.  Дараа нь төлбөрийг мөнгөөр бус машинаар барагдуулсан үед “...Жанарбек төлөх болно..”  гэж тохирчихоод одоо надаас нэхэмжилж байгаа нь  хууль бус.  Жанарбекээс авсан 2.500.000 төгрөг, машин бүгд л шийдвэр гүйцэтгэгчээр дамжиж гардаж авсан ба түүний надаас дээрх мөнгийг авах боломжтой байсныг нотолно. Иймд надад байгаа бичиг баримтгүй машиныг Жанарбект буцаан өгч миний үлдсэн 2.015.000 төгрөгийг  гаргуулж өгөх, эсхүл дээрх бичиг баримтгүй байгаа машины бичиг баримтыг зохих журмаар бүрдүүлэн миний нэр дээр бүртгүүлж өгсөн тохиолдолд би дээрх 425.000 төгрөгийг төлж өгөх болно гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 540 дугаартай шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2-г баримтлан Т. Ахжархынд холбогдох  425.000 төгрөг гаргуулах тухай Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон  байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2016/00055 дугаартай магадлал гаргаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 540 дүгээр шийдвэрт  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2” гэж, мөн хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2.-т заасныг баримтлан  Т.Ахжархынаас 212.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын асуудлыг эвлэрүүлэн зуучлагч шийдвэрлэж өгсөн боловч Ж.Жанарбек мөнгийг төлж өгөхгүй байсан учир шийдвэр гүйцэтгэх албанд хандсан юм. Улмаар шийдвэр гүйцэтгэх алба Ж.Жанарбекээс 5.015.000 төгрөг гаргуулах үүрэг хүлээж, би урамшуулалд 425.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. 2015 оны 5 сарын дунд үед шийдвэр гүйцэтгэгч Зерде  надад 2.500.000 төгрөг гардуулан өгч үлдсэн мөнгийг  ойрын өдрүүдэд гаргуулж өгнө, тэр үед нь 425.000 төгрөгийг манай байгууллагад өгнө шүү гэж хэлсэн. Сарын дараа шийдвэр гүйцэтгэгчийн дуудсанаар очиход  Ж.Жанарбекийн хамт сууж байсан ба надад “...Чи одоо эвдэрсэн машинаа л авахаас өөр замгүй боллоо... Ж.Жанарбек дахин чамд мөнгө төлөх боломжгүй болсон байна...”  гэхээр  “...улсын бүртгэлгүй, ашиглах боломжгүй учир авахгүй...”  гэж татгалзсан. Гэтэл Зерде “...хэрэв чи авахгүй бол машин ч үгүй, мөнгө ч үгүй үлдэнэ шүү. Ж.Жанарбек машины бичиг баримт бүрдүүлж өгнө. Хэрэв чи машиныг авсны дараа 3 хоногийн дотор бичиг баримт бүрдүүлж өгөхгүй бол гэрээ ёсоор манайд төлөх ёстой 425.000 төгрөгийг Ж.Жанарбек төлөх болно...” гэхээр нь би юу ч үгүй хоосон хоцрохоос эмээж машиныг авсан юм. Гэтэл уг машин бүрэн бүтэн бус, дээрээс нь улсын бүртгэлгүй, техникийн баталгаат гэрчилгээгүйгээс хашааны буланд хэвтсээр байхад шийдвэр гүйцэтгэгч байгууллагын хүмүүс миний 6 сая төгрөгөөр үнэлж амьдрал ахуйдаа зохих хэмжээний ашиг орлого олж байсан машиныг улсын бүртгэлээс хасагдах хэмжээнд хүртэл эвдрэл гэмтэл    учруулж хохироосон Ж.Жанарбекээс 425.000 төгрөгийг гаргуулан, миний хохирлыг бага  нимгэлж өгнө үү. Эсвэл  баримт бичиг нь бүрэн бус улсын бүртгэлгүй машиныг Ж.Жанарбект буцаан өгч Ж.Жанарбекээс надад төлөх ёстой 2.545.000 төгрөгийг гаргуулан өгнө үү. Үүний дараа би гэрээний дагуу 425.000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхэд нэхэмжлэл гаргаж  Т.Ахжархынаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал 425.000 төгрөг гаргуулахыг  шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, хариуцагчаас 212.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Нэхэмжлэлийн үндэслэл болсон үйл баримтын талаар :

