Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01865

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01865

 

 

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02209 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХЗ-ХХК, Ө.Н-, Д.А- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 245 966 902 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ХЗХХК, Ө.Н-ий итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХЗХХК нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Х- ХХК-тай 1160035156 дугаартай зээлийн гэрээ, 1160035156-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж 260 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ө.Н-, М.Буянтөр нар, баталгаат ипотекийн гэрээнд барьцаалуулагч Д.А-ийг төлөөлж Ө.Н- гарын үсэг зурсан. 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний 1160035156 тоот дансны дугаарыг 1160035212 тоот данс болгон өөрчилсөн. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн 1.1 дэх хэсэгтэй холбоотойгоор үндсэн гэрээний хавсралт 1 болох эргэн төлөлтийн хуваарийг энэхүү нэмэлт өөрчлөлтийн хавсралт 1-ийн дагуу өөрчилсөн. ХЗХХК нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралт 1-ийн дагуу зээлийн гэрээний 3.2.1-т заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрсэн. Иймд 1160035156 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн санаачлагаар гэрээг цуцалж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 1160035156 дугаар зээлийн гэрээний 1.9, 3.1.7, 3.2.1, 3.3.4, 5.1.1 дэх хэсгийг үндэслэн үндсэн зээл 199 764 951 төгрөг, зээлийн хүү 44 547 591 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 654 360 төгрөг, нийт 245 966 902 төгрөгийг хариуцагч ХЗХХК болон Ө.Н- нараас гаргуулж өгнө үү, хариуцагч Ө.Н-, хамтран өмчлөгч Д.А- нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХЗХХК, Ө.Н- нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХЗХХК нь Х- ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. Бизнесийн үйл ажиллагааны багахан хүндрэл гарч, авлагатай байгууллага, хувь хүнээс төлбөр, мөнгөө авч чадахгүй хүчин зүйлийн улмаас сүүлийн 4 сарын зээлийн эргэн төлөлтөө хийж чадаагүй. Энэ тухай банкны зээлийн эдийн засагчид удаа дараа хэлж, удахгүй зээлийн хоцрогдлоо бүрэн төлж, графикийн дагуу хэвийн төлөлтөө хийх тухай өөрсдийн байр суурийг илэрхийлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хариуцагч ХЗХХК, Ө.Н- нар нь нэхэмжлэлийн шаардлагыг ямар хэмжээгээр хариуцах нь тодорхойгүй байна. Хариуцагч ХЗХХК, Ө.Н- нарын хувьд М.Буянтөр оролцох үүрэгтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагч Д.А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шинжээ алдсан байна. Нэхэмжлэгч, түүний эрх бүхий албан тушаалтан нь ХЗХХК-ийг бизнесийн үйл ажиллагаа нь тогтворжсон, санхүүгийн сахилга бат сайтай, хариуцлагатай, зах зээлд байр сууриа олсон, цаашид Х- ХХК-ийн нэр хүндтэй харилцагч болох боломжтой гэж дүгнэсэн байдаг. Тухайн үед ийнхүү дүгнэж зээл олгосон мөртлөө нэхэмжлэгч зээлийн ашиглалтыг огт шалгаагүй, зээлдэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлээгүй буюу зээлийн гэрээг цаашид хэвийн үргэлжлүүлэх нөхцөл боломжоор хангаагүй. Иймд Д.А-ийн эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХЗХХК нь хоёр ч удаа зээлийн төлбөрийг төлж эвлэрэх санал гаргасан байдаг учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэхгүй үлдээж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ХЗХХК, Ө.Н- нараас 237 773 552.97 /хоёр зуун гучин долоон сая долоон зуун далан гурван мянга таван зуун тавин хоёр төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 193 349.3 /найман сая нэг зуун ерэн гурван мянга гурван зуун дөчин есөн төгрөг гурван мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХЗХХК, Ө.Н- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ө.Н-, Д.А- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206031143 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 25 дугаар байрны 18 тоот хаягт байрлах, 150 м.кв талбай бүхий 4 өрөө амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.160 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 616 073.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХЗХХК, Ө.Н- нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1 346 817.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХЗХХК, Ө.Н-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд давж заалдах гомдолдоо: Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурж, гэрээний нэг тал болсон М.Буянтөр ямар ч үүрэг хүлээхгүй байгаад хариуцагчид болох ХЗХХК, иргэн Ө.Н- нарын зүгээс гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг М.Буянтөр хариуцах ёстой байсан.

