Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00429

 

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00429

 

Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02999 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Эрхи ХХК-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний 1.1, 5.3заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эрдэнэчимэг миний бие Эрхи ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 05/2013 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний 1.1-д шинэ байрны урд байгаа 10 машины гарашийн талбайд зоорьтой 1 давхар барилга барьж үлдэх хэсгийг автомашины газар доорхи дулаан зогсоол бүхий хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч ногоон байгууламж авто машины зогсоол орчны тохижилтын ажлыг хийхээр тусгасан бөгөөд гэрээний энэ үүргээ биелүүлээгүйгээр барахгүй одоог хүртэл гэрээгээ дүгнэлгүй маш их хохироож байна. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тухайн байрны Эрхийн хөршүүд СӨХ-ноос удаа дараа гомдол гаргаж, энэхүү асуудлаас шалтгаалан цагдаагийн байгууллагад хүртэл асуудлаа шийдүүлж байсан. Гэрээний 5.3 дахь заалтад тусгагдсан үүргээ огт биелүүлээгүйн улмаас Хот төлөвлөлтийн газраас удаа дараа хүргүүлсэн шаардлага биелэгдэхгүй байгаа. Эрхи ХХК нь Д.Эрдэнэчимэг миний эзэмшлийн газрыг үнэлэн авч өөрсдийн барилгыг барьсан бөгөөд хамтран ажиллах гэрээний А тал болох миний бие гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн төлсөн байтал Б тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул гэрээний 1.1, 5.3 дахь хэсгүүдэд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч Эрхи ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурьдсан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 05/2013 тоот Хамтран ажиллах гэрээн албан ёсоор байгуулаагүй. Д.Эрдэнэчимэг өөрийн эзэмшлийн газар дээр Асар өргөө ХХК-тай хамтран дахин шинээр барилга барьж эхлэх үедээ хүүхдийн тоглоомын талбай авто машины зогсоол хийх газрыг шинээр барьж байгаа барилгынхаа барилгажилтын талбай болгон хашаагаар хашиж, удаа дараа тавьсан бидний хүсэлтийг хэрэгсээгүй байгаа тул бид Д.Эрдэнэчимэгийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Д.Эрдэнэчимэгийн хуурамч гэрээг хийгээд өгөөч Хот төлөвлөлтийн газар үзүүлэх гэсэн юм гэсэн гуйлтын дагуу хийж, зөвхөн гарын үсэг зураад, бүрэн гүйцэт байгуулаагүй орхисон. Уг гэрээнд нь манай компани нотариатаар баталгаажуулж хүчин төгөлдөр болоогүй, хүчин төгөлдөр бус гэрээ болно. Гэтэл уг гэрээг үндэслэн ашиг хонжоо олох зорилгоор манай компанийг үүргээ биелүүлээгүй мэтээр тус нэхэмжлэл гарган худал заль мэх хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай компани өмнө нь 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/05 тоот, 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/08 тоот Хамтран ажиллах гэрээг тус тус Д.Эрдэнэчимэгтэй байгуулсан бөгөөд гэрээнүүдийн заалтыг 100 хувь биелүүлсэн. Анх барилгын ажил эхлүүлэх үед ч ажлаа гүйцэтгэхийн тулд гэрээнд заагдаагүй зардлыг бид өмнөөс нь төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эрхи ХХК-д гэрээний 1.1, 5.3 дахь хэсгүүдэд заасан үүргийг биелүүлэхийг даалгах нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр, хэт хийсвэрээр, амарчилсан байдлаар, хариуцагч талын амаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие "Эрхи" ХХК-тай 2010 оноос эхлэн "хамтран ажиллах" гэрээ байгуулан ажиллаж 10 давхар, хоёр орц бүхий 44 дүгээр байрыг бариулсан бөгөөд хариуцагч уг барилгыг барьж өндөр ашиг олсон. "Эрхи" ХХК нь 2012 онд голын барилга болох 2 орц бүхий 10 давхар 42 дугаар байрыг барихаар "хамтран ажиллах" гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний 4.6-д Шинээр баригдах барилгын урд талбайд газар дор авто машины зогсоол хийж дээр нь хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар заасан. Шинээр баригдах барилга буюу 42 дугаар байрны урд талбайд газар дор авто машины зогсоол хийж дээр нь хүүхдийн тоглоомын талбай байгуулах 2012 оны гэрээнд тусгагдсан үүргээ төлөвлөж хийхдээ уг гэрээний үргэлжлэл болгон 2013 оны гэрээг байгуулсан. Тэгээд гэрээнд тусгагдсан ажлаа хийх талаараа эрх бүхий байгууллагад буюу 2013.11.25-ны өдрийн 01 дугаартай захиалагч, зохиогч, гүйцэтгэгчийн барилга байгууламжийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлын чанарыг хамтран шалгасан гүйцэтгэлийн актад болон Хот төлөвлөлтийн газар, НЕТГ-т албан бичгээр барилгын иж бүрэнд хамаарах газар доорхи граж, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг барьж дуусгавар болгохоо илэрхийлсэн. Тэр ч байтугай "Эрхи" ХХК нь газар доорхи гражийг хийх хүртэл гэж 42 дугаар байрны гадна талын хаяавч, хоёр шат, үзель, пантус зэргийг түр байдлаар хийсэн. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан эдгээр баримтуудыг эс ойшоож шийдвэр гаргасан тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүйгээс зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь хариуцагч Эрхи ХХК-д холбогдуулан тус компанитай 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний 1.1, 5.3заасан үүргээ биелүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний 1.1-т уг гэрээний зорилгыг, 5.3-т гэрээний Б тал буюу Эрхи ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлсон байх бөгөөд шүүхээр гэрээний уг заалтуудыг биелүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснээс ямар үр дагавар үүсгэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс талуудын хооронд үүссэн харилцаа болон хариуцагч Эрхи ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийн хэмжээ тодорхойгүй байна.

 

Түүнчлэн зохигчид аль аль нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн, нэхэмжлэгчийн энэ талаарх хүсэлтийг шийдвэрлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус үлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Дээр дурдсанаар хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24ий өдрийн 181/ШШ2017/02999 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