Т.Ахжархын, Ж.Жанарбек  нар 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 38 дугаартай “Эвлэрлийн гэрээ” /хх 34/ байгуулсны дагуу Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 39 дугаартай захирамж /хх 35-36/ гаргаж, Ж.Жанарбек нь Т.Ахжархыны  5 сая төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл төлөх талаар  тохиролцож гэрээ байгуулсныг  баталсан бөгөөд уг захирамжид 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 25 дугаартай гүйцэтгэх хуудас /хх 4/  бичигдэж, шийдвэр гүйцэтгэгч 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /хх 3/ үүсгэж мөн өдрөө зохигчид “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах  тухай” 113 дугаартай /хх 6/ гэрээ байгуулжээ.

2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч нь төлбөр авагчид 2.500.000 төгрөг хүлээлгэн өгсөн, энэ ажиллагааны талаар маргаангүй, харин үлдэх төлбөр барагдсан эсэх талаар зохигчид маргаантай байв.   

Тодруулбал, эд хөрөнгө хураах тухай 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 02  дугаар актаар нэхэмжлэгч нь төлбөр төлөгчөөс цагаан өнгийн Nissan sunny маркийн автомашин  хураан /хх 12/ авч, хариуцагчид 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар актаар /хх 14/ шилжүүлэн өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолоор /хх 15,16/ дуусгавар болгосон хэдий ч үүнээс өмнө буюу 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр  төлбөр авагч уг автомашиныг “...бичиг баримт нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй... автомашины арлын дугаар зөрүүтэй...” гэсэн үндэслэлээр  хүлээн авахаас татгалзаж байжээ. Дурдсан автомашин нь FB15106288 гэсэн арлын дугаартай ба Т.Тогтохбаярын нэр дээр бүртгэлтэй  нь  нотлогдсон байна. 

1. Магадлалыг  хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлийн талаар:

2.1. Зохигчдын хооронд 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан  “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” 113 дугаар гэрээний 2.1-т “...урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосны дараа төлбөр авагчид олгох /бодитойгоор биелүүлсэн/ мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс суутган авна...” гэж заажээ.  

а/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн зохицуулалтаас үзвэл төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгийг төлбөр авагчид хуульд заасан журмаар бүрэн олгосон бол төлбөрийг бодитой биелүүлсэнд тооцно.

Шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна. 

Т.Ахжархын шүүхийн шийдвэрийн дагуу авах 5 сая төгрөгийн төлбөрөөс нэхэмжлэгч нь  2.5 сая төгрөгийг барагдуулж өгсөн боловч  үлдэх төлбөрийг барагдуулсан гэж үзэх эсэх нь  маргаантай байх тул Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр захирамжийг Баян-Өлгийн аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бодитойгоор биелүүлсэн гэж тооцох үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.      

б/.Нэхэмжлэгч нь төлбөрийг хэсэгчлэн гүйцэтгэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 76 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхийн шийдвэрт заасан мөнгийг төлбөр төлөгч бүрэн төлөх үүрэгтэй ба хуульд заасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн явуулж болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  хэсэгчлэн явуулж буй нь төлбөр төлөгчийн эд хөрөнгө төлбөрийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байгаатай холбоотой бөгөөд энэ нь төлбөр төлөгчийг үлдэх төлбөрөөс чөлөөлж буй явдал биш  юм. 

Төлбөрийг бүрэн төлөх чадваргүй этгээдийн эд хөрөнгийн байдал нь төлбөрийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь  гүйцэтгэж болох ажиллагааны хэмжээг тогтоож, тогтоосон хэмжээнд  биелсэний  дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 76, 83 дугаар зүйлийн 83.2-т заасан үндэслэлээр урамшуулал авах  нөхцөл бүрдэнэ.      

Зохигчид нь Ж.Жанарбекийн эд хөрөнгийн байдлаас хамаарч Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр захирамжаар гаргуулах төлбөрийн хэсэгчлэн гүйцэтгэх хэмжээг урьдчилан тогтоосон баримт хэрэгт байхгүй тул талуудын хороонд 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” 113 дугаар гэрээний 2.1 дэх хэсгийн “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн биелүүлэх...” тухай заалт нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй.      

2.2. Анхан шатны шүүх Т.Ахжархынд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул Баян-Өлгийн аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 1. Баян-Өлгий  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2016/00055 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 540 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 7025 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