Нэхэмжлэгч М.Буянтөрд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бол нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн М.Буянтөрийн хариуцах хэмжээгээр багасах ёстой байсан. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, энэхүү татгалзлыг баталсан шүүхийн ажиллагаа ойлгомжгүй байсны дүнд ХЗХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээг тодорхойлох боломжгүй болгосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй болж, хариуцагч шүүх хуралдаанд мэтгэлцэх, хариу тайлбар гаргах боломжгүй болсон.

Мөн шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлээр хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Энэ талаар хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт тодорхой дурдсан бөгөөд хариуцагч ХЗХХК, иргэн Ө.Н- нар ижил байр суурьтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Иймээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Х- ХХК, хариуцагч ХЗХХК, Ө.Н-, Д.А- нарт холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэлд 245 966 902 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Х- ХХК, ХЗХХК, Ө.Н-, М.Буянтөр нартай 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 260 000 000 төгрөгийг 365 хоногийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаагаар зээлж, зээлдэгч тал нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцааж төлөх үүрэг хүлээж, улмаар гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /1 хх 6-8, 2хх-4/ Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэн аль нь нөгөө талаасаа үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч тал үүргийн гүйцэтгэлд 103 143 466 төгрөг төлсөн гэдэгт маргаангүй, харин гэрээ цуцлах тохиолдол бий болсон эсэх талаар маргаж, үүргийн зөрчлийг арилган, зээлийн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэн байна.

 

Талууд гэрээний 5.1.1-д зээлдэгч энэ гэрээ болон баталгаат ипотекийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардахаар харилцан тохиролцсон байна. /1хх-8/

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний хавсралтаас үзэхэд хариуцагч тал 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зээлийн хүүд 6 248 547.95 төгрөг төлж, үүнээс хойш сар бүрийн 05-ны өдөр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байх ба уг үүргээ 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс хойш биелүүлээгүй болох нь хариуцагч нарын тайлбар, гүйлгээ хийгдсэн дансны хуулга зэрэг баримтаар нотлогджээ. /1хх-230 /

Нэхэмжлэгч хариуцагч нараас зээлийн төлбөр шаардан, үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүйн улмаас мөн оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр гэрээг цуцалж, шүүхэд хандсан байна. /1хх-1-6,30 дахь тал/

Хариуцагч ХЗХХК зээлийн үүргээ биелүүлэхийг хариу мэдэгдсэн хэдий ч нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд үүргийн зөрчлөө арилгах арга хэмжээ аваагүй байх тул хариуцагч ХЗХХК, Ө.Н- нарыг гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч ХЗХХК, Ө.Н- нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тэдгээрээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж буй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 237 773 552.97 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ үүрэг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн заалтыг баримтлаагүй нь оновчгүй болжээ.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Ө.Н-, Д.А- нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Д.А- нь Ө.Н-д өөрсдийн өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Дүнжингарав гудамжны 25-18 тоот хаягт байрлах 150 м.кв талбай бүхий 4 өрөө амрагчийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээг нотариатаар гэрчлүүлж бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрхийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр итгэмжлэлээр олгосон байна. /1хх-24/ Улмаар Ө.Н- нь дээрх хөрөнгийг Х- ХХК-д барьцаалан 1160035156 дугаартай зээлийн болон 1160035156-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулжээ. /1хх-6-18/ Хариуцагч Д.А-, Ө.Н- нар нь дээрх баталгаат ипотекийн гэрээний 1 болон 2 дугаар хавсралтаар зээлдэгч ХЗХХК Х- ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг дээрх барьцаа хөрөнгийн өөрт ногдох хэсгээр хангахыг зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /1хх-19-20/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч ХЗХХК, Ө.Н- нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хариуцагч ХЗХХК, Ө.Н- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...хариуцагч М.Буянтөрд холбогдох шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан байхад шүүх нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээг анхаараагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч ХЗХХК, Ө.Н-, Д.А-, М.Буянтөр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 217 492 667 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч М.Буянтөрөөс татгалзсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч нь хэнээс юу шаардахаа өөрөө шийдвэрлэх эрхтэй. Мөн нэхэмжлэгч Х- ХХК нь өөрийн үзэмжээр зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцагч ХЗХХК, Ө.Н-, Д.А- нараас шаардаж буй нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасанд нийцэж байна. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/02209 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 453.1 гэсний дараа 225 дугаар зүйлийн 225.1-д гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 346 818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД